Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2019/00028

 

Х.Е нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2019/00237 дугаар шийдвэртэй, Х.Е, М.Ж нарын нэхэмжлэлтэй, Н сумын У багт байрлах, Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Х.Е, М.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид Х.Е-г сахиул галчийн, М.Ж-ыг үйлчлэгчийн ажилд тус тус шилжүүлэн авахыг даалгаж, 2019 оны 01 дүгээр сарын цалин хөлсөнд 432,000 төгрөгийг Х.Е-д, 432,000 төгрөгийг М.Ж-т тус тус олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Х.Е нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н сумын Хүүхдийн цэцэрлэгийн У-д байдаг салбар цэцэрлэгт сахиул галчийн ажилд, М.Ж нь үйлчлэгчийн ажилд тус тус томилогдон хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулан ажиллаж эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сард У-д байдаг салбар цэцэрлэг нь тусдаа цэцэрлэг болон байгуулагдсан ба эрхлэгчээр нь Т.Г томилогдсон. Н сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Б 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар тушаалаар биднийг шинээр байгуулагдсан цэцэрлэгийн харьяанд шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шинээр томилогдсон эрхлэгч Т.Г нь ажлаа авч бидэнтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлж шинээр баригдсан цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцсон. Бид 2019 оны 01 дүгээр сард тус 2 дугаар цэцэрлэгт бүтэн ажилласан боловч тухайн сарын цалин хөлсийг олгоогүй. 1 дүгээр сарын 30-ны өдрөөс та нар ажлаас гар, та нарт цалин хөлс өгөхгүй, та нарыг би ажилд аваагүй, Т.Б ажилд авсан учраас түүнээс цалин авах ёстой гэсэн. Эрхлэгч Т.Б-д учир байдлаа хэлж 1 дүгээр сарын цалингаа шаардахад та нарын ажиллаж байсан манай цэцэрлэгийн салбар бүлэг тусдаа гарч цэцэрлэг болсон ба ажил олгогч өөрчлөгдсөн тул шилжүүлэх тушаал гарсан. Ажил олгогч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй тул тус цэцэрлэгийн эрхлэгчээс цалин хөлсөө шаардаж аваарай гэж хэлсэн. Бид эрхлэгч Т.Г-д биднийг шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэр гарсан учраас та шилжүүлэн авах ёстой. Шилжүүлэн авах тушаал гаргаж өг эсхүл ажлаас чөлөөлөгдсөн тушаал өг гэж шаардсан боловч ямар нэгэн тушаал шийдвэр олгоогүй. Бид өнөөдрийг хүртэл сахиул, галч, үйлчлэгчийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Иймд Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид Х.Е-г сахиул галчийн, М.Ж-ыг үйлчлэгчийн ажилд тус тус шилжүүлэн авахыг даалгаж, 2019 оны 01 дүгээр сарын цалин хөлсөнд 432000 төгрөгийг гаргуулан Х.Е-д, 432000 төгрөгийг гаргуулан М.Ж-т тус тус олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг тус тус даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн харьяа байсан Н сумын У багийн хүүхдийн цэцэрлэгийн бүлэг, Сумын төвийн цэцэрлэгийн салбар бүлэг Х багийн салбар бүлгийг нэгтгэж аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Шинэ цэцэрлэг байгуулах тухай” А/202 тоот захирамжаар Н сумын У багт Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдсан.

Т.Г миний бие эрхлэгчээр 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс томилогдсон бөгөөд мөн өдрөөс эхлэн тус цэцэрлэгтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх, холбогдох ажилчдыг шилж сонгох, томилох эрх нь миний бүрэн эрхэд хамаарна. Харин гомдол гаргагч Х.Е-г Н сумын хүүхдийн 2-р цэцэрлэг ашиглалтад орж, төсөв, орон тоо батлагдахаас өмнө Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Х.Е-г томилох тухай” 22 тоот тушаалаар, М.Ж-ыг 23 тоот тушаалаар тус тус ажилд томилсон байх тул Н сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт Х.Е, М.Ж нар ажиллаж, тэндээс цалин хөлс авах эрхтэй. Хөдөлмөрийн гэрээг Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б-тэй байгуулсан байх тул Т.Г би энэ хэрэгт хариуцагч биш. Н сумын У багт байршилтай Н сумын 1-р цэцэрлэгийн харьяанд байсан хүүхдийн цэцэрлэгийн бүлэг нь 2018 оныг дуустал цэцэрлэгийн багш-1, туслах багш-1, тогооч-1 гэсэн нийт 3 орон тоотой ажиллаж байсан. Нэгтгэсэнтэй холбоотойгоор урьд тухайн цэцэрлэгт батлагдсан орон тоонд хууль ёсоор томилогдон ажиллаж байсан бүлгийн багш-1, туслах багш-1, тогооч-1 зэрэг албан тушаалтнуудыг тус сумын Хүүхдийн 2-р цэцэрлэгт албан тушаалыг хэвээр хадгалан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар үргэлжлүүлэн ажиллуулж байна. У багт байршилтай хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт сахиул, галч гэсэн орон тоо бүтэц байхгүй байтал Н сумын хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэг 2019 оны 01-р сараас эхлэн төсөв орон тоогоор үйл ажиллагаа явуулахыг мэдэнгүүт өөртөө хамаарал бүхий Х.Е-г “сахиул, галч”-ын, М.Ж-ыг “үйлчлэгчийн” албан тушаалд хууль бус томилсон байна.  

Н сумын хүүхдийн 2-р цэцэрлэгийн бүтэц, орон тоог аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн бүтэц, орон тоо батлах тухай А/762 тоот захирамжийн хавсралтаар эрхлэгч-1, бүлгийн багш-2, туслах багш-2, тогтооч-2, бүгд 7 орон тоотой баталсан бөгөөд сахиул, галч гэсэн орон тоо батлагдаагүй. Гомдол гаргагч Х.Е-г томилсон У багийн хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт сахиул, галч гэсэн орон тоо, мөн М.Ж-ыг томилсон У багийн хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт үйлчлэгч гэсэн орон тоо 2018 оны 11 дүгээр сарын 28-нд ямар эрхийн акт, бүтэц, орон тоо, төсвөөр батлагдсаныг, урьд байгаагүй орон тоонд ямар үндэслэлээр томилсныг Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б-ээс лавлаж, холбогдох нотлох баримтыг хавсаргах шаардлагатай байна.

Эрхлэгч Т.Г би Х.Е, М.Ж нартай хамтран ажиллах тохиролцоо хэлцэл хийгээгүй. Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэг нь бие даасан хуулийн этгээд, Н сумын Хүүхдийн 1-р цэцэрлэг (эрхлэгч Т.Б)-ээс хараат бусаар, бие дааж үйл ажиллагаа явуулдаг, өөрсдийн ажилчин албан хаагчдыг өөрсдөө эрх хэмжээний хүрээнд хууль журмын дагуу шилж сонгож, томилох, батлагдсан төсвийг захиран зарцуулах, төсвийн шууд захирагчтай төрийн байгууллага болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн Улсын бүртгэлийн 000155997 тоот гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 0003448 тоот гэрчилгээ, аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Т.Г-ыг ажилд томилох тухай Б/33 тоот захирамж, аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай А/762 тоот захирамж зэрэг нотлох баримтаар батлагдана. Н сумын Хүүхдийн 2-р цэцэрлэгийн 2019 оны төсвийг батлахдаа сахиул, манаач, үйлчлэгч гэсэн орон тоог нэмж батлуулсан тул Н сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай 12,13, 10 тоот тушаалаар М.С, О.Р нарыг тус цэцэрлэгт сахиул, манаачаар, А.А-ийг үйлчлэгчээр тус тус томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Одоогоор тус хүмүүс ажиллаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х.Е, Х.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2019/00237 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-ыг тус тус баримтлан хариуцагч Н сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид Х.Е-г сахиул галчийн, М.Ж-ыг үйлчлэгчийн ажилд тус тус шилжүүлэн авах-ыг даалгаж, 2019 оны 01 дүгээр сарын цалин хөлс 432000 төгрөгийг Х.Е-д, 432000 төгрөгийг М.Ж-т тус тус олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг тус тус хүссэн нэхэмжлэгч Х.Е, М.Ж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ:

1. Х.Е, М.Ж нар анх томилогдохдоо байхгүй орон тоонд томилогдсон гэж үзсэн байна. Байхгүй орон тоонд томилогдон ажилласан гэж ажилтнуудын эрхийг зөрчсөн явдлыг шүүх зөвтгөж болохгүй. Х.Е, М.Ж нарыг ажиллуулах шаардлага гарсан тул ажилд авсан нь өмнөх ажил олгогчийн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Анх ажилд томилогдсон үед орон тоо байгаагүйд ажилтнуудын буруу байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй" гэж заасан. Хэрэв орон тоо хасагдсан гэж үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан бол хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж гэрээг нь цуцлах ёстой байсан.

2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "ажилд хүн авахгүй байхыг мэдэгдье" гэсэн албан бичиг байсан тул Х.Е, М.Ж нарыг үргэлжлүүлэн авч ажиллуулаагүй нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Х.Е, М.Ж нарыг Н сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч аймгийн Засаг даргын энэхүү албан бичиг ирэхээс өмнө томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байсан.

3. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2 дугаар цэцэрлэгийн орон байр, эд хөрөнгийг шилжүүлэн өгөхдөө ажилтан шилжүүлэх тушаалыг шилжүүлэн өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Ажилтан шилжүүлэх тушаалыг шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд тухайн тушаалыг шилжүүлсэн болон шилжүүлж аваагүй талаар эрхлэгч нар огт мэдэхгүй, хараагүй гэж хэлээгүй. Цэцэрлэг 2 хуваагдах үед бичиг баримтыг бүрэн гүйцэд шилжүүлж өгөөгүйгээс болж ажилтны эрх ашиг

зөрчигдөх учиргүй. Шүүх маргаанд огт хамааралгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

            4. Х.Е, М.Ж нар нь Н сумын 2 дугаар цэцэрлэгт ажилласан гэдэг нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь шүүх маргааныг зөв ойлгоогүй гэж үзэхээр байна. Н сумын хүүхдийн цэцэрлэгийн У-д байдаг салбар бүлэг нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Н сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг болж өөрчлөн байгуулагдахад биднийг үргэлжлүүлэн ажиллуулаагүй, ажил олгогч өөрчлөгдсөн нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж маргаж байхад маргааны агуулгыг шүүх ойлгохгүйгээр буруу шийдвэр гаргасан байна.

            5. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд хандсан байна гэж дүгнэсэн. Х.Е, М.Ж нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ "2019 оны 01 дүгээр сард тус цэцэрлэгт бүтэн ажилласан боловч тухайн сарын цалин хөлсийг олгоогүй. Тэгээд 1 дүгээр сарын 30-ны өдөр намайг чи ажлаас гар, би чамд цалин хөлс өгөхгүй, чамайг би ажилд аваагүй, Н сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Т.Б ажилд авсан учраас түүнээс цалин авах ёстой гэж хэлсэн" гэсэн мэдүүлгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй. Шүүх зөвхөн нэг талыг барьж, нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчиж, шударга бус шийдвэр гаргасан болох нь эдгээр үндэслэлгүй дүгнэлтүүдээс тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Е, М.Ж нар нь Баян-Өлгий аймгийн Н сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт холбогдуулан “Х.Е-г галчийн, М.Ж-ыг үйлчлэгчийн ажилд тус тус шилжүүлэн авахыг даалгаж, 2019 оны 1 сарын цалин 432,000 төгрөгийг Х.Е-д, 432,000 төгрөгийн М.Ж-т тус тус олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Г нь “тус 2 дугаар цэцэрлэг нь шинээр байгуулагдахад 2018 онд галч, үйлчлэгчийн орон тоо батлагдаагүй. Мөн бүлэг байхад ч галч, үйлчлэгчийн орон тоо байгаагүй. Бүлэг байхад ажиллаж байсан багш, туслах багш, тогооч нарын албан тушаалыг хэвээр хадгалан үргэлжлүүлэн ажиллуулж байна. Тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь батлагдаагүй орон тоонд хууль бус томилгоо хийсэн тул нэхэмжлэгч нарын  нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/202 дугаартай “Шинээр цэцэрлэг байгуулах тухай” захирамжаар тус 2 дугаар цэцэрлэгийг байгуулан, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/33 дугаартай “Т.Г-ыг ажилд түр томилох тухай” тушаалаар Н сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Т.Г-ыг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр томилжээ.

Түүнчлэн аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/762 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн хавсралтаар тус 2 дугаар цэцэрлэгийн орон тоог эрхлэгч-1, бүлгийн багш-2, туслах багш-2, тогооч-2, нийт 7 орон тоотой байхаар баталж, уг захирамжийг үндэслэн тус цэцэрлэгт 8295166 тоот регистрийн дугаар, 0269001001 тоот хувийн хэргийн дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 000155997 дугаартай Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 0003448 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ тус тус олгогджээ. 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл Н сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Б нь гомдол гаргагч Х.Е-г 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Х.Е-г томилох тухай” 22 тоот тушаалаар, М.Ж-ыг 23 тоот тушаалаар тус тус ажилд томилсон нь хууль бус болжээ.

 

            Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/762 дугаар захирамжийн хавсралт /хх-ийн 24-25 хуудас/, Баян-Өлгий аймгийн Н сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Б-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-48 хуудас, 104-108 хуудас/, зохигчдын мэдүүлэг, тайлбар зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

           

Гомдол гаргагч нарын гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасан “хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг буруу хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн  тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтад өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “Анх ажилд томилогдсон үед орон тоо байгаагүйд ажилтнуудын буруу байхгүй. Хэрвээ орон тоо хасагдсан гэж үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан бол хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж гэрээг нь цуцлах ёстой. Ажилтан шилжүүлэх тушаалыг шилжүүлэн өгөөгүй байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд хандсан гэж дүгнэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй, шүүх зөвхөн нэг талыг барьж нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчиж, шударга бус шийдвэр гаргасан болох нь эдгээр дүгнэлтүүдээс тогтоогдож байна” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, гомдол гаргагч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын өмгөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2019/00237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128 дугаар зүйлийн 128.1.11-ыг” гэснийг “128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг” гэж өөрчилж, 2 дахь заалтаас “7.1.2”, “58 дугаар зүйлийн 58.1” гэснийг тус тус хасаж, мөн заалтын “гомдлоор авч хэлэлцэх маргаан тул” гэсний дараа “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ