Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2019/02293/И |
Дугаар | 101/ШШ2019/02162 |
Огноо | 2019-08-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2019/02162
2019 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2019/02162 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б
Хариуцагч: Н.Н нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Б, Н нар нь 2018.11.25-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэж авсан үүнээс хойш хүү болон үндсэн төлбөрөө төлөлгүй өдий хүрсэн. Иймд Ч.Б, Н нараас үндсэн зээл 15,000,000 төгрөг, түүнии хүү 3,000,000 төгрөг, алданги 2019.01.25-2019.05.25-ний өдрийг хүртэл бодож 120х*75 000=9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Бын төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б миний бие өөрийн хамаатан Нын хамт С.М 2018 оны 11 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөнгө зээлсэн хугацаанаас хойш нийт 6.175.000 төгрөгийг Ч.Б, Нын данснаас С.Мын ХААН банкны дансанд төлсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8.825.000 төгрөг, 2 сарын хүүг 6 хувиар тооцож 1.800.000 төгрөг, хамгийн сүүлд төлсөн төлбөрөөс хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 60 хоногийн алданги 2.647.500 төгрөг нийт 13.272.500 төгрөгийг төлөх боломжтой гэв.
Хариуцагч Нын төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б миний бие өөрийн хамаатан Нын хамт С.Мтай 2018 оны 11 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүү нь 10 хувь байгаа нь илт хохиролтой, санхүүгийн хувьд ихээхэн дарамт учруулж байгаа тул зээлийн хүүг зах зээлийн бодит хүүгээр тооцож 6 хувь болгож бууруулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М, хариуцагч Ч.Б, Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7,800,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас 19,200,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нар нэхэмжлэлээс 13,837,500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзсан тайлбарыг шүүхэд гаргажээ.
Талуудын хооронд 2018 оны 11 дүгэр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар 27,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ. Хариуцагч нар нэхэмжлэгчээс 27,000,000 төгрөгийг зээлсэн, зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд алдангийн хэмжээний талаар маргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч 16,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх санал гаргасныг хариуцагч нарын төлөөлөгч эс зөвшөөрч 13,837,500 төгрөгийн хэмжээнд эвлэрэх санал гаргасан. Нэхэмжлэгч тал хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэгт тооцогдох алдангийг хоног тутам тооцсон, хариуцагч тал гүйцэтгээгүй үүргээ хамгийн сүүлчийн төлбөр гүйцэтгэсэн өдрөөс хойш тооцож, маргажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба талууд гэрээний 4-т мөн алданги тооцохоор заажээ.
Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчлан, алдангийг тооцохдоо гэрээний нөгөө тал нь гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлсэн хоног тутам тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс төлөхөөр хуульчлан тогтооснны нэгэн адил талууд ч мөн гэрээндээ алдангийг ийнхүү тохиролцжээ.
Иймд хариуцагч гэрээний 2, 3-т заасан үүргээ биелүүлээгүй ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч гэрээний үүргийг тохисрон хугацаанд шударгаар биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч талын алдангийн тооцооллыг хуульд нийцсэн, зөв гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 19,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б, Н нараас 19,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Б, Н нараас 253,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ