Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00413

 

П.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00074 дугаар шийдвэртэй

П.Дын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Дд холбогдох Приүс 30 маркийн автомашин гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

            Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч С.Энхбат, Б.Батдэлгэр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс хар өнгийн “prius 30” маркийн авто машинаа алдсан бөгөөд тухайн өдөр миний төрсөн ах П.Дашцэрэн машиныг унаж явахад нь түүний найз охин болох Ч.Д нь хоорондын хувийн маргаанаас үүдэж миний авто машиныг нуун дарагдуулсан болно. Ч.Дгээс машинаа авъя гэсэн боловч өгөхгүй гэсээр өдийг хүрсэн. Иймд 13 000 000 төгрөгний үнэ бүхий хар өнгийн “prius 30” маркийн авто машиныг мөн тэмдэгтийн хураамж болох 222 950 төгрөгийн хамт Ч.Дгээс гаргуулж өгнө үү гэжээ. Ч.Д дуудаж ирүүлээд хувцас, эд зүйлээ ав гээд ирэхэд нь нүд рүү нь нулимс асгаруулагч цацаад машиных нь түлхүүрийг халааснаас нь булаан охины халаасанд машины гэрчилгээ байсан. Түүнээс хойш машинаа авч чадахгүй өдий хүрсэн. Нэхэмжлэгч уг машинаа анх н.Дашцэрэнгийн дотны найз н.Мөнхбатын нэр дээр байсан бөгөөд өөрөө Төв аймгийн харьяалалтай учраас Улаанбаатар хотын дугаартай байршуулахын тулд н.Мөнхбатын нэр дээр шилжүүлсэн байсан. Ингээд өөрийнхөө дүү П.Дын нэр дээр шилжүүлээд албан ёсоор П.Дт нэхэмжлэх эрх үүсээд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хариуцагч нь машиныг хууль бусаар өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд бусдын эзэмшилд байгаа өөрийн өмчийг шаардах эрхтэй гэсний дагуу маргаан бүхий машиныг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

            Хариуцагч Ч.Д шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчилгээг бол хамтран амьдрагч нар хоорондоо муудсанаас болж авч яваад, түүнийгээ үндэслээд дүүгийнхээ нэр дээр машиныг шилжүүлсэн. Бодитоор машин шилжээгүй нэр нь шилжсэн гэдгийг гэрч н.Дашцэрэн, н.Мөнхбат нар гэрчилсэн байгаа. Машиныг 2018 оны 11 дүгээр сард н.Сувд-Эрдэнээс худалдан авсан. Ингээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу 13 700 000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн. Тэгэхээр манайд шаардаад байгаа машин байгаа болохоос нэхэмжлэгч П.Дын нэр дээр бүртгэгдсэн 6852 ТӨҮ гэсэн машин байхгүй. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай, шүүхийн шийдвэрт П.Дын нэр дээр бүртгэлтэй машиныг гаргуулах гэх юм бол машин байхгүй учраас биелэгдэх боломжгүй болно. н.Мөнхбат гэрчээр мэдүүлэг өгөхдөө П.Дт худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж хэлдэг. Тэгвэл бусдын хөрөнгийг дураараа захиран зарцуулсан гэмт хэргийн шинж харагдаад байгаа. Нөгөө талаар бэлэглэсэн гэдэг бөгөөд тэгвэл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан юм. Тиймээс хэлцлийн үндсэн дээр нэр шилжсэн хэлцэл хүчин төгөлдөр бус юм. н.Мөнхбат бол анхнаасаа тухайн машины өмчлөгч биш, би найзын гуйлтаар нэр дээрээ шилжүүлсэн. Тэгэхээр гэрчилгээг үндэслээд П.Д нь өмчлөгч Ч.Дгээс шаардах эрхгүй байна. Талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Төлбөр төлсөн зүйл байхгүй. Гэтэл гэрчилгээг үндэслээд шилжүүлж авчихаад өмчлөгч гээд байгаа нь хууль бусаар авсан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь шинэ өмчлөгчид эд хөрөнгө шилжсэнээр шилжинэ гэсэн хуулийн заалттай. П.Д бол тухайн эд хөрөнгийг өмчлөлдөө авсан баримт байхгүй. Тиймээс өмчлөгч гэдэг нь тодорхойгүй тул шаардах эрхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 онд үйлдвэрлэгдсэн, ZVW301223229 арлын дугаартай, Toyota Prius 30 маркийн 68-52 ТӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Ч.Дгийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж нэхэмжлэгч П.Дт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, 152 750 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс /төлбөрийн даалгаврын дугаар 2190703449816/, хариуцагч Ч.Дгээс 70 200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Дт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн Ч.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн шүүхийн зүгээс талуудын хооронд маргаж буй автомашины өмчлөлийн асуудалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч П.Д нь тоёото приус автомашиныг иргэн Э.Мөнхбатаас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэн авсан энэ талаарх тээврийн хэрэгслийн гэрчилгээний бүртгэл хийгдсэн гэдэг боловч уг автомашиныг хэзээ ч өөрийн бодит эзэмшилд байлгаж байгаагүй төдийгүй замын хөдөлгөөнд ч оролцож байгаагүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт тодорхой заасан. Өөрөөр хэлбэл Ч.Д нь уг автомашиныг өөрөө худалдан авсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өөрийн хууль ёсны эзэмшилд байлгаж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгч П.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ автомашиныг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хулгайд алдсан гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байгаа боловч 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Мөнхбатаас эрхийн доголдолтой дээрх автомашины бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэж шүүхийг төөрөгдүүлж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Маргаан бүхий автомашины өмчлөлийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй, нотлох баримт дутуу байхад шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс шүүхэд тайлбар мэдүүлэг гаргахдаа уг автомашиныг худалдан авахдаа Улаанбаатар хотын улсын дугаар авахын тулд Улаанбаатар хотын иргэншилтэй найз Э.Мөнхбатын нэг дээр бүртгэлийг хийлгэсэн. Автомашиныг өмчлөлийн маргаантай асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан улмаар Э.Мөнхбатыг шүүхээс эрэн сурвалжлах тухай 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 101/ШШ2019/2877 дугаар шийдвэр гарч байсан. Улмаар Э.Мөнхбат нь дээрх автомашиныг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр уг маргаанаас өөрийгөө холдуулах замаар иргэн П.Дт эрхийн зөрчилтэй автомашиныг шилжүүлэн өгч бодит үнэнийг нуун дарагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Ч.Дд холбогдуулан 68-52 ТӨҮ улсын дугаартай ZVW301223229 арлын дугаартай, “Toyoto Prius-30” маркийн авто машиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтаас үзэхэд Б.Мөнхбат нь өөрийн эзэмшлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, ZVW301223229 арлын дугаартай, Toyota Prius 30 маркийн 02-49 УБҮ улсын дугаартай автомашиныг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр П.Дт шилжүүлсэн, уг автомашиныг 2019 оны 7 сарын 25-ны өдөр Төв аймагт бүртгэж улсын дугаарыг 68-52 ТӨҮ болгосон автомашины техникийн тодорхойлолтоор тогтоогдсон байна. /хх.4, 69/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад нэхэмжлэгч талаас гэрчээр Э.Мөнхбат, П.Дашцэрэн нарыг асуулгасан байх бөгөөд П.Дашцэрэн “...би өөрөө Төв аймгийн харъяалалтай учир автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад тавихад хүндрэлтэй байсан учир Э.Мөнхбатын эзэмшилд бүртгүүлсэн, машинаа дүү П.Дтаа шилжүүлж өгөхийг Мөнхбатад хэлсэн” гэсэн,

гэрч Э.Мөнхбат “...миний найз Дашцэрэнгийн өмчлөлийн кровн болон приус 30 маркийн автомашин нь машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг байсан, Төв аймгийн харъяалалтай болохоор номер шилжүүлэхэд хэцүү байна гээд миний нэр дээр бүртгэлтэй байдаг байсан, найз маань дүү П.Дтаа машинаа шилжүүлээрэй гэсэн тул шилжүүлж өгсөн гэсэн” мэдүүлгүүдийг тус тус гаргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд маргааны зүйл болж буй автомашиныг  П.Дашцэрэн эзэмших эрхтэй, түүний хүсэлтээр уг автомашин Э.Мөнхбатын нэр дээр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 171.1.-т “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заажээ.

Хариуцагч Ч.Д тухайн приус 30 маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн эд зүйл гэж маргаж байгаа боловч уг автомашиныг эзэмших эрх бүхий этгээд  болох, өөрийн нэр дээр бүртзгүүлсэн болохоо  нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд  Б.Мөнхбат нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшилд бүртгэгдсэн 2010 онд үйлдвэрлэгдсэн, ZVW301223229 арлын дугаартай, Toyota Prius 30 маркийн 02-49 УБҮ улсын дугаартай автомашиныг  П.Дт шилжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “хуульд зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч” гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч П.Д нь , ZVW301223229 арлын дугаартай, Toyota Prius 30 маркийн 68-52 ТӨҮ улсын дугаартай автомашины шудрага эзэмшигч байна.

Иймд нэхэмжлэгч П.Д нь өөрийн эзэмшлийн автомашинаа хариуцагч Д.Давахүүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх 2010 онд үйлдвэрлэгдсэн, ZVW301223229 арлын дугаартай, Toyota Prius 30 маркийн 68-52 ТӨҮ улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Ч.Дгийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж нэхэмжлэгч П.Дт олгосон нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.