Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00938

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00159 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр магадлалтай,

Л.Н-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

орон сууцыг үнэлсэн үнэлгээ, 2 дах албадан дуудлага худалдааг зохион байгуулах шийдвэр болон дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1190 дугаар захирамжаар Б.Нарантуяагаас 64.301.701 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байр, 26 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжид заасан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 хүүхдийнх нь нэр дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгө болох уг орон сууцыг дуудлага худалдаанд оруулахдаа орон сууцны үнийн дүнд шинжээч томилж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг Б.Нарантуяа болон 2 хүүхдэд нь танилцуулаагүй. Шинжээч томилох тухай тогтоолыг 2018 оны 5дугаар сарын 17-ны өдөр гаргасны дагуу 2018 6 дугаар сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийг албан ёсоор танилцуулаагүй мөртлөө маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулах талаар шууд мэдэгдлийг өгсөн байдаг. Үүний дагуу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр албан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарсан. Уг тогтоолыг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлийн хамт 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шуудандсан байдаг. Уг шуудангаас 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр хүлээж аваад 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр гомдол гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Үнэлгээ нь хууль бус гэдэг байдлаар гомдол гаргасан. Гомдлын хариуг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн. Хэрвээ гомдол гаргасан бол гомдлыг шийдвэрлэж байж дуудлага худалдааг зохион байгуулах ёстой байтал гомдлын хариу гараагүй байхад буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны дуудлага худалдааг зарлаад мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дахин дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг гаргасан байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дахин мэдэгдэл гаргаж албан ёсоор орон сууцны 3 эзэмшигчид мэдэгдэлгүй 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж, анхны дуудлага худалдаа болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан нь өөрөө төлбөр төлөгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн, шүүхийн үнэлгээг хуулийн дагуу гаргаагүй зэрэг үндэслэлүүд байгаа учраас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай шийдвэр болон 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1190 дугаар шийдвэрээр Б.Нарантуяагаас 63.937.752 төгрөгийг гаргуулж Газар капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 170176 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн. Ингээд тус газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3/5158 дугаар өр төлбөр барагдуулах албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоотод байрлах орон сууцыг 2017 оны 3дугаар сарын 09-ний өдрийн 138/5 дугаар тогтоолоор захирамжилж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 138/02 тоот тогтоолоор хураасан. Өмчлөгч Б.Нарантуяа, н.Бадрал, н.Ундрал нарт үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх талаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3/9837 дугаар албан бичгээр мэдэгдэхэд тус бүр өөрсдөө үнийн санал өгөхөөс татгалзсан хүсэлтээ бичиж өгсөн. Шинжээч томилон зах зээлийн үнийг 67.000.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4/182 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Хаягаар нь би өөрөө очоод өмчлөгч н.Ундралд гардуулаад гарын үсэг зуруулаад мэдэгдсэн тэмдэглэл байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Нарантуяагийн 2018 оны 6 дугаар сарын 05, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус тус гаргасан хүсэлтийг нь үндэслээд үнэлэгдсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулж, төлбөрийг 7 дугаар сарын 14-ны өдөр мэдэгдэх тухай мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/245 дугаар хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг нь өгсөн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Тиймээс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/12898 дугаар албан бичгээр Б.Нарантуяагийн оршин суух Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байр, 26 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Ингээд анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4/15906 тоот албан бичгээр мөн хаягаар бас баталгаат шууданд хүргүүлсэн. 2 дахь албадан дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгө нь 33.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай өмчлөгч н.Ундралын хаягаар очиж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Үүнийг тэмдэглэсэн тэмдэглэл нь байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэг нэхэмжлэл, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага байна гэж ойлгож байгаа. Үнэлгээтэй холбогдсон гомдлыг хуульд зааснаар талуудад мэдэгдсэнээс 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах заалттай байдаг. Тэгэхээр үнэлгээний тухай гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00159 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байрны 26 тоот орон сууцыг 33 500 000 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00159 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 444 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат 4-р байр 26 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь Ламжавын Нарантуяа, Мөнхжаргалын Ундрал, Мөнхжаргалын Бадрал нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн 00272459 тоот гэрчилгээгээр батлагдаж байна. Шинжээч томилох тогтоол 2018 оны 05 сарын 17-ны өдөр гарсны дагуу 2018 оны 06 сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Дамно ХХК нь 67.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Л.Н-, М.Бадрал, М.Ундрал нарт танилцуулаагүй, санал хүсэлтийг аваагүй. Харин зөвхөн М.Ундралд шинжээчийн дүгнэлтийн үнийг мэдэгдсэн байдаг. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан. Гэвч шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх талаар Л.Н-, М.Бадрал, М.Ундрал нарт мэдэгдээгүй. Үүний улмаас Л.Н-, М.Бадрал, М.Ундрал нар нь шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Уг шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэзээ ирсэн, шинжээчид хэзээ эрх, үүрэг тайлбарласан нь тодорхойгүй болно. Мөн 2018.8.15-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарсан бөгөөд 2018 оны 08 сарын 29-ний өдөр гомдол бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 08 сарын 30-ны өдөр өгсөн. Гомдлын хариуг 2018 оны 09 сарын 17-ны өдөр өгсөн. Дээрх гомдлын хариуг аваагүй байхад буюу 2018 оны 08 сарын 31-ний өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулж, 2018 оны 09 сарын 11-ний өдөр дахин дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан. 2018 оны 09 сарын 04-ний өдөр дахин мэдэгдэл гаргаж албан ёсоор орон сууцны 3 өмчлөгчид хүргүүлэлгүй 2018 оны 09 сарын 28-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулсан байна.

Иймд Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00159 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 444 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцыг үнэлсэн үнэлгээ, 2 дах албадан дуудлага худалдааг зохион байгуулах шийдвэр болон дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэжээ.

Л.Н- нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дүгээр сарын 3-ны өдрийн 01190 дүгээр шийдвэрээр “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д 64.318.201 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэрт заасан барьцааны зүйл болох Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 4 дүгээр байр, 26 тоот орон сууцыг битүүмжилж, хураасан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул хариуцагч нь Дамно ХХК-г шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон, орон сууцыг 67.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг тухайн орон сууцны хамтран өмчлөгч М.Ундралд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан нь тогтоогджээ /хэргийн 57 дугаар тал/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-т зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах бөгөөд үнэлгээг хүчингүй болгох гомдлоо нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гаргаагүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн 8/12 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 67.000.000 төгрөгийн 70 хувиар буюу 46.900.000 төгрөгөөр тогтоожээ.

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/7 дугаар тогтоолоор 2 дах албадан дуудлага худалдааны үнийг 50 хувь буюу 33.500.000 төгрөгөөр тогтоосон, дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., 177.3., 177.4.-т заасан журмын дагуу явагдсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлсэн, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00159 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 444 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ