Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 110/2016/0057/з |
Дугаар | 221/MA2017/0293 |
Огноо | 2017-04-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 221/MA2017/0293
2017 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2017/0293 | Улаанбаатар хот |
Х.Маратын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Маратын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Х.Маратыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Цэнгэл сумын мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Цэнгэл сумын мэргэжилтний уг албан тушаалд Х.Маратыг томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.727.918 /хоёр сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун арван найм/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 2.727.918 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлж, энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 25.228 /хорин таван мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан давж заалдах гомдолдоо: “Х.Марат нь гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн, 2016 оны 8 дугаар сарын дундаас буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш огт ажил хийгээгүй байж 3 сарын цалин болон 3 сарын ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж авсныг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэх тухай ямар ч эрхийн акт, тушаал шийдвэр, тогтоол, захирамж, удирдамж заавар журам, Засгийн газар, яам, ерөнхий газар, аймаг орон нутгаас огт гаргаагүйг анхан шатны шүүх анхаараагүй зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1/2 дугаар албан бичигт “хоёр хэлтэс нэгдсэн” гэсэн өгүүлбэрийг үндэслэл болгосон, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас уг татан буугдсан 2 хэлтсийн ажилтнуудад 3 сарын сул цалин 3 сарын тэтгэмжийг төрөөс олгосныг хуульд нийцээгүй байсан мэтээр дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэргийг нэхэмжлэгчийн талд ашигтайгаар болгон хуулийн зүйл заалтыг зориуд санаатайгаар дурдан байж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь төрийн албаны зөвлөлд хандаагүй байгаагаа нэхэмжлэлд дурджээ. Харин “Төрийн албаны салбар зөвлөлд хандахад шүүхэд нэхэмжлэлээ гарга” гэсэн гэжээ. Энэ нь хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Х.Маратын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Е.Ахжархын давж заалдах гомдолдоо: “... Би төрийн жинхэнэ албан хаагч, мэргэшлийн шалгаруулалтад 2014 онд хамрагдаж шалгалт өгч байсан.
Х.Марат нь миний албан тушаалд гэж бичих юм. Танд төрөөс худалдаж авсан хувийн өмч мэт орон тоо байхгүй. Өөрөөр хэлбэл Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Цэнгэл сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн бөгөөд Төрийн захиргаагаар цалин авдаг ажлын байрыг би аваагүй. Өнөөдөр тийм ажлын байр байхгүй. X.Маратын орон тоог булааж аваагүй, шинэ бүтэц зохион байгуулалтаар шинээр батлагдсан шинэ орон тоонд томилогдсон. Өөрөөр хэлбэл, өмнө аймгийн Засаг даргын харьяа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдсан одоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн байна. Мөн өмнө нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Цэнгэл сум хариуцсан нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэн нэрээр 3 орон тоотой байгаад байгууллага өөрчлөгдөх татан буугдсан үед уг орон тоо хасагдсан.
... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д заасан Байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо, хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр халагдаж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу Х.Марат нь зөвшөөрч ажлаас халагдсаны тэтгэмж авсан байна
... Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэж тодорхойлсны дагуу би төрийн албан хаагч мөн юм. Би одоогийн байдлаар төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан төрийн үйлчилгээний албан хаагч юм.
... Би эрх зүйч мэргэжлээрээ төгссөн үеэс хойш өнөөдрийг хүртэл 3 жил 6 сар Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Даваагийн Энхбаярын туслах ажилтан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төв /Улсын төсөвт үйлдвэрийн газар/-т Хууль, эрх зүйн асуудал хариуцсан болон мэргэжилтнээр, Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч С.Алтайгийн туслах өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан.
Миний бие ганц бие эмэгтэй, 5 сартай хүүхэдтэй. Хүүхдээ асарч өсгөхийн тулд би ажилтай байж асарч чадах юм. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэй хүний хөдөлмөрийг 100 дугаар зүйлд гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие хүнийг байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр миний эрх ашиг сонирхлыг илт зөрчигдөж байна.
Х.Марат Төрийн албаны зөвлөлд уг асуудлаар эхний шатанд хандаж тодорхой шийдвэр гараагүй байхад шүүх хэргийг шууд нэг талыг барьж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга бус шийдвэр юм.
Х.Маратын өгсөн гомдлын дагуу Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн албаны салбар зөвлөлөөс гомдлыг хэрэгсэхгүй болгон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы шийдвэр зөв гэсэн дүгнэлт гарсан байсан.
Нөгөө талаар дээр дурдсан бүх нөхцөл байдал хуулийн дагуу байхад миний ажиллаж орон тоо болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Цэнгэл сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилд шууд Х.Маратыг томилохыг даалгасан нь учир дутагдалтай хууль бус шүүхийн шийдвэр болсон.
Захиргааны хэргийг шүүх маргаанд холбогдох бүх талын нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авах, шинжээч томилох, ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах гэх ажлыг хийх ёстой байсан. Энэ ажил дутуу хийгдсэн. Х.Марат нь Сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, сонгуулийг будлиантуулан өөр сумын иргэнийг сонгуульд оруулсан байдаг. Уг нь төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн ажил оролцох, улс төрийн ажил хийхийг хуулиар хориглосон үйлдэл.
Х.Маратыг төрийн өмнө эрхэлж байсан албан тушаалтан холбогдуулан Цагдаагийн газарт эрүүгийн хэргээр шалгагдаж байсан. Гэтэл эрүүгийн хэрэг нь шалгагдаж багаа гэж сонссон. Нөхцөл байдал ийм байхад шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан. Энэ ажиллагааг огт хийгээгүй өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр гараагүй байгаа.
Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримтгүй шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон миний хөндөгдөж буй хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шударга шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нэгтгэж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр байгуулжээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 19, сумдын нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нийт дүнгээрээ 8 орон тоогоор цөөрч хасагдсантай холбогдуулж, урьд Цэнгэл сумын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Марат, Ж.Мейрхан, тус сумын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Бахытбек нарыг аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны б/32, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 /төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна/-д зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж, ажлын байрны орон тоо цөөрсөн ч тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан томилох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, тухайлбал, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хандаж Цэнгэл сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Х.Марат ажиллах эрхтэй эсэх талаар урьд тус сумын Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээр урьд ажиллаж байсан Ж.Мейрхан, М.Бахытбек нар маргаж байгаагүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд тайлбар өгч байсан зэргээс үзвэл хариуцагч албан тушаалтан Цэнгэл сумын Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн алийг нь ч тухайн ажлын байранд томилоогүй байхаас гадна аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний болон Хөдөлмөрийн хэлтсүүдэд урьд огт ажиллаж байгаагүй Е.Ахжарханыг Цэнгэл сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 /төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх/-д заасан зарчимд нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Нөгөөтэйгүүр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Баян-Өлгийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, албан хаагчдын цалин хөлс олгох нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгосноор нэхэмжлэгч Х.Марат 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Х.Маратад Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаар албан бичгээр “гомдлоо хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” талаар мэдэгдсэн, улмаар хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ талаар “урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Үүнээс гадна хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тушаалаар Цэнгэл сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Е.Ахжархыныг ТҮ-6-1 шатлалаар цалинжуулж, түр томилсноос үзвэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй бөгөөд түүнийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзэх, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн гэх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар аливаа хүн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг, хууль бус захиргааны актыг шүүх өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй тул “Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 29 дүгээр албан бичгээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн” гэх хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Үүнээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч Х.Маратыг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тул Цэнгэл сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Х.Маратыг томилохыг даалгасан нь үндэслэлтэй.
Дээрх байдлаар хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу олгосон нь зөв бөгөөд анхан шатны шүүх ийнхүү олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг сүүлийн 3 сарын цалингийн дундаж хэмжээнээс цалинг зөв тооцож, илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасныг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Х.Маратад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон хариуцагчийн захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль бус талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, тухайн тэтгэлгийг нэхэмжлэгч Х.Маратаас гаргуулах хариуцагчийн шүүхэд хандах эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид олгохдоо хариуцагчийн нэрийг тодорхой бичээгүй ч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР