Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2019/00237

 

Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын  дүгээр багт оршин суух, утас 00, РД:Б, Х овогт Х-ы Е,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын  дүгээр багт оршин суух, утас 00, РД:БЗ Т овогт Мн Ж нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын У багт байрлах, Хүүхдийн .. дугаар цэцэрлэг /эрхлэгч Т.Г, утас 0000/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Е, М.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Н, хариуцагч Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч К.З, гэрч М.С, гэрч Х.Т, хэлмэрч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Н сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчид Х.Ег сахиул галчийн, М.Жыг үйлчлэгчийн ажилд тус тус шилжүүлэн авах-ыг даалгаж, 2019 оны 01 дүгээр сарын цалин хөлсөнд 432000 төгрөгийг Х.Ед, 432000 төгрөгийг М.Жт тус тус олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Х.Е, М.Ж нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Е нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н сумын Хүүхдийн цэцэрлэгийн У байдаг салбар цэцэрлэгт сахиул галчийн ажилд, М.Ж нь үйлчлэгчийн ажилд тус тус томилогдон хөдөлмөрийн гэрээг тус тус 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулан ажиллаж эхэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард У байдаг салбар цэцэрлэг нь тусдаа цэцэрлэг болгон байгуулсан ба эрхлэгчээр нь Т.Г гэдэг хүн томилогдсон. Нэгэнт бидний ажиллаж байсан салбар бүлгийн цэцэрлэг тустай цэцэрлэг болсон учраас бидний удирдлага өөрчлөгдсөн тул Н сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Б 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар тушаалаар биднийг шинээр байгуулагдсан цэцэрлэгийн харьяанд шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шинээр томилогдсон эрхлэгч Т.Г нь ажлаа авч бидэнтэй хамран ажиллана гэдгээ илэрхийлж шинээр баригдсан цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцсон юм. Бид 2019 оны 01 дүгээр сард тус 2 дугаар цэцэрлэгт бүтэн ажилласан боловч тухайн сарын цалин хөлсийг олгоогүй. Тэгээд 1 дүгээр сарын 30-ны өдрөөс та нар ажлаас гар, та нарт цалин хөлс өгөхгүй, та нарыг би ажилд аваагүй, Н сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Б ажилд авсан учраас түүнээс цалин авах ёстой гэж хэлсэн. Тэгээд Н сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Бд цалин хөлсөө авч чадахгүй байгаагаа болон цаашид ажиллуулахгүй гэж байгаагаа хэлж, 1 дүгээр сарын цалингаа түүнээс шаардахад чиний ажиллаж байсан манай цэцэрлэгийн салбар бүлэг тусдаа гарч цэцэрлэг болсон ба ажил олгогч өөрчлөгдсөн. Түүнтэйгээ холбогдуулан ажилтан шилжүүлэх тушаал гарсан. Ажил олгогч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй тул тус цэцэрлэгийн эрхлэгчээс цалин хөлсөө шаардаж аваарай гэж хэлсэн юм. Улмаар Т.Гаас 1 дүгээр сарын цалин хөлсөө дахин шаардсан боловч Та нарыг би ажилд авахгүй, та нар ажлаас халагдсан гэж цалин хөлс олгоогүй юм. Бид түүнд нэгэнт бидний шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэр гарсан учраас та шилжүүлэн авах ёстой юм байна. Шилжүүлэн авах тушаал гаргаж өг эсхүл ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр өг гэж шаардсан боловч ямар нэгэн тушаал шийдвэр олгоогүй юм. Миний бид өнөөдрийг хүртэл сахиул, галч, үйлчлэгчийн ажлыг хийж гүйцэтгэж явж байгаа болно. Иймд Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид Х.Ег сахиул галчийн, М.Жыг үйлчлэгчийн ажилд тус тус шилжүүлэн авах-ыг даалгаж, 2019 оны 01 дүгээр сарын цалин хөлсөнд 432000 төгрөгийг гаргуулан Х.Ед, 432000 төгрөгийг гаргуулан М.Жт тус тус олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Нэгт: Бодит нөхцөл байдлын талаар: Б аймгийн Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн харьяа байсан Н сумын Убагийн хүүхдийн цэцэрлэгийн бүлэг, Сумын төвийн цэцэрлэгийн салбар бүлэг Ховд гол багийн салбар бүлгийг нэмж нэгтгэж Б аймгийн аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн Шинэ цэцэрлэг байгуулах тухай А/202 тоот захирамжаар Н сумын Убагт Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдсан юм. Тухайн цаг мөчөөс эхэлж Убагийн төвд 2 дугаар цэцэрлэгийн барилга баригдсанаар 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад өгсөн билээ. Тус Н сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Т.Г миний бие 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/33 тоот захирамжаар томилогдож цэцэрлэгийн шинээр баригдаж буй барилгын ажилд хөндлөнгийн хяналт тавих, барилгын ажлыг бүрэн дууссаны дараа ажил гүйцэтгэгчээс барилгыг хүлээж авахад комиссын гишүүний хувиар төлөөлөн оролцох, Сургалт эрхлэн тусгай зөвшөөрөл авах, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, хүүхдийн 2-р цэцэрлэгийн бүтэц, орон тоо батлуулах, 2019 оноос эхэлж төсвийг батлуулж, үйл ажиллагааг эхлэх зэрэг бэлтгэл ажлыг хангасан болно. Тухайлбал, Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэг нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн 0003448 тоот гэрчилгээ, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн 000155997 тоот гэрчилгээ авснаар Н сумын 2-р цэцэрлэг үүсгэн байгуулагдан, хуулийн этгээдийн эрхтэй болж, аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай А/765 тоот захирамжаар бүтэц, орон тоог батлан өгч, 2019 оноос эхлэн төсвийн төлөвлөгөөг баталж өгснөөр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Хоёрт: Гомдол гаргагч Х.Е, М.Ж нарын нэхэмжлэлийг эс зөвшөөрөх үндэслэл:

2.1. Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэг нь Б аймгийн засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/202 тоот захирамжаар байгуулагдаж, тус цэцэрлэгийн эрхлэгчээр Т.Г миний бие 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Аймгийн Засаг даргын Б/33 тоот тушаалаар 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн эрхлэгчийн орон тоонд ажиллаж байна. Тийм учраас Убагт байршилтай хүүхдийн 2-р цэцэрлэгт холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх, холбогдох ажилчдыг шилж сонгох, томилох эрх нь 2018 оны 8 дугаар сарын 14-нээс хойш тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Г миний бүрэн эрхэд хамаарах юм. Харин гомдол гаргагч Х.Ег Н сумын хүүхдийн 2-р цэцэрлэг ашиглалтад орж, төсөв, орон тоо батлагдахаас өмнө Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Х.Ег томилох тухай 22 тоот тушаалаар, гомдол гаргагч М.Жыг Н сумын хүүхдийн 2-р цэцэрлэг ашиглалтад орж, төсөв, орон тоо батлагдахаас өмнө Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн М.Жыг томилох тухай 23 тоот тушаалаар тус тус ажилд томилогдсон байх тул Н сумын хүүхдийн 1-р цэцэрлэгт Х.Е, М.Ж нар ажиллаж, тэндээс цалин хөлс авах эрхтэй юм. Хөдөлмөрийн гэрээг Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Бтэй байгуулсан байх тул Т.Г би энэ хэрэгт хариуцагч биш юм.

2.2 Гомдол гаргагч Х.Е, М.Ж нар анх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Бийн тушаалаар томилогдсон учир, тухайн Н сумын 1-р цэцэрлэгт хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бий болсон тул тухайн ажил олгогч Н сумын сумын 1-р цэцэрлэгээс томилогдсон ажлын байр, цалин хөлс, бусад хангамжийг нэхэмжлэх эрхтэй.

2.3 Н сумын Убагт байршилтай Н сумын 1-р цэцэрлэгийн харьяанд байсан хүүхдийн цэцэрлэгийн бүлэг нь 2018 оныг дуустал цэцэрлэгийн багш-1, туслах багш-1, тогооч-1 гэсэн нийт 3 орон тоотой ажиллаж байсан юм. Убагт байршилтай хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт сахиул, галч гэсэн орон тоо бүтэц байхгүй байтал Н сумын хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэг 2019 оны 01-р сараас эхлэн төсөв орон тоогоор үйл ажиллагаа явуулахыг мэдэнгүүт өөртөө хамаарал бүхий Х.Ег сахиул, галч-ын, М.Жыг үйлчлэгчийн албан тушаалд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хууль бус томилсон байна. гомдол гаргагч Х.Ег 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х.Ег томилох тухай Б/22 тоот тушаалыг, гомдол гаргагч М.Жыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Жыг томилох тухай 23 тоот тушаалыг тус тус гаргаж, Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед Н сумын 1-р цэцэрлэгийн харьяа Убагийн хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт батлагдсан төсөв, орон тоогоор багш-1, туслах багш-1, тогооч-1 гэсэн 3 орон тоо байсан ба харин сахиул, галч гэсэн Х.Ен, үйлчлэгч гэсэн М.Жын орон тоо байхгүй байсан. Тийм учраас Х.Е, М.Ж нарыг хууль бус, бүтэц орон тоо, төсөв байхгүй байхад 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь албан тушаалын эрх мэдлийг хэтрүүлж, урвуулан ашиглаж томилсон байна.

2.4 Н сумын хүүхдийн 2-р цэцэрлэгийн бүтэц, орон тоог аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн бүтэц, орон тоо батлах тухай А/762 тоот захирамжийн хавсралтаар эрхлэгч-1, бүлгийн багш-2, туслах багш-2, тогтооч-2, бүгд 7 орон тоотой баталсан, бөгөөд сахиул, галч гэсэн орон тоо батлагдаагүй байхад Х.Ег 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь Х.Ег ажилд томилох тухай 22 тоот тушаал гаргаж, сахиул, галч гэсэн, мөн үйлчлэгч гэсэн орон тоо батлагдаагүй байхад М.Жыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь М.Жыг томилох тухай 23 тоот тушаал гаргаж үйлчлэгч гэсэн батлагдаагүй орон тоонд тус тус томилсон нь илт хууль бус томилгоо байна.

2.5 Гомдол гаргагч Х.Ег томилсон Убагийн хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт сахиул, галч гэсэн орон тоо, мөн М.Жыг томилсон Убагийн хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт үйлчлэгч гэсэн орон тоо 2018 оны 11 дүгээр сарын 28-нд ямар эрхийн акт, бүтэц, орон тоо, төсвөөр батлагдсаныг, урьд байгаагүй орон тоонд ямар үндэслэлээр томилсныг Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Бээс лавлаж, холбогдох нотлох баримтыг хавсаргах шаардлагатай байна.

2.6 Н сумын 1-р цэцэрлэгийн харьяа Убагийн хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт 2018 оны байдлаар бүлгийн багш-1, туслах багш-1, тогооч-1 гэсэн орон тоотой ажиллаж байсныг Б аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн шинээр цэцэрлэг байгуулах тухай А/202 тоот захирамжийн хүрээнд Убагийн цэцэрлэгийн бүлгийг Н сумын 2-р цэцэрлэгт нэгтгэсэнтэй холбогдуулан урьд тухайн цэцэрлэгт батлагдсан орон тоонд хууль ёсоор томилогдон ажиллаж байсан бүлгийн багш-1, туслах багш-1, тогооч-1 зэрэг албан тушаалтнуудыг Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэгт албан тушаалыг хэвээр хадгалан, Хөдөлмөрийн тухай хулийн 40-р зүйлийн 40.4-д зааснаар үргэлжлүүлэн ажиллуулж байна.

2.7 Гомдол гаргагч Х.Е, М.Ж нар нь Хүүхдийн 2-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Г намайг 2019 оны 01 дүгээр сарын 06-нд шинээр томилогдсон эрхлэгч Т.Г нь нээлтийн ажиллагаанд оролцохдоо бидэнд хамтран ажиллахыг илэрхийлсэн гэж худал гүтгэлэг хэлбэрийн зүйл бичжээ. Эрхлэгч Т.Г би Х.Е, М.Ж нартай хамтран ажиллах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, хамтран ажиллах тохиролцоо хэлцэл хийгээгүй юм.

2.8 Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэг нь бие даасан хуулийн этгээд, Н сумын Хүүхдийн 1-р цэцэрлэг (эрхлэгч Т.Б)-ээс хараат бусаар, бие дааж үйл ажиллагаа явуулдаг, өөрсдийн ажилчин албан хаагчдыг өөрснөө эрх хэмжээний хүрээнд хууль журмын дагуу шилж сонгож, томилох, батлагдсан төсвийг захиран зарцуулах, төсвийн шууд захирагчтай төрийн байгууллага болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн Улсын бүртгэлийн 000155997 тоот гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 0003448 тоот гэрчилгээ, аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Т.Гыг ажилд томилох тухай Б/33 тоот захирамж, аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай А/762 тоот захирамж зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.

2.9 Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэгийн 2019 оны төсвийг батлахдаа сахиул, манаач, үйлчлэгч гэсэн орон тоог нэмж батлуулсан тул Н сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай 12,13, 10 тоот тушаалаар М.С, О.Р нарыг тус цэцэрлэгт сахиул, манаач-аар, А.А-ийг үйлчлэгч-ээр тус тус томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Одоогоор тухайн орон тоонд сахиул манаач-аар М.С, О.Р, үйлчлэгчээр А.А нар ажиллаж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х.Е, Х.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Х.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие Н сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Бд нэг гэрт 5 хүн амьдардаг, бүгдээрээ ажилгүй ямар нэгэн орох орлого байхгүй. Өөрөө 50 нас хүрч байгаа, одоо хүүхдүүдээ сургах хүсэлтэй байгаа тухай бичиж, тиймээс Убагт шинэ Хүүхдийн цэцэрлэгт байгуулагдаг гэж байгаатай холбогдуулан тус цэцэрлэгт манаачаар ажилд авах тухай өргөдөл гаргаж байсан. 2018 оны 11-р сарын 28-ны өдөр Убагийн цэцэрлэгт галч сахиул галчаар тушаал гарч ажиллаж байсан. Шинэ болон хуучин хоёр цэцэрлэгт ээлжээр ажлаа хийж байсан. 2019 оны 01-р сарын 06-ны өдөр Убагийн Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нэгдэж, Т.Г эрхлэгчид намайг авч ажиллуулахыг хэлэхэд эхэндээ авна гэж байгаад сүүлд би өөрийнхөө намын хүнийг авна гэж бид нарыг аваагүй. Гэхдээ бид нар ажиллаа үргэлжлүүлээд хийж байсан. 2019 оны 01-р сарын дунд үеэр бид нарыг ажлаас гарахыг шаардаж, цагдаа авчирч ажлаасаа гаргаж байсан. Бид нарт 1-р сарын цалин олгогдох байх гэж бодсон ч цалин олгоогүй. Иймд биднийг 2 дугаар цэцэрлэгийн галч сахиулаар шилжүүлэн авахыг тус цэцэрлэгийн эрхлэгчид даалгаж, 2019 оны 01-р сарын цалин хөлсөнд 432000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч М.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие Н сумын Убагт нэг гэрт 8 хүн амьдардаг. Бүгдээрээ ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй, 2 хүүхдийн 40000 төгрөгөөр амьдарч байгаа. Н сумын 1-р хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Бд ажилд авахыг хүсэж өргөдөл гаргаж, намайг үйлчлэгчээр авч ажиллаж байсан. Убагийн Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч солигдоход намайг ажилд аваагүй. Би урьд нь үйлчлэгчээр ажиллаж байсан. Тиймээс Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид тус цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд шилжүүлэн авахыг даалгаж, 2019 оны 01-р сарын цалин хөлсөнд 432000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Б аймгийн Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Г шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбарт: Миний бие Х.Е, М.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өөрөө улсад 28 жил ажилласан. Н сумын 1 дүгээр цэцэрлэгт бас ажиллаж байгаад хувийн шалтгаанаар 2016 онд ажлаасаа гарч 2017 онд ажил хийгээгүй. 2018 оны 03 дугаар сард Засаг даргын захирамж гарч Н сумын төвд улсын төсвөөр 2 шинээр цэцэрлэг баригдахаар болсон. Нэгэн сумын төвд 75 хүүхдийн цэцэрлэг, нэг нь Убагт байгаа 50 хүүхдийн цэцэрлэг цэцэрлэг баригдахаар болж барилгын ажил нь эхлэхээр болсон. Н сумын төвийн Хүүхдийн цэцэрлэгээс гадна эрхлэгч Бийн хариуцаж байгаа бас нэг салбар бүлэг байгаа. Тэр нь тухайн цэцэрлэгийн барилга дээр биш өөр газарт байдаг. Тэр бүлэг болон Убагт бас нэг салбар бүлэг байсан. Тэр хоёр бүлэгт цэцэрлэг баригдахаар шийдэгдсэн болохоор Засаг даргын захирамж гарч 2018 оны 08-р сарын 14-ний өдөр намайг тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон. Гэхдээ тэр Засаг даргын захирамжид намайг тухайн барилга баригдахад ажилд нь хяналт тавих, тусгай зөвшөөрөл авах, газар болон хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах зэрэг ажлыг 4 сар гаруй цалин хөлсгүй хийж байсан. Тухайн үед Убагт 7 жил ажиллаж байсан цэцэрлэгийн нэг бүлэгт багш-1, туслах багш-1, тогооч-1 гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй ажилдаг байсан. Энэ бүлэгт ажиллаж байсан гурван хүн болон намайг нэмээд 7 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулагдсан цэцэрлэгт 2018 оны Засаг даргын захирамжаар 2018 оны 10-р сарын 15-нд бүтэц орон тоог баталж өгсөн. Гэхдээ 2 дугаар цэцэрлэгт төсөв байгаагүй, тус цэцэрлэгт ажилласан 3 хүн 1 дүгээр цэцэрлэгээс цалинждаг байсан. Тухайн үед 2 дугаар цэцэрлэгийн төсөв батлагдаагүй байсан. Би өөрөө ч 4 сар ажиллахад төсөв батлагдаагүй гэсэн учраас цалин аваагүй. Хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч гэсэн захирамж гарсан учраас 2018 оны 11-р сарын 27-ны өдөр хүлээж авах комиссын бүрэлдэхүүнд би, сумын Засаг дарга хүлээж авах комисст гарын үсэг зурж, улсын комисс дүгнэлтээ гаргаж барилгыг хүлээж авсан. Гэхдээ төсөв нь батлагдаагүй байсан. 2018 оны 11-р сарын 29-ны өдөр барилгыг хүлээж авах үед нэг сар тухайн барилгад гал түлэх шаардлага гарсан. Гэхдээ тус барилгад гал түлэхэд төсөв санхүү байхгүй байсан. Тиймээс Көркем ХХК-ны захирлын саналаар тус барилгад ажиллаж байсан С гэдэг залууг манаач, галчийн ажлыг түр хийлгүүлэн барилгын нүүрсийг орон нутгийн захиргаанаас шийдвэрлүүлж, 2 тонн нүүрсийг өөрөө хувиасаа гаргаж нэг сар С тус барилгын галыг түлж, бүх цэвэрлэгээг хийлгэсэн. Нэхэмжлэгч нар ярихдаа Б эрхлэгч 5 хүнийг шилжүүлж өгсөн, тэрний гурван хүнийг авч бид хоёрыг аваагүй гэж байна. Надад шилжүүлж өгсөн талаар тушаал баримт байхгүй. Б эрхлэгч 2019 оны 01-р сарын 04-ний өдөр надад Убагийн Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөс биш надад ийм 5 хүн байгаа гэж шилжүүлж өгсөн тушаал гаргаж өгөөгүй. Сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шилжүүлсэн тухай тушаал гарч ирсэн. Надад өнөөдрийн хүртэл тийм тушаал байхгүй. Би аймгийн Засаг даргын баталж өгсөн бүтэц орон тоон дээр урьд ажиллаж байсан цэцэрлэгээс надад шилжүүлж өгсөн 3 хүнийг одоо хүртэл ажиллуулж байгаа. 2019 оны 01-р сараас эхэлж төсөв орон тоон батлагдаж, надад өргөдөл өгсөн хүмүүсээс хүн авч ажиллуулсан. Гэтэл энэ хоёр хүн бид нарыг урьд нь Б эрхлэгч манаач болон үйлчлэгчээр авсан байсан гэж ирсэн. Энэ хоёр хүн надад өргөдөл өгч байгаагүй. 2019 оны 01-р сарын 01-ээс эхэлж үйл ажиллагаа нь эхэлж би 5 хүн авсан маань үнэн. М.Ж шинэ цэцэрлэгт ирээд миний авсан үйлчлэгчид ажил хийлгэхгүй тэр цэвэрлээд явахад нь дахиад дээрээс нь цэвэрлээд явдаг. Би даргын хувиар хэд хэдэн удаа хэлж байсан дараа нь орон тоо гарвал чамайг авъя чи өмнө нь надад өргөдөл өгөхгүй яасан бэ? гэж хэлэхэд надад Б эрхлэгч над байгууллагаас битгий гар авахгүй бол шүүхэд өгөөд орно гэж өөрөө хэлсэн. Сүүлд сумын Цагдаагийн тасагт төрийн албаны ажлыг явуулах гэхэд ийм зүйл гарч байна энэ хүмүүст учрын ойлгуулж өгөөч гэж хүсэлт гаргасан. Х.Е 2018 оны 12-р сард манайд ямар ч ажил хийж, гал түлээгүй. Би гал түлж, манаачийн ажлыг хийж байсан гэдэг нь бүгд худлаа. Тэр цэцэрлэгийн манаач галч С байсан. Нэхэмжлэгч Х.Е, М.Ж нарын нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй учраас бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай.

Учир нь, 1) Б аймгийн Н сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Бийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 22 тоот тушаалаар Х.Ег тус цэцэрлэгийн Улаан-чулуу багийн салбар бүлэгт сахиул галчаар, мөн өдрийн 23 тоот тушаалаар нэхэмжлэгч М.Жыг тус цэцэрлэгийн Улаан-чулуу багийн салбар бүлэгт үйлчлэгчээр тус тус бүр томилон, мөн өдөр ажил олгогч (хариуцагч) Б аймгийн Н сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь ажилтан (нэхэмжлэгч) Х.Е, М.Ж нартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулсан байна.

Нэхэмжлэгч Х.Е, М.Ж нарыг ажилд томилох тухай тушаалууд гарсан үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Б аймгийн Н сумын цэцэрлэгийн Улаан-чулуу багийн салбар бүлэгт сахиул галч болон үйлчлэгч гэсэн орон тоо байхгүй болох нь Б аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/762 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай захирамжийн хавсралт болон Б аймгийн Н сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Бийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б аймгийн Засаг даргын албан бичгээр Н сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Бд гэсэн албан бичгээр нотлогдож байна.

Энэхүү Б аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/762 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай захирамжаар Н сумын шинээр байгуулагдсан 2 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтад эрхлэгч-1, бүлгийн багш-2, туслах багш-2, тогооч-2, нийтдээ 7 орон тоо батлагдсан байна.

Б аймгийн Н сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Бийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт...Убагт шинээр баригдсан цэцэрлэг ашиглалтад орох хүртэл зайлшгүй шаардлага гарч цаг агаар хүйтэрч тухайн барилгыг галлах сахих шаардлага гарснаар галч сахиулаар Х.Ертайг, мөн барилгын будаг шороог цэвэрлэх шаардлагатай тул үйлчлэгчээр М.Жыг ажилд авсан... тухайн үед Убагийн цэцэрлэгийн бүлэг нь манай цэцэрлэгийн харьяа салбар байсан учраас төсөвт захирагдан үйл ажиллагааг явуулж оны эцэс байсан тул төсвийн цалингийн илүү давсан хэсгээс тэдэнд нэг сарын цалинг олгосон...нэгэнт шинээр цэцэрлэгт ашиглалтанд ороход 2019 онд галч сахиул, үйлчлэгчийн орон тоо шинээр батлагдаж орж ирнэ гэж бодоод тэднийг томилсон...2019 оны 01 дүгээр сарын 05-наас өмнө тус Убагт байдаг цэцэрлэгийн бүлгийн цэцэрлэгийн ажил олгогч нь би байсан, Т.Гүмазатыг 2018 оны 8 дугаар сараас томилсон байсныг мэдээгүй, надад мэдэгдээгүй... харин шинээр ашиглалтанд орсон 2 дугаар цэцэрлэгийн ажил олгогч нь 2019 оны 01 дүгээр сарын 05-наас хойш би биш... гэсэн байна;

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б аймгийн Засаг даргын албан бичгээр Н сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Бд ...Танай сумд шинээр байгуулагдсан Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн бүтэц, орон тоог 7 хүнээр баталсан ба 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн танай цэцэрлэгээс бүлгийн 2 багш, туслах 2 багш, тогооч 2-ыг шинээр байгуулагдсан цэцэрлэгт шилжүүлэн ажиллуулах ба аливаа тушаал гаргаж ажилд хүн авахгүй байхыг мэдэгдье. Үйл ажиллагаа нь эхлээгүй байгууллагад шийдвэр гаргаж, ажилд хүн томилсон нөхцөлд зохих журмын дагуу хариуцлага тооцохыг анхааруулсан байна.

Иймд Н сумын цэцэрлэгийн Убагийн салбар бүлэгт галч сахиул, үйлчлэгчийн орон тоо байхгүй болох нь нотлогдож байгаа тул Н сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай Ажилтан шилжүүлэх тухай тушаалд заасны дагуу шинээр байгуулагдсан 2 дугаар цэцэрлэгийн харьяанд галч сахиул Х.Е, үйлчлэгч М.Ж нарыг шилжүүлэн аваагүй хариуцагч Б аймгийн Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй байна.

2) Б аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/202 дугаартай Шинээр цэцэрлэг байгуулах тухай захирамжаар ...Убагийн цэцэрлэгийн бүлэг, сумын төвийн цэцэрлэгийн салбар бүлэг, Ховд гол багийн салбар бүлгийг нэгтгэн тус сумын 2 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулан, Б аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 дугаартай Т.Гыг ажилд түр томилох тушаал-аар Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Т.Гыг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр томилсон байна.

Мөн Б аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/893 дугаартай Комисс байгуулах тухай тушаал, мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/20181206 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт-д комиссын бүрэлдэхүүнд Т.Гыг Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч гэж бичсэн байна.

Улмаар Б аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/762 дугаартай захирамжийг үндэслэн Б аймгийн Н сумын хоёр дугаар цэцэрлэгт регистрийн дугаар 8295166, хувийн хэргийн дугаар 0269001001, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон Хуулийн Этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ №000155997 гэрчилгээ, мөн Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн №0003448 дугаартай гэрчилгээ 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус олгогдсон байна.

Гэхдээ Б аймгийн Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдсон Т.Г нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалин хөлс аваагүй, Н сумын 2 дугаар цэцэрлэгийн төсөв, бүтэц орон тоо батлагдсанаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үйл ажиллагааг явуулж эхэлсэн гэдгийн хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Харин 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хариуцагч Т.Г нь Б аймгийн Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг эрхэлж цалин хөлс авч байсан нь Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 217 тоот тодорхойлолтоор нотлогдож байна.

Б аймгийн Н сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаартай Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай тушаалаар Н сумын төсвийн 2-р цэцэрлэгийн харьяа болох Тогоруу бүлэгт шилжүүлэх нийт 32 ширхэг нэр бүхий ....төгрөгний эд хөрөнгийг, мөн Улаан чулуу багийн цэцэрлэгт шилжүүлэх 33 ширхэг нэр бүхий... төгрөгний эд хөрөнгийг төвийн цэцэрлэгийн эд хөрөнгийн үндсэн данснаас хасаж 2-р цэцэрлэгт шилжүүлсэн байна.

Мөн хариуцагч Б аймгийн Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Г болон Б аймгийн Н сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нарын харилцан гарын үсэг зурж Н сумын төвийн цэцэрлэгийн харъяа Убагийн салбар бүлэгт байгаа эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн жагсаалт-аар хүлээлцсэн болохоос шинээр байгуулагдсан Н сумын 2-р цэцэрлэгт багш ажилчдыг шилжүүлсэн тухай нотлох баримт байхгүй байна.

Иймд хариуцагч Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар тухайн цэцэрлэгт багш, ажилтанг ажилд авах эсэх нь түүний эрх хэмжээний асуудал байна.

3) Нэхэмжлэгч Х.Е, М.Ж нар нь Н сумын 2 дугаар цэцэрлэгт 2019 оны 01 дүгээр сард тус 2 дугаар цэцэрлэгт бүтэн ажилласан гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар 2019 оны 01 дүгээр сард тус 2 дугаар цэцэрлэгт бүтэн ажилласан гэдэг нь шүүх хуралдаанд оролцсон гэрч М.С, Х.Т нарын мэдүүлэг болон хариуцагч Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Гын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар албан бичгээр Н сумын цагдаагийн тасгийн даргад хандаж ...Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Бийн тушаалаар томилогдсон гэж Х.Ж, Х.Е нар нь тус цэцэрлэгт ирж бид энэ байгууллагад цаашид ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, манай ажлыг үймүүлж байна... гэсэн нотлох баримтаар тус тус үгүйсгэгдэж байна.

4) Нэхэмжлэгч Х.Е, М.Ж нар нь Б аймгийн Н сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилтан шилжүүлэх тухай тушаалаар тус цэцэрлэгийн харьяа Убагийн салбар бүлэгт ажиллаж байгаа....үйлчлэгч М.Ж, галч сахиул Х.Е нарыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ноос шинээр байгуулагдсан 2 дугаар цэцэрлэгийн харьяанд шилжүүлсэн байхад хариуцагч Т.Г нь тэднийг шилжүүлэн аваагүй, мөн хариуцагч Т.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай албан бичгээр Н сумын цагдаагийн тасгийн даргад хандаж байсан зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Ж, Х.Е нар нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 13 хоногоор хэтрүүлж тус шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Х.Е, М.Ж нарын нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын ажилд шилжүүлэн авахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Х.Е, М.Ж нарын цалин хөлстэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад төлсөн Х.Ен 13610 төгрөгийг, М.Жын 13610 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-ыг тус тус баримтлан хариуцагч Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид Х.Ег сахиул галчийн, М.Жыг үйлчлэгчийн ажилд тус тус шилжүүлэн авах-ыг даалгаж, 2019 оны 01 дүгээр сарын цалин хөлс 432000 төгрөгийг Х.Ед, 432000 төгрөгийг М.Жт тус тус олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг тус тус хүссэн нэхэмжлэгч Ханкелди овогт Хоманы Е, Т овогт Мн Ж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Е, М.Ж нарын ажилд шилжүүлэн авахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Х.Е, М.Ж нарын цалин хөлстэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад төлсөн Х.Ен 13610 төгрөгийг, М.Жын 13610 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК