Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Ц, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00159 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоот орон сууцыг 33 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоол болон 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1190 дугаар захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 485 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар Б.Н-аас 64 301 701 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байр, 26 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжид заасан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 хүүхдийнх нь нэр дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгө болох уг орон сууцыг дуудлага худалдаанд оруулахдаа орон сууцны үнийн дүнд шинжээч томилж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Уг шинжээчийн дүгнэлттэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоогдсон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг Б.Н болон 2 хүүхдэд нь танилцуулаагүй. Шинжээч томилох тухай тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасны дагуу 2018 6 дугаар сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд НШШГГ-т хэзээ ирсэн дардас авагдаагүй, шинжээчид эрх үүрэг тайлбарласан эсэх нь тодорхойгүй байдаг. Шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй зүгээр бланкан дээр гарын үсэг зуруулсан, он сар өдөр нь байхгүй хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг албан ёсоор танилцуулаагүй мөртлөө маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулах талаар шууд мэдэгдлийг өгсөн байдаг. Үүний дагуу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр албан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарсан. Уг тогтоолыг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлийн хамт 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шуудандсан байдаг. Уг шуудангаас 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр хүлээж аваад 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр гомдол гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр НШШГГ-т өгсөн. Үнэлгээ нь хууль бус гэдэг байдлаар гомдол гаргасан. Гомдлын хариуг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн. Хэрвээ гомдол гаргасан бол гомдлыг шийдвэрлэж байж дуудлага худалдааг зохион байгуулах ёстой байтал гомдлын хариу гараагүй байхад буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны дуудлага худалдааг зарлаад мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дахин дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг гаргасан байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дахин мэдэгдэл гаргаж албан ёсоор орон сууцны 3 эзэмшигчид мэдэгдэлгүй 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж, анхны дуудлага худалдаа болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан нь өөрөө төлбөр төлөгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн, шүүхийн үнэлгээг хуулийн дагуу гаргаагүй зэрэг үндэслэлүүд байгаа учраас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай шийдвэр болон 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1190 дугаар шийдвэрээр Б.Н-аас 63 937 752 төгрөгийг гаргуулж “Г ББСБ”-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 170176 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн. Ингээд тус газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3/5158 дугаар өр төлбөр барагдуулах албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоотод байрлах орон сууцыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 138/5 дугаар тогтоолоор захирамжилж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 138/02 тоот тогтоолоор хураасан. Өмчлөгч Б.Нарантуяа, н.Бадрал, н.Ундрал нарт үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх талаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3/9837 дугаар албан бичгээр мэдэгдэхэд тус бүр өөрсдөө үнийн санал өгөхөөс татгалзсан хүсэлтээ бичиж өгсөн. Ингэсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу манайх өөр байгууллагыг шинжээчээр томилон зах зээлийн үнийг 67 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4/182 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Хаягаар нь би өөрөө очоод өмчлөгч н.Ундралд гардуулаад гарын үсэг зуруулаад мэдэгдсэн тэмдэглэл байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Нарантуяагийн 2018 оны 6 дугаар сарын 05, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус тус гаргасан хүсэлтийг нь үндэслээд үнэлэгдсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулж, төлбөрийг 7 дугаар сарын 14-ны өдөр мэдэгдэх тухай мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/245 дугаар хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг нь өгсөн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Тиймээс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12898 дугаар албан бичгээр Б.Н-ийн оршин суух Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байр, 26 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Ингээд анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4/15906 тоот албан бичгээр мөн хаягаар бас баталгаат шууданд хүргүүлсэн. 2 дахь албадан дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгө нь 33 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай өмчлөгч н.Ундралын хаягаар очиж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Үүнийг тэмдэглэсэн тэмдэглэл нь байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэг нэхэмжлэл, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага байна гэж ойлгож байгаа. Үнэлгээтэй холбогдсон гомдлыг хуульд зааснаар талуудад мэдэгдсэнээс 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах заалттай байдаг. Тэгэхээр үнэлгээний тухай гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоот орон сууцыг 33 500 000 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн “... Нэхэмжлэгч өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй байна ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна” гэжээ. Энэ нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 4-р байр 26 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь Л.Н, М.У, М.Б нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн 00272459 тоот гэрчилгээгээр батлагдаж байна. Шинжээч томилох тогтоол 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гарсны дагуу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг "Д" ХХК нь 67 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт "Шийдвэр гүйцэттэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэптийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч 3 хоногийн дотор шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлт авах үүрэгтэй байсан боловч Л.Н-, М.Б, М.У нарт танилцуулаагүй, санал хүсэлтийг аваагүй. Харин зөвхөн М.У-д шинжээчийн дүгнэлтийн үнийг мэдэгдсэн байдаг. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан. Гэвч шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх талаар Л.Н-, М.Б, М.У нарт мэдэгдээгүй. Үүний улмаас Л.Н-, М.Б, М.У нар нь шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Уг шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэзээ ирсэн, шинжээчид хэзээ эрх, үүрэг тайлбарласан нь тодорхойгүй болно. Мөн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарсан бөгөөд уг тогтоолыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлийн хамт 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шууданд хийсэн байдаг. Уг тогтоол болон мэдэгдлийг хүлээн авсан даруйд буюу 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гомдол бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. Гомдлын хариуг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн. Дээрх гомдлын хариуг аваагүй байхад буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дахин дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан. 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дахин мэдэгдэл гаргаж албан ёсоор орон сууцны 3 өмчлөгчид хүргүүлэлгүй 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулсан байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байхад шүүх нэхэмжлэгч өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4-26 тоот орон сууцыг 33 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоол болон 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа өнгөрсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ./хэргийн 1-2, 22-23 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01190 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Н- нэхэмжлэлийн шаардлагыг “зээлийн гэрээний үүрэг 64 301 701 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулах, хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана” гэж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хэргийн 4-5 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоотод байрлах орон сууцны өмчлөгч Л.Н-, М.Б, М.У нар болох нь тогтоогдож байна./хэргийн 38 дугаар тал/

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3/5158 дугаар өр төлбөр барагдуулах албан бичгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоотод байрлах орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид удаа дараа төлбөр төлөхийг мэдэгдсэн байна. Улмаар төлбөр төлөгч Л.Н-гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоотод байрлах орон сууцыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 138/5 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 138/02 тоот эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна./хэргийн 25,28-29, 31, 32-33, 35-36 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагаас өмчлөгч Л.Н-, М.Б, М.У нарт үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх талаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3/9837 дугаар албан бичгээр мэдэгдэхэд өмчлөгч нар үнийн санал өгөхөөс татгалзсан хүсэлтээ бичиж өгсөн байна./хэргийн 44, 46 дугаар тал/

 

Төлбөр авагч “Г” ХХК нь барьцааны зүйл болох орон сууцыг шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллага 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “Д” ХХК-ийг томилж, тухайн үл хөдлөх хөрөнгийг 67 000 000 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 47-56 дугаар тал/ Уг үнэлгээг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4/10082 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Л.Н-гийн хаягаар очиж үнэлгээний тайланг өмчлөгч М.У-д гардуулсан гэх тэмдэглэлийг үйлдсэн байна./хэргийн 57-58 дугаар тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/245 дугаар хариу мэдэгдэх хуудсаас үзэхэд Л.Н-гийн хүсэлт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг үндэслэн өөрийн хөрөнгөө үнэлэгдсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулж төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дотор Улаанбаатар хотын банкны 2617001560 тоот дансанд тушаахыг төлбөр төлөгчид мэдэгдсэн байна./хэргийн 60 дугаар тал/

 

Түүнчлэн, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/12 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч, төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоот 29 м.кв талбай бүхий орон сууцны анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 67 000 000 төгрөгийн 70 хувь буюу 46 900 000 төгрөгөөр тогтоон 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт дуудлага худалдааг явуулахаар Л.Н-, М.У, М.Б нарт 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12898 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна./61, 65 дугаар тал/ Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй байна./62-64 дүгээр тал /

 

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4/15906 тоот албан бичгээр мөн хаягаар бас баталгаат шуудангаар хүргүүлжээ./хэргийн 66, 70 дугаар тал/ 2 дахь албадан дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгө нь 33 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай өмчлөгч М.У-ын хаягаар очиж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Үүнийг тэмдэглэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хэргийн 71-76 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагын явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэсэн журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага түүний тайлбар үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.О

                                                                       

                                         ШҮҮГЧИД                            Д.Ц

 

                                                                                      С.Э