Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/00415

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 35 тоот хаягт оршин суух, Ө.Б /регистрийн /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 45 тоот хаягт байрлах Ж ХХК /регистрийн дугаар: /-д холбогдох

5,500,000 тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, гэрч Н.Б, Ч.Б, Ц.У, Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 13 ширхэг гаражийн хаалгыг 1 ширхэгийг нь 800,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг авсан. 2017 оны 10 дугаар сарын 20-нд Ж ХХК-д 13 ширхэг хаалгыг хүлээлгэж өгсөн. Ж ХХК нь үлдэгдэл мөнгө болох 5,500,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал цоожоо солиулъя гэсний дагуу би сольж өгөөд 200,000 төгрөг авсан. Цоож эвдрэлгүй байсан, хариуцагч тал түлхүүрний асуудал гаргасан гэв.

 

Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манайх Б.Б той 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иргэн Б.Б нь нэг бүрийн үнэ нь 800,000 төгрөгийн үнэтэй гаражийн 13 ширхэг дулаалгатай хаалгыг хийж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгөхөөр тохиролцож гэрээ байгуулах үед манай байгууллага 5,000,000 төгрөгийг иргэн Б.Б т өгсөн.

Гэтэл иргэн Б.Б ийн зүгээс 7 ширхэг хаалгыг манайд шилжүүлэн өгсөн. Б.Б нь өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж бодит байдлаас илт зөрүүтэй худал тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нийлүүлсэн хаалгануудад

 

эвдрэл гэмтэл гарч байсан. Үүнийг манайх өөрийн зардлаар засварлаж байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Ж ХХК нь Б.Б той харилцан тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, нэг бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй, 13 ширхэг, гаражийн хаалга хийж гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид гэрээнд заасан нөхцлөөр хөлс төлөх үүрэг хүлээжээ.

Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Дээрх гэрээний 4.1-д зааснаар, захиалагч нь ажил эхлэхийн өмнө урьдчилгаа 5,000,000 төгрөгийг өгч, гэрээний 4.2-т зааснаар ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн өдөр үлдэгдэл тооцоо 5,400,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байв.

Хариуцагч нь гэрээний дагуу 7 ширхэг хаалга хүлээж авсан, бусад хаалгыг манайх хүлээж аваагүй гэж маргаж байх боловч гэрээний дагуу хийж гүйцэтгэх гаражийн 13 ширхэг хаалгыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Г.Ш ын гудамж-27 хаягт байрлах Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв-ийн хашаанд байрлах гаражид суулгахаар талууд тохиролцсон, улмаар гаражийн хаалгыг гэрээнд заасан тоогоор хийж гүйцэтгэн, гаражид суулгасан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр авсан фото зураг, Ж ХХК-иас 13 ширхэг гаражийн хаалга хүлээн авсныг батлах тухай Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 61/2017 дугаартай тодорхойлолт, гэрч Н.Б , Ч.Б , Ц.У , Д.Х нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил бодитой болох нь дээр дурдсанаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т тус тус заасан, гүйцэтгэсэн ажлын үр дүн гарсан гэж үзэв.

Нэхэмжлэгч нь нийт 10,400,000 төгрөгийн үнэтэй хаалга хийхээр тохиролцсон, урьдчилгаанд 5,000,000 төгрөг авсан атлаа 5,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагчаас авсан 200,000 төгрөгийг хаалганы цоож сольсны төлбөрт тооцно гэх боловч цоож сольсон гэх үйл баримт нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар, хариуцагч Ж ХХК-иас 5,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 5,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА