Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 222

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03441 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Лд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2 155 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Э,

Хариуцагч: Ч.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 03.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүшийн зоориос Sinotruk маркийн автомашинтай тээврийн ажил гүйцэтгэж явсан бөгөөд тус зоорийн хашаа руу орох гэж байхад өөдөөс 68-26 УНИ улсын дугаартай Shaanxi маркийн автомашин гарч ирж байхыг хараад зам тавьж өгч хүлээн зогссон.

Тус хашаанд 2 машин зөрөх боломжгүй тул хашааны гадна талд зогссон. Энэ үед 68-26 УНИ дугаартай автомашины жолооч Ч.Л нь зүүн гар талаар өнгөрөх үйлдэл хийхдээ миний автомашины кабины зүүн талыг өөрийн автомашины тэвшний хойд хэсгээр шүргэсэн.

Энэ үед би дуут дохио өгч анхааруулсан боловч Ч.Л нь автомашин зогсох үйлдэл хийгээгүй. Ч.Лхагвын буруутай үйлдэл нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож, энэ ослын улмаас миний автомашинд 1 917 500 төгрөгийн хохирол учирсан.

Иймд хохиролд 1 917 500 төгрөг, автомашины оношилгоо 88 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 80 000 төгрөг, Ч.Лхагвыг эрэн сурвалжилахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 2 155 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж дүгнэлт буруу гарсан гэж үзэж байна. Тус авто осол нь миний буруутай үйлдлээс бус Б.Эын буруутай үйлдлийн улмаас гарсан.

Б.Э нь намайг санаатайгаар гүтгэж, өмнө нь гэмтсэн байсан автомашинаар санаатай миний машиныг мөргөж надаас хохирол шаардаж байгаад гомдолтой байна. Тус хохирлын хэмжээг үнэлсэн үнэлгээг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй.

Учир нь үнэлгээг үнэн бодит үнэлээгүй, өмнөх эвдрэлийг тухайн ослын эвдрэлтэй нийлүүлж гаргасан. Б.Э нь намайг хаягандаа байхгүй байсан гэж эрэн сурвалжилсан байдаг. Энэ байдал нь миний нэр төрд халдсан хэрэг гэж үзэж байна.

Би хаягандаа тухайн үед амьдарч байсан. Гэтэл намайг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулан 70 200 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Лас гэм хорын хохиролд 2 155 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 442 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэргийн газар хийсэн схем зурагт цагдаагийн ахмад миний гарын үсэг зурагдаагүй байхад, өөр зураг зурж миний гарын үсгийг дурайлган зурж, миний буруу мэт хэрэгт хавсаргасанд гомдолтой байна.

Тухайн үед Цагдаагийн ахмадад хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн боловч тэр хамаагүй гэж тулгаж шийдвэр гаргасан ба нэхэмжлэгчийн автомашины хуучин эвдрэлтэй хэсгийг намайг бий болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ч.Лд холбогдуулан гэм хорын хохиролд 2 155 700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн зоорины хаалга орчимын замд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 02 цаг 30 минутын үед Б.Эын жолоодон явсан Sinotruk маркийн 89-74 УНМ дугаартай автомашиныг Ч.Л нь Shaanhi маркийн 68-26 УНИ дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөргөж зам тээврийн осол гаргасан гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Ч.Л нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, улмаар Ч.Л нь дээрх шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаартай шийтгэврээр түүнд ногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээжээ.

 

Иймд дээрх зам тээврийн осолд Ч.Л нь буруутай байна.

 

Б.Эын жолоодон явсан Sinotruk маркийн 89-74 УНМ дугаартай автомашин нь “Хүннү конкрет” ХХК-ийн өмч байсан бөгөөд “Хүннү конкрет” ХХК болон Б.Э нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу Б.Э 89-74 УНМ улсын дугаартай автомашины үнийг төлж өмчлөгч болсон тул Б.Э нь уг автомашинд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр автомашинд учирсан эвдэрлийг 1 917 500 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зам тээврийн осол, үзлэгийн тэмдэглэлд “Sinotruk маркийн 89-74 УНМ дугаартай автомашинд учирсан эвдрэлийг “урд буфер, зүүн крыло, зүүн хаалга, кабин зүүн тал хонхойж цөмөрч, их гэрэл” гэж тодорхойлсныг “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд “уг машины урд буфер хонхойж цөмөрсөн, нугарч, зүүн урд хаалга хонхойж цөмөрч, зүүн урд хаалганы шил, толь хагарсан, кабин зүүн тал хонхойж цөмөрч, буферийн суурь тасарч, шанаа хагарсан, гишгүүр крыло хагарсан” гэж тодорхойлсонтой харьцуулан дүгнэж “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч Ч.Л нь нэхэмжлэгч Б.Эын автомашины зарим эвдрэл нь зам тээврийн осолд хамааралгүй, өмнө нь учирсэн эвдрэл байсан гэж маргаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан бодит хохирол 1 917 500 төгрөг, автомашинд оношлогоо хийлгэхэд гарсан зардал 88 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 80 000 төгрөг, нийт 2 085 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ/2019/02668 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар Б.Эын нэхэмжлэлтэй Ч.Лд холбогдох гэм хорын хохиролд 2 085 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/00624 дугаар шийдвэрээр Ч.Лаг эрэн сурвалжилсан байдлууд тогтоогдсон. Иймд хариуцагч Ч.Лаг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэгчид учирсан хохирол болох юм.

 

Хариуцагч Ч.Л нь цагдаагийн байгууллагын үйлдсэн зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэлд өөрийнх нь гарын үсгийг дуурайлган зурсан гэх тайлбараа нотлоогүй, уг баримтын талаар дээд шатны байгууллагад гомдол гаргасан талаар баримтгүй байх тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

 

                                              Э.ЗОЛЗАЯА