Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/01365

 

 

 

 

 

 

 

2020 04 22

 

 

 

 

 

 

101/ШШ2020/01365

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БЗДХБИ ТББ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 19,334,605.63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БЗДХБИ ТББнь байгууллагынхаа үйл ажиллагаанд шаардлагатай авто машин худалдан авах зорилгоор М ББСБ ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20190702\12000101 тоот Зээлийн гэрээ-ээр 19,500,000 (арван есөн сая, таван зуун мянга) төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан болно.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Монголиа Импакт Эинанс ББСБ ХХК нь Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл ТББ-тай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20190702\ 12000101 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуци гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Тоёота Сиента маркийн 3169 УБӨ улсын дугаартай авто машин, Тоёота Акуа маркийн 0793 УБӨ улсын дугаартай авто машиныг барьцаалсан. Зээлдэгч тал нь дээрх зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 79 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гаргахгүй байна. Мөн манай байгууллагын зүгээс фидуцийн гэрээний зүйл болох авто машины биет байдлыг шалгах зорилгоор ТББ-ын Тэргүүн Гүрдагватай уулзсан боловч авто машиныг бидэнд үзүүлэлгүй, нуун дарагдуулсан. Мөн Гүрдагва нь Тоёота Сиента маркийн УБӨ 3169 улсын дугаартай авто машины нэр дээр 17 удаагийн үйлдэлтэй нийт 355,000 /гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн торгууль бичүүлсэн байна.

Иймд М ББСБ ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т тус тус заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлхээр буцаан шаардаж байна.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:

         Үндсэн зээлийн төлбөр- 17,525,276.43 төгрөг

         Зээлийн хүү- 1,798,541.94 төгрөг

         Нэмэгдүүлсэн хүү- 10,787.26

Бүгд 19,334,605.63 \Арван есөн сая гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун таван төгрөг жаран гурван мөнгө\ төгрөгийн өр, төлбөртөй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл ТББ-аас 20190702\ 12000101 тоот Зээлийн гэрээ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 19,334,605.63 (Арван есөн сая гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу 20190702\12000101 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан Тоёота Сиента маркийн 3169 УБӨ дугаартай авто машин, Тоёота Акуа маркийн 0793 УБӨ дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шаардлагаас 31-69УБӨ улсын дугаартай машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нь үйл ажиллагаандаа шаардлагатай машин худалдан авах зорилгоор зээлийн гэрээгээр 19 540 000 төгрөгийг жилийн 33.6 хүүтэйгээр авсан. Улмаар баталгаа болгож эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцын гэрээ байгуулж, 2 машин барьцаалсан. Хариуцагч нь зээл эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж бид удирдлагад нь удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч ямар нэг үр дагавар гараагүй ба удирдлага нь хүсэлт бичиж өгч байсан. Улмаар бид үр дүн гараагүй гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд хариуцагчаас 19 334 605.63 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Баримтыг хуурамчаар үйлдсэн гэх баримт хэрэгт байхгүй. Гэрээнд Алтанцэцэг гэж хүн оролцоогүй. Гүрдагва л гэрээ байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болох 07-93УБӨ улсын дугаартай машин нь манай гаражид байгаа гэв.

Хариуцагч БЗДХБИ ТББнь шүүхэд гаргасан тайлбар болон төлөөлөгч Б.Энхням нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зөвлөлийн тэргүүн асан Ц.Гүрдагва нь М ББСБ ХХК-иас хоёр автомашиныг албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар бичиг баримт бүрдүүлж авсаны улмаас манай зөвлөлийн Голомт банктай харилцах /1410015755/ тоот данс хаагдаж үйл ажиллагааны зардалгүй, ажилчид цалингүй хоёр cap болж байна. Иргэн Ц.Гүрдагватай холбоотой асуудал манай зөвлөлд хамааралгүй гэдгийг Баянзүрх үүргийн цагдаагийн гурав дугаар хэлтэст хүсэлт өгч шалгуулж байгаа болно. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоол хүнс, эм тариа амьдралын нөхцөл байдал хүндэрч байгаа тул энэ асуудлыг харгалзан үзэж яаралтай шийдвэрлэн дансны битүүмжлэлийг нээж өгнө үү.

Удирдах зөвлөлийн шийдвэрээр бичиг баримт бүрдүүлсэн гэсэн. Гэтэл уг бичгийг удирдах зөвлөлийн гишүүд үйлдээгүй гэдэг. Иймд уг бичгийг хуурамчаар үйлдсэн байх тул хариуцагчаар татагдахаас татгалзаж байна. Гүрдагватай л хариуцлага тооцох ёстой. Батлан даагч Алтанцэцэг нь хариуцагчид ажилладаггүй юм. Хэрэв УЗ-н шийдвэрээр машин авсан бол батлан даагч нь УЗ гишүүн байх ёстой гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 19,334,605.63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч БЗДХБИ ТББнь зээлийн гэрээг тус ТББ-н тэргүүн байсан Ц.Гүрдагва зөвшөөрөлгүй байгуулсан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20190702/12000101 дугаар 19,540,000 төгрөгний үнэ бүхий зээлийн болон фидуцийн гэрээг байгуулжээ. /хэргийн 11-15 дугаар тал/

Хариуцагч нь энэхүү гэрээг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна. Хариуцагчид 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 0000101464 дугаартай гэрчилгээний хуулбарт хийгдсэн тэмдэглэгээнд зааснаар Ц.Гүрдагва нь хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байна. /хэргийн 18 дугаар тал/ Мөн хариуцагчийг төлөөлж гэрээ байгуулсан Ц.Гүрдагва нь гэрээ байгуулагдах үед ТББ-н тэргүүн, өөрөөр хэлбэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан нь Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл ТББ-н 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтоогдсон. /хэргийн 61 дүгээр тал/ Иймд хариуцагчийн тайлбарласнаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

 

Үүнээс гадна хариуцагчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дахин олгосон 000201514 дугаартай гэрчилгээнд Б.Энхнямыг дарга гэж бүртгэсэн байна. /хэргийн 56 дугаар тал/ Иймд Б.Энхням нь хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу олгох зээлийн зориулалт нь 2 ширхэг автомашин худалдан авах гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Гэвч гэрээний 4-т энэ талаар заагаагүй бөгөөд зээлийн зориулалтыг хэрэглээний гэж тодорхойлсон байна.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нь зээлийн гэрээгээр олгох мөнгөн хөрөнгийг автомашин худалдсан гэх н.Алтанбаатарт бэлнээр олгосон гэж тайлбарласан. Гэвч өөрийн тайлбарыг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл зээл олгогдсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн хариуцагч талын хүсэлтээр зээлийг бусдад олгосон гэх үйл баримт нотлогдохгүй байна.

Эдгээрээс үзэхэд зээлийн гэрээний ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа фидуцийн гэрээнд заасан Тоёота Сиента маркийн 3169УБӨ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн 0793УБӨ улсын дугаар автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тоёота Сиента маркийн 3169УБӨ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, Тоёота Акуа маркийн 0793УБӨ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжсэн.

Иймд нэхэмжлэгчийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн нэгэнт нэхэмжлэгч нь зарим шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар уг татгалзсан шаардлагатай холбоотойгоор шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй юм.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох Тоёота Акуа маркийн 0793УБӨ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд уг автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлд бодит байдлаар байгаа болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Тоёота Акуа маркийн 0793УБӨ улсын дугаартай автомашин нь манай ББСБ-н гаражид хадгалагдаж байгаа гэх тайлбараар тогтоогдсон.

Иймд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч бодит байдлаар өмчлөлдөө авсан, эрх бүхий байгууллагын бүртгэлээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. /хэргийн 20 дугаар тал/

 

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч БЗДХБИ ТББ-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 19,334,605.63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Тоёота Акуа маркийн 0793УБӨ улсын дугаартай автомашинаар хангуулах тухай нэхэмжлэгч М ББСБ ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,823.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь Тоёота Сиента маркийн 3169УБӨ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь Тоёота Сиента маркийн 3169УБӨ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулан давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД