Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00774

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00774

 

 

 

В.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/00476 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Э ХХК-ийн Ч.Ш холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 009 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ" байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18 дугаар байрны 1-15 тоот, 67.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 148 720 000 төгрөгөөр буюу уг барилгын гүйцэтгэгч компанийн ажилтанд хөнгөлөлттэй үнээр худалдахаар тохиролцсон. Худалдагч тал үүргээ биелүүлж орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн боловч худалдан авагч Ч.Шатар гэрээний төлбөр биелүүлээгүй тул орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 023 дугаартай гэрээгээр Рави Крашнадас Жагасиа /Ravi Krashnadas Jagasia/ өмчлөлд шилжүүлсэн юм. Уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ч.Шатараас орон сууц чөлөөлөхийг шаардаж шүүхэд хандсанаар 3 шатны шүүх ...Ч.Ш ай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр, мөн Рави Крашнадас Жагасиа /Ravi Krashnadas Jagasia/ нь орон сууцны өмчлөх эрхийг В.Э ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан байх ба шаардлагаа гэрээний эсрэг талд бус Ч.Ш холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй болжээ... гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаагүй. Рави Крашнадас Жагасиа /Ravi Krashnadas Jagasia/ нь орон сууцны өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болсон тул манай компанитай байгуулсан гэрээнээс татгалзаж орон сууцыг манай компанид буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээг цуцалсан албан тоот-ыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус хүргүүлсэн.

Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18 дугаар байрны 115 тоот, 67.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг иргэн Ч.Шатарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Шатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цахим гал ХХК нь Хуур магнай ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолбор хотхоны барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Цахим гал" ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд Хуурмагнай ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Рави Крашнадас Жагасиа /Ravi Krashnadas Jagasia/ сэтгэл ханамжтай байсан учир Цахим гал ХХК, Баяжих зууч ХХК-ийн нэр бүхий 5 ажилтанд тус бүрт 2016 оны 02 дугаар сард Баяжих цогцолбор хотхоноос орон сууц бэлэглэж түлхүүрийг гардуулсан. Эдгээр 5 ажилтны 1 нь хариуцагч Ч.Шатар миний бие болно. Улмаар Цахим гал ХХК, Хуур магнай ХХК-ийн мэдэгдэл, шаардлагаар В.Э ЛТД /Vision express Ltd/ компанитай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, эх хувийг Хуур магнай ХХК авсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй. Рави Крашнадас Жагасиа /Ravi Krashnadas Jagasia/ нь надад бэлэглэсэн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие Орон сууц захиалан бариулах гэрээ-г В.Э ЛТД /Vision express Ltd/ компанитай байгуулсан, нэхэмжлэгч В.Э ХХК-тай байгуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Шатарыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор хотхон, 18 дугаар байр, 115 тоот орон сууцнаас албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 901 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, 901 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч Ч.Шатарын орон сууцыг албадан чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд олгоогүй. Хэрэв шүүх нэхэмжлэгч тал 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ээс татгалзсан гэж эрх зүйн дүгнэлт хийсэн бол Иргэний хууль болон гэрээнд заасан татгалзалтай холбоотой зохицуулалтыг тогтоох хэсэгт үндэслэх шаардлагатай байсан. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу. Учир нь уг орон сууцыг В.Э ХХК барьж гүйцэтгээгүй. Тус барилгыг Хуурмагнай ХХК-ийн захиалгаар Цахим гал ХХК барьж гүйцэтгэсэн. Нөгөө талаас тапуудын хооронд Орон сууц захиалан бариулах гэрээ" нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэдэг. Гэвч уг гэрээний зүйлийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Цахим гал ХХК улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулдаг. Иймд шүүх талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ хэмээн буруу тодорхойлж, хуулийн өөр зүйл заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй. Шүүх харилцааг өмчийн эрх зүйтэй холбоотой хэмээн үзсэн боловч гэрээний эрх зүйн харилцаатай холбоотой дүгнэлт хийсэн байх ба тогтоох хэсэгт үүргийн эрх зүйн холбогдох зохицуулалт болох Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг үндэслэж тодорхойгүй байдлыг үүсгэсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид хуулиар олгосон тайлбар татгалзлаа нотлох, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл болсон Орон сууц захиалан бариулах гэрээ-г Цахим гал ХХК болон Хуурмагнай ХХК-ийн шаардлагаар хэлбэрийн төдий байгуулсан. Өөрөөр хэлбэл уг гэрээ нь нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон шинжтэй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь үндэслэлтэй юм.

Шүүх хариуцагч Ч.Шатар нь гэрээний урьдчилгаа төлбөрт 37 180 000 төгрөг төлсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх, гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, мөн орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь ... төлбөр төлөхгүй үндэслэлээ бэлэглэлийн гэрээтэй холбон тайлбарлаж байсан боловч бэлэглэлийн гэрээтэй холбоотой Ч.Шатарын нэхэмжлэлийг /сөрөг/ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзсэн.

Улсын Дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон гэх Ч.Шатарын нэхэмжлэлийг /сөрөг/ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн маргааны нэхэмжлэгч нь Рави Крашнадас Жагасиа /Ravi Krashnadas Jagasia/ байсан. Харин энэхүү хэргийн нэхэмжлэгч нь В.Э ХХК бөгөөд нэхэмжлэгч нь өөр этгээд байхад тухайн шүүхийн шийдвэрийг хөдөлбөргүй үнэн гэж итгэж хариуцагчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй гэж үзсэн.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. В.Э ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Номин-Эрдэнийн зүгээс Б.Сод-Эрдэнэд олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.2.1-т заасан шаардлага хангаагүй буюу итгэмжлэлд В.Э ХХК-ийн тамга нь дүрсийн хувьд дөрвөлжин цэнхэр өнгөтэй байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад В.Э ХХК-ийн тамга нь дүрсийн хувьд бөөрөнхий улаан өнгийн дүрс тамга гэдэг нь нотлогддог. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангахгүй байх ба шүүхийн зүгээс түүний гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байсан. Шүүхийн зүгээс Б.Сод-Эрдэнийг нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн үзэж буй бол В.Э ХХК-ийн тамганы хүчин төгөлдөр байдалтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлж, шалгах нь зүйтэй байсан гэж үзэж байна.

Түүнчлэн, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болох Хуур магнай ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19/55 тоот Орон сууц худалдах эрхийн тухай албан бичиг хэрэгт авагдсан байна. Тус баримттай хариуцагч тал нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр танилцсан. Тус баримтыг нэхэмжлэгч тал хуульд заасан журмын дагуу буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан гэж тайлбарладаг боловч өгөөгүй нь тухайн өдрийн шүүгчийн захирамжаар нотлогддог. Хавтаст хэргийг дугаарласан хуудсын дугаар өөрчлөгдсөн байгаа нь уг бичмэл нотлох баримтыг хуульд заасан журмаар авагдаагүй болохыг баталж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч В.Э ХХК нь хариуцагч Ч.Ш холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд гэрээгээр Ч.Шатар нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгаас А блок, 2 орц, 8 давхар, 115 тоотод байрлах, 67.6 м.кв талбай бүхий орон сууцыг 148 720 000 төгрөгөөр худалдан авах, В.Э ХХК-ийн хувьд барилгыг барьж дуусгах, сүүлчийн төлбөрийг төлснөөс хойш ажлын 3 хоногт багтаан орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх12-17/

Нэхэмжлэгч В.Э ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Ч.Шатар гэрээний төлбөр төлөөгүй, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан албан бичгийг хүргүүлж орон сууцыг чөлөөлөхийг шаардсан ... гэж тайлбарлажээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой.

Гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй, ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, хариуцагч нь уг орон сууцны талбайн 1 м.кв-ийг 2 200 000 төгрөгөөр тооцон, 148 720 000 төгрөгийг төлбөрт авах хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл хийсэн байна. Худалдан авагч ажлын гүйцэтгэлд захиалагчийн хэмжээнд хяналт тавих боломжгүй, худалдагч эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаа болоход худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч орон сууцыг эзэмшиж буй үндэслэлийн талаар маргажээ.

Хариуцагч Ч.Шатар нь нэхэмжлэгч В.Э ХХК-тай 2016 онд гэрээ байгуулсан үндэслэлээ ... Хуур магнай ХХК, Цахим гал ХХК-ийн мэдэгдэл, шаардлагаар хэлбэрийн төдий байгуулсан гэрээ ... гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч Ч.Шатар нь 2016 оны 02 дугаар сараас орон сууцыг эзэмшсэн хэдий ч нэхэмжлэгч компанитай мөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.Шатарыг гэрээний үүрэгт 37 180 000 төгрөг төлж байсан гэх тайлбар зэргээр зохигчид хожим талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж дээрх худалдах-худалдан авах гэрээг байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн хэрэгт хуулийн хүчин төгөлдөр болсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 619 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1133 дугаар тогтоолууд нотлох баримтаар авагдсан байна. /хх29-36, 123-128 / Эдгээр шүүхийн шийдвэрүүдээр Рави Крашнадас Жагасиа /Ravi Krashnadas Jagasia/-ийн Ч.Ш холбогдуулан гаргасан түүний хууль бус эзэмшлээс дээрх маргааны зүйл болох орон сууцыг чөлөөлүүлэх, Ч.Шатарын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ Ч.Шатар, Рави Крашнадас Жагасиа нарын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бичгийн хэлбэрээр бэлэглэлийн гэрээ хийгдээгүй, бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэжээ. Иймээс хариуцагч Ч.Ш маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх бэлэглэлийн гэрээгээр үүссэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн учир хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Хэргийн баримтаар нэхэмжлэгч В.Э ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 байр, 115 тоотод орон сууцыг өмчлөлдөө авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх3/ Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл буруу ташаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрээ цуцлах тухай мэдэгдэл, түүнд өгсөн хариу зэрэг бичгийн баримтууд авагджээ. /хх-21-22/ Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үүнтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөхийг шаардаж буй нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Ч.Шатарын хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч тал шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан Олон Улсын компаниудын актаар В.Э компанийн үүсгэн байгуулалтын гэрчилгээ, түүний хавсралтад Н.Номин-Эрдэнийг тус компанийн захирлын албан тушаалд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр томилогдсон талаар тэмдэглэгдсэн байна. /хх-8-11/ Түүнчлэн уг асуудалтай холбоотой гомдлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШТ2019/00362 дугаартай тогтоолоор шийдвэрлэгдсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

Мөн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн туслах шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолыг нэмж оруулсантай холбоотой хэргийн хуудасны дугаарлалт зөрсөн гэсэн тайлбар өгсөн талаар тусгагдснаас гадна шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймээс шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/00476 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 901 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД