Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/00074

 

 

2019 оны 12 сарын 27 өдөр Дугаар 101/ШШ2020/00074 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д холбогдох,

Приүс 30 маркийн автомашин гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Д би 2019 оны 07-р сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс хар өнгийн prius 30 маркийн авто машинаа алдсан бөгөөд тухайн өдөр миний төрсөн ах П.Д тус магшиныг унаж явахад нь түүний найз охин болох Ч.Д нь хоорондын хувийн маргаанаас үүдэж миний авто машиныг нуун дарагдуулсан болно. Ч.Дгээс машинаа авъя гэсэн боловч өгөхгүй гэсээр өдийг хүрсэн. Иймд 13,000,000 төгрөгний үнэ бүхий хар өнгийн prius 30 маркийн авто машиныг мөн тэмдэгтийн хураамж болох 222,950 төгрөгний хамт Ч.Дгээс гаргуулж өгнө үү.

Хариуцагч Ч.Дтэй үерхдэг байсан. Улмаар зан харилцааны байдлаас болоод үерхэхээ болиод, Ч.Д дуудаж ирүүлээд хувцас, эд зүйлээ ав гээд ирэхэд нь нүд рүү нь нулимс асгаруулагч цацаад машиных нь түлхүүрийг халааснаас нь булаан охины халаасанд машины гэрчилгээ байсан. Түүнийг нь аваагүй үлдсэн. Түүнээс хойш машинаа авч чадахгүй өдий хүрсэн. Яагаад П.Д нь нэхэмжлэгч болсон бэ гэхээр н.Дгийн төрсөн дүү нь юм. Нэхэмжлэгч уг машинаа анх н.Дийн дотны найз н.Мын нэр дээр байсан. Яагаад н.Мтын нэр дээр байсан бэ гэхээр өөрөө Төв аймгийн харьяалалтай учраас Улаанбаатар хотын дугаартай байршуулахын тулд н.Мтын нэр дээр шилжүүлсэн байсан. Ингээд өөрийнхөө дүү П.Дын нэр дээр шилжүүлээд албан ёсоор П.Дт нэхэмжлэх эрх үүсээд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хариуцагч нь машиныг хууль бусаар өөрийн эзэмшилд байлгаж байгаа. Тиймээс уг нэхэмжлэл гаргасан. Иргэн Ч.Д нь П.Дын эзэмшлийн машиныг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа юм. МУ-ын Авто тээврийн бүртгэл дээр П.Д гээд бүртгэгдсэн байгаа боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн машиныг өнөөдрийг хүртэл өгөхгүйгээр хохироож байгаа. Иргэний хуулийн 106 дээр бусдын эзэмшилд байгаа өөрийн өмчийг шаардах эрхтэй гэсний дагуу маргаан бүхий машиныг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч Ч.Д шүүхэд болон төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь П.Д 2019.07.22-нд машинаа алдсан гээд байдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар болон хэрэгт авагдсан баримтаар Төв аймагт 2019.07.25-нд бүртгэгдсэн байдаг. Гэрчилгээг бол хамтран амьдрагч нар хоорондоо муудсанаас болж авч яваад, түүнийгээ үндэслээд дүүгийнхээ нэр дээр машиныг шилжүүлсэн. Бодитоор машин шилжээгүй нэр нь шилжсэн гэдгийг гэрч н.*******, н.М нар гэрчилсэн байгаа. Машиныг 2018 оны 11 сард н.Сээс худалдан авсан. Ингээд ИХ-ийн 243-т зааснаар бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу 13,700,000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн. Ингэж шилжүүлсэн гэдгийг гэрч нотолдог. Тэгэхээр манайд шаардаад байгаа машин байгаа болохоос нэхэмжлэгч П.Дын нэр дээр бүртгэгдсэн ..... гэсэн машин байхгүй. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай, шүүхийн шийдвэрт П.Дын нэр дээр бүртгэлтэй машиныг гаргуулах гэх юм бол ийм машин байхгүй учраас биелэгдэх боломжгүй болно. н.М гэрчээр мэдүүлэг өгөхдөө П.Дт худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж хэлдэг. Тэгвэл бусдын хөрөнгийг дураараа захиран зарцуулсан гэмт хэргийн шинж харагдаад байгаа. Нөгөө талаар бэлэглэсэн гээд байдаг, тэгэх юм бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан юм. Тиймээс ийм хэлцлийн үндсэн дээр нэр шилжсэн хэлцэл хүчин төгөлдөр бус юм. н.М бол анхнаасаа тухайн машины өмчлөгч биш, би найзын гуйлтаар нэр дээрээ шилжүүлсэн. Өмчлөгч биш гэдгээ баталсан. Тэгэхээр гэрчилгээг үндэслээд П.Д нь өмчлөгч Ч.Дгээс шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хянаж өгнө үү. Талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Төлбөр төлсөн зүйл байхгүй. Гэтэл гэрчилгээг үндэслээд шилжүүлж авчхаад өмчлөгч гээд байгаа нь хууль бусаар авсан гэж үзэж байгаа. 2019.07.25-нд нэр шилжигдээд 22-нд хууль бусаар аваад явсан гэсэн зүйл байхгүй. ИХ-ийн 111-д зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь шинэ өмчлөгчид эд хөрөнгө шилжсэнээр шилжинэ гэсэн хуулийн заалттай. П.Д бол тухайн эд хөрөнгийг өмчлөлдөө авсан баримт байхгүй. Тиймээс өмчлөгч гэдэг нь тодорхойгүй тул, шаардах эрхгүй байгаа юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д, хариуцагч Ч.Дд холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс Toyota Pruis маркийн ........ улсын дугаартай автомашин гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж тус автомашиныг бусдаас худалдаж авсан тухай тайлбар татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 2010 онд үйлдвэрлэгдсэн, ...... арлын дугаартай, Toyota Prius-30 маркийн ..... улсын дугаартай автомашины өмчлөгчөөр 2018 онд Б.С, 2018-2019 онд Э.М, 2019 онд нэхэмжлэгч П.Д нар тус тус бүртгэгджээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ маргаж буй автомашиныг хариуцагч өөрийн мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан, хариуцагч Орхон аймгийн харъяалалтай байсан учраас Улаанбаатар хотын харъяалалтай Э.Мын нэр дээр гэрчилгээг бичүүлсэн тухай тайлбарлажээ. Хэрэгт хариуцагч Ч.Дгийн ХААН банк ХХК дахь .... тоот данснаас 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,700,000 төгрөгийн гүйлгээг ..... тоот дансанд .. машин гэсэн гүйлгээний утгатай шилжүүлжээ. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн П.Д нэхэмжлэгчтэй төрсөн ах дүү дүүс. Хариуцагчтай хамтран амьдарч байсан. Маргаан болохоос өмнө кроун машинаа зараад Ч.Дгийн дансруу мөнгийг нь хийсэн, Приус 30 машин авахдаа Ч.Дгийн данснаас гаргуулж авсан гэх агуулгатай мэдүүлгийг, гэрч Э.М П.Дгийн найз. Төв аймгийн харъяалалтай гээд машины гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. 2018.11.26-нд Ч.Д данснаасаа С дансруу мөнгийг мобайлдсан гэх агуулгатай мэдүүлгийг тус тус өгчээ.

Зохигчийн маргаж буй автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа нь уг автомашин хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг хариуцагч тал нотлох баримтаар нотлоогүй, уг автомашины өмчлөгчийн бүртгэл нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэнийг баримтаар үгүйсгээгүй. Зохигчийн хооронд маргаж буй автомашины өмчлөлтэй холбоотой маргаан үүссэн талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй, тус автомашины өмчлөлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан баримтгүй, нэхэмжлэл, гомдол гаргаагүй тухай хариуцагч тал тайлбарлаж байна.

Зохигчийн хооронд уг автомашины өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэх тохиролцоо, гэрээ хийгдсэн зүйлгүй, нэхэмжлэгчийн өмчлөлийн тус автомашиныг хариуцагч хууль ёсоор эзэмших эрхтэй болохыг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн өмнө нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч маргаж буй автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэхгүй тухай үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тухай заасан бөгөөд хариуцагч Ч.Д уг автомашиныг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн хариуцагч шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүйн зэрэгцээ Б.Сээс 13,700,000 төгрөгөөр худалдаж авсан тухай тайлбарлаж, дансны хуулгийг шүүхэд нотлох баримтаар гаргасан нь маргаж бу автомашины эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх хангалттай шалтгаан боломжгүй.

Хариуцагч тал шүүхэд гаргасан баримт, тайлбартаа маргаж буй автомашин нь ... бус . улсын дугаартай гэх боловч тус автомашин Э.Мын өмчлөлд бүртгэлтэй байх үед .... улсын дугаартай байсан, автомашины өмчлөгчийн бүртгэл нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдэх үед ....... болж өөрчлөгдсөн байх тул хариуцагчийн энэ талаархи татгалзал үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй тул Toyota Prius-30 маркийн ........арлын дугаартай, ........ улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Ч.Дгийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж нэхэмжлэгч П.Дт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан 2010 онд үйлдвэрлэгдсэн, ....... арлын дугаартай, Toyota Prius 30 маркийн ........ улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Ч.Дгийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж нэхэмжлэгч П.Дт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, 152,750 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс /төлбөрийн даалгаврын дугаар .. хариуцагч Ч.Дгээс 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Дт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ