Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01243

 

 Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай        

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00415 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 794 дүгээр магадлалтай,                                                                Б ийн нэхэмжлэлтэй,

            “Ж ” ХХК-д холбогдох

            5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “Ж ” ХХК-тай 2017 оны 10 сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 13 ширхэг гараашийн хаалгыг 1 ширхэгийг нь 800,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг авсан. 2017 оны 10 сарын 20-ны өдөр “Ж ” ХХК-д 13 ширхэг хаалгыг хүлээлгэж өгсөн. “Ж ” ХХК нь үлдэгдэл мөнгө болох 5,500,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал цоожоо солиулъя гэсний дагуу би сольж өгөөд 200,000 төгрөг авсан. Цоож эвдрэлгүй байсан, хариуцагч тал түлхүүрийн асуудал гаргасан гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани Б той 2017 оны 10 сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иргэн Б  нь нэг бүрийн үнэ нь 800,000 төгрөгийн үнэтэй гараашийн 13 ширхэг дулаалгатай хаалгыг хийж 2017 оны 10 сарын 17-ны өдөр өгөхөөр тохиролцож гэрээ байгуулах үед манай байгууллага 5,000,000 төгрөгийг иргэн Б т өгсөн. Гэтэл Б ийн зүгээс 7 ширхэг хаалгыг манайд шилжүүлэн өгсөн. Б  нь өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж бодит байдлаас илт зөрүүтэй худал тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нийлүүлсэн хаалгануудад эвдрэл гэмтэл гарч байсан. Үүнийг манайх өөрийн зардлаар засварлаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00415 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж ” ХХК-иас 5,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б т олгож шийдвэрлэжээ.                  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 794 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/00415 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 794 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан байна. Манай байгууллага 2017 оны 10 сарын 02-ны өдөр 13 ширхэг хаалгыг иргэн Б оор хийлгэхээр гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэгч нь манай байгууллагад 7 ширхэг хаалгыг бэлэн болсон талаар мэдэгдэхэд 7 ширхэг хаалгыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Г.Шагдаржавын гудамж-27 хаягт байрлах “монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв” ХХК-ийн байранд буулгуулж, суулгуулж авсан. Харин үлдэх 6 ширхэг хаалгыг хүлээлгэн өгөөгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан. Талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээндээ хаалга нэг бүрийн үнийг 800,000 төгрөгөөр тохиролцсон. Иймээс Б  нь 7 ширхэг хаалгыг гүйцэтгэсэн тул 5,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Үүнээс 5,200,000 төгрөгийг манай байгууллага төлсөн. Б  нь 6 ширхэг хаалгыг манай байгууллагад шилжүүлэн өгөөгүй тул 6 ширхэг хаалганы төлбөр буюу 4,800,000 төгрөгийг төлөх үүрэггүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх 6 ширхэг хаалганы мөнгийг манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр, манай байгууллага 7 ширхэг хаалгыг “Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв” ХХК-ийн байранд буулгуулах талаар харилцан тохиролцож байсан болохоос үлдэх 6 ширхэг хаалгыг тус байранд буулгуулна, “Их хөлгөний уламжлалыг хадгалах төв”-д өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь “Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төв”-д хаалга суурилуулагдсан бол зохигчдын хооронд хийгдсэн гэрээний дагуу суурилуулагдсан гэж таамаглаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч “Ж ” ХХК болон “Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв” ХХК-тай дээрх долоон ширхэг хаалганы төлбөртэй холбоотой асуудлаар маргаантай байгаа. Их хөлгөний уламжлалыг хадгалах нь төв мөн “Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв” ХХК-ийн нягтлан тус байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш, хэргийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн гэж үзэх боломжгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/00415 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 794 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Ж ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч гараашийн хаалгыг дутуу нийлүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй, хаалганууд эвдрэлтэй байсныг өөрсдөө зассан тул шаардлага үндэслэлгүй  гэж маргажээ.

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд гүйцэтгэгч нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, нэг бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй, 13 ширхэг гараашийн хаалгыг 10,400,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч нь төлбөр төлөхөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг, цоожны мөнгө 200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг авсан талаар хэн аль нь маргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүргээс маргаан үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн гараашийн 13 ширхэг хаалгыг нийлүүлж, суурилуулах үүргээ гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, “Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв”-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 61/2017 дугаар тодорхойлолт, гэрч Б.Нямдаваа, Ч.Бадарч, Ц.Ундрах нарын мэдүүлгээр нотлогдож байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т зааснаар ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн өдөр үлдэгдэл тооцоо 5,400,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэн, “Ж ” ХХК-аас 5,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б т олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт   хэрэгсэхгүй болгосон шаардлагын хэмжээг заагаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцүүлэн залруулсан нь зөв, давж заалдах шатны шүүхийг хэргийг бүхэлд нь хянах үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 794 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингөөс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,000 /ерэн есөн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН