Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

Ц.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э /онлайнаар/

Иргэний хариуцагч “МТГ” ХХК-ийн өмгөөлөгч: Д.Х /онлайнаар/

Нарийн бичгийн дарга: Р.Оюунсүрэн нар оролцов.

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.О-т холбогдох 2029000000127 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагч “МТГ” ХХК, хохирогч Д.Х, иргэний нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн төлөөлөгч С.М, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс мянгад, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Х сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай автозамын 122 дахь километрт “”МТГ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай чиргүүл бүхий улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Хийн жолоодож явсан “ХХ” ХХК-ийн эзэмшлийн, улсын дугаар бүхий чиргүүлтэй, улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, Д.Х-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.О-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар 24888000 төгрөгийг иргэний хариуцагч “МТГ” ХХК-аас гаргуулан иргэний нэхэмжлэгч “ХХ” ХХК-нд олгож, Иргэний нэхэмжлэгч “МТГ” ХХК нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.Х-ийн цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Х-д 6500000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч М.О давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Ц.О-ын жолоодож яваад осол гаргасан улсын дугаартай чиргүүлтэй, улсын дугаартай Нордбенз маркийн авто машиныг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр уг хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Б.Г-ийн төрсөн дүү Б.Б нь Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрт явуулах зорилгоор манай “МТГ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч үүнээс хойш манай компанийн нэр дээр нэг ч удаа нүүрс тээвэрт яваагүй болно. Энэ үйл баримтын талаар иргэний хариуцагч Б.Г мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 85 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэжээ.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Ц.О-ын жолоодож явсан улсын дугаартай чиргүүлтэй, улсын дугаартай Нордбенз маркийн авто машины өмчлөгч нь иргэн Б.Г гэдгийг тогтоож Б.Г-ийг иргэний хариуцагчаар татсан байхад шүүх ямар үндэслэлээр манай “МТГ”  ХХК-аас 24888000 төгрөгийн хохирол гаргуулан иргэний нэхэмжлэгч “ХХ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэжээ. Гэтэл уг хэрэгт манай “МТГ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад манай компаниас хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч нь тодорхой эрх эдэлж, 4 дэх хэсэгт заасан үүрэг хүлээхээр байхад мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд манай компанийг иргэний нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт, хүсэлт гаргах” боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүдүүлгээр зөрчсөн байна.

Ц.О-т холбогдох уг эрүүгийн хэрэгт манай компанийг иргэний хариуцагчаар татсан эсэхийг би мэдээгүй, хэрэв татсан бол дээр дурдсан эрх, үүргийг эдлүүлдэггүй юм гэхэд ядаж шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэх ёстой. Гэтэл шүүхээс ийм шийдвэр гарсан тухай Б.Г надад утсаар хэлсэн. Ингээд би шүүгчийн туслахтай нь утсаар ярьж, шийтгэх тогтоолыг нь авч /хэргийн материалтай танилцаагүй тул/ зөвхөн шийтгэх тогтоолын хүрээнд давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт манай компанийг “МТГ” ХХК гэсэн нэршилтэйгээр 4 удаа бичсэн, тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...иргэний хариуцагч “МТГ” ХХК-аас гаргуулан" гэж бичсэн, тогтоох хэсгийн 5 дахь заалтад “иргэний нэхэмжлэгч “МТГ” ХХК нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай” гэж бичсэн байна. “Төөрдөг байшин” гэдэг шиг манай компани иргэний хариуцагч уу?, иргэний нэхэмжлэгч үү? эсхүл хэргийн болон шүүх хуралдааны оролцогч биш зүгээр нэг компанийн нэр яваад байна уу? би ойлгосонгүй.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Д.Х болон түүний өмгөөлөгч Б.Э нараас давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдлоо: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Ц.О-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар түүнд 2000000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна.

Хохирогч Д.Х-д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11447 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Х-ийн биед сээрийн 11, 12 бүсэлхийн 1-р нугалмын арын сэртэн, хөндлөн сэртэнгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, бүсэлхийн арын холбоосны тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлтийг мөрдөгч хүнд зэргийн гэмтэл гарсан гэж утсаар мэдэгдсэн боловч хэрэг шийдвэрлэхэд хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учирсан гэж шийдвэрлэжээ.

... Шинжээчийн дүгнэлт нь ерөнхий гэмтэл тус бүрийг зөв тодорхойлоогүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.5-д Шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчим алдагдсан гэж үзнэ.

Шинжээчийн дүгнэлтээс хэргийн зүйлчлэл, хохирогчийн эрүүл мэндэд ямар хэмжээний хохирол учирсныг зөв тогтоохгүй бол шүүгдэгч ял завшиж Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын зорилт хангагдахгүй зөрчигдөх боломж үүсэж болохыг анхаарахгүй байж болохгүй юм.

...Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг гэмтэл тус бүрээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоохын тулд Шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

...Одоо миний үйлчлүүлэгчийн биед учирсан олон тооны гэмтлээс болж түүний бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовуурь ямар хэмжээнд үүссэн, хөдөлмөрийн чадвар алдалт хэдэн хувиар алдсаныг тогтоож дүгнэлт гаргуулж байж эрүүл мэндэд учирсан гэм хорыг тодорхойлно.

Анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад "ХХ” ХХК нь хохирогч С.Д-ийн ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээг цахимаар явуулсан ч хэргийн материалд байхгүй байгаа талаар шүүхээс дүгнэлт хийсэн байна.

...Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчид мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ гэснийг тус тус зөрчсөн. Иргэний нэхэмжлэгч “ ХХ “ ХХК ч хэргийн материалтай танилцаагүй байгаа болно. Энэ нь хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан.

Аливаа хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан үзэж тус хуулийн 1-р бүлэгт тусгагдсан зарчмууд , тэдгээрийн агуулгад нийцсэн байх ажиллагааг хянаж шийдвэр гаргавал мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзнэ.

Эрүүл мэндийн болоод эд хөрөнгөд гаргаж байгаа шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний тайлан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ач холбогдолтой нөхцөл байдал болохын хувьд хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож байж хууль ёсны шаардлага хангах тул мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгэн хэргийг шийдвэрлэвэл хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх хангагдана.

 “ХХ” ХХК нь хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 1390 000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хохирогчийн Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороход чиглүүлэгч бэхэлгээний зардалд 500000 төгрөг төлсөн. Ослын улмаас К-7 загварын гар утас эвдэрсэн 40000 төгрөгөөс түр утас авсан, хагалгаанд орсны улмаас 300000 төгрөгөөр хүнээр асруулсан.

Шүүхээс компанийн гаргасан 1091000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь ажилтныхаа төлөө компаниас гаргасан зардлуудыг тулгамдаад зөв тайлбарлаагүй нь миний буруу байх. Гэхдээ би аваад хэрэглэсэн нь үнэн учраас давж заалдах шатны шүүхээс гаргаж өгөхийг хохирогчийн хувьд хүсэж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар М. Д-ийн цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байхаар заасан. Тогтоолд ХХ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хэдэн төгрөгөөр цалинжсан талаарх нотлох баримт байхгүй, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг тодорхойлох боломжгүй байсан талаар дүгнэжээ. Энэ талаарх нотлох баримтуудыг гомдолд хавсаргасан бөгөөд хохирогч осолд ороогүй бол ХХ ХХК-ийн тодорхойлолтод дурдсан цалин орлогыг олох байсан. Энэ хэмжээгээр 3 сар 12 хоног /гомдол гаргах хугацаанд /ажилгүй байгаа нь түүнд орох байсан орлого орохгүй хохирол учирч, дээр нь цаг хугацаа, эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирч байгаа тул гэм хорын хохирлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. 401070 төгрөгийн баримтыг хавсаргав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан , гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буцааж өгнө үү гэжээ.

Иргэний нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн төлөөлөгч С.М болон түүний өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

1. Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр" Ухаа худаг" уурхайгаас “Гашуун сухайт’ хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 122 дахь километрт “МТГ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай чиргүүл бүхий улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас “ХХ ХХК-ийн жолооч Д.Х-ийн жолоодож явсан тус ХХК-ийн эзэмшлийн улсын дугаар бүхий чиргүүл, улсын дугаартай FOTON ВJ171 тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас тус компанид 20888 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 5091 000 төгрөгийн зардал гарсан. Энэ нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн.

Шүүх хохирлын баримтыг шинжлэн судлаад “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлээс 1091000 төгрөгийг хангаагүй орхисон талаарх үндэслэл болон дүгнэлтийг тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт заагаагүй орхисон байгаа тул давж заалдах шатны шүүхээс гаргаж өгөхийг хүсье.

2. Мөн тухайн хэргийн улмаас тус компанийн эзэмшлийн улсын дугаартай FOTON ВJ171 тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 2 километрт байрлах Цагдаагийн хэсгийн түр саатуулах байранд 101 хоног байлгаад компанийн төлөөлөгч хэрэг шийдвэрлэж дууссаны дараа очиход өдрийн 22000 төгрөгөөр тооцон “Аз тэгш “ ХХК нь 2222000 төгрөгийг төлж тээврийн хэрэгслээ авах шаардлага тавьсан учраас дээрх төлбөрийг төлж авсан.

...2222000 төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч Ц.О, “МТГ “ ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй талаар тогтоолд дурдсан байна. Мөн хохирогчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эргүүлж олгоогүй цагдаагийн байгууллагад одоо болтол байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 зүйлийн 1-т эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээрийн хэрэгслийг тооцохоор заасан.

Зам тээврийн осол гаргасан жолоочийн тээврийн хэрэгсэл болон жолоодох эрхийн үнэмлэхийг мөрдөгч хураагаагүй байж, хохирогчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг одоо болтол яагаад өгдөггүй юм бэ? Мөрдөгч тогтоол үйлдэж авсан бол хэргийг прокурорт шилжүүлэхдээ шийдвэрээ гаргаж, эзэнд нь олгох ажиллагааг хийгээгүй байж хэрэгтэй нь хамт яагаад шилжүүлдэггүй юм бэ? гэдэгт ч анхаарахыг хүсэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  дугаар зүйлийн 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхойлно гэснийг зөрчиж анхаарч шийдвэрлэсэнгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлтэй холбогдох заалтуудыг шийтгэх тогтоолд хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоолыг хянаж хасаж шийдвэрлэсэн 1091000 төгрөг, түр саатуулах байранд төлсөн 2222000 төгрөг нийт 3313000 төгрөгийг гаргаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М түүний өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “МТГ” ХХК Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад гомдол гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн гэмт хэрэг гарсан үед шүүгдэгч Ц.О-ын жолоодож явсан улсын дугаартай, NORTHBENZND4250 зүтгүүр, улсын дугаартай чиргүүл нь “МТГ” ХХК-ний эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-114/ нотлогдож байх тул 24888000 төгрөгийг гаргуулан “ХХ” ХХК-д олгохоор тогтоолын 4 дэх заалтад заасан нь хуульд нийцнэ гэж үзнэ.

Учир нь : Гомдолд бичигдсэнээр Нордбенз улсын дугаартай, улсын дугаартай чиргүүлтэй автомашиныг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Г-ийн хүү Б-ийн өмчлөлөөс “МТГ “ХХК руу Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэх зорилгоор шилжүүлжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

499.4. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд гэм хор учруулсан этгээд төдийгүй түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ийг хариуцагчаар татсан шүүхийн хэлэлцүүлэгт уг тээврийн хэрэгсэл миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн автомашиныг нүүрс тээвэрт явуулах гээд “МТГ”  ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн гэх 85 дугаар хуудаст өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй юм. Шүүгдэгчид “МТГ” ХХК нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг хэн бичиж шүүхэд ирүүлсэн, эсхүл хуурамчаар үйлдсэн юм уу, орлого олох зорилгоор тээврийн хэрэгслийг “МТГ “ ХХК шилжүүлж аваад хариуцлага хүлээх болохоор манайх биш гэж тайлбарлаж байгаа нь шударга ёсонд, компанийн ёс зүйд нийцэхгүй байх тул тус компанийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор В.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Олон  улсын тээврийн журамд нийцүүлэн өөр компанийн нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлсэн гэж байна. Гэтэл яагаад олон улсын тээвэр хийхэд хувь хүн биш аж ахуйн нэгжийг тээвэрлэлт хийхийг шаарддаг вэ?. Өөрөөр хэлбэл хувь хүн болгон тээвэрлэлт хийлгэхгүйн тулд аж ахуйн нэгжийг хариуцлагатай байлгах үүднээс зохицуулсан заалт. Үүний дагуу энэ компани өөрийн хариуцлагын дагуу ямар машин, яаж тээвэрлэлт хийхийг шийддэг. Улсын бүртгэлийн гэрчилгээгээрээ “МТГ” ХХК-ийн өмчлөлийнх гэдэг нь тогтоогдсон. Иймээс компаниас хохирлыг гаргуулахаар шийдсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн хувьд тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “МТГ” ХХК гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон лавлагаагаар тогтоогдсон учир иргэний хариуцагчаар тогтоосон нь зөв байна.

Шинжээч томилуулах талаар тайлбарын тухайд Эрүүл мэндийн болон Хууль зүйн дэд сайд нарын хамтарсан тушаалаар шаардлагатай бол гэмтэл тус бүр дээр нь гэмтлийн зэрэг тогтооно гэсэн. Тэгэхээр шинжээч шинжилгээ хийгээд шаардлагагүй гэж үзсэн. Шүүхээс шинжээчийг дахин томилох эрх нь хуульд заасан байгаа. Тээвэрлэлттэй холбоотой болон учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь талуудад олгосон. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Тухайн хэрэг гарах үед шүүгдэгч Ц.О-ын жолоодож явсан улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай чиргүүл нь “МТГ” ХХК-ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогддог. Ийм учраас 24 888 000 төгрөгийг гаргуулж “ХХ” ХХК-нд олгохоор шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Үүнтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулаагүй, иргэний хариуцагчаар “МТГ” ХХК-г татсан гэх эрх бүхий байгууллагын тогтоол байхгүй учир гомдол гаргасан. Тэгэхээр “МТГ” ХХК нь Б-ийг гэрээт ажилчин гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх асуудал үүссэн. Тээврийн хэрэгслийг Г миний өмчлөлийнх гэж мэдүүлдэг боловч  автомашиныг нүүрс тээвэрт явуулах гээд “МТГ” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд анхны тээвэрлэлтийн үеэр зам тээврийн осол гаргасан асуудал байгаа. Г-х уу? Б-х уу? “МТГ” ХХК-ийн өмчлөлийнх үү? гээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал Г-ийг иргэний хариуцагчаар татан мэдүүлэг /ХХ-86 хуудас/ авахад тухайн тээврийн хэрэгсэл миний өмчлөлийнх, нүүрс тээвэрт явуулах гээд “МТГ” ХХК-ийн нэр дээр өмчлөлөө шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Тэгэхээр уг тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын даатгалтай, өөр эд хөрөнгийн даатгалгүй байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд гэм хор учруулсан этгээд төдийгүй түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж хуульчилсан. Тэгэхээр “МТГ” ХХК нь тээврийн хэрэгслийн эзэмшигч учраас анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ “МТГ” ХХК-иас “ХХ” ХХК-д олгохоор шийдсэн нь хуульд нийцсэн гэж үзсэн учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин “ХХ” ХХК-ийн гаргасан гомдолдоо 1 091 000 төгрөгийн хохирлыг хассан. Үүнийг шийтгэх тогтоолын тогтоох болон тодорхойлох хэсэгтээ бичээгүй. Иймээс 1 091 000 төгрөгийг нэмж гаргаж өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийг Цагдаагийн журмын хашаанд хэргийг  шийдвэрлэхгүй 101 хоног байрлуулсан хугацаанд компанид 2 222 000 төгрөгийн хохирол учирсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан талаар хэрэгт тэмдэглэл авагдсан.

Мөн анхан шатны шүүхээс эд мөрийн баримтаар хураасан зүйлд шүүгдэгчийн, иргэний баримт бичиг ирээгүй талаар тогтоолдоо дурддаг. Тэгэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, баримт бичгүүд Цагдаагийн байгууллагаар шалгагдаад шүүхэд шилжих ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх явцад прокурор саатуулагдсан машиныг хэрхэн шийдсэн, тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ямар учраас анхан шатны шүүхэд шилжээгүй талаар тайлбар хэлэх байх. Гэхдээ үүнээс шалтгаалж компанид хохирол учирсан. Иймээс нийт 3 310 000 төгрөгийн хохирлыг гаргаж өгнө үү.

Хохирогчийн гаргасан гомдлын тухайд ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж тогтоодог. Гэхдээ хохирогчид хүнд гэмтэл учирсан гэж хэлсэн хэр нь хүндэвтэр гэж хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн талаар хохирогч гомдол гаргасан. Энэ талаар анхаарч үзнэ үү. Нөгөөтээгүүр Хууль зүйн сайдын болон Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч нарын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-216422 дугаар Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9-т хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрд нь эрүүл мэндийн гэмтлийг тогтоох гэсэн заалтаар учирсан бүх гэмтлүүдийг тогтоохгүйгээр ерөнхийд нь хүндэвтэр зэргийн гэмтэл гээд тогтоочихсон. Тэгэхээр хохирогчийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, нугас дарагдал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1, 2, 3, 4-р сэртэнгийн зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарлууд, бүсэлхийн арын холбоосны тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, сээрний 12-р нугалмын баруун хөндлөн сэртэн, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэх гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт тогтоогдохыг гэмтлийн шинж бүрээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, Шинжилгээний тухай хуулийн 20-р зүйлд зааснаар дахин шинжээч томилох тухай хүсэлтийг гаргуулах шаардлагатай гэж үзсэн. Одоогийн байдлаар хохирогчийн толгой, нуруу байнга өвддөг, өвчин намдаах эмийн тусламжтайгаар амьдарч байна. Толгойнд үүссэн шархны улмаас тархины буурь мэдээгүй, зүүн гарын сарвуунууд нь бүтэн атгагдаж чадахгүй байдалтай байна. Шинжээчээс мөрдөгч дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх талаар асуухад эдгэрэлтийн явцаас хамаарна гэж хариулдаг. Ингээд ийм олон тооны гэмтлээс болж хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүссэн эсэх, хөдөлмөрийн чадвараа хэдэн хуваарь алдсан эсэхэд дүгнэлт хийснээр эрүүл мэндийн, хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүссэн дутуу авсан цалинг тодорхойлж нэхэмжлэх зайлшгүй шаардлагатай гэж хохирогч, түүний өмгөөлөгч нар үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд цахимаар зарим материалтай танилцсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “ХХ” ХХК Дагвадоржийн хөдөлмөрийн гэрээг хэргийн материалд хавсаргуулахаар цахимаар явуулсан. Харин хэргийн материалд авагдаагүй талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзвэл хэргийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд учир дутагдалтай байна. Ялангуяа хохирогчийн тухайд эрүүл мэндийн болоод эд хөрөнгөд учирсан хохирол нь  шинжээчийн дүгнэлтүүд шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц эргэлзээгүй нотлох шаардлагатай. Хэрэв нотолж чадахгүй бол шүүгдэгч ял завших учир хэргийн бодит байдлыг хөтөлбөргүй тогтоох нь чухал юм. “ХХ” ХХК хохирогчийн эмчилгээний зардалд 1 390 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд хүргэгдэн ирсэн зардалд зарцуулагдсан.

Хохирогч осолд орох үедээ гар утсаа барьж байсан учир эвдэрсэн. Гар утсыг 40 000 төгрөгөөр тооцож төлсөн. Хагалгаанд орсны дараа 300 000 төгрөгийг төлж хүнээр асруулсан. Хохирогчийн тухайд 80 гаруй настай ээжтэйгээ хамт амьдардаг. Иймээс дээрх хохирол, төлбөрийг хасаж шийдвэрлэсэн учир давж заалдах шатны шүүхээс хохирол, төлбөрийг компаниас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Сүүлд 401 070 төгрөг төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан. Тэгэхээр анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр болгоомжгүй үйлдэгддэг боловч шүүгдэгч илэрхий алдаа гаргаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Г болон “МТГ” ХХК 2-ын хооронд ямар гэрээ байгуулагдсан талаар анхаарч үзнэ үү. Хуульд нийцэж байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болно” гэв.

Иргэний хариуцагч “МТГ” ХХК-ийн өмгөөлөгч Д.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “МТГ” ХХК-ийн төлөөлөгч Г-ийг иргэний хариуцагчаар татсан нь төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг шүүх анхаарч үзээгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2.3-т төлөөлөх бүрэн эрхийг шаардлага хангасан байхыг шаарддаг. Мөн хуулийн 2.1-т хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл дээр хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарсан байх шаардлагатай. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “МТГ” ХХК-ийн тодорхойлолтыг үндэслээд Гийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзсэн нь хуулийн шаардлага хангаагүй байхад шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 3-т “энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.” гэж тодорхой заасан. Гэтэл хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, анхан шатны шүүхээс “МТГ” ХХК-г иргэний хариуцагчаар тогтоож, Гийг хууль бус итгэмжлэлийн дагуу хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

“МТГ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1, 499 дүгээр зүйлийн 1, 4-т заасныг үндэслэн компаниас хохирол гаргуулах нь үндэслэлгүй байна.

Яагаад гэвэл Авто тээврийн тухай хууль болон Улс хоорондын тээвэр эрхлэх журмын дагуу улс хоорондын тээвэрлэлтийн олон улсын гэрээний дагуу аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хувь хүн тээвэрлэлт хийх боломжгүй байдаг. Энэхүү шаардлагын дагуу Г “МТГ” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 3-д эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэж тээвэр хийсэн бол гэм хорыг хариуцна гэж зохицуулсан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцдаа тээврийн хэрэгслийг тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн байсан уу? О нь хэний ачааг ачиж явсан бэ? ямар компанийн ачааг хэний зөвшөөрлөөр ачиж явсныг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Иймээс иргэний хариуцагчийг буруу тогтоосны улмаас иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн. О.д хэргийн материалтай танилцах боломж олгоогүй. Тэгэхээр иргэний хариуцагчийг зөв тогтоосны дараагаар хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг харвал шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй байна. Хэргийн оролцогч нарт хэргийн материал танилцуулаагүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “МТГ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, хохирогч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Э нарын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, иргэний нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн төлөөлөгч С.М, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус бичсэн давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2029000151 дугаартай тэмдэглэлд /1хх-8-9/ Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын хэлтсийн гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч Ж.Б нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гарсан зам тээврийн ослын зөрчлийн хэрэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу Ц.О-д холбогдох 2029000151 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, зөрчлийг шалган шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар хадгалах шаардлагатай байх тул М.ийн ВСЕ ангиллын жолооны үнэмлэх, “ХХ” ХХК-ийн эзэмшлийн Потон маркийн, jiodong улсын дугаартай тээврийн хэрэгсэл, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ц.О-ын ВСДЕ ангиллын жолооны үнэмлэх, Норд бенз маркийн, jiodong маркийн тээврийн хэрэгсэл, гэрчилгээ бүхий зүйлийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дуустал хадгалж, энэ тухай тэмдэглэл үйлдэн зөрчлийн хэрэгт хавсаргав гэсэн байна.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын хэлтсийн гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.О-т холбогдох зөрчлийн хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт шилжүүлэх тухай санал гаргасныг /1хх-9/ хяналтын прокурор О.Б нь хүлээн авч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2029000000127 дугаартай тогтоолоор Ц.О-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. /1хх-1-3/

Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 24.4 дүгээр зүйлийн 1, 4, 6, 7, 8 дахь хэсгүүдийн заалтуудыг хэрэгжүүлээгүйн улмаас хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан гэх эд зүйлүүдийг хэргийн хамт хүргүүлээгүй байна.

“ХХ” ХХК-ийн захирал С.М нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 81 дугаартай итгэмжлэлдээ Х.Т-ыг Ханбогд, Цогтцэций сумдын Цагдаагийн байгууллагад компанийг төлөөлөн харилцахад /1хх-40/, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1393 бүртгэлийн дугаартай итгэмжлэлдээ ... М.Т-д ...хохирогчоор “ХХ” ХХК-ийг төлөөлөн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах, хуулбарлан авах, өмгөөлөгч авах, төлбөр мөнгө хүлээн авах, уг асуудлаар “ХХ” ХХК-ийг бүрэн төлөөлөх, шийдвэр гаргах шүүх хуралдаанд оролцох, үйлдэл хийх бүрэн эрхийг тус тус олгосон /хх-42/ байхад мөрдөгч Г.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийн заалтуудыг баримтлан “ХХ” ХХК-ийн хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, харин компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ийг иргэний нэхэмжлэгчээр /1хх-44/ тогтоосон нь үндэслэлгүй байна.

“МТГ” ХХК-ийн захирал М.О нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 145 дугаартай тодорхойлолтдоо Б-Г нь “МТГ” ХХК-ийн Northbenz маркийн чирэгч, чиргүүлийг шүүх, цагдаа, үнэлгээний компанид төлөөлөх эрхтэй гэж /1хх-82/ тодорхойлсон байхад мөрдөгч Г.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “МТГ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоолыг гаргаагүй атлаа Б.Г-ийг “МТГ” ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр /1хх-84/ буюу иргэний хариуцагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөрдөгч Г.Г-ийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэлд ...эрүүгийн 2029000000127 дугаартай хэрэгт хохирогч Д.Х-д хэргийн материал танилцуулахаар өөрийн ........ дугаараас Д.Х-ийн ........дугаартай холбогдоход миний бие Улаанбаатар хотод байна. Одоо короно вирусээс шалтгаалж зам хаасан, би очих боломжгүй гэсэн байхад 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөгч нь хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналыг /1хх-157/ прокурорт гаргаж хохирогчид хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг мөрдөгч нь бүрдүүлээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй байна.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн заалтуудыг мөрдөгч нь зөрчиж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцах эрхийг нь эдлүүлээгүйгээс оролцогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь ноцтой зөрчсөн байна.

Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хяналтын прокурор В.Төгсбаяр нь хяналт тавихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.10 дахь хэсгийн заалтад заасан асуудлуудыг хянах үүргээ биелүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулгын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 2020/ШЗ/280 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийн үндэслэх нь хэсэгт Б.Б-д холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдохгүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй, Захирамжлах нь хэсэгт ...1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдсон Ц.О-ыг шүүхэд шилжүүлсүгэй гэж тус тус бичсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх Ц.От холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад ...Шүүгдэгч Ц.О-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж бичсэнээс үзэхэд яллах дүгнэлтэд бичигдсэн, хавтас хэрэгт шалгагдсан этгээд болох Ц.О-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруутай болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаж бичээгүй атлаа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.О-т торгох ялыг оногдуулах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, торгох ялыг ямар хэмжээгээр, ямар хугацаанд төлж дуусгахыг тусгаагүй орхигдуулсан байна.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих хуулийн этгээдүүдийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогоогүй, хэрэгт хураан авсан гэх жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зам тээврийн осол гаргахад унаж явсан тээврийн хэрэгслүүдийг хураан авч, хадгалж байгаа гэх боловч дээрх хураан авсан тээврийн хэрэгсэл, бичиг баримтуудыг хэргийн хамт шүүхэд шилжүүлэн өгөөгүй, оролцогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хассан, хэргийн материалтай хэргийн оролцогч нарыг танилцуулаагүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.От холбогдох 2029000000127 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.О-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                             Х.ГЭРЭЛМАА

                                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ