Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1134

 

Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00370 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Янжинхорлоод холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Орхон

 

51 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.Орхон нарын зүгээс оруулсан 51.500.000 төгрөгт ногдох хэсгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай Б.Орхоны бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Батсүхийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Орхон

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ч.Нямцоож

Хариуцагч: Б.Янжинхорлоо

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Батсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын хүү Д.Отгонтөр нь Б.Янжинхорлоогийн охин Б.Орхонтой танилцаж 2014 оноос хойш 2 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Д.Отгонтөрийн  эцэг эх нь хүүгээ тусад нь гаргах зорилгоор Б.Янжинхорлоогийн охин Б.Орхоны Хас банк дахь 5001137891 тоот данс руу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21 500 000 төгрөг, Хаан банк дахь 5026609405 тоот данс руу нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Улмаар тэд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 1 дүгээр орц, 12 тоотын 3 өрөө орон сууцыг дээрхи 51 500 000 төгрөг болон хуучин амьдарч байсан байраа оролцуулан худалдан авч 2016 оны 5 дугаар сараас тухайн худалдаж авсан байрандаа амьдарч эхэлсэн тухайгаа хэлсэн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Янжинхорлоо өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан байсан.

Д.Отгонтөр нь найз охин Б.Орхонтойгоо гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид ч хамтран амьдрах боломжгүй тухайгаа хэлсэн. Бидний өгсөн 51 500 000 төгрөгөөр худалдан авсан орон сууц нь Д.Отгонтөр, Б.Орхон нарын нэр дээр бус Б.Орхоны ээж Б.Янжинхорлоогийн өмчлөлд бүртгэгдсэн ба бид хариуцагч Б.Янжинхорлоог байртай болгох зорилгоор 51 500 000 төгрөгийг өгөөгүй. Зөвхөн Д.Отгонтөр, Б.Орхон нарт зориулан байр авч өгөхөөр өгсөн бөгөөд одоо тэд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд хариуцагч Б.Янжинхорлоогоос 51 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Янжинхорлоо шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард охин Б.Орхон нь өөрийн найз залуу Д.Отгонтөрийг дагуулж ирснээр Б.Янжинхорлоо, Б.Орхон, Д.Отгонтөр нар хамт амьдрах болсон. Д.Отгонтөр, Б.Орхон нар нь Б.Янжинхорлоод мэдэгдэлгүй түүний өмчлөлийн уг орон сууцыг зарах буюу солино гэж зар тавьсан байсныг  мэдээд тодруулахад удахгүй хүүхэдтэй болж, ам бүл нэмэгдэх гэж байгаа тул орон сууцаа томруулья, амьдрах орчноо сайжруулъя гэсэн.  Ингээд 2016 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байрны 8 тоотын 88.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар Б.Янжинхорлоо өөрийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 14 тотын 61 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг арилжихаар арилжааны гэрээ байгуулсан. Арилжааны гэрээний нэг тал П.Батзориг өөрийн байрны 1 м.кв талбайг нь 1.800.000 төгрөгөөр үнэлсэн ба Б.Янжинхорлоо ч мөн адил өөрийн байрны 1 м.кв талбайг нь 1.800.000 төгрөгөөр үнэлж солилцохоор болсон. Зөрүү 50.220.000 төгрөг болсон бөгөөд арилжааны гэрээ өмчлөгч Б.Янжинхорлоо болон Баянзүрх дүүрэг, Баянмонгол хороолол, 412 байрны өмчлөгч байсан н.Мартгэрэл н.Батзориг нарын хооронд байгуулагдсан байдаг тул арилжааны гэрээг үндэслэж бүртгэлийн газар Б.Янжинхорлоогийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Б.Янжинхорлоо нь охин Б.Орхон болон Д.Отгонтөр нарыг Баянзүрх дүүрэг, Баянмонгол хороолол, 412 байр 8 тоотод байрлах 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй. Б.Янжинхорлоо нь Ж.Энхцэцэг, Н.Дамдинсүрэн нараас мөнгө аваагүй. Энэ асуудлаар нэхэмжлэгч нар нь Д.Отгонтөр, Б.Орхон нараас нэхэмжлэх боломжтой гэж үзэж байгаа гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Орхон шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын хүү Д.Отгонтөр бид хоёр 2014 оноос хамтран амьдарч байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сард би бие давхар болсноор Д.Отгонтөрийн эцэг Н.Дамдинсүрэн, эх Ж.Энхцэцэг нар нь бидэнд 51 500 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг биднийг орон байр авахад зориулж өгсөн бэлэг гэж би ойлгож байна. Д.Отгонтөр бид хоёр энэ мөнгийг өөрсдийн болон охиныхоо амьдрах орчныг сайжруулах, орон байртай болоход буюу эцэг, эхээс өгсөн зориулалтын дагуу зарцуулж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авах төлбөрт тооцон оруулсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, Д.Отгонтөрийн бидэнтэй харилцаж байгаа байдал зэргээс тэрээр охин О.Цэцүүх бид хоёртой хамтран амьдрахгүй, эцэг хүний хувьд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, орон байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй, биелүүлэхгүй болох нь тодорхой болсон учир охин О.Цэцүүх хадам, аав, ээж нарын бидэнд бэлэглэсэн 51 500 000 төгрөгийн эдгээр үүрэгт нь тооцож авах эрхтэй гэж үзсэн. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.Орхон бидний зүгээс оруулсан 51.500.000 төгрөгт оногдох хэсгийг бидний дундаас төрсөн охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын орон сууцанд оруулсан 51 500 000 төгрөгийг охин Б.Цэцүүхийг тэжээн тэтгэх тэтгэлэгт тооцуулж авахаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Энэ маш энгийн асуудал юм. Эх хүн үр хүүхэддээ байр авч өгөх гэж байж яагаад ганц өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан гэдгийг ойлгохгүй байна. Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нар 51 500 000 төгрөгийг Д.Отгонтөрийг гэр бүлтэй болж байгаа учир зээл тавьж байж авч өгсөн. О.Цэцүүх охинд 51 500 000 төгрөг огт хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Янжинхорлоогоос 51 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Энхцэцэг, Н.Дамдинсүрэн нарт олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Орхоны Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.Орхон нарын оруулсан 51 500 000 төгрөгт оногдох хэсгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415 500 төгрөгөөс илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч Б.Янжинхорлоогоос 415 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Энхцэцэг, Н.Дамдинсүрэн нарт олгож, гуравдагч этгээд Б.Орхоныг улсын тэмдэгтийн хураамж 415 450 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсгийг үндэслэлээ болгожээ. 

Нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгийг Б.Янжинхорлоод өгөөгүй, мөнгийг Б.Орхонд шилжүүлэн өгсөн.  Д.Отгонтөр, Б.Орхон нарын эрх ашигт зориулагдсан нь  нотлогдсон. Б.Янжинхорлоо нь нэхэмжлэгч нараас 51 500 000 төгрөгийг шууд аваагүй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Н.Дамдинсүрэн, Ц.Энхцэцэг болон Б.Орхон, Д.Отгонтөр нарын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн. Өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар маргах эрх Д.Отгонтөр, Б.Орхон нарт байгаа.

Нэхэмжлэгч нар Д.Отгонтөр, Б.Орхон нарт 51 500 000 төгрөгийг орон сууцтай болгох зорилгоор биш тэдний амьдрах орчин, орон байрны нөхцлийг нь сайжруулах зорилгоор өгсөн нь ноглогдсон.  Анхан шатны шүүх "...эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн амьдрах эрүүл, саруул, аюулгүй орчин бүрдүүдэх, орон байр, бусад шаардлагатай зүйлээр хангах үүргийг хүүхдийн эцэг эх бус өөр этгээдэд хариуцуулах үндэслэлгүй" гэж үзсэн нь бодит байдал болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нарын 51 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд Б.Орхоны бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Дамдинсүрэн, Ж.Энхцэцэг нар нь хариуцагч Б.Янжинхорлоод холбогдуулан 51 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй” гэж маргасан. Б.Орхон нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 12 тоот дахь 88,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.Отгонтөр, Б.Орхон нарын зүгээс оруулсан 51 500 000 төгрөгт ногдох хэсгийг охин О.Цэцүүх өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нарын хариуцагчаас 51 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүйгээс гадна анхан шатны шүүх шийдвэрийн бүтцэд тавигдах шаардлагыг ноцтой зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэрийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 118.2 дах хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заахаар тусгасан байна.

Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00370 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт уг шийдвэрийг хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгчийг нэрлэн заах тухай хуульд тусгайлан заасан шаардлагыг зөрчсөн нь тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүх, шүүх бүрэлдэхүүн тодорхой бус байх нөхцөл байдлыг үүсгэжээ. /хх-ийн 208-214/

 

Нэгэнт хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн тул түүнийг давж заалдах шатны шүүхээс  нөхөн засварлах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдэрийг хүчингүй болгосон тул хэргийн шийдэл болон хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгоогүй тул хариуцагч Б.Янжинхорлоогийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Янжинхорлоогийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

         ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                              Ш.ОЮУНХАНД