Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 628

 

Л.Мөнхзаяад холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Отгонтөгс,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа,

ялтан Л.Мөнхзаяагийн өмгөөлөгч С.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Л.Мөнхзаяагийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Мөнхзаяад холбогдох эрүүгийн 201726010433 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Лигсоогийн Мөнхзаяа, 1973 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 60-ын 84 тоотод түр оршин суух,

- 2000 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан,

- 2005 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД: НЮ73042691/,

Л.Мөнхзаяа нь согтуугаар 2017 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4 дүгээр гудамжны 67 тоотод амь хохирогч Б.Гэндэнсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүний цээжний зүүн дээд хэсэгт нь 1 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Л.Мөнхзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Л.Мөнхзаяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон өөрчилж, Л.Мөнхзаяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Л.Мөнхзаяагийн цагдан хоригдсон 116 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Л.Мөнхзаяагаас 4.570.920 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаад олгож, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар уг хэргийн эд мөрийн баримт болох цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон даавуу 4 хэсэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, архины 5 ширхэг шил, цогцост хийсэн үзлэгээр хураан авсан талийгаач Б.Гэндэнсүрэнгийн өмсөж явсан гэх хар өнгийн оймс 1 хос, хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан Л.Мөнхзаяагийн өмсөж байсан гэх хар өнгийн куртик, саарал өнгийн хантааз 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан саарал өнгийн оймс 1 хос, саарал өнгийн пүүз 1 хос, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг зэргийг устгаж, Л.Мөнхзаяаг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Л.Мөнхзаяагийн 13 настай насанд хүрээгүй хүү М.Өсөхбаярт харгалзан дэмжигч томилох, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад мэдэгдэж шийдвэрлэжээ.

 Ялтан Л.Мөнхзаяагийн өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар Л.Мөнхзаяагийн үйлдэлд оногдуулах ял шийтгэл хөнгөрсөн байх тул уг хуулийг буцаан хэрэглэх боломжтой. Л.Мөнхзаяа нь өөрийн үйлдлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Мөн Л.Мөнхзаяаг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байна. Хэргийн материалаас үзэхэд талийгаач Б.Гэндэнсүрэн нь Л.Мөнхзаяаг үг хэлээр өдөж доромжлох, мөн байнга нуруу бөөр лүү нь цохих, нас барсан эцгийнх нь нэрээр дуудах зэргээр зүй бус үйлдэл гаргаж байсан болох нь гэрч нарын болон Л.Мөнхзаяагийн мэдүүлгээр нотлогддог. Иймээс Л.Мөнхзаяагийн үйлдэлд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлж үзэх үндэслэлүүд байгаа болно. Түүнчлэн Л.Мөнхзаяа нь ар гэрийн байдлын хувьд 13-22 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Хувийн байдлын тухайд ямар хүн болох нь түүний ажлын газрын тодорхойлолт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Л.Мөнхзаяагийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Л.Мөнхзаяад холбогдох хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж байна. Харин түүнд оногдуулсан ял шийтгэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх эсэхэд прокурорын зүгээс гаргах саналгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Л.Мөнхзаяа нь согтуугаар 2017 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4 дүгээр гудамжны 67 тоотод амь хохирогч Б.Гэндэнсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас цээжний зүүн дээд хэсэгт нь 1 удаа хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаагийн “...талийгаач Гэндэнсүрэн нь манай төрсөн ах юм. Тэрээр эхнэр хүүхдээсээ салсан учир уг хүмүүс нь энэ хэрэгт оролцохгүй гэсэн. Манайхан гэр бүлээрээ ярилцаад энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулахаар болсон. Ах Гэндэнсүрэн нь 2010 оноос хойш ээж Бүдрагчаатай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хужирбулан гэх газар амьдарч байсан. Битүүний өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай отгон дүү Нямжаргал ууц чануулахаар ах Гэндэнсүрэнг дуудсан байсан. Тэгээд ах тэднийд очиж хоноод маргааш нь ууцаа чанахаар тавьчихаад байж байгаад 11 цагийн үед гараад явсан байсан. Түүнээс хойш ирээгүй. Мөнхзаяа нь надтай 10 жилийн нэг ангид сурдаг байсан ба ... их холын хамаатан садан. Мөнхзаяагийнх манайхтай хөрш айл байсан учир бид багаасаа тоглож өссөн. Юунаас болоод маргалдсаныг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Оршуулгын зардлаа нэхэмжилнэ...” /1хх-39-44/,

- гэрч Г.Ганболдын “...2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр эхнэр ажилдаа явчихсан байсан ба Гантөмөр бид хоёр гэртээ үлдсэн байхад 16 цагийн үед Гэндэнсүрэн “Ууц чанаж өгсөн чинь, хүн надад архи авч өгөөд” гээд согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд 5, 10 минутын дараа Мөнхзаяа 2 шил архитай, эрүүл байдалтай орж ирсэн. Тэгээд дөнгөж сууж байхад Гэндэнсүрэн Мөнхзаяа руу “Энэ миний дүү, намайг мэднэ, багад нь би хөрөөгөөр хөрөөдөж байсан, бид хоёр багаасаа тоглож өссөн” гэж яриад л гараараа Мөнхзаяагийн бөөр лүү нь зөөлөн цохиж аваад байсан. Юм ярьж байхдаа нуруу бөөр лүү нь миний харснаар 2-3 удаа цохиж аваад байсан... архи уугаад сууж байхад ямар нэгэн маргаан гараагүй. Тэгээд архи дуусаад Мөнхзаяа, Гантөмөр хоёр архинд яваад 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи авч ирсэн. Тэр архийг нь хувааж ууж дуусаад ... би гэрийн хойморт байдаг орон дээр хэвтэж, Гэндэнсүрэн гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Түүний хөл хэсэгт Гантөмөр сууж байсан ба Мөнхзаяа гэрийн баруун талын орон дээр сууж байсан... Гэндэнсүрэнг сууж байхад Мөнхзаяа нөгөө талын орны орчмоос яваад очсон. Тэгтэл Гэндэнсүрэн “Чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь харахад зүүн мөрнийх нь доороос цус гарч байсан. Тэгээд Мөнхзаяа гараад зугтаачихсан. Тэгэхэд цус их гараад тогтохгүй байсан бөгөөд цагдаа, түргэн дуудах гэсэн чинь Гэндэнсүрэн “Яах гээд байгаа юм боль, наадах чинь шалбараад өнгөрсөн байна, зүгээр” гээд байсан болохоор би үхчихнэ гэж санаагүй... Гантөмөр хэлэхдээ “Гэндэнсүрэн амьсгалахгүй байна” гэсэн... очоод хартал амьсгалахгүй байхаар нь хиймэл амьсгаа хийж үзээд цээжийг нь дараад нэмэр байгаагүй... би гар утсаа цэнэглээд цэнэг ороход нь цагдаа, түргэн дуудсан. Гэндэнсүрэн Мөнхзаяаг хэдэн удаа бөөр орчимд нь цохиж аваад, нуруу руу нь ганц нэг удаа алгадаж авснаас өөр цохиж зодоогүй. Гэндэнсүрэн Мөнхзаяаг боож авсан зүйл байхгүй. Хутгалуулснаас хойш 10 орчим минутын дараа нас барсан...” /1хх-41-42/,

- гэрч Г.Гантөмөрийн “...Ганболд ахын гэрт байж байтал 16 цагийн үед Гэндэнсүрэн согтуу байдалтай ирсэн. Гэндэнсүрэн “2 өдөр айлын мах чанаж өгөөд, архи уучихлаа” гэж хэлж байсан. Удалгүй 10 орчим минутын дараа Мөнхзаяа 2 шил архи аваад эрүүл орж ирсэн... бид дөрөв 2 шил архийг нь хувааж уусан. Мөнхзаяа бид хоёр гарч 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи авч ирсэн. Ингээд тэр архиа дөрвүүлээ хувааж ууж дуусаад гэрийн хойд талын орон дээр Ганболд ах хэвтэж байсан, гэрийн баруун талын орон дээр Мөнхзаяа сууж байсан, гэрийн зүүн талын орон дээр Гэндэнсүрэн дээшээ харчихсан хэвтэж байсан, харин би орны хөлд нь тамхи татаад үнсээ зуух руу хийх санаатай сууж байсан. Тэгтэл Мөнхзаяа босч алхаад ширээний хойгуур тойроод ирж байсан ба шууд Гэндэнсүрэн дээр очсон чинь Гэндэнсүрэн “Чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд харсан чинь Гэндэнсүрэнгийн цээжний зүүн доод хэсгээс цус гарч байсан. Мөнхзаяа буцаад ширээний хойгуур тойроод гэрээс гараад явчихсан. Би сандраад Ганболд ахын хамт цусыг нь тогтоочих гээд гурил зуурч тавиад даавуугаар боосон. Гэндэнсүрэнгийн цусыг тогтоогоод цагдаа, түргэн дуудах гэсэн чинь “хэрэггүй гайгүй болчихно” гээд дуудуулахгүй байсан... дээшээ хараад хавтэхээр нь цус гарах нь гайгүй байсан учир дээшээ хараад хэвтсэн. Бууз жигнэх гээд байж байгаад харсан чинь Гэндэнсүрэн Мөнхзаяаг “Би чиний ах биз дээ” гээд гараараа ёворч аваад байсан. Ганболд ах “Чи одоо болиоч, хүн зүгээр байлга” гэхэд “Би чинь үүнийг багаас нь мэднэ, миний дүү байгаа юм, миний команданд байсан” гээд л юм ярихдаа гараараа ёворч аваад байсан. Мөнхзаяа өөр газар очоод сууж байгаад гайгүй байхаар нь буцаад очоод суучихаар л нөгөөх зүйлээ яриад гараараа ёворч аваад байсан. Тэрнээс маргалдаж зодолдоогүй... Мөнхзаяа бөөр өвдөөд байна гэснээс цохиж аваагүй. Гэндэнсүрэн Мөнхзаяаг боож авсан, хоорондоо ноцолдсон зүйл байхгүй...” /1хх-44-45/,

- гэрч М.Билгүүний “...Мөнхзаяа бол миний төрсөн эцэг. 2011 онд аав Мөнхзаяа ээж Шүрэнцэцэгийг байнга зодож зовоодог байсан учир ээж маань салж яваад би 2 дүүгийнхээ хамт аавтай амьдрах болсон... аав архи уухаараа ээжид агсам тавиад байдаг байсан...” /1хх-48/,

- гэрч О.Нямдэлэгийн “...Мөнхзаяа бид хоёр тоглоомын газарт хамгаалагчаар цуг ажилладаг байсан. Мөнхзаяа архи уувал агсам зантай юм байна лээ...” /1хх-51/,

- ялтан Л.Мөнхзаяагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...би найз Гантөмөрийн гэрт түүнийг аавтай нь уулзуулах санаатай очсон. Тэгэхэд Гантөмөр, Ганболд, Гэндэнсүрэн нар сууж байсан. Гэндэнсүрэн нь согтуу байдалтай байсан. Би уг айлд 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архи авч очсон ба тэр архийг бид нар хувааж уусан. Мөн дахин 0,75 болон 0,5 литрийн хэмжээтэй архи авч хувааж уусан. Архи уугаад сууж байхад Гэндэнсүрэн нь намайг “Лигсоо” гээд дуудахаар нь “Чи юу яриад байгаа юм бэ, үхсэн эцгийн маань нэрийг битгий дууд” гэсэн чинь “Би тэгээд дуудаад сурчихсан юм” гээд байсан. Миний хажууд суугаад бөөр лүү байнга гараараа цохиж аваад байсан. Тэгээд “Би чамайг хөрөөгөөр хөрөөдөж байсан, чи сорвио энэ хоёрт харуул” гэж хэлээд миний бөөр лүү цохиж авснаа намайг шууд боогоод авсан. Тэгэхээр нь би гарыг тавиулсан. Тэгтэл дахин боогоод авсан... боолгуулж байхад нүд эрээлжлээд сонин болоод байхаар нь гарт таарсан зүйлээрээ хатгасан. Сүүлд нь харахад маслын төмрөн хутга байсан. Уг хутга нь ширээний хажуу талд газар байсан ба гарт тааралдахаар нь аваад л хатгачихсан... намайг дээрэлхээд дарамтлаад байгаа бололтой зүгээр байлгахгүй байсан...” /1хх-118-119, 240/ гэсэн мэдүүлгүүд,

Хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-19/, гэрч Г.Гантөмөрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-30-34/, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн буюу амь хохирогч Б.Гэндэнсүрэнг хутгалсан хутга 1 ширхэг, хэргийн газраас олдсон эд зүйлс зэргийг тус тус хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-26-29, 36/, талийгаач Б.Гэндэнсүрэнгийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 497 тоот “...талийгаачийн биед цээжний зүүн хөндий рүү 2-3 дугаар хавирганы завсар эгэмний шугамаар урдаас арагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлд нэвтэрч, зүүн уушги гэмтээж, үнхэлцгийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цус алдалт, цээжний хөндийн цус хуралдалт, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан. Талийгаач АВО системээр В /III/ бүлгийн цустай, талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муутай байна. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх, мөн талийгаачийн цогцосноос авсан цус болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга бусад эд зүйлс дээрх бохирлогдсон зүйлийг шинжилсэн хими, биологи, криминалистикийн шинжээчийн 2351, 2350, 2764, 2765 тоот дүгнэлтүүд /1хх-56-58, 62-63, 99/, шинжээч Н.Энхцолмонгийн “...талийгаач хүнд зэргийн согтолттой байхад эмнэл зүйд илрэх шинж байдал нь маш олон зүйлээс шалтгаалдаг. Сэтгэл санаа, хоол, архаг хууч өвчин байсан эсэх, бие физиологийн байдал, архийг задлаад байгаа ферментийн байдал, архинд дасал болсон байдал нь харилцан адилгүй байдаг учраас биеэ хамгаалах чадвартай гэж тогтсон хэлэх зүйл байхгүй. Хүнд зэргийн согтолттой хүн амьсгалын үйл ажиллагаа дарангуйлагдсан, ухамсарт үйл ажиллагаа алдагдсан байдаг гэж үздэг. Харилцан өөр байдаг болохоор тодорхойлон хэлэх боломжгүй. Согтуу хүн согтуу хүнээ биеэ хамгаалах чадваргүй байна гэдгийг дүгнэх, ойлгох чадваргүйг тогтоох боломжгүй...” /1хх-245/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.   

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтойгоос гадна, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн материалд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2350 тоот дүгнэлтээр талийгаач Б.Гэндэнсүрэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой буюу түүний  цогцосноос авсан цусанд 3,0 промилли, шээсэнд 3,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь тогтоогдсон хэдий ч хэрэг гарах үед хамт байсан гэрч Г.Гантөмөр, Г.Ганболд нарын мэдүүлгээс дүгнэхэд, амь хохирогч Б.Гэндэнсүрэн нь Л.Мөнхзаяад хутгалуулахын өмнө түүнийг нас барсан эцгийнх нь нэрээр дуудаж “бага байхад нь хөрөөгөөр хөрөөдөж байсан тухай” яриаг өдөөн, нуруу, бөөр лүү нь гараараа ёворч цохих, алгадаж авах зэрэг идэвхтэй үйлдлүүдийг хийж байсан байна. Иймээс гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч Б.Гэндэнсүрэнг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх, прокурорын газраас Л.Мөнхзаяагийн үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтны гэмт хэрэг үйлдсэн субьектив санаа зорилго зэргийг харгалзан Л.Мөнхзаяагийн үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй болсны гадна, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон нь хуульд нийцжээ.

Мөн хэргийн материалд ялтан Л.Мөнхзаяагийн оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-146/, түүний асрамжинд байдаг 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү Өсөхбаярыг төрсөн эгч Мөнхзаяа овогтой Билгүүнд харгалзан дэмжүүлэхээр өгсөн тухай мөрдөн байцаагчийн тогтоол /1хх-35/ зэрэг баримтууд авагдсан ба шүүхээс эдгээрийг үндэслэн ялтан Л.Мөнхзаяагийн насанд хүрээгүй хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Л.Мөнхзаяад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжид нийцэж байна.

Хэдийгээр ялтан Л.Мөнхзаяа нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаагаас цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн санал хүсэлтийг ирүүлсэн, мөн амь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байх боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэм хор арилах боломжгүй тул ялтны өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоос “...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн...” хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд ялтан Л.Мөнхзаяагийн гэмт үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, ялтны өмгөөлөгч С.Батдэлгэрийн давж заалдах гомдлоос “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.