Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/03441

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/03441

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Л-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 2,155,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ч.Л, иргэдийн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Э 2018.09.25-ны өдөр 03.00 цагийн орчин ХУД-ийн 4-р хороо, Хүүшийн зоорь-оос хово маркийн автомашинтай тээврийн ажил гүйцэтгэж явсан бөгөөд өөдөөс 68-26 УНИ улсын дугаартай SHAANXI маркийн автомашин гарч ирж байхыг хараад зам тавьж өгч хүлээн зогссон. Тус хашаанд 2 машин зөрөх боломжгүй тул хашааны гадна талд зогссон болно. Энэ үед 68-26 УНИ Л нь зүүн гар талаар өнгөрөх үйлдэл хийхдээ 89-74 УНМ Б.Э миний машины кабины зүүн талыг өөрийн машины тэвшний хойд хэсгээр шүргэж гэмтээсэн. Энэ үед 89-74 УНМ миний зогсож байсан мөн дуут дохио өгч анхааруулсан боловч 68-26 УНИ Л нь зогсох үйлдэл хийлгүй шүргэсэн. Ч.Лын буруутай үйлдэл нь ХУД-ийн ЗЦГазрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байна. Энэ ослын улмаас миний машинд үнэлгээгээр 1,917,500 төгрөгийн хохирол учирсан. Иймд хохирлын үнэлгээний 1,917,500 төгрөг, автомашины оношлогоо 88,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 80,000 төгрөг, Ч.Лыг эрэн сурвалжилсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 2,155,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Л миний бие Б.Эын нэхэмжилсэн 2,155,700 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Э миний бие цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж буруу дүгнэлт гарсан гэж үзэж байна. Тус авто осол нь миний буруутай үйлдлээс бус Б.Эын буруутай үйлдлийн улмаас гарсан осол юм. Б.Э нь намайг санаатайгаар гүтгэж өмнө нь гэмтсэн байсан машинаар санаатай миний машиныг мөргөж надаас хохирол шаардаж байгаад гомдолтой байна. Тус хохирлын хэмжээг үнэлсэн үнэлгээг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь үнэлгээг үнэн бодит үнэлээгүй. Өмнө нь гэмтэлтэй байсан гэмтлийг тухайн ослын гэмтэлтэй нийлүүлж гаргасан байгаа нь үндэслэлгүй юм. Б.Э нь намайг хаягандаа байхгүй байсан гэж эрэн сурвалжилсан байдаг. Энэ байдал нь миний нэр төрд халдсан хэрэг гэж үзэж байна. Миний бие тус хаягандаа тухайн үед амьдарч байсан. Гэтэл намайг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулан 70,200 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ч.Лд холбогдуулан гэм хорын хохиролд зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан хохирол 1,917,500 төгрөг, оношилгоо 88,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 80,000 төгрөг, Ч.Лыг эрэн сурвалжлахад гарсан зардал 70200 төгрөг, нийт 2,155,700 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэм хор учруулаагүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Ч.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 02 цаг 30 минутын үед ХУД-ын 4-р хороо, Хүүшийн зоорьны хаалга орчим замд SHAANHI маркийн 68-26 УНИ дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Эын жолоодон явсан Sinotruk маркийн 89-74 УНМ дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарсны улмаас уг машины урд буфер хонхойж цөмөрсөн, нугарч, зүүн урд хаалга хонхойж цөмөрч, зүүн урд хаалганы шил, толь хагарсан, кабин зүүн тал хонхойж цөмөрч, буферийн суурь тасарч, шанаа хагарсан, гишгүүр крыло хагарсан, их гэрэл эвдэрсэн эвдрэл учирсан болох нь 2018 оны 09 сарын 25-ны өдрийн Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал баримт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 18918 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 278 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.Лын гаргасан дээрх зөрчлийг Цагдаагийн байгууллага шалган, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Х.Эрдэнэтуул нь 2019 оны 09 сарын 28-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

 

Хариуцагч Ч.Л нь дээрх шийтгэвэрт гомдол гаргаж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаартай шийтгэврээр шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийтгэвэр хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Ч.Л нь нэхэмжлэгчийн автомашины зарим эвдрэл нь хуучин эвдрэл гэж маргаж байгаа боловч татгалзлаа баримтаар нотлоогүй, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал баримтад дурьдагдсан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, үнэлгээний байгууллага үнэлгээ хийхдээ машины эвдрэлийн талаар дурьдсан баримттай тохирч байгаа, уг үнэлгээнд дурьдсан эвдэрсэн эд анги, зардлын нэр нь дээрх 2 баримтад дурьдсан эвдрэлтэй тохирч байгаа тул Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2018.09.26-ны өдрийн 1814 дугаартай үнэлгээний тайланг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч өөрийн оршин суух хаягтаа амьдарч байсан эрэн сурвалжлах үндэслэлгүй, миний нэр төрд халдаж байна гэх боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ/2019/02668 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00624 дугаар шийдвэрээр Ч.Л /рд:ИВ76042812/-ыг эрэн сурвалжилсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна.

 

Иймд хариуцагч Ч.Лын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Эын эзэмшлийн Sinotruk маркийн 89-74 УНМ дугаартай автомашины эвдрэлийг засахад 1,917,500 төгрөгийн материалын болон ажлын хөлсний зардал гарах нь Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон, мөн оношлогоо хийлгэсэн 88,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 80,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан улсын тэмдэгтийн хураамжийн зардал нь 70200 төгрөг, нийт 238,200 төгрөгийн хохирол, бүгд 2,155,700 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь Sinotruk маркийн 89-74 УНМ дугаартай автомашины эзэмшигч, өмчлөгч болох нь Хүннү конкрет ХХК-ийн 2019.10.28-ны өдрийн 02/155, 02/156 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа тул өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Ч.Лас 2,155,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч Ч.Л гэм буруугийн талаар маргаж байсан тул жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг даатгалын байгууллагад гаргаагүй, даатгалын тохиолдыг бүртгүүлээгүй талаар тайлбартаа дурьдаж байна.

 

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй ба хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Лас гэм хорын хохиролд 2,155,700 /хоёр сая нэг зуун тавин таван мянга долоон зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,442 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

Э.ЭНЭБИШ