Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2019/00022

 

   Т.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00147 дугаар шийдвэртэй, Т.Д-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 2 дугаар багт оршин суух С.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213002729 дугаартай, 40 м.кв талбайтай (Т) дэлгүүрийн байрнаас хариуцагч С.А-г зарж байгаа барааны хамт албадан гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний өмчлөлийн зүйлс болох Өлгий сумын 4 дүгээр баг Тирлик захад байршилтай 40 м.кв талбайтай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000201220 тоот гэрчилгээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.А нь 2006 оноос эхлэн түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж ирсэн. Тэгтэл түрээслэгч түрээсийн төлбөрийг сайн дураар төлөхөөс үндэслэлгүй татгалзсан учир 2013 оны 9 дүгээр сарын 20-ноос 2013 оны 12 дугаар сарын 20-ны хоорондох түрээсийн төлбөрийг Сум дундын 2 дугаар шүүхийн шийдвэрээр албадан төлүүлсэн боловч 2013 оноос хойш одоо хүртэл түрээсийн төлбөр төлөхгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн болон газар эзэмших эрхийн талаар 2014 оноос эхэлж Иргэний болон захиргааны шүүхээр маргалдаж өмчлөгч миний өмчлөх эрхээ чөлөөтэй эдлэхэд саад учруулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн хувьд Т.Д миний шударга ёсоор, хууль журмын дагуу олж авсан өмч болохыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 718 тоот тогтоол, өмчлөх эрхийн талаар ямар нэгэн зөрчилгүй болохыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 тоот тогтоолоор тус тус батлан тогтоож эцэслэн шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Өлгий сумын 4 дүгээр багт Тирлик зах орох замд байршилтай, 40 м.кв талбайтай 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000201220 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай байрнаас С.А-г дэлгүүр доторх барааны хамт албадан нүүлгэж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүсье.” гэв.

Хариуцагчийн тайлбарт: “Т.Д нь надтай байгуулсан түрээсийн гэрээ байхгүй бөгөөд миний нөхөр Ж.Е-тэй түрээсийн гэрээ байгуулж, манай үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөл болгож, улсын бүртгэлд бүртгүүлж авсан ба өнөөдрийг хүртэл түүний хууль ёсны өмчлөгч мөн эсэх нь тогтоогдоогүй. Өмнө нь хянан шийдвэрлэгдсэн иргэн, захиргааны хэрэгт Т.Д-ийн өөрийгөө өмчлөгч мөн болохыг нотлох ганц баримт болох Т.Д болон миний нөхөр Ж.Е нарын хооронд байгуулагдсан 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдааны байрны талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний хуудасны баруун доод буланд түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэж гараар бичсэн хэлцлийг гаргаж өгч, үүнийг шат шатны шүүхүүд өмчлөх эрхээ шилжүүлж авсан байна гэж дүгнэсэн байдаг. Т.Д нь манай гэр бүлийн дундын хөрөнгө болох үг үл хөдлөх хөрөнгийг газар эзэмшигч нэрийн дор түрээсийн гэрээ байгуулж, манай нөхөрт түрээсэлж суухыг шаардсан. Улмаар 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Худалдааны байранд түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээний 1 дэх хуудасны баруун доод буланд түрээслэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно гэж зааж, үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байдаг. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох үндэслэл бий болж буй хэлцэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл тул төгөлдөр бус хэлцэл болно. Учир нь, миний нөхөр Ж.Е нь эхнэр болох надад манай насанд хүрсэн хүүхдүүдэд огт хэлж зөвшөөрөл авч байгаагүй. Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаарт тогтоолоор зөвхөн захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг тогтоосон бөгөөд Т.Д өмчлөгч мөн биш болохыг тогтоогоогүй. 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн газар дээр байрлах тухайн дэлгүүрийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар мэдүүлэг гаргаж, 13.5-д заасан холбогдох баримт бичгийг хавсаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтад дурдсан байна. Иймээс хууль бус үндэслэлээр өмчлөгч эрхийн гэрчилгээ олж авчихаад манай гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөнөөс намайг албадан нүүлгэх эрх байхгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00147 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т. Д-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213002729 дугаартай, 40м.кв талбайтай (Т) дэлгүүрийн байрнаас хариуцагч С.А-г зарж байгаа барааны хамт албадан гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж шийдвэрлэжээ. 

           

            Хариуцагчийн давж заалдах гомдолд: “2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө миний өмгөөлөгч К.Ж нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардагтай холбоотойгоор цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй талаар надад мэдэгдсэн боловч өөр өмгөөлөгч олж авч, төлбөрийг нь төлж чадаагүй. Өмгөөлөгч К.Ж-тэй дахин ярилцаж, миний хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өгөхөөр шийдвэрлэсэн. Гэвч К.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Моннис Интэрнэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Говийн од групп” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох болсон тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж өгөхийг шүүхээс хүсэж, хүсэлтийг нотлох баримтын хамт өгсөн. Гэвч шүүхээс ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр, хууль мэдэхгүй байдлыг минь буруугаар ашиглаж, хэргийг шийдвэрлэж, хууль зүйн туслалцаа авах боломжгүй болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг минь ноцтойгоор зөрчсөн.

Хариуцагч С.А би монгол хэл сайн ойлгохгүйн улмаас орчуулагчтай шүүх хуралдаанд оролцсоор ирсэн бөгөөд өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулж, хэрэгт нотлох баримт гаргаж өгөх, шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах эрхээ эдлэх боломжгүйд хүргэсэн. Хэрэв өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцсон бол хуульд заасан эрхээ эдлэх боломж байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасан мэтгэлцэх зарчим огт хангагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч Т.Д хариуцагч С.А-д холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213002729 дугаартай, 40 м.кв талбайтай (Тил арна) дэлгүүрийн байрнаас хариуцагч С.А-г зарж байгаа барааны хамт албадан гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд мэтгэлцжээ.  

 

Нэхэмжлэгч Т.Д, түүний эхнэр Д.М нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213002729 дугаартай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн байрны хууль ёсны өмчлөгч болох нь 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон 000201220 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

Хариуцагч С.А нь “манай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөл болгож, улсын бүртгэлд бүртгүүлж авсан” гэж шүүхэд тайлбар гаргаж байгаа хэдий ч дээрх маргаан бүхий  Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213002729 дугаартай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн байрны хууль ёсны өмчлөгч Т.Д болох нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2016/0269 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаартай тогтоол,  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 757 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/000017 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 001/ХТ2018/01123 дугаартай  тогтоолоор тус тус нотлогдож байх бөгөөд эдгээр шийдвэр, магадлал тогтоолууд  хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч Т.Д-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213002729 дугаартай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн байрны өмчлөх эрх хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна гэж дүгнэв.

           

Хариуцагч С.А нь “хууль мэдэхгүй байдлыг минь буруугаар ашиглаж, хэргийг шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдаагүй талаар давж заалдах гомдолдоо дурджээ. Хариуцагч С.А нь “өөрийн өмгөөлөгч К.Ж-ээс татгалзаж, өөр өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхээс хүсэлтийг хангаж, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл уг шүүх хуралдааныг хойшлуулжээ. 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч С.А нь өөрийн өмгөөлөгч К.Ж-г Улаанбаатар хотод шүүх хурал нь давхцаж байх тул шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд  анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

 

Д.КӨБЕШ