Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2019/00147

 

Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, утас 000, РД:0000 Б  овогт Т-н Дн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, утас 000, РД:000 М овогт Сн Ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000дугаартай, 40м.кв талбайтай (Т) дэлгүүрийн байрнаас хариуцагч С.Аг зарж байгаа барааны хамт албадан гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өмчлөлийн зүйлс болох Ө сумын 4-р баг Т захад байршилтай 40м.кв талбайтай 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00000 тоот гэрчилгээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.А нь 2006 оноос эхлэн түрээсийн гэрээ-ний үндсэн дээр ашиглаж ирсэн билээ. Тэгтэл түрээслэгч С.А нь түрээсийн төлбөрийг сайн дураар төлөхөөс үндэслэлгүй татгалзсан учир 2013 оны 9 дүгээр сарын 20-ноос 2013 оны 12 дугаар сарын 20-ны хоорондох түрээсийн төлбөрийг сум дундын 2-р шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 49 тоот шийдвэрээр албадан төлүүлсэн, 2013 оноос хойш 12 дугаар сарын 20-ноос хойш одоо хүртэл түрээсийн төлбөр төлөхгүйгээр, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн болон газар эзэмших эрхийн талаар 2014 оноос эхэлж Иргэний болон захиргааны шүүхээр маргалдаж өмчлөгч миний өмчлөх эрхийг маань чөлөөтэй эдлэхэд саад учруулсан юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн хувьд Т.Д миний шударга ёсоор, хууль журмын дагуу олж авсан өмч болохыг УДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 718 тоот тогтоол, өмчлөх эрхийн талаар ямар нэгэн зөрчилгүй Т.Д миний өмч болохыг, УДШ-ийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 тоот тогтоолоор тус тус батлан тогтоож эцэслэн шийдвэрлэсэн болно. Хариуцагч С.А миний тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах болон өмчлөгчийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны үр дүнд ашиг олох, үр шимийг хүртэхэд саад болж байна. 2013 оны 12 дугаар сарын 20-ноос хойш одоо хүртэл түрээсийн төлбөр төлөхгүй хохироож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар Ө сумын 4-р багт Т зах орох замд байршилтай, 40 м.кв талбайтай 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00000 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай байрнаас С.Аг дэлгүүр доторх барааны хамт албадан нүүлгэж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүсье гэжээ

Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Д нь надтай байгуулсан түрээсийн гэрээ байхгүй бөгөөд миний нөхөр Ж.Етэй түрээсийн гэрээ байгуулж, манай үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөл болгож, улсын бүртгэлд бүртгүүлж авсан ба өнөөдрийг хүртэл түүний хууль ёсны өмчлөгч мөн эсэх нь тогтоогдоогүй болно. Хариуцагч С.А би 00000 тоот гэрчилгээтэй 40 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан байх ба уг нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул хүчингүй болгуулахаар дахин гомдол гаргасан. Уг гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байна. Мөн өмнө нь хянан шийдвэрлэгдсэн иргэн, захиргааны хэрэгт Т.Дн өөрийгөө өмчлөгч мөн болохыг нотлох ганц баримт болох Т.Д болон миний нөхөр Ж.Е нарын хооронд байгуулагдсан 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдааны байрны талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний хуудасны баруун доод буланд түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэж гараар бичсэн хэлцлийг гаргаж өгч, үүнийг шат шатны шүүхүүд өмчлөх эрхээ шилжүүлж авсан байна гэж дүгнэсэн байдаг. Уг гараар бичсэн үл хөдлөх хөрөнгийг худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргасан ба цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах байх. Т.Д нь манай гэр бүлийн дундын хөрөнгө болох үг үл хөдлөх хөрөнгийг газар эзэмшигч нэрийн дор түрээсийн гэрээ байгуулж, манай нөхөрт түрээсэлж суухыг шаардсан. Улмаар 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 1 дэх хуудасны баруун доод буланд түрээслэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгний түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэж зааж, үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байдаг. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох үндэслэл бий болж буй хэлцэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. 128.3-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Учир нь, миний нөхөр Ж.Е нь эхнэр болох надад манай насанд хүрсэн хүүхдүүдэд огт хэлж зөвшөөрөл авч байгаагүй. Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаарт тогтоолоор зөвхөн захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг тогтоосон бөгөөд Т.Д өмчлөгч мөн биш болохыг тогтоогоогүй болно. 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн газар дээр байрлах тухайн дэлгүүрийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар мэдүүлэг гаргаж, 13.5-д заасан холбогдох баримт бичгийг хавсаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтад дурдсан байна. Иймээс хууль бус үндэслэлээр өмчлөгч эрхийн гэрчилгээ олж авчаад манай гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөнөөс намайг албадан нүүлгэх эрх байхгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Т.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Хариуцагч С.А анх 2006 онд Т зах дотор байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийг түрээсэлж байсан. Анх 2600000 төгрөгөөр тохирч түүнийг 15 сард хувааж төлөхөөр болсон. Тэрнээс хойш С.А түрээсийн төлбөрөө төлөхгүй, одоо дэлгүүрийг суллаж өг гэхэд өгөхгүй байгаа. Удаа дараа үндэслэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж, шат шатны шүүхэд хандсанаар нэхэмжлэл нь ор үндэслэлгүй болж хэрэгсэхгүй болж өдий хүрлээ. Шүүхээс шийдвэр, тогтоолууд гарсан ч өөрийн өмчлөлийн дэлгүүрийн байрыг ашиглаж эзэмшиж чадахгүй байна. С.Агаас суллаж өгөхийг шаардсан боловч дэлгүүрээс гарахгүй байна. Хариуцагч С.А ямар ч төлбөр төлөхгүйгээр тус байранд байрлаж байгаа. Сум дундын шүүхээс 2014 онд гарсан 49 дүгээр шийдвэр гэж байна. Тэр үед газар болон үл хөдлөх гэрчилгээг хэрэгт өгөөгүйгээс болсон гэж бодоог. Тэр үед 3 сарын төлбөрийг гаргуулж, өгч албадан нүүлгэх тухай хүсэлт хэрэгсэхгүй болж байсан. Хариуцагчтай эвлэрэх ямар ч боломжгүй миний хүсэлтийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Миний бие өөрийн өмчлөлийн дэлгүүрээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүй байна. Иймд Т зах дотор байрлах 40м.кв талбайтай Тил-анар дэлгүүрээс С.Аг зарж байгаа барааны хамт албадан нүүлгэж өгөхийг хүсэж гэв.

Хариуцагч С.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Одоо 40 м.кв газрын төлөө шүүхийн хаалга татахаас ч санаа зовж байна. Би одоо бүтэн өнчин хүүхдүүдийг энэ дэлгүүрийн ачаар л асарч байгаа хүн. Урьд нь бас шүүхэд албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж тэр нь хэрэгсэхгүй болж байсан шийдвэр байгаа. Өмнөх түрээсийн гэрээ нь хүчингүй болсон. Нэхэмжлэгч эвлэрнэ гэвэл би татгалзахгүй эвлэрэхэд бэлэн байгаа. Түрээсийн гэрээ хийнэ гэвэл хийхэд бэлэн, төлбөрөө ч төлнө. 2014 оны 49 дүгээр шүүхийн шийдвэрт албадан нүүлгэхгүй гэсэн шийдвэр байгаа. Тиймээс 2014 оны албадан нүүлгэхгүй гэсэн 49 дүгээр шийдвэр байгаа учраас миний байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000дугаартай, 40м.кв талбайтай дэлгүүрийн байр хоёр хүний буюу Т.Д \РД:00000\, Д.Марал \РД:00000\ нарын хамтын өмч мөн болох нь 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон 00000 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Энэхүү 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөлийн асуудал, мөн дэлгүүрийн түрээсийн гэрээтэй холбоотой болон түрээсний үнэ, дэлгүүрийн газартай холбоотой асуудлаар нэхэмжлэгч Т.Д, хариуцагч С.А нарын хооронд маргаан үүсэж, эдгээр үйл баримтуудтай холбоотойгоор доорх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан байна. Үүнд:

1)Нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлтэй, Т.Дд холбогдох хууль бусаар газар түрээсэлж авсан 12370000 төгрөг, газар түрээслэхдээ илүү төлөгдсөн 3251250 төгрөгийг тус тус гаргуулан, газар түрээслэх гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийдвэр, 2015 оны 6 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дугаартай Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 718 дугаартай тогтоол байна;

2) Мөн нэхэмжлэгч С.Агийн Б аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамж болон Т.Д, Д.Марал нарыг Ө сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 00000 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухай Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийдвэр, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0269 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаартай тогтоол;

3) Мөн нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Дд холбогдох худалдааны байранд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнд бичигдсэн Түрээслэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөг нь түрээсний төлбөр болон 15 сард багтах болно гэснийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 761 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00017 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00559 дугаартай тогтоол байна;

4) Мөн нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Д, Д.Марал нарт холбогдуулан гаргасан Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт байршилтай, 40м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/000017 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 001/ХТ2018/01123 дугаартай Тогтоол байна;

5) Мөн нэхэмжлэгч Т.Дн хариуцагч С.Ад холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр, хугацаа хэтэрсний алданги бүгд 660000 төгрөг гаргуулж, С.Аг байрнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч С.Агаас 540000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож, 2 дахь заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч С.Аг 40м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн байна.

6) Мөн хариуцагч С.Агийн гаргаж өгсөн Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 388 дугаартай шийдвэр нь 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 115 дугаартай Магадлалаар хүчингүй болсон ба Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна. Улмаар С.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Дд холбогдох хууль бусаар газар түрээсэлж авсан 12370000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 718 дугаартай тогтоол байна;

7)Мөн нэхэмжлэгч Т.Дн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ад холбогдуулан гаргасан түрээсний төлбөр 8400000 төгрөг, мөн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас учирсан хохирол 5750400 төгрөг бүгд 14150400 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 499 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 212/МА2017/00127 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 001/ХТ2018/00385 дугаартай тогтоол байна;

8) Мөн хариуцагч С.Агийн дээрх Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/000017 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 001/ХТ2018/01123 дугаартай тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 001/ШТ2019/00023 дугаартай Шүүхийн тогтоол байна.

9) Мөн хариуцагч С.Агийн дээрх Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийдвэр, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0269 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаартай тогтоол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дугаартай Шүүхийн тогтоол байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий дэлгүүрийн өмчлөл, дэлгүүрийн газар болон түрээсийн гэрээ, түрээсийн хөлстэй холбогдолтой асуудлыг шүүхэд дахин нотлох шаардлагагүй болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажуулна гэж заасны дагуу 40 м.кв талбайтай дэлгүүрийн өмчлөгч нэхэмжлэгч Т.Д...мөн болох нь нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаа өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй, эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй болно.

Энэхүү 40 м.кв талбайтай дэлгүүрийн байр (Тил анар нэртэй дэлгүүр)-ыг одоогоор хариуцагч С.А эзэмшиж ашиглаж бараа бүтээгдэхүүн зарж борлуулан байгаа нь зохигчдын мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагч С.А урьд нь албадан нүүлгэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай шийдвэр байгаа гэх боловч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт....Нэгэнт нэхэмжлэгч Т.Дн байгуулсан түрээсийн гэрээ нь хуульд заасан журмыг зөрчсөн гэрээ байх тул хариуцагч С.Аг уг байрнаас албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд цаашид нэхэмжлэгч Т.Д нь хуульд заасан журмын дагуу түрээсийн гэрээгээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх шаардлагыг хангаж гэрээ байгуулснаар хариуцагч С.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээ байгуулахаас татгалзаж, түрээсийн төлбөрөө гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхээр жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй....гэсэн байна.

Зохигчид энэхүү шийдвэр гарсан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хоорондоо тохиролцож чадаагүй, түрээсийн гэрээ байгуулаагүй, улмаар зохигчдын дэлгүүртэй холбоотой маргаан бүхий үйл баримтуудыг тогтоосон дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан байна.

Мөн хариуцагч С.А шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй эвлэрч шинээр түрээсийн гэрээ байгуулах замаар энэхүү маргаан бүхий дэлгүүрийн барилгыг эзэмшиж ашиглах хүсэлттэй гэснийг нэхэмжлэгч Т.Д хүлээн зөвшөөрөөгүй болно.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Дн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000дугаартай, 40м.кв талбайтай дэлгүүрийн байрнаас хариуцагч С.Аг зарж байгаа барааны хамт албадан гаргаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Агаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б  овогт Туртайн Дн өмчлөлийн Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000дугаартай, 40м.кв талбайтай (Т) дэлгүүрийн байрнаас хариуцагч С.Аг зарж байгаа барааны хамт албадан гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Агаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК