Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00851

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00851

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос улс, Кёнги муж, ............ дүүрэг, Жанхан хороолол, 00000000, 000000000 тоотод байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..............................., С ХХК, /регистрийн дугаар хххххххххх/

Хариуцагч: хххххххххххх тоот, ЭХХК, /регистрийн дугаар 0000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 9.208.031,25 ам.доллар буюу 18.366.707.452 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, Н.Т,

Хариуцагч СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Хариуцагч СХХК-ийн өмгөөлөгч Н.М, Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч ЭХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан 4.962.500 ам долларыг жилийн 9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дахь хэсгээр зээлийг эргэн төлөх хугацааг тохирсон.

Хариуцагч ЭХХК нь зээлийн тлбөрөөс 2.000.000 ам доллар болон түүний хүү 180.000 ам доллар, нийт 2.180.000 ам долларыг 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2.962.500 ам доллар, энэ төлбөрт ногдох хүү 266.625 ам доллар, нийт 3.229.125 ам долларыг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус тус төлөх үүргийг дээрхи гэрээний дагуу хүлээсэн.

Мөн хариуцагч ЭХХК нь нэхэмжлэгч ТХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 2.200.000 ам долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлсэн.

Энэ гэрээний 5 дахь хэсгээр зээлийн төлбөр болон хүүг төлөх хугацааг тохирсон бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэхэд үндсэн зээл 2.200.000 ам доллар, хүү 396.000 ам доллар, бүгд 2.396.000 ам долларыг төлөх үүргийг хүлээсэн.

Хариуцагч тал дээрхи зээлийн гэрээнүүдээр хүлээсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учир талууд зээлийн гэрээний өөрчлөлтийн гэрээг удаа дараалан буюу 2012 оны 10 дугаар сарын 12, 2013 оны 1 дүгээр сарын 31, 2013 оны 4 дүгээр сарын 30, 2013 оны 10 дугаар сарын 13, 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус байгуулж зээл болон хүүг төлөх хугацааг сунгаж байсан боловч хариуцагч үндсэн гэрээг болон өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Эхний буюу 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлж авсан зээлийн үндсэн төлбөр 4.962.500 ам доллар, хүү 1.451.531,25 ам доллар, нийт 6.414.031,25 ам доллар болж байгаа.

4.962.500 ам доллар, жилийн 9 хувийн хүүтэй, 1 жилийн хүү 446,625 ам доллар, 3 жилийн хүү 1.339.875 ам доллар, 3 сарын хүү 111.656,25 ам доллар.

Дараагийн буюу 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан үндсэн зээлийн төлбөр 2.200.000 ам доллар, хүү 594.000 ам доллар, нийт зээл, хүүгийн төлбөр 2.794.000 ам доллар болж байгаа. 2.200.000 ам доллар, жилийн 9 хувийн хүүтэй, 1 жилийн хүү 198.000 ам доллар, 3 жилийн хүү 594.000 ам доллар.

Дээрхи 2 зээлийн гэрээгээр үндсэн зээл 7.162.500 ам доллар, хүү 2.045.531,25 ам доллар, нийт 9.208.031,25 ам долларыг зээлдэгч төлөх үүрэгтэй. Уг гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хариуцагч ЭХХК нь биелүүлэхгүй бол хариуцагч СХХК-ийн үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч ТХХК нь СХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталгааны гэрээг, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулсан.

Хариуцагч ЭХХК нь нэхэмжлэгч ТХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлдэж авсан мөнгө, түүнийг хүүг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч ЭХХК нь нэхэмжлэлд дурьдсан болон бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд дурьдсан хаягт тус тус байхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч ЭХХК-иас татгалзаж байна.

Иймд хариуцагч СХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь шаардсан ба 9.208.031,25 ам доллар буюу 18.366.707.452 төгрөгийг хариуцагч СХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч БНСУ-ын ТХХК нь ТХХК болон ЭХХК-иудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр шаардсан байх ба энэхүү зээлийн харилцаанд манай компани оролцоогүй тул хариуцагч байх боломжгүй.

ТХХК болон СХХК нь ЭХХК-ийг хамтарсан хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан бөгөөд ТХХК нь хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн хувьцаа эзэмшдэг ЭХХК-д мөнгө зээлүүлж буй харилцаа бус хөрөнгө оруулагчдын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний дагуу бизнесийн зорилгоор хөрөнгө оруулж ашиг олох гэсэн үндсэн зорилготой үйлдэл байсан ба энэхүү үйлдлээ халхавчлахын тулд зээлийн гэрээ байгуулсан.

2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч тал зээл олгосон гэдгээ нотлох ёстой. Өнөөдрийн байдлаар зээл олгосон гэдгээ нотлоогүй, 4.962.500 ам долларыг ямар байдлаар олгосон нь тодорхойгүй. 4.962.500 ам долларыг аваагүй бөгөөд нэг ч удаа хүү төлж үзээгүй. Үүнээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.

2012 оны 3 дугаар сарын 29-ний зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг нэхэмжлэгч тал нотолсонгүй.

ТХХК болон СХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталгааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд хэдэн төгрөг ямар байдлаар төлөх талааар зохицуулалт байдаггүй ба уг гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэгч ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч СХХК нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч СХХК болон ЭХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 9.208.031,25 ам.доллар буюу 18.366.707.452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 4.962.500 ам доллар, 1 жилийн хүү 446,625 ам доллар, 3 жилийн хүү 1.339.875 ам доллар, 3 сарын хүү 111.656,25 ам доллар, бүгд хүү 1.451.531,25 ам доллар, нийт 6.414.031,25 ам доллар,

2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 2.200.000 ам доллар, хүү 594.000 ам доллар, нийт 2.794.000 ам доллар/

Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч ЭХХК-тай харилцан тохиролцож, 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан тус компанид 4.962.500 ам долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээлсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Уг гэрээ ёсоор талууд зээлдэгчид 4.962.500 ам долларыг 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өгөхөөр, мөнгийг банк дахь дансаар шилжүүлэхээр тохирсон ба зээлийн төлбөрөөс 2.000.000 ам долларыг 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2.962.500 ам долларыг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус тус төлөхөөр тохирсон байна.

/ХХ-ийн 24-25, 691 дүгээр тал/

 

Мөн нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч ЭХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулан уг өдөр нь тус компанид 2.200.000 ам долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээлсэн ба мөнгийг мөн банк дахь дансаар шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

/ХХ-ийн 26-29, 707-708 дугаар тал/

 

Дээрхи 2 гэрээний талууд зээлдэгч ЭХХК-ийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлсэн 4.962.500 ам долларыг төлөхтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ба 2.000.000 ам долларыг 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 2.962.500 ам долларыг 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл төлөхөөр хугацааг сунгасан байна.

/ХХ-ийн 30-33, 709-710 дугаар тал/

 

Гэрээний талууд 4.962.500 ам долларыг төлөхтэй холбоотой 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан ба 2.000.000 ам долларыг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2.962.500 ам долларыг 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тус тус төлөхөөр тохирчээ.

/ХХ-ийн 34-37 дугаар тал/

 

Талууд 4.962.500 ам долларыг төлөхтэй холбоотой 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дахин гэрээ байгуулсан ба 4.962.500 ам долларыг төлөх хугацааг 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэмээн сунгасан байна.

/ХХ-ийн 38-41 дүгээр тал/

 

Зээлдүүлэгч ТХХК, хариуцагч буюу зээлдэгч ЭХХК нь 4.962.500 ам долларыг төлөх хугацааны талаар дахин 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан ба дээрх мөнгийг төлөх хугацааг 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл гэжээ.

/ХХ-ийн 42-45 дугаар тал/

 

Үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч ТХХК нь СХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр баталгааны гэрээ байгуулан зээлдэгч ЭХХК-ийн тус компанитай 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар харилцан тохирсон ба үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, гэрээний хугацааг үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан нөхцөлд эсхүл 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болно хэмээн тохирчээ.

Мөн зээлдүүлэгч ТХХК нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталгаа гаргагч СХХК-тай барьцааны гэрээ байгуулан СХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 129/1 тоотод хаягтай, гэрчилгээний дугаар ГД-000034314, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, 3341м2 талбайтай зочид буудал,

-Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 131/А тоотод хаягтай, гэрчилгээний дугаар ГД-00084315, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 5184 м2 талбайтай, зочид буудлын зориулалтай барилга,

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 129/2 тоот хаягт байрлах гэрчилгээний дугаар ГД-000043954, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000бүртгэгдсэн, 5034.2 м2 талбайтай зочид буудлын барилга /корпус 2 /зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан ба барьцааны гэрээг мөн өдөр нь буюу 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд барьцааны гэрээ бүртгэгдсэнтэй холбоотой лавлагааг бүртгэлийн байгууллага ирүүлжээ.

/ХХ-ийн 46-56, 96-100, 106-110, 690 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд энэ нь хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй, эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон баталгааны гэрээ нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл бөгөөд уг гэрээ бүрт талууд хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч ТХХК нь мөнгө өгсөн гэдгээ нотлоогүй гэж хариуцагч СХХК тайлбарласан ба гэрээний талууд болох зээлдүүлэгч ТХХК, хариуцагч буюу зээлдэгч ЭХХК нар нь уг өдрийн гэрээний дагуу мөнгө төлөх харилцаагаа хүлээн зөвшөөрч удаа дараа буюу 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус 4.962.500 ам долларыг төлөх хугацааны талаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан тул хариуцагч ЭХХК-ийг мөнгө аваагүй гэж үзэх боломжгүй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1404 дүгээр захирамжаар хариуцагч талын хаяг, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэний дагуу бүртгэлийн байгууллага хариуцагч ЭХХК-тай холбоотой дэлгэрэнгүй лавлагааг ирүүлжээ.

/ХХ-ийн 147-148, 160-656 дугаар тал/

ЭХХК нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон, Тото төв, 1 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй, тус хороонд бүртгэлгүй болох нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн болон 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 140-141, 657-660 дугаар тал/

 

ЭХХК нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, Сонжин гранд зочид буудал, 101 тоотод бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсоноос гадна тус компанийн гүйцэтгэх захирал нь 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан гэжээ.

/ХХ-ийн 661-662, 688 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Хариуцагч ЭХХК нь зээлийн гэрээгээр тохирсоны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ТХХК түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч ЭХХК нэхэмжлэлд дурьдсан болон бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хаягт байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй, оршин байгаа хаяг нь тодорхой бус тул нэхэмжлэгч тал хариуцагч ЭХХК-иас татгалзаж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь баталгаа гаргасан хариуцагч СХХК-иас нэхэмжилсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч ЭХХК-иас татгалзсан болохыг дурьдлаа.

 

Зээлдүүлэгч ТХХК нь СХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр баталгааны гэрээ байгуулан зээлдэгч ЭХХК нь ТХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирсон тул уг гэрээнээс үүсэх үүргийг хариуцагч СХХК хариуцах үндэслэлтэй.

Уг гэрээ ёсоор баталгаа гаргагч СХХК-иас 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 4.962.500 ам долларыг гаргуулах нь зүйтэй ба баталгааны гэрээний хугацааг үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан нөхцөлд эсхүл 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болно хэмээн тохирсныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу үгийн шууд утгаар нь тайлбарлавал 4.962.500 ам долларыг төлөх үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан тохиолдолд баталгааны гэрээний хугацаа дуусгавар болохоор заасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч ТХХК-ийн хариуцагч ЭХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 2.200.000 ам доллар зээлсэн гэх зээлийн гэрээнд батлан даагч СХХК гэсэн байх боловч батлан даагчийн хүлээх хариуцлагыг тодорхойлон заагаагүй тул уг гэрээнээс үүсэх үүргийг батлан даагч гэх СХХК-д хариуцуулах боломжгүй.

 

Иймд хариуцагч СХХК-иас 4.962.500 ам доллар буюу 9.898.401.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.245.532 ам доллар буюу 8.468.306.452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь ТХХК өөрийн хувьцаа эзэмшдэг ЭХХК-д мөнгө зээлүүлсэн гэх харилцаа нь хөрөнгө оруулагчдын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу бизнесийн зорилгоор хөрөнгө оруулж ашиг олох гэсэн үндсэн зорилготой үйлдэл байсан бөгөөд энэ үйлдлээ халхавчлахын тулд зээлийн гэрээ байгуулсан гэсэн ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан хэлцлийг ойлгох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний сунгалтын гэрээ бүрт уг үндэслэл тогтоогдоогүй.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30347 дугаар захирамжаар нэхэмжлэгч ТХХК-иас тус компанийн ЭХХК-тай байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, мөн СХХК-тай байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан баталгааны гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч нь 1 ам долларын ханшийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 1994.64 төгрөгөөр тодорхойлсон.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч талд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болон 2015 оны 11 дүгээр срын 4-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, шүүх хуралдааныг 8 удаа хойшлуулснаас хариуцагч талын хүсэлтээр 7 удаа хойшлуулсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч СХХК-иас 4.962.500 ам доллар буюу 9.898.401.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.245.532 ам доллар буюу 8.468.306.452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч ЭХХК-иас татгалзсан болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ТХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91.991.488 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СХХК-иас 49.649.955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41690 дүгээр захирамжаар хариуцагч СХХК-ийн өмчлөлийн хххххххххххххххххххххххххх тоотод хаягтай, гэрчилгээний дугаар ГД-000034314, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, 3341м2 талбайтай зочид буудал, хххххххххххххххххххххх тоотод хаягтай, гэрчилгээний дугаар ГД-00084315, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй 5184 м2 талбайтай зочид буудлын зориулалтай барилга, ххххххххххххххх тоот хаягт байрлах гэрчилгээний дугаар ГД-000043954, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000бүртгэгдсэн, 5034.2 м2 талбайтай зочид буудлын барилга /корпус 2 /зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хариуцагчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг хориглосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.        

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН