Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 251

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,      

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,   

Улсын яллагч Т.Отгонтөгс, 

Иргэдийн төлөөлөгч Н.Цолмон, 

Хохирогчийн төлөөлөгч Б.Ариунаа, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Гэрч Г.Гантөмөр,

Шинжээч эмч Н.Энхцолмон,  

Шүүгдэгч Л.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Мөнхзаяад холбогдох эрүүгийн 2017 2601 0433 дугаар хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 60-84 тоотод түр оршин суух хаягтай, ам бүл-4, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

- урьд 2000 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил тэнсэн харгалзах ялаар, 2005 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийлгүүлж байсан, Боржигон овогт Лигсогийн Мөнхзаяа, РД:НЮ73042691,  

  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Мөнхзаяа нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 4 дүгээр гудамжны 67 тоотод амь хохирогч Б.Гэндэнсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүний цээжний зүүн дээд хэсэгт нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.  Үүнд:        

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-12/,

- түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-163/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...талийгаач Б.Гэндэнсүрэн нь манай төрсөн ах. Манайх 7 хүүхэдтэй, ам дээрээсээ 3 дахь нь байгаа юм. Ах Гэндэнсүрэн нь эхнэр хүүхдээсээ 7, 8 жилийн өмнө салсан учир уг хүмүүс нь уг хэрэгт оролцохгүй гэсэн. Манайхан гэр бүлээрээ ярилцаад энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулахаар болсон. Ах Гэндэнсүрэн нь эхнэрээсээ салсан. 2010 оноос хойш ээж Бүдрагчаатай Баянзүрх дүүрэг Хужирбуланд амьдарч байсан. Битүүний урьд өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай отгон дүү Нямжаргал ууц чануулахаар ах Гэндэнсүрэнг дуудсан байсан. Тэгээд ах тэднийд очоод ууц чанах гэхэд хөлдүү байсан. Тэгээд тэднийд хоноод маргааш нь ууцаа чанахаар тавьчихаад байж байгаад 11 цагийн орчимд гараад явсан байсан. Түүнээс хойш ирээгүй. Мөнхзаяа нь надтай 10 жилийн нэг ангид байсан хүүхэд. Мөнхзаяа айлын өргөмөл хүүхэд, тэр өргөж авсан ээж Сумъяа гэдэг хүний төрсөн ах Мандал гэдэг хүн нь манай ээж Бүдрагчаагийн төрсөн дүү Загдрагчаа, Лхагваа гэсэн 2 дүүг нь өргөж авсан юм байна лээ. Их холын хамаатан садан. Мөнхзаяагийнх манайхтай хөрш айл байсан учир бид багаасаа тоглож өссөн. Юунаас болоод маргалдсаныг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Оршуулгын гарсан зардал мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-39-44/,

- Бүдрагчаа овогтой Гэндэнсүрэн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нас барсан тухай гэрчилгээний хуулбар /хх-166/,

- гэрч Г.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхнэр ажилдаа явчихсан байсан ба Гантөмөр бид үлдээд гэр цэвэрлээд дуучихаад 16 цагийн орчимд Гэндэнсүрэн хүний ууц чанаж өгсөн чинь архи авч өгөөд гээд согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд 5, 10 минутын дараа Мөнхзаяа архи уугаагүй 2 шил архи авч ирсэн байсан. Тэгээд дөнгөж сууж байхад Гэндэнсүрэн Мөнхзаяа руу энэ миний дүү намайг мэднэ, багад нь би хөрөөгөөр хөрөөдөж байсан, бид 2 багаасаа тоглож өссөн гэж яриад л гараараа Мөнхзаяагийн бөөр рүү нь зөөлөн цохиж аваад байсан. Юм ярьж байхдаа нуруу бөөр рүү нь миний харснаар 2-3 удаа цохиж аваад байсан ба нуруу руу нь алгадаж аваад миний дүү намайг мэднэ гэх мэтээр яриад суусан. Архи уугаад сууж байхад ямар нэгэн маргаан гараагүй. Тэгээд архи дуусаад Мөнхзаяа, Гантөмөр 2 архинд яваад 0.75 литрийн 2 шил архи авч ирсэн. Тэгээд бид нар тэр архийг нь хувааж уугаад дуусч байсан. Манайх монгол гэрт амьдардаг ба би гэрийн хойморт байдаг орон дээр хэвтэж, Гэндэнсүрэн гэрийн зүүн талын орон дээр сууж байсан, түүний хөл хэсэгт Гантөмөр сууж байсан, Мөнхзаяа гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд байж байтал Гэндэнсүрэн гэрийн зүүн талын орон дээр сууж байхад нөгөө талын орны орчмоос Мөнхзаяа яваад очсон. Тэгтэл Гэндэнсүрэн чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь харахад зүүн мөрнийх нь доороос цус гарч байсан. Тэгээд Мөнхзаяа гараад зугатаачихсан. Тэгэхэд цус их гараад тогтохгүй байсан. Би цагдаа, түргэн дуудах гэсэн чинь Гэндэнсүрэн яах гээд байгаа юм боль, наадах чинь шалбараад өнгөрсөн байна зүгээр гээд байсан болохоор би үхчихнэ гэж санаагүй...Гантөмөр хэлэхдээ Гэндэнсүрэн амьсгалахгүй байна гэж хэлсэн...очоод хартал амьсгалахгүй байхаар нь хиймэл амьсгаа хийж үзээд цээжийг нь дараад нэмэр байгаагүй...би утсаа цэнэглээд цэнэг ороход нь цагдаа түргэн дуудсан. Гэндэнсүрэн Мөнхзаяаг хэдэн удаа бөөр орчимд нь цохиж аваад нуруу руу нь ганц нэг удаа алгадаж авснаас өөрөө цохиж зодоогүй. Гэндэнсүрэн Мөнхзаяаг боож авсан зүйл байхгүй. Хутгалуулснаас хойш 10 орчим минутын дараа нас барсан...гэх мэдүүлэг /х-41-42/,

- гэрч Г.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн ах Ганболдын гэрт байж байтал 16 цагийн үед Гэндэнсүрэн согтуу байдалтай ирсэн. Гэндэнсүрэн 2 өдөр айлын мах чанаж өгөөд 2 өдөр архи уучихлаа гэж хэлж байсан. Тэгээд орон дээр гараад хэвтээд өгсөн. Тэгээд байж байтал удаагүй 10 орчим минутын дараа Мөнхзаяа 2 шил архи аваад эрүүл орж ирсэн...бид 4 хоёр шил архийг хувааж уусан. Мөнхзаяа бид 2 гарч 0.75 литрийн 2 шил архи аваад гэрт ирсэн. Ингээд бид тэр архийг 4-лээ хувааж уусан. Тэгээд авсан архи дуусаад гэрийн хойд талын орон дээр Ганболд ах хэвтэж байсан, гэрийн баруун талын орон дээр Мөнхзаяа сууж байсан, гэрийн зүүн талын орон дээр Гэндэнсүрэн дээшээ харчихсан хэвтэж байсан...би зүүн талын орны хөлд суугаад тамхи татаад үнсээ зуух руу хийх санаатай сууж байсан. Тэгтэл Мөнхзаяа босоод алхаад ширээний хойгуур тойроод ирж байсан ба шууд Гэндэнсүрэн дээр очсон чинь Гэндэнсүрэн чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд харсан чинь Гэндэнсүрэнгийн цээжний зүүн доод хэсгээс цус гарч байсан. Мөнхзаяа буцаад ширээний хойгуур тойроод гэрээс гараад явчихсан. Би сандраад Ганболд ахын хамт цусыг нь тогтоочих гээд гурил зуурч тавиад даавуугаар боосон. Гэндэнсүрэнгийн цусыг тогтоогоод цагдаа түргэн дуудах гэсэн чинь хэрэггүй гайгүй болчихно гээд дуудуулахгүй байсан...дээшээ хараад хэвтэхээр нь цус гарах нь гайгүй байсан учир дээшээ хараад хэвтсэн. Бууз жигнэх гээд байж байгаад харсан чинь Гэндэнсүрэн Мөнхзаяаг би чиний ах биз дээ гээд гараараа ёворч аваад байсан. Ганболд ах чи одоо болиоч хүн зүгээр байлга гэхэд би чинь үүнийг багаас нь мэднэ, миний дүү байгаа юм миний команданд байсан гээд л юм ярихдаа гараараа ёворч аваад байхад нь Мөнхзаяа өөр газар очоод сууж байгаад гайгүй байхаар нь буцаад очоод суучихаар нь нөгөөх зүйлээ яриад гараараа ёворч аваад байсан. Тэрнээс маргалдаж зодолдоогүй...Мөнхзаяа бөөр өвдөөд байна гэснээс цохиж аваагүй. Гэндэнсүрэн Мөнхзаяаг боож авсан ноцолдсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-44-45/,

- гэрч М.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Мөнхзаяа миний төрсөн эцэг. Манай ээж Шүрэнцэцэг гэж хүнтэй сууж дүү бид 3 төрсөн. 2011 онд аав Мөнхзаяа ээж Шүрэнцэцэгийг байнга зодож зовоодог байсан учир ээж маань салж яваад бид 3 аавтай цуг амьдарч байсан. Л.Мөнхзаяагийн  зан байдлын хувьд ширүүн элдэв зангүй зөөлөн хүн боловч архи уухаараа ээжид агсам тавиад байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-48/,

- гэрч О.Нямдэлэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...бид 2 “game arena” тоглоомын газарт хамгаалагчаар цуг ажиллаж байсан. Мөнхзаяа ах эрүүл байхдаа элдэв зангүй, архи уувал агсам зантай юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-51-52/,

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч дэслэгч Д.Батдэлгэрийн бичсэн “Баянгол дүүргийн өргөө кинотеатрын ард PC тоглоомын газар ажилладаг гэх мэдээллийн дагуу “game arena” гэх тоглоомын газрыг орж шалгахад, Лигсо овогтой Мөнхзаяа нь орогнож байсныг олж тогтоон дайчлан баривчилсан байна...гэх илтгэх хуудас /хх-20/,

- шүүхийн шинжилгээний шинжилгээний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №497 дугаартай:...талийгаачийн биед цээжний зүүн хөндий рүү 2-3-р хавирганы завсар эгэмний шугамаар урдаас арагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлд нэвтэрч, зүүн уушги гэмтээж, үнхэлцгийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цус алдалт, цээжний хөндийн цус хуралдалт, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, зүүн уушги гэмтээж үнхэлцгийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цус алдалт, цээжний хөндийн цус хуралдалт, зүрх чихэлдэлт бүхий гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан. Талийгаач ABO системээр B/// бүлгийн цустай, талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муутай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-56/,

....Шинжээчийн мэдүүлэг: Талийгаач хүнд зэргийн согтолттой байхад эмнэл зүйд илрэх шинж байдал нь маш олон зүйлээс шалтгаалдаг. Сэтгэлт санаа, хоол, архаг хууч өвчин байсан эсэх, бие физиологийн байдал, архийг задлаад байгаа ферментийн байдал, архинд дасал болсон байдал нь харилцан адилгүй байдаг учраас биеэ хамгаалах чадвартай гэж тогтсон хэлэх зүйл байхгүй. Хүнд зэргийг согтолттой хүн амсгалын үйл ажиллагаа дарангуйлагдсан, ухамсарт үйл ажиллагаа алдагдсан байдаг гэж үздэг. Харилцан өөр байдаг болохоор тодорхойлон хэлэх боломжгүй. Согтуу хүн согтуу хүнээ биеэ хамгаалах чадваргүй байна гэдгийг дүгнэх, ойлгох чадвартайг тогтоох боломжгүй гэв.

- шүүх биологийн шинжээчийн №2351 дугаартай:...Б.Гэндэнсүрэнгийн гэх шингэн цус дүгнэлт B/// бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /хх-62/,

- шүүх химийн шинжээчийн №2350 дугаартай:...Б.Гэндэнсүрэнгийн гэсэн хаягтай цусанд 3.0 промилли, шээсэнд 3.6 промилли спиртийн агуулж илэрч байна...гэх дүгнэлт /хх-63/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын:...Л.Мөнхзаяа нь сэтгэцийн ямар 1 эмгэггүй, мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /хх-95-97/,   

- ДНК-ийн шинжилгээний шинжээчийн №4239 дугаартай:...№2765 дугаартай дүгнэлтэд тусгагдсан төмөр иштэй хутган дээрээс илэрсэн цус, №2764 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хар өнгийн өмд, хүрэн өнгийн тэлээ, 2 ташаандаа хар оруулгатай саарал өнгийн дотоож, 4 ширхэг цайвар өнгийн даавуун дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Гэндэнсүрэнгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /хх-99/,

- ял шалгах хуудас /хх-123, 131-136/, Төв аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Төв аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоол,

- Л.Мөнхзаяагийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-21/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-30-34/, түүхчлэн байцаасан тэмдэглэл /хх-120-121/,

- шүүгдэгч Л.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би найз Гантөмөрийн гэрт түүнийг аавтай нь уулзуулах санаатай очсон. Тэдний гэрт очиход Гантөмөр, Ганболд, Гэндэнсүрэн нар сууж байсан. Гэндэнсүрэн нь очиход согтуу байдалтай байсан. Би уг айлд очихдоо 0.5 литрийн 2 шил архи авч очсон ба тэр архийг бид нар хувааж уусан. Тэр архийг уугаад дахин 0.75 литрийн нэг шил, 0.5 литрийн архи аваад бид нар мөн хувааж уусан. Бид нар архи уугаад сууж байхад Гэндэнсүрэн нь намайг Лигсоо гээд дуудахаар нь чи юу яриад байгаа юм бэ миний эцгийн нэр, үхсэн хүний нэрийг битгий дууд гэсэн чинь би тэгээд дуудаад сурчихсан юм гээд байсан ба миний хажууд суугаад миний бөөр лүү байнга гараараа цохиж аваад байсан. Тэгээд би  чамайг хөрөөгөөр хөрөөдөж байсан чи сорвийг нь гаргаж ирж энэ 2-т харуул гэж хэлээд миний бөөр лүү цохиж авснаа намайг шууд боогоод авсан. Миний энгэрээс гараараа бариад боосон. Тэгэхээр нь би эхлээд гарыг нь тавиулсан. Тэгтэл Гэндэнсүрэн дахиад намайг боогоод авсан...боолгуулж байхад нүд эрээлжлээд сонин болоод байхаар нь гарт таарсан зүйлээрээ хатгасан. Тэр нь сүүлд нь харахад маслын төмрөн хутга байсан. Уг хутга нь ширээний хажуу талд газар байсан байх, гарт таарахаар нь аваад л хатгачихсан...би тухайн үед боолгуулаад нүд эрээлжилсэн байсан учир өөрийгөө л хамгаалсан...бөөр лүү цохиж аваад байхаар нь би битгий бөөр лүү цохиж аваад бай “би цусаар шээдэг бөөр өвддөг юм гэхэд цохиж аваад л байсан. Тэгээд дараа нь 2 удаа боож авахаар нь л хутгалчихсан...дээрэлхээд л намайг дарамтлаад байгаа нь л тэр бололтой зүгээр байлгахгүй байсан.../хх-116-117/,...тэгээд архиа уугаад сууж байхад Гэндэнсүрэн юм ярьж байснаа бөөр лүү цохиж авч байснаа шууд миний энгэрээс гараараа бариад боосон. Тэгэхээр нь би эхлээд гарыг нь тавиулсан. Тэгтэл Гэндэнсүрэн дахиад намайг гэрийн зүүн талд орон дээр хэвтэж байтал боогоод авсан...тэгэхэд нь миний нүд эрээлжлээд сонин болоод байсан ба намайг боож байхад нь би гараа хажуу тал руу тэмтэрч байхад гарт нэг юм баригдахаар нь тэрийг аваад шууд хатгачихсан...тэгтэл Гэндэнсүрэнгийн зүүн мөрний доод талд нь хутгалсан байсан...тэр зүйл маслын цагаан хутга байсан...би амиа хамгаалах гэж л хатгасан...гэх мэдүүлэг /хх-118-119/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд:       

Шүүгдэгч Л.Мөнхзаяа нь 2017 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 4 дүгээр гудамжны 67 тоотод амь хохирогч Б.Гэндэнсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний цээжний зүүн дээд хэсэгт нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...

- гэрч Г.Гантөмөрийн... 2017 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө болсон...Гэндэнсүрэн Мөнхзаяаг би чиний ах биз дээ гээд гараараа ёворч аваад байсан...багаас нь мэднэ...миний команданд байсан гээд л юм ярихдаа гараараа ёворч аваад байхад нь Мөнхзаяа өөр газар очоод сууж байгаад гайгүй байхаар нь буцаад очоод суучихаар нь нөгөөх зүйлээ яриад гараараа ёворч аваад байсан....Мөнхзаяа бөөр өвдөөд байна гэснээс цохиж аваагүй... гэрийн баруун талын орон дээр Мөнхзаяа сууж байсан, гэрийн зүүн талын орон дээр Гэндэнсүрэн дээшээ харчихсан хэвтэж байсан...би зүүн талын орны хөлд суугаад тамхи татаад үнсээ зуух руу хийх санаатай сууж байсан. Тэгтэл Мөнхзаяа босч...шууд Гэндэнсүрэн дээр очсон чинь Гэндэнсүрэн чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн...харсан чинь Гэндэнсүрэнгийн цээжний зүүн доод хэсгээс цус гарч байсан. Мөнхзаяа буцаад ширээний хойгуур тойроод гэрээс гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-44-45/, 

 - гэрч Г.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн үед Гэндэнсүрэн Мөнхзаяа руу энэ миний дүү, намайг мэднэ, багад нь би хөрөөгөөр хөрөөдөж байсан...гэж яриад л гараараа Мөнхзаяагийн бөөр рүү нь зөөлөн цохиж аваад байсан....миний харснаар 2-3 удаа цохиж авсан...би гэрийн хойморт байдаг орон дээр хэвтэж, Гэндэнсүрэн гэрийн зүүн талын орон дээр сууж байсан, түүний хөл хэсэгт Гантөмөр сууж байсан, Мөнхзаяа гэрийн баруун талын орон дээр сууж байсан ба Гэндэнсүрэн рүү Мөнхзаяа яваад очсон...Гэндэнсүрэн чи намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь харахад зүүн мөрнийх нь доороос цус гарч байсан. Мөнхзаяа гараад зугтаачихсан...гэх мэдүүлэг /х-41-42/,

- шүүгдэгч Л.Мөнхзаяагийн...тэр үед бид нар архи уугаад сууж байхад Гэндэнсүрэн нь намайг Лигсоо гээд дуудахаар нь чи юу яриад байгаа юм бэ миний эцгийн нэр, үхсэн хүний нэрийг битгий дууд гэсэн...хажууд суугаад миний бөөр лүү байнга гараараа цохиж авсан...бас чамайг хөрөөгөөр хөрөөдөж байсан, чи сорвийг нь гаргаж ирж энэ 2-т харуул гээд миний бөөр лүү цохиж авснаа намайг шууд боогоод авсан...бөөр лүү цохиж аваад байхаар нь “би цусаар шээдэг бөөр өвддөг” юм гэхэд цохиж аваад л байсан. Дараа нь 2 удаа боож авахаар нь л хутгалчихсан...дээрэлхээд л намайг дарамтлаад байгаа нь л тэр бололтой зүгээр байлгахгүй байсан.../хх-116-117/  

- шинжээчийн дүгнэлт :...Талийгаач нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, зүүн уушги гэмтээж үнхэлцгийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цус алдалт, цээжний хөндийн цус хуралдалт, зүрх чихэлдэлт бүхий гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муутай /хх-56/, шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “амийг аврах боломжгүй” тухай мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Мөнхзаяа, амь хохирогч Б.Гэндэнсүрэн нар тухайн үед 4 шил архи хувааж уусан гэх буюу хэн аль нь согтолттой байсан, тухайн хүний бие, физилиогийн онцлог, сэтгэл санаа, хэрэглээний дадал зуршил, хоол унд, зэргээс хамааран архи уусны дараа “ухамсарт үйл ажиллагааны алдагдал”-ын байдалд ямар хугацаанд, хэрхэн орох эсэх нь харилцан адилгүй, согтолтын зэргээс хамааран биеэ хамгаалах чадвартай  байсан эсэхийг шинжээч дүгнэх боломжгүй, согтуу хүмүүс бие биенээ биеэ хамгаалах чадвартай эсэхийг мэдэх бололцоогүй тухай шинжээч эмч мэдүүлсэн, согтолтын улмаас ухамсарт үйл ажиллагаа алдагдсан байдаг гэх боловч энэ нь биеэ хамгаалах чадваргүй гэж үзэх хангалттай үндэслэл, нотлох баримт биш байх тул шүүгдэгч Л.Мөнхзаяаг хохирогч Б.Гэндэнсүрэнг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай  алсан гэж үзэх боломжгүй байна.   

 

Иймд шүүгдэгч Л.Мөнхзаяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.070.920 төгрөг нэхэмжилсэн /хх-171-193/, үүнээс “хохирогчийн өмгөөлөгчийн хөлс” гэх 1.500.000 төгрөг”-ийг  хохирогч тал өөрт хуулиар олгогдсон өмгөөлөгч авах эрхээ өөрийн хүсэл зоригоор сайн дураар хэрэгжүүлсэн, мөн өмгөөллийн үйлчилгээний зарлага нь тухайн өмгөөлөгчийн үйлчилгээний орлогод ногдох татвар төлсөн баримтаар давхар баталгаажаагүй зэрэг үндэслэлээр хангах боломжгүй, хохирлын үлдэх бусад 4.570.920 төгрөгийн нотлох баримт хэрэгт авагдсан /хх-171-193/, оршуулгын болон 21, 49 хоног хураах буяны зан үйлд зарцуулсан зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохгүй байх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч тухайн хохирлыг төлж барагдуулахаа мэдүүлсэн зэргийг харгалзан хангах үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгч ял шийтгэлгүй, мөн 3 хүүхдийн хамт /хх-26/ амьдардаг, шүүгдэгчийн хүүхэд болох 2004 онд төрсөн, насанд хүрээгүй М.Өсөхбаярт /хх-35/ Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу харгалзан дэмжигч томилох, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгав.     

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулав. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон даавуу 4 хэсэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, архины 5 ширхэг шил, цогцост үзлэгээр хураан авсан талийгаач Б.Гэндэнсүрэнгийн өмсөж явсан гэх хар өнгийн оймс 1 хос, хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан Л.Мөнхзаяагийн өмсөж байсан гэх хар өнгийн куртик, саарал өнгийн хантааз 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан саарал өнгийн оймс 1 хос, саарал өнгийн пүүз 1 хос, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг зэрэг хураагдаж ирсэн бөгөөд битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2017.02.26-с /хх-104-107/ эхлэн өнөөдрийн байдлаар нийт 116 хоног цагдан хоригдсон байна.     

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:             

 

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч Л.Мөнхзаяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон өөрчилсүгэй. 

            2. Шүүгдэгч Л.Мөнхзаяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Л.Мөнхзаяаг 11 жил хорих ялаар шийтгэсүгэй.   

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Л.Мөнхзаяад оногдуулсан 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Л.Мөнхзаяагийн цагдан хоригдсон 116 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.      

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Л.Мөнхзаяагаас 4.570.920 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Ариунаад олгож, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар уг хэргийн эд мөрийн баримт болох цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон даавуу 4 хэсэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, архины 5 ширхэг шил, цогцост үзлэгээр хураан авсан талийгаач Б.Гэндэнсүрэнгийн өмсөж явсан гэх хар өнгийн оймс 1 хос, хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан Л.Мөнхзаяагийн өмсөж байсан гэх хар өнгийн куртик, саарал өнгийн хантааз 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан саарал өнгийн оймс 1 хос, саарал өнгийн пүүз 1 хос, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг устгасугай.  

            8. Шүүгдэгч Л.Мөнхзаяаг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар  сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.        

            9. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Л.Мөнхзаяагийн 13 настай насанд хүрээгүй хүү М.Өсөхбаярт харгалзан дэмжигч томилох, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад мэдэгдсүгэй.      

            10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.        

            11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  ялтан Л.Мөнхзаяад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР

 

                                              ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                           Б.ДАШДОНДОВ