Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/03978

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/03978

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Д

 

Нэхэмжлэгч: Ж.Э

 

Хариуцагч Б.Я

 

51,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагч бөгөөд гуравдагч этгээдийн төлөөлөчг Б.Я, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д, Ж.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний отгон хүү О нь Анагаахын лицей 21 дүгээр дунд сургуульд сургалцаж байх үедээ хариуцагч Б.Ягийн охин Б.Отой анх танилцсан байдаг. 2014 оноос хойш 2 жил орчмын хугацаанд Б.Оы Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол дахь гэрт хамтран амьдарсан. Хүү маань бидэнд найз охинтойгоо тусдаа амьдрахаар төлөвлөж байна ингэхийн тулд өөрсдийн гэсэн гэр орон сууцтай болох шаардлагатай байгаа талаар хэлсэн. Бид хүүгээ гэр бүлтэй болохоор нь орон сууц худалдан авч өгөхөөр насаараа цуглуулсан мөнгөө хүүгээ тусад нь гаргах зорилгоор өгсөн ба түүний найз охин Б.Оы Хас банкны  тоот төгрөгийн дансруу 2016 оны 03 сарын 28-ны өдөр 21 500 000 төгрөг, Хаан банкны тоот төгрөгийн дансруу 2016 оны 03 сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Улмаар тэд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 1 дүгээр орц, 12 тоотод 3 өрөө орон сууцыг бидний өгсөн мөнгө болон хуучин амьдарч байсан байраа оролцуулан худалдан авч, 2016 оны 05 сараас уг байрандаа амьдарч эхэлсэн тухайгаа хэлсэн. Тухайн байрыг худалдаж авч байх үед Ж.Э миний бие нь хариуцагч Б.Я-той утсаар холбогдож наад байранд чинь цаашдаа хоёр хүүхэд л амьдрах юм чинь байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр гаргаж өгөөрэй гэсэн. Энэ үед хариуцагч тэгнэ ээ, гарна гэж байсан. Гэвч байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахдаа зөвхөн өөрийнхөө нэр дээр гаргасан болохыг хүүгээс сүүлд мэдээд дахин хариуцагчид хоёр хүүхдийн нэрийг нэмж оруулж, бүртгүүлээрэй гэсэн. Энэ үед хариуцагч мөн л тэгнэ ээ, сонгууль өнгөрсний дараа ажил багасахаар шилжүүлнэ, санаа зовох зүйлгүй гэж байсан. Улмаар хүү маань 2016 оны 07 сараас эхлэн найз охинтойгоо гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа юм. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсноо ч хэлсэн. Бидний өгсөн мөнгөөр худалдан авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүү Б.О түүний найз охин Б.О нарын нэр дээр бус Б.Оы ээж Б.Я-н нэр дээр гарсан ба бид хариуцагчийг байртай болгох зорилгоор тухайн мөнгийг өгөөгүй. Зөвхөн хоёр хүүхэддээ зориулж худалдаж авч өгсөн болно. Одоо хүүхдүүд нэгэнт цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул өгсөн мөнгөө хариуцагчаас авах нь зөв гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 51 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж аав цэргийн хотхонд байртай байсан. Дүү Отай танилцаад уг байранд амьдар гэхэд хол гэж голсон. Эднийх хороололд 2 өрөө байртай байснаа зараад байр авсан. Гэтэл удаа дараа муудалцаад эхэлсэн. Сүүлдээ салах болсон. Уг байрыг 2 талаасаа авсан боловч зөвхөн хар-н нэр бичигдсэн байсан. БЗД, Баянгол хороолол 412 байр 12 тоот 3 өрөө байрыг авсан. Аав ээж нараар 2 удаа шилжүүлүүлээд нийт 51,500,000 төгрөг өгсөн. Гуравдагч этгээд Б.Оы дансанд шилжүүлсэн. Зорилго нь 2 хүүхэддээ байр авч өгөх зорилго байсан. Гэтэл энэ 2 муудалцаад салсан тул дүү гудамжинд гарч байна. Аав ээж 2 маань Завханд эмч хийдэг. Иймд мөнгөө гаргуулж авмаар байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 51,500,000 төгрөгийг Баянголын байранд зарцуулсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд маргахгүй байна. Тодорхой үйлдэл хийлгэх гэж өгсөн мөнгийг зориулалтаар зарцуулаагүй тул нэхэх эрхтэй. Мөнгө нь энэ О О нарыг байртай болгохоор шилжүүлсэн. Гэтэл байрыг авсаны дараа ганц хариуцагчийн нэр дээр гэрчилгээ гарсан. Улмаар ядаж 2 хүүхдийн нэрийг оруулах талаар хэлж байсан. Гэтэл удахгүй гэж байсан. Гэтэл ингэсээр байгаад л өдий хүрсэн. Гуравдагчийн шаардлагын хувьд өмнөх хурал дээр гуравдагч нь хэлэхдээ О ажил хийдэггүй тул аав ээжийнх нь өгсөн мөнгийг тэтгэлэгт авна гэдэг. Гэвч эцэг нь тэжээн тэтгэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нар үүрэг хүлээгээгүй. Тусдаа Од холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа гэв.

Хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Я нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Я нь өөрийн охин Б.Отойгоо бидний гал голомт болох БГД-н I хороо, 4-р хороолол, 42-р байрны 14 тоот 2 өрөө арктай 61 мкв /шинэ мкв -аар/ талбай бүхий орон сууцанд олон жил амьдарч байсан юм. 2014 оны 3 сард охин маань миний найз залуу гэж Д.О-ийг дагуулан ирж надад танилцуулсан. Тэр үеэс эхлэн Д.О охин бид 2-той хамтран амьдарч эхлэсэн. Би охиныгоо насанд хүрсэн, сургууль соёлоо төгссөн, ажил хийж байгаа болохоор нь амьдралд хань ижил, үр хүүхэдтэй болох цаг нь болсон гэж үзэж хамт амьдрахыг нь зөвшөөрсөн. Би Д.О-ийг охин шигээ хайрлаж, итгэн найдаж ажил орлогогүйг нь хамааралгүй ирээдүйн амьдрал нь сайн сайхан байгаасай гээд л 2 жил гаруй хугацаанд хооллож хувцаслаж байр сууцаар хангаж юугаар ч дутаалгүй амьдруулсан юм. Д.Оийн эцэг эх хоёр 2014 онд манайд ирж надтай танилцсан. Түүнээс хойш бид гурав харилцаа холбоотой байж байгаад 2015 оны 9 сарын 28-ны өдөр Д.О-н эцэг Н.Д ах Д.О, түүний ах дүүс төрөл төрөгсдийн өмнө амлалт өгөн охиныг минь бэр ээ болгохоор хадаг сүү барин надаас гуйсан цаг саяхан санагдаж байна. Гэтэл өнөөдөр хүүхдүүдийнхээ жижиг сажиг маргаанаас болж шүүхэд хандаж байгаа нь харамсалтай санагдаж байна. Д.О-н ээж Ж.Э нь хотод ирэх болгондоо манайд ирж Н.Д бид 2-т бэлэн мөнгө байхгүй, хүүдээ шинэ байр авч өгч чаддаггүй одоо яах бэ гээд л та 3 хамт амьдарч болох л юм байна, хүүхдүүдэд ач тустай сайхан санагдаж байна гэдэг байсан. Д.О ч үүнийг дэмжин надад мэдэгдэхгүйгээр Б.Отой ярилцан байрыг минь үнэгүй цэг мн сайт болон зар мэдээ сонинд зарах буюу солих гэж тавьдаг байсныг над руу зар хараад хүн утасдахад нь мэдсэн. Яагаад ингэж байгаа юм бэ гэхэд Д.О би Б.Отой ярилцаж тохирсон. Манай эцэг эх 2 шууд байр авч өгч чадахгүй учраас таны байрыг оролцуулаад орчин нөхцлөө сайжруулан амьдарья та ганцаараа амьдрахад хэцүү 3 уулаа амьдраад болж байна гэдэг байсан. Тэгээд 2016 оны 3-н сард Баянзүрх дүүргийн 12-р хороо Баянмонгол хороололд солих 3-н өрөө бүхий 88,9 тапбай бүхий орон сууц гарч ирсэн ба 2 байраа хоорондоо солих боломжтой болсон юм. Уг байрны эзэн П.Батзориг байрныхаа мкв -г 1.800.000-р үнэлсэн. Би ч байрныхаа мкв-н 1 800 000 төгрөгөөр үнэлэн хоорондоо солилцсон юм. Бэлэн бусаар-109 800 000 Б.Я байрны үнэ 1 220 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Дансаар 51 500 000 төгрөг Б.Оы нэр дээр орж ирсэн. Байрны гэрчилгээг авах үед миний бие Б.Я, Д.О, Б.О нөгөө талын байрны эзэн болох Батзориг эхнэр Мартгэрэл бид нар БЗД-дэх Дүнжингарав худалдааны төвийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиж гэрчилгээгээ хоорондоо солилцон нотариатаар батлуулсан юм. БГД-н 18-р хороо 42-14 тоот байрны гэрчилгээ нэг хүний өмч болох Б.Я над дээр байдаг байсан ба хамтран эзэмшигч байгаагүй. Иймд солилцох гэрээгээ мэдэлгүй нэг хүнийхээр хийсэн. Харин шинэ байрны гэрчилгээний мэдүүлэг дээр хамтран эзэмшигчээр Б.О, Д.Оийг нэмж оруулсан боловч гэрээнд тусгагдаагүй байна гээд буцааж дахин нэг хүний өмчөөр бүртгэсэн. Үүнийг Д.О мэдэж байгаа. Дараа нь хамтран эзэмшигч нэмүүлж болно гэсэн. Гэтэл нэхэмжлэгч намайг санаатайгаар өөрийнхөө нэр дээр авсан мэтээр гүтгэж байгаад харамсаж байна. Шаардлагатай тохиолдолд мэдүүлгийн анх яаж бөглөж өгсөнийг архиваас нь үзэж болох байх. 2016 оны 4-р сарын 3-нд Бид гурав Баянмонгол хороололд нүүж ирсэн юм. Нүүж ирэхэд эх Ж.Э, ах Д.О нар нь байлцсан юм. Юу ч мэдээгүй юм шиг 5 сард нүүсэн гэж бичиж байгаа нь сонин санагдаж байна. Д.О, Б.О нар нь АШУҮИС-r төгссөн, эмч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд 3 жил болж байгаа бөгөөд 27,28 настай хуулийн өмнө болон ах дүүс эцэг эхийнхээ өмнө хариуцлага хүлээх бүрэн чадамжтай, амьдралд тохиолдсон асуудлаа өөрсдөө ухамсарлаж шийдвэрлэн дүгнэх боломжтой нас биед хүрсэн хүмүүс. Тиймээс эцэг, эх ах дүүс бид нар амьдралд нь оролцож хоёр хүүхдээ хооронд нь уулзаж ярилцуулалгүйгээр амьдралын асуудлыг нь шийдэх гэж байгаа нь ойлгомжгүй илүүц санагдаж байна. Д.Оийн эцэг эх болон ах нь 51,500,000 мянган төгрөгний төлөө хоёр хүүхдийг салгаж удахгүй төрөх үр хүүхдийг өнчрүүлэх тухай нэмэмжлэл гаргасанд үнэхээр их харамсаж байна. Д.Оийн эцэг эх нь хүүхдүүдээ орон байраар хангах ёстой атал, миний байрыг оролцуулчихаад надаас мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Би Ж.Эээс ямарч мөнгө аваагүй. 51,500,000 мянган төгрөг нь Б.Оы нэр дээр шилжин ирсэн. Цаашид болж бүтэхгүй гэж байгаа бол энэ мөнгөны асуудлаар Д.О Б.Ооос нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна.

Анх би 2 өрөө байранд амьдарч байсан. Уг байр нь миний өмч байсан. 2014 оны 3 сард Оийг миний охин найз гэж танилцуулаад 2 жил цуг амьдарч байсан. Оийн аав ээж нь байр авч өгөх боломжгүй, хурим хийж чадахгүй гэдэг байсан. Миний байранд амьдраад байж болох байсан. Аав ээж нь миний охиныг гуйж бэрээ болгосон. 2 хүүхдэд байр авч өгч чадахгүй нь гэдэг байсан. Орбитын байр байдаг гэж ярьдаг байсан ба бид тэнд амьдрахгүй гэдэг байсан. Тэнд хүүхдүүдийг амьдруулья гэж хэлж байгаагүй. О О нар хүүхэдтэй болоод надад хэлэлгүйгээр миний байрыг зарах тухай зар тавьсан байсан. Асуухад миний байрыг оролцуулаад байрны орчингоо сайжруулая гэсэн. Би хүүхдүүдийн ирээдүйг бодоод зөвшөөрсөн. Тэгээд Баянмонгол хороололд байр байна гэсэн. Мөнгө нь их болно гэхэд О манай аав ээж 50 сая дотор мөнгө өгнө гэсэн. Улмаар Э над уруу яриад зөвшилцсөн. Байрыг очиж үзээд байрны эзэнтэй уулзаад манай байрыг бас үзээд 50 саяын зөрүүгээр тохирьё гэсэн. Аль аль байраа 1,8 саяаар үнэлсэн. Зөрүү нь 50 сая 220 мянга болсон. Байрны гал тогоо болон үүдний шүүгээг авах болоод 2.5 саяаар авах болоод Э бид 2 хувааж гаргасан. Арилжааны гэрээ хийгээд гэрчилгээг авахдаа хамтран өмчлөгчөөр О О нарыг оруулах гэж хүсэлтээ үл хөдлөх хөрөнгийн газар өгсөн. Гэтэл арилжааны гэрээ байна нөгөө байр нь ганц миний нэр дээр байна гээд 2 хүүхдийг бүртгэхгүй дараа бичүүл гэсэн. Тэгээд бид нар байрандаа нүүж орсон. Нүүж орох үед Оийн ах ээж нь нүүлгэж өгсөн. байранд ороод 2 сар болоод мөнгөө нэхэж эхэлсэн. Хүүхдүүд маргасан гэхдээ салахдаа тулаагүй гэж боддог. Нэхэмжлэлдээ Яд хүүхдүүддээ байр авахаар мөнгө өгсөн гэтэл намайг байр авцан гэдэг. Би тэгээгүй. Нэхэмжлэгч нар намайг байраа томсгосон гэдэг. Бүх зүйлийг мэдсээр байж одоо мэдэхгүй юм шиг хэлж байна. Манайд хүртэл ирж байсан. Хүүхдүүдийн нэрийг бичүүлэхэд татгалзахгүй байгаа тул мөнгийг төлөх үндэслэлгүй. Хүүхдүүд одоо эвлэрсэн, гэхдээ О аав ээж мөнгө нэхээд байгаа гэж ярьдаг. Муудах нь Оийн ар гэрээс болсон. Эцэг эх бол аль болох дэмжиж тусалж үр хүүхдийг өнчрүүлэхгүй талаас нь бодох ёстой гэж ойлгож байгаа. Би Оийг ирээд амьдрах байх гэж бодож байгаа. Тайлбартаа 4.2 сая төгрөгийг манай охинд өгсөн гэдэг. Хурим хийхгүй юм чинь гээд бөгж ав гээд 4.2 саяыг өгсөн байсан. 2 хүүхэд хамтарч ажил хийгээд олсон мөнгөө гэртэй зарцуулсан. Аавд нь утас авч өгсөн. Надад утас авч өгсөн гэдэг боловч үнэндээ миний охин ажил хийгээд лизингээр утас аваад О хэрэглэж байгаад шинэ утас аваад надад өгсөн. Миний охин Оы өрийг төлсөн гэдэг нь худлаа. Аав нь Од өгсөн машиныг ажилдаа түр унасан. Гэхдээ шалавч бусад зүйл авч өгсөн. Манай Өлзийт хороололд байдаг хашааг зассан гэдэг боловч би хүн хөлсөлж хийлгэсэн. Иймэрхүү зүйлийг хийх ёсгүй мэт хүүхдээ буруу тийш нь яриад байдаг. Оийг ирж амьдар байран дээр нэрээ оруул гэхэд үгүй гэдэг. Миний хүүхдийг их дарамталдаг тул хүүхэд сүүгээр өсөөгүй. Би бол нэхэмжлэгч нараас мөнгө аваагүй. Би байртай байсан. Гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Болдын О нь Д.Отэй 2007 оноос 10 жилийн нэг ангид, улмаар Их сургуульд суралцан үерхэж байгаад 2014 оноос гэр бүлийн харилцаатай болж манай ээжийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 42-р байрны 14 тоот дахь 61 м.кв талбай бүхий 2 өрөөнд хамтран амьдарч эхэлсэн юм. Хамт амьдрах хугацаанд Д.Оийн эцэг Н.Д, эх Ж.Э нар нь миний ээж Б.Ятой танилцаж улмаар бидний хамтын амьдралыг хүлээн зөвшөөрч 2014 оны 9 сарын 28-ны өдөр намайг бэрээ болгохоор гуйх ёслол болсон. Энэ өдрөөс хойш бид өөрийн гэсэн орон байртай болж чадахгүй байсны улмаас хурим хийн ёсоор гэр бүл болох боломжгүй байсаар жил гаруйн хугацаа өнгөрсөн. Өрх толгойлох, айл гэрийн эзэн хүний хувьд Д.О орон байртай болох асуудлыг огт санаачилж, хөөцөлдөггүй байсан. Энэ асуудлыг хөндөхөд эцэг эх маань ... бид нарт бэлэн мөнгө байхгүй, шууд байр авах бололцоо байхгүй... гэдэг байсан. Би ч энэ байдлыг ойлгож, түүнийг нэг их зовоогоод байхыг боддоггүй байсан. Би 2016 оны 2 сарын үед бие давхар болж, бид эцэг, эх болох үр хүүхэдтэй болох баярт мэдээтэй хамт өөрийн гэсэн орон гэртэй болох үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ирээдүйн талаар зовж эхэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад миний ээж Б.Ягийн 2 өрөө байрыг оролцуулж зөрүүг Д.Оийн аав, ээжээс гаргуулах боломж байна гэж үзсэн юм. Тэгээд зар мэдээ болон бусад зарын сайтад ээж Б.Ягийн 2 өрөө байрыг зарах буюу солих зарыг Д.О бид 2 өгч, зарын дагуу холбогдсон хүмүүстэй ярьж байгаад 2016 оны 3 сард Баянмонгол хороололд 88.9 м.кв байрыг солих буюу зарах тухай зарыг олж авсан. Үүний дараа ээж Б.Ядоо энэ тухай хэлж, бид 3 өрөө байртай болчихвол бидний хэн альных нь амьдрах орчин нөхцөл сайжирна, тэгээд ч Д.Оын аав, ээж шууд байр аваад өгөх боломжгүй гэдгийг хэлж ятгасны эцэст ээжээр зөвшөөрүүлсэн. Миний ээж Б.Яд энэ мөнгө ямарч хамаагүй, би уг мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авч гэр бүлийнхээ хэрэгцээнд ээжтэйгээ хамтран худалдан авч байгаа орон сууцыг авахад зарцуулсан. Иймд 51,500,000 төгрөгийг миний ээж Б.Ягоос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёр. Үл ходлөх хөрөнгө (байр)-ны улсын бүртгэлийп гэрчилгээ ээж Б.Ягиин нэр дээр гарсан шалтгааны тухайд

Нэхэмжлэгч нар хариуцагч Б.Ятой утсаар холбогдож наад байранд чинь цаашдаа хоёр хүүхэд л амьдрах юм чинь байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр гаргаж өгөөрэй гэсэн гэж миний ээжийг ор үндэсгүйгээр гүтгэсэн байх бөгөөд мөн зөвхөн хоёр хүүхэддээ зориулж байр худалдан авч өгөхөөр өгсөн болно гэсэн ч үндэслэлгүй юм. Бидний одоо амдарч байгаа байрны үнийн дийлэнх хэсэг нь ээжийн 2 байрыг арилжиж, зөрүү мөнгийг Д.О бид гаргаж байраа 3 өрөө болгон, байрны нөхцлөө сайжруулах болсон. Анх байрны гэрчилгээг авах үед Д.О бид хоёр хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр миний бие мэдүүлгийг бөглөж уг мэдүүлгийн хамтран өмчлөгч гэсэн хэсэгт өөрийн болон нөхрийн нэрийг оруулж бөглөсөн боловч ээж Б.Ягийн БГД-н 18-р хороо, 4-р хороолол, 42-р байрны 14 тоот дахь 61 м.кв талбай бүхий 2 өрөө байр болон шинээр авч буй Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороололд солих 3-н өрөө бүхий 88.9 м.кв талбай бүхий орон сууцыг арилжих гэрээ болох 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн арилжааны гээгээр байруудын өмчлөгч болох Б.Я болон П.Батзориг нарын хооронд хийгдсэн байна гэдэг үндэслэлээр буцааж нэг хүний буюу ээж Б.Ягийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний ээжийн нэр дээр гарсан нь санаатай үйлдэл байгаагүй. Ээж минь байрны хамтран өмчлөгчөөр Д.О бид хоёрыг бүртгүүлье гэж байсан ч энэ байрандаа орсноос хойш Д.Оийн зан ааш эрс хувирч, байнгын хэрүүл хийх болсон тул байрны хамтран өмлөгчөөр бүртгүүлэх асуудлыг түр хойшлуулах талаар би ээжээс гуйсан юм. Өнөөдрийн хувьд ээж Б.Я нь дээрх 88.9 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.О, бид хоёрыг бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ одоо ч илэрхийлдэг.

Гурав. Нэхэмжилж буй мөнгийг нэхэмжлэгч нар буцаан төлөхгүй гэх үндэслэлийн тухайд:

Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороололд солих 3 өрөө бүхий 88.9 м.кв талбай хий орон сууцыг 160.020.000 (нэг зуун жаран сая хорин мянган) төгрөгөөр авах, энэ төлбөртөө Б.Ягийн 2 өрөө байрыг 109.800.000 төгрөгөөр үнэлж хоорондоо солихоор болсон ба зөрүү 51.500.000 төгрөгийг Д.Оийн аав, ээжийн талаас бид хоёр болон бидний хүүхдийн амьдрах орчныг сайжруулах, биднийг орон байртай болгоход зориулж өгсөн. Миний бие дээрх мөнгийг хадам аав Н.Д, ээж Ж.Э нар өөрийн хүүг гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болж байгаад зориулж олгосон бэлэг гэж ойлгож, мөн тухайн мөнгийг оролцуулж авсан Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороололд солих 3 өрөө бүхий 88.9 кв талбай бүхий орон сууцнаас уг үнийн дүнд оногдох хэсгийг бид өмчлөх эрхтэй гэж бодож байсан. Гэтэл хадам эцэг, хадам ээж нар Д.О бид хоёрьн хамт амьдрах эсэхийг бидний өмнөөс шийдэж, биднийг орон байргүй бопгох хэмжээний зүйп бичиж ярьж яваа нь миний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсний улмаас би 2016 оны 11 сарын 13-ны өдөр дутуу төрж, охиноо төрүүлсэн. Одоо охин маань инкубаторт эмчлэгдэж байгаад одоо гэртээ гараад байна.

Одоо болж байгаа үйл явдлаас Д.О нь охин бид хоёртой хамт амьдрахгүй, эцгийнхээ үүргийн биелүүлэхгүй нь тодорхой болсон. Хэдийгээр охины минь эцэг Д.О бидэнтэй хамт амьдрахгүй ч хүүхдээ эрүүл чийрэг бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийг хамгаалах, суурь боловсрол эзэмшүүлэх, орон байраар хангах зэрэг эцэг, эхийн хувьд хүлээлгэсэн үүрэг, хариуцлага бидэнд адил тэгш оногдож байгаа. Миний хувьд цаашид ганцаараа охиноо асарч, өсгөн бойжуулах бодит нөхцөл байдал үүсч байгаа бөгөөд Д.О нь эцэг хүний хувьд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, орон байраар хангах үүрэг хэрэгжүүлэхгүй гэдэг нь бодитой харагдаж байгаа тул Д.Оийн эцгийн хувьд хэрэгжүүлэх ёстой гэдгээр тооцож 51,500,000 төгрөгийг би буцаан төлөхгүй. Өөрийн эцгийн үүргийг гүйцэтгүүлэх асуудалтай холбогдуулан би бие даасан шаардлагыг тусгайлан гаргаж байгаа болно. Дээр дурьдсан үндэслэлүүдээр хадам аав Н.Д, ээж Ж.Э нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.О нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Нэхэмжлэгч нарын хүү Д.О бид хоёр 2014 оноос эхлэн хамтран амьдарч байсан бөгөөд 3 сард бие давхар болсноор Д.Оийн эцэг Н.Д, эх Ж.Э нар нь 51,500,000 төгрөгийг өгсөн бөгөөд энэхүү мөнгийг биднийг орон байр авахад зориулж өгсөн бэлэг гэж би ойлгож байгаа. Ц.О бид хоёр энэ мөнгийг өөрсдийн болон охиныхоо амьдрах орчныг сайжруулах, орон байртай болоход буюу эцэг, эхээс өгсөн зориулалтын дагуу зарцуулж Баянзүрх дүүргийн 12-р хороо, хороолол, 412-р байр, 12 тоот дахь 88,9 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан тооцон оруулсан. Хэдийгээр дээрх эд хөрөнгө нь ээж Б.Ягийн нэр дээр байдаг боловч уг 3 өрөө орон сууцыг худалдан авахад төлбөрийн нэг хэсэг болж орсон учир Д.О болон охин бид гуравт энэхүү 51,500,000 төгрөгт оногдох хэсгийг өмчлөх эрх нээлттэй юм. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, Д.Оийн бидэнтэй харилцаж байгаа байдал зэргээс тэрээр охин О.Цэцүүх бид хоёртой хамтран амьдрахгүй, эцэг хүний хувьд хүүхдээ эрүүл чийрэг бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, орон байраар хангах үүргээ хэрэгжүүлэхгүй, биелүүлэхгүй болох нь тодорхой болсон учир миний охин О.Цэцүүх хадам нарын бидэнд бэлэглэсэн 51,500,000 төгрөгийн эдгээр үүрэгт тооцож авах эрхтэй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороолол, 412-р байр, 12 тоот дахь 88,9мкв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.О, Б.О бидний зүгээс оруулсан 51,500,000 төгрөгт оногдох хэсгийг бидний дундаас төрсөн охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд нь 12 тоот байранд О О нарын оруулсан 51,500,000 сая төгрөгийг охин өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Учир нь орон байр авахад зориулж өгсөн бэлэг гэж ойлгож байгаа. Уг мөнгийг 3 өрөө байр авахад төлбөрийн нэг хэсэг болгож зарцуулсан. Хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй холбогдуулж охин авах эрхтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Гэтэл 492-т хөрөнгийг олж авсан этгээдээс нэхэх эрхтэй гэдэг. Гэтэл баримтаар хариуцагчид мөнгө өгөөгүй нь тогтоогдож байна. Гуравдагч этгээд нь эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд 51,500,000 нь хамтран өмчлөх дундын хөрөнгө тул үүнээс гаргуулах үндэслэлтэй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д, Ж.Э нар нь хариуцагч Б.Ягоос 51,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Я болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О нар нь уг мөнгө нь гэр бүлийн хэрэгцээнд орон сууц авахад зориулж өгсөн бэлэг, хариуцагч аваагүй, зориулалтын дагуу ашигласан, мөн охин О.Цэцүүхийн эцэг, нэхэмжлэгч нарын хүү Д.О нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул уг мөнгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Гуравдагч этгээд Б.О нь маргаж буй 51,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарын хүүгийн охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Д, Ж.Э нар нь 51,500,000 төгрөгийг хариуцагч Б.Яг байртай болгох зорилгоор бус харин хүү Д.О, бэр Б.О нарыг орон сууцтай болгох зорилгоор өгсөн атал уг мөнгийг оролцуулан худалдаж авсан орон сууцыг Б.Я өөрийн өмчлөлд бүртгүүлснийг зөвшөөрөхгүй. Иймд 51,500,000 төгрөгөө гаргуулна гэж, хариуцагч Б.Я нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахад миний өмчлөлийн 2 өрөө байрыг оролцуулсан, улмаар 12 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.О, Б.О нарыг нэмж бүртгүүлэх боломжтой гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О нь охин О.Цэцүүхийн эцэг Д.О нь ажил эрхэлдэггүй, охиноо тэжээн тэтгэх боломжгүй тул Н.Д, Ж.Э нарын Д.О бидэнд бэлэглэсэн 51,500,000 төгрөгийг охин Б.Цэцүүхийг тэжээн тэтгэх тэтгэлэгт тооцуулж авна хэмээн тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгч Н.Д, Ж.Э нар хүү Д.О, бэр Б.О нарыг орон сууцтай болгох зорилгоор Б.Оы Хас банк дахь төгрөгийн 5001137891 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21,500,000 төгрөг, мөн түүний Хаан банк дахь төгрөгийн 5026609405 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 51,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгө шилжүүлсэн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй байна. /хэргийн 8-9, 66 дугаар тал/

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 14 тоотын 35 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.Я болох нь, мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоотын 88.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгч П.Батзориг, Ц.Мартгэрэл, охин Б.Энх-Үжин нар болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000192267 болон 000378078 дугаар гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна. /хэргийн 158, 159 дүгээр тал/ Улмаар хариуцагч Б.Я нь Д.Батзориг, Ц.Мартгэрэл /охин Б.Энх-Үжин/ нартай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны болон орон сууц солилцох тохиролцооны гэрээ байгуулан орон сууц тус бүрийн 1 м.кв талбайг нь 1.800.000 төгрөгөөр, 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө 12 тоот хаягт байрлах орон сууцыг 160.020.000 төгрөгөөр, 61 м.кв талбай бүхий 2 өрөө 14 тоот хаягт байрлах орон сууцыг 109.800.000 төгрөгөөр тус тус үнэлж, Б.Я нь зөрүү 50,220,000 төгрөгийг П.Батзоригт төлөхөөр тохирч уг мөнгийг төлснөөр мөн өдөр нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоотын 88.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц хариуцагч Б.Ягийн өмчлөлд бүртгэгджээ. /хэргийн 42, 160, 166 дугаар тал/

 

Ийнхүү орон сууц солилцох арилжааны гэрээний зөрүү төлбөр болох мөнгийг гуравдагч этгээд Б.О нь өөрийн дансанд нэхэмжлэгч нараас 51,500,000 төгрөг шилжиж орсоны дараа 2 удаагийн үйлдлээр нийт 52,419,400.66 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 66 дугаар талд байгаа дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгө хариуцагчийн арилжааны гэрээгээр солилцсон орон сууцны үнийн зөрүү төлбөрт зарцуулагдсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь арилжааны гэрээний дагуу авсан өөрийн өмчлөлийн орон сууцны зөрүү төлбөрийг нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөөр төлсөн байна. Энэхүү үйл баримтын талаар зохигч, гуравдагч этгээд нар маргаагүй. Иймд зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд: Д.О, Б.О нарын дундаас 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин Цэцүүх төрсөн нь талуудын тайлбар, Д.Оийн гэрчийн мэдүүлэг, охин Цэцүүхийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 147-152 дугаар тал/

Охин Цэцүүхийн эцэг Д.О нь хөдөлмөр эрхэлдэггүй, охиныг эх Б.О өсгөн хүмүүжүүлж байгаа тул Д.Оийн эцэг, эхийн тэдгээрт орон сууцтай болгох зорилгоор шилжүүлсэн 51,500,000 төгрөгийг охин Цэцүүхийг тэжээн тэтгэх үүрэгт тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, орон байр, бусад шаардлагатай зүйлээр хангах үүргийг хүүхдийн эцэг, эх бус өөр этгээдэд хариуцуулах үндэслэлгүй.

Иймд уг 51,500,000 төгрөгийг эцэг Д.Оийн охин Цэцүүхийг тэжээн тэтгэх тэтгэлэгт тооцох буюу уг үндэслэлээр дээрх мөнгийг охин Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч Б.Ягоос 51,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д, Ж.Э нарт олгосугай.

 

2.            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Оы Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.О, Б.О нарын оруулсан 51,500,000 төгрөгийг охин О.Ц өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ягоос 415,450 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д, Ж.Э нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Оыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД