Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2020/00476

 

 

 

 

2020 01 31

101/ШШ2020/00476

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: В э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Ш-д холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18-р байр, ******* талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, түүний өмгөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В Э компани нь Ч.Штай 2016-06-13-ны өдөр 009 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ" байгуулсан, Гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18-р байрны *******тоот. 67.6 м.кв талбай бүхий 3 орөө орон сууцыг 148.720.000 /нэг зуун дөчин найман сая долоон зуун хорин мянга/ төгрөгөөр буюу уг барилгын гүйцэтгэгч компанийн ажилтанд хөнгөлөлттэй үнээр худалдахаар тохиролцсон. Худалдагч тал үүргээ биелүүлж орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн боловч худалдан авагч Ч.Ш гэрээний төлбөрт юу ч төлөөгүй тул орон сууцыг 2017-01-23-ны өдрийн 023 дугаартай гэрээгээр Р К Жгийн өмчлөлд шилжүүлсэн юм. Уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ч.Шаас орон сууцаа чөлөөлж өгөхийг шаардаж шүүхэд хандсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-01-04-ний өдрийн 101/ШШ2018/00087 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-03-05-ны өдрийн 619 дүгээр магадлал, 2018-09-11-ний өдрийн 001/XT2018/01133 дугаар тогтоолоор уг хэргийг шийдвэрлэхдээ Ч.Штай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр, мөн Р К Ж нь орон сууцны өмчлөх эрхийг В Э компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан байх ба шаардлагаа гэрээний эсрэг талд бус Ч.Шт холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй болжээ" гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаагүй байна. Ингээд Р К Ж орон сууцны өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болсон тул манай компанитай байгуулсан гэрээнээсээ татгалзан орон сууцыг манай компанид буцаан шилжүүлсэн. В Э компани Ч.Штай байгуулсан гэрээг цуцалсан албан тоогыг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус хүргүүлж, орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Гэвч Ч.Ш нь байрыг чөлөөлж өгөхгүй байх тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18-р байрны 115 тоот, 67.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг иргэн Ч.Шын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Ш шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан В Э ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С.Энийн нэхэмжлэлтэй танилцан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын хуулийн этгээд болох Ц г" ХХК 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БАГ-2014/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг гадаадын хөрөнгө оруулалттай ******* ХХК-тай байгуулсан байдаг. Уг гэрээгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 166 айлын орон сууцны зориулалттай 16-н давхар бүрэн цутгамал бетонон хийцтэй Баяжих цогцолбор-ын барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Ц г ХХК гэрээнд заасан хугацаанд, тогтоосон төсөвт багтаан барилгын ажлыг чанартай гүйцэтгэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. Ц г" ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Р К Ж сэтгэл ханамжгай байж Ц г" ХХК, ХХК-ийн нэр бүхий 5-н ажилтан, тэдгээрийн гэр бүл тус бүрт 2016 оны 02 дугаар сард Баяжих цогцолбор-оос орон сууцыг бэлэглэж түлхүүрийг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулж өгсөн байдаг. Таван ажилтныг гэр бүлийн хамт Р К Ж өөрийн гэртээ урьж, орон сууцны түлхүүр бүрийг болор тавганд хийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцнуудыг бэлэглэж байсан. Энэ таван ажилтны нэг нь хариуцагч Ч.Ш миний бие болно. Улмаар Ц г ХХК, *******" ХХК-ийн мэдэгдэл, шаардлагаар *******" компанитай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Ч.Ш миний Орон сууц захиалан бариулах тухай гэрээний эх хувийг ******* ХХК авсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй. ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Р К Ж нь *******" компанийг үүсгэн байгуулсан бөгөөд мөн тухайн компанийн Захиралаар ажиллаж байсан байдаг. ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Р К Ж хариуцагч Ч.Шт бэлэглэсэн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээрээ бүртгүүлж, улмаар орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжпэл гаргаж байсан. Гэвч шүүх тэрхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Миний бие байнгын ашиглалтад хүлээн авсан орон сууцанд Орон сууц захиалан бариулах гэрээ"-г ******* компанитай байгуулсан. Харин нэхэмжлэгч В Э" ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулаагүй.

Иймд тус шүүхэд гаргасан В Э" ХХК-н итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.С.Энийн нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ц г ХХК болон ******* ХХК нарын удаа дараагийн шаардлагаар В Э ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Ш нь гэрээний эх хувийг аваагүй. Гэрээ байгуулагдсанаас хойш ******* ХХК-ийн захирал Рави Шт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний нэг тал нь В Э LTD гэх компани байсан гэтэл өнөөдөр нэхэмжлэгч В Э ХХК болсон байна. В Э ХХК-тай Ш нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В Э ХХК нь хариуцагч Ч.Шт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18-р байр, ******* талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь уг орон сууцыг бэлгэнд авсан, В Э ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээг орон сууцанд орсны дараа байгуулах шаардлагатай гэсэн тул байгуулсан, итгэмжлэлд дарагдсан тамга нэхэмжлэгч компанийн тамга мөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан бусад баримтад дарагдсан тамганаас өөр тамга дарагдсан, санамж бичигт компанийг төлөөлж гарын үсэг зурсан этгээд компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сингапур улсын иргэн Р К Ж /*******/ нь Ч.Шт холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ч.Ш нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00087 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/011133 тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шийдвэр, тогтоолд нэхэмжлэгч Сингапур улсын иргэн Р К Ж /*******/-г орон сууцны өмчлөх эрхийг В Э ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан байх ба шаардлагаа гэрээний эсрэг талд бус Ч.Шт холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй, мөн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэх үндэслэлгүй гэж үзэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгчийн хувиар гаргаж байгаа гэж тайлбарласан ба шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд дараах эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

******* ХХК-ийн захиалгаар Баяжих цогцолбор-ын барилгын ажлыг Ц г ХХК гүйцэтгэхээр 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан, ******* ХХК-ийн өмчлөгч Сингапур улсын иргэн Р К Ж /*******/ В Э ХХК-ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдаж, Баяжих цогцолбор-ын барилгын ажлыг В Э ХХК санхүүжүүлж, барилгын ажил дуусахад оруулсан хөрөнгөд дүйцэх талбай бүхий байрыг авахаар тохиролцсон, ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх, захиран зарцуулах эрхийг В Э ХХК-д олгосон талаар тодорхойлжээ.

Нэхэмжлэгч В Э ХХК, хариуцагч Ч.Ш нар нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал болох В Э ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, А блок, 2-р орц, 8 давхар, 115 тоот, 67.6 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч тал болох Ч.Шт 2016 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч 148.720.000 төгрөгийг 30 хувь буюу 44.616.000 төгрөгийн 5 хувь 7,436,000 төгрөгийн урамшуулал эдэлж, үлдэх 37,180,000 төгрөгийг бэлэн төлсөн, үлдэгдэл 104,104,000 төгрөгийг ипотекийн 8 хувийн зээлээр төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх-12-17 тал/

Нэхэмжлэгч В Э ХХК-ийг хариуцагч Ч.Штай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулах эрхгүй байсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч Ч.Ш нь гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн авч эзэмшиж байсан боловч гэрээний төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөхгүй үндэслэлээ бэлэглэлийн гэрээтэй холбон тайлбарлаж байсан боловч бэлэглэлийн гэрээтэй холбоотой Ч.Шын нэхэмжлэлийг /сөрөг/ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Мөн хариуцагч нь Орон сууц захиалан бариулах гэрээг-г ******* компанитай байгуулсан, харин нэхэмжлэгч В Э ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаагүй гэж маргасны тухайд ******* ХХК нь 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Samoa-д бүртгэгдсэн, олон улсын компани болон байгуулагдсан бүртгэлийн 21099 дугаартай байна.

Уг компани Монгол улсад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хувиар В Э ХХК /регистр №21099/ нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь олон улсын компанийн бүртгэлд авагдсан бүртгэлийн дугаартай тохирч байна. Түүнчлэн компанийн эрх бүхий албан тушаалтан итгэмжлэл олгож, тамга дарсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн В Э ХХК, Р К Ж нарын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт В Э ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд ******* гарын үсэг зурсан гэх боловч үүнийг В Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал ******* үгүйсгээгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь В Э ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ. /хх-4 тал/

 

Хавтаст хэргийн 12-17 дугаар талд авагдсан, Орон сууц захиалан бариулах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т зааснаар захиалагч нь энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй 30 /гуч/-аас дээш хоногоор хэтрүүлсэн бол гүйцэтгэгч энэхүү гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан, нэхэмжлэгч В Э ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийг Ч.Шаас шаардсан болох нь тус компанийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, хариуцагч Ч.Шын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн В Э ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн хариу баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч Ч.Ш гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар гэрээг цуцалж, орон сууцаа шаардах эрхтэй байна.

Гэрээ цуцласнаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх, ийнхүү харилцан буцаахдаа талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэйг тодорхойлсон байна.

Гэвч хариуцагч Ч.Ш нь гэрээ байгуулахдаа гэрээний урьдчилгаа төлбөрт 37,180,000 төгрөг төлсөн нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч В Э ХХК нь хариуцагч Ч.Штай байгуулсан гэрээг цуцалж, маргаан бүхий орон сууцыг Сингапур улсын иргэн Р К Ж /*******/-д 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр худалдаж, Сингапур улсын иргэн Р К Ж /*******/ нь өмчлөгчийн хувиар хариуцагч Ч.Шт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг дээр дурьдсан шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн.

Шүүхээр уг маргаан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Сингапур улсын иргэн Р К Ж /*******/, В Э ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Сингапур улсын иргэн Р К Ж /*******/ нь 2017.01.23-ны өдөр В Э ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, Баяжих цогцолборын 18-р байрны 115 тоот, 67.6 м.кв 3 өрөө орон сууцыг 148,720,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлсэн ба гэрээний 1.1-д заасан орон сууцыг худалдагч В Э ХХК бүрэн чөлөөлж, худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул худалдан авагч Р К Ж /*******/ гэрээнээс татгалзаж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийг нь буцаан шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, түүнд хавсаргасан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгчөөр Сингапур улсын иргэн Р К Ж бүртгэлтэй байсан ба 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр В Э ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн талаарх лавлагаа, түүнд хасваргасан баримтаар дээрх үйл баримт тогтоогдож байна.

Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18-р байр, 115 тоот, 67.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Шын эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Ч.Шыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18 дугаар байр, 115 тоот орон сууцнаас албадан чөлөөлсүгэй.

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 901,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, 901,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ