Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1075

 

“МИФ ББСБ” ХХК-ийн                                                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01365 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “МИФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БЗД ХБИЗ” ГҮТББ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 334 605,63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа  нар оролцов.

 

Нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД ХБИЗ” ТББ нь байгууллагынхаа үйл ажиллагаанд шаардлагатай авто машин худалдан авах зорилгоор “МИФ ББСБ” ХХК-аас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 20190702\12000101 тоот зээлийн гэрээгээр 19.500.000 төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож “БЗД ХБИЗ” ТББ-тай 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 20190702\12000101 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуци гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Тоёота Сиента маркийн 31-69 УБӨ улсын дугаартай авто машин, Тоёота Акуа маркийн 07-93УБӨ улсын дугаартай авто машиныг барьцаалсан. Зээлдэгч тал нь дээрх зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 79 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гаргахгүй байна. Мөн манай байгууллагын зүгээс фидуцийн гэрээний зүйл болох авто машины биет байдлыг шалгах зорилгоор ТББ-ын тэргүүн Ц.Гүрдагватай уулзсан боловч авто машиныг бидэнд үзүүлэлгүй, нуун дарагдуулсан. Мөн Ц.Гүрдагва нь Тоёота Сиента маркийн 31-69УБӨ улсын дугаартай авто машины нэр дээр 17 удаагийн үйлдэлтэй нийт 355.000 төгрөгийн торгууль бичүүлсэн байна. Иймд “МИФ ББСБ” ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т тус тус заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17.525.276,43 төгрөг, хүү 1.798.541,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.787,26 төгрөг, нийт 19.334.605,63 төгрөгийн өр, төлбөртэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу “БЗД ХБИЗ” ТББ-аас 20190702\ 12000101 тоот зээлийн гэрээ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 19.334.605,63 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дах хэсэгт заасны дагуу 20190702\12000101 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан Тоёота Сиента маркийн 31-69УБӨ дугаартай авто машин, Тоёота Акуа маркийн 07-93УБӨ дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Баримтыг хуурамчаар үйлдсэн гэх баримт хэрэгт байхгүй. Гэрээнд н.Алтанцэцэг гэж хүн оролцоогүй. Ц.Гүрдагва л гэрээ байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болох 07-93УБӨ улсын дугаартай машин нь манай гараашид байгаа гэжээ.

           

Хариуцагч БЗД ХБИЗ ГҮТББ шүүхэд болон төлөөлөгч Б.Энхням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зөвлөлийн тэргүүн асан Ц.Гүрдагва нь “МИФ ББСБ” ХХК-аас хоёр автомашиныг албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар бичиг баримт бүрдүүлж авсны улмаас манай зөвлөлийн Голомт банктай харилцах 1410015755 тоот данс хаагдаж үйл ажиллагааны зардалгүй, ажилчид цалингүй хоёр cap болж байна. Иргэн Ц.Гүрдагватай холбоотой асуудал манай зөвлөлд хамааралгүй гэдгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хүсэлт өгч шалгуулж байгаа болно. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоол хүнс, эм тариа амьдралын нөхцөл байдал хүндэрч байгаа тул энэ асуудлыг харгалзан үзэж яаралтай шийдвэрлэн дансны битүүмжлэлийг нээж өгнө үү. Удирдах зөвлөлийн шийдвэрээр бичиг баримт бүрдүүлсэн гэсэн. Гэтэл уг бичгийг удирдах зөвлөлийн гишүүд үйлдээгүй гэдэг. Иймд уг бичгийг хуурамчаар үйлдсэн байх тул хариуцагчаар татагдахаас татгалзаж байна. Ц.Гүрдагватай л хариуцлага тооцох ёстой. Батлан даагч н.Алтанцэцэг нь манайд  ажилладаггүй юм. Хэрэв удирдах зөвлөлийн шийдвэрээр машин авсан бол батлан даагч нь удирдах зөвлөлийн гишүүн байх ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БЗД ХБИЗ” ТББ-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 19.334.605,63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Тоёота Акуа маркийн 07-93УБӨ улсын дугаартай автомашинаар хангуулах тухай нэхэмжлэгч “МИФ ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324.823,03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Тоёота Сиента маркийн 31-69УБӨ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь Тоёота Сиента маркийн 31-69УБӨ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулан давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тоёота Сиента маркийн 31-69 УБӨ дугаартай авто машин хаана, хэний эзэмшил хадгалалтад байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны шатанд тус авто машинаар үургийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Тус шүүхийн захирамжид зэзлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулагдах үед Ц.Гүрдагваг тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн байсан гэж дүгнээд хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн. Нэхэмждэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс зээлийн гэрээ байгуулагдсан болохыг хангалттай тайлбарлаж, нотолсон болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж. төлбөр тооцоо. ззэлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар  зээлдэгч тус бүрт зээлийн дансны дугаар үүсгэж, 1111130112000101 тоот зээлийн дансны дугаартай гэдгийг хэлсэн. Мөн зээлдэгчийн хүсэлтээр худалдагч тал руу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл шүүгч нь арилжааны банкууд л зээлийн данс нээдэг болохоос танай байгууллага нээх эрхгүй гэх зэргээр хуулийг буруу ойлгон, тайлбарласан. Зээлийн гэрээ байгуулагдсан болохыг зээлдэгчийн эргэн төлөлт хийж байсан үйд баримтаар нотлох бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нь зээлийн ундсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 4.000.000 төгрөгийн төлөлт хийсэн болохыг зээл, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансын хуулга, Ц.Гүрдагвын бичгээр гаргаж өгсөн хүсэлт зэргээр хангалттай нотолж байна гэдгийг тодорхой хэлсээр байтал хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байгаа нь харамсалтай. Иргэний хуулийн 56 дугаар 56.3,  189 дүгээр зүйлийн 189.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь нотолж байна. Шуугч өөрөө үндсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа фидуцийн гэрээг байгуулагдсан, хэрэгжээд дуусгавар болсон мэтээр дүгнэжээ. Фидуцийн гэрээ дангаараа аливаа эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Акуа маркийн 07-93 УБӨ дугаартай авто машин манай хадгалалтанд байгаа боловч бид дураараа захиран зарцуулахгүй, зээлдэгч талтай шүүхийн шийдвэр гарсаны дараагаар үнэлгээг харилцан тохиролцож тодорхой хэсгээс суутгана гэж тайлбарласан. Хэдийгээр хариуцагч тал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдэл хуулийн этгээд байгаа боловч тодорхой хэмжээний хариуцлага байх ёстой, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироож болохгүй юм. Шүүх нотлох баримтыг хангалттай бүрдээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс хангалттай судлаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт хэлсэн үгийг орхигдуулж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “МИФ ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 19.334.605,63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа тохиолдолд фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзэх эсэх, эсхүл мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авахыг хүсч байгаа алин болохыг шүүх тодруулах шаардлагатай байжээ. Барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн 2 дах шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардах эрх  үүсэхгүй юм.

 

Фидуцийн зүйл болох  Тоёота Сиента маркийн 31-69 УБӨ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн 07-93 УБӨ улсын дугаартай 2 ширхэг автомашины өмчлөх эрх фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчид шилжсэн ба Тоёота Акуа маркийн 07-93 УБӨ улсын дугаартай автомашин нэхэмжлэгчийн гараашид байгаа  гэж тайлбарлаж байгаа боловч уг автомашин ямар үнэлгээтэй, зээлийн гэрээний  үүрэгт хэрхэн тооцох нь тодорхой бус байхаас гадна Тоёота Сиента маркийн 31-69 УБӨ улсын дугаартай нөгөө автомашин хаана байгаа нь тодорхойгүй байна. /хх-ийн 14, 15, 20/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тоёота Сиента маркийн 31-69УБӨ улсын дугаартай автомашин Ц.Гүрдагвын  эзэмшилд байгаа үндэслэлээр түүнийг хариуцагчаар нэмж оролцуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасантай нийцээгүй буюу хариуцагчийг өөрөө тодорхойлох нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

 

Түүнчлэн дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/04422 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан гомдолд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1405 тоот албан бичгээр хариу өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. /хх-ийн 43-45, 49 /

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээрх байдлаар ноцтой зөрчсөн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 823 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                                            Н.БАТЗОРИГ