Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 352

 

С.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нансалмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар магадлалтай, 201606000042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт С Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Э-г хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Э гаргасан гомдолдоо “2016 оны 02 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед Ч манай хашаанд цонхны доор согтуу хэвтэж байсан. Өвөл хөлдчих гээд байхаар нь дүүдээ ар гэрээс нь хүн дуудаарай гэж хэлсний дагуу охин дүү маань Ч-аас дугаар авч түүний дүү рүү залгаж мэдэгдсэн. Тэгээд дүү нь ирээд Ч-ыг өшиглөөд, авч явж чадахгүй байхаар манай дүүгийн өгсөн чарган дээр суулгаад аваад явсан. Гэтэл маргааш нь цагдаа нар манайд ирээд хүн амины хэрэгт намайг сэжиглэн баривчилж, улмаар миний дүү Э-ийн гар утсыг хураан авч, түүнийг хүчээр байцаасан. Мөн мөрдөн байцаагч нар надад “эхийг чинь эсхүл дүүг чинь хорино шүү” хэмээн сүрдүүлж, өмгөөлөгч байлцуулахгүйгээр хөтлөн байцааснаас гадна хүчээр гарын үсэг зуруулсан. Манай гэрт хоёр удаа үзлэг хийхэд гэмт хэргийн шинжтэй зүйл илрээгүй байхад прокурор  таягны толгой олсон гэж хэрэгт хавсаргасан байдаг. Түүнээс гадна хохирогч Ш.Н, гэрч Н, М нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй бөгөөд тэд талийгаачийн хамар, амнаас цус гарч хатсан гэж мэдүүлсэн боловч шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн байхад худал мэдүүлгийг үндэслэн намайг ялласан. Талийгаач гэртээ ирээд ёолж хэвтэж байхад дүү нар нь эмнэлгийн тусламж үзүүлэх иргэнийхээ үүргээ биелүүлээгүй байдаг. Талийгаачийг хөлдөх гэж хэвтэж байхад нь ар гэрт нь утсаар мэдэгдсэн намайг хүн амины хэрэгт холбогдуулан яллаж 10 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймээс намайг энэ хэрэгт буруугүй болохыг тогтоож, худал мэдүүлэг өгсөн хүмүүст хариуцлага тооцож өгөхийг хүсч байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэлт, гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэн нь баттай нотлогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд буюу шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц чухал нотлох баримтыг шүүх зөв үнэлээгүй. Тухайлбал хохирогч Нансалмаа, гэрч М.Н, М нарын мэдүүлгээр “гэртээ хохирогч Ч-ыг оруулахад ам хамраас нь цус гарсан байсан” гэдэг боловч Эрдэнэдалайгийн байшин, хашаанд цус огт илрээгүй, тийм ул мөр ч байгаагүй болох нь хэргийн газрын үзлэгээр нотлогдсон. Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт, шинжээчийн 11 дугаартай дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр ам, хамраас, чихний сувгаас ямар ч цус гарсан бохирдолт, ул мөр байгаагүй болох нь нотлогдсон. Энэ нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг худал болохыг нотолж байхад шүүх зөв үнэлж дүгнээгүй.

Хохирогч Ч нь олон хавирганы хугарал (нийт 18 хавирга), өвчүүний хөндлөн хугарал, дотуур цус алдалт, бөөрний няцрал, бүдүүн гэдэс, ходоодны хананы няцрал, цус хуралт, элэгний холбоосны цус хуралт зэрэг гэмтлүүд авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтлийг авсны дараа ямар шинж илрэх, ямар зовиур илрэх, ухаан санаа ямар өөрчлөлтөд орох, юм ярьж хэлэх чадвар ямар байх талаар шинжээч эмч Н шүүх хуралдаанд оролцож тайлбарлахдаа “Дээрх гэмтлүүдийг авсны дараа ямар нэг зовиур хэлэхгүй, зовиурлахгүй байх боломжгүй” гэж мэдүүлж байсан. Давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад хэргийг хохирогч Ч-т учирсан гэмтлийг авсан даруйд, авсны дараа ямар зовиур илрэх, хаана гэмтэл авсан байх боломжтой эсэхийг тогтоолгохоор буцаасны дагуу мөрдөн байцаалтын шатанд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмтлүүдийг авсан даруйдаа цээжээр хүчтэй өвдөж эхлэх ба өвдөлт нь амьсгалт авах, хөдөлгөөн хийх, ханиах үед улам ихсэнэ. Зовиур илрэхгүй байх боломжгүй... гэж дүгнэжээ. Уг шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримт болох гэрч Э, Н, Н нарын мэдүүлэгтэй харьцуулж үзэхэд хохирогч Ч нь Э-ийн хашаанд дээрх гэмтлүүдийг авсан гэж үзэх үндэслэлгүй байгааг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл хохирогч Ч-ыг Эрдэнэдалайгийн хашаанаас чаргаар авч явах гэж өргөх, гэртээ очоод өргөж оруулах үед ямар ч зовиргүй байсан байх ба эсрэгээр “юм ярьж байсан. Далай цээж рүү дэвсэлж зодсон, түргэн дуудах уу гэхэд яах юм бэ гэж хэлээд цагдаа дуудаагүй” гэж хохирогч Н мэдүүлснийг үндэслэлгүй гэж үзэх бүрэн үндэстэй.

Мөн хохирогч Н, гэрч М нарын мэдүүлгээр хохирогчийг асарч сувилсан, шөнөжин унтаагүй гэх боловч хэргийн газрын үзлэгээр хохирогч Ч нь тэдний гэрт шалан дээр хувцастайгаа хэвтсэн чигээрээ нас барсан нь нотлогдсон. Эрдэнэдалайгийн байшинд хэргийн газрын үзлэгийг 2016 оны 02 дугаар сарын 05, 06-нд 2 удаа хийхэд нь ямар нэг ул мөр илрээгүй, хэрэгт ач холбогдолтой эд зүйл илрээгүй атлаа 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр прокурор оролцуулаагүй хийсэн гэх тэмдэглэлд хохирогч Ч-ын таягны иш шкафны хөл хэсэгт байлаа гэж хураан авсан нь илтэд үндэслэлгүй юм. Учир нь таягны иш олдсон гэх газар нь урьд хийсэн 2 удаагийн үзлэгээр илрэх бүрэн боломжтой байх бөгөөд Эрдэнэдалайгийн байшинг анхны үзлэг хийгээд цоожилж түлхүүрийг нь цагдаа хураан авсан нь тогтоогдсон. Энэ талаар гэрч Л, Э нар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хохиогч Н, гэрч М нар нь Э зодуулж ийм хүнд зовиур үүсгэх гэмтэл учирсныг баттай мэдсэн юм бол яагаад хохирогчийг нас барсны дараа эмнэлэг дуудах болов гэдэг нь тодорхой шалгагдаагүй ба тэдний мэдүүлгээр “Ах (хохирогч Ч-) өөрөө эмнэлэг цагдаад хэлж яах юм бэ” гэсэн гэх боловч ийм олон гэмтэл авч зовиур шаналсан хүнд “Эмнэлгийн тусламж” шаардлагагүй байх мэдрэмж төрөхгүй нь хэнд ч ойлгомжтой болно. Шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Нансалмаа мэдүүлэхдээ “Цагдаа, эмнэлэг дуудах боломж байсан” гэдэг. Сумын эмнэлэгт дуудлага өгсөн яаралтай түргэн тусламжийн хуудсанд хөрөлт хөшилт үүссэн байсан. Дуудлага өгсөн тухай тэмдэглэл хэсэгт “Унтаад сэрэхгүй байна” гэж хохирогч Н дуудлага өгсөн нь тогтоогдсон бөгөөд дуудлагаар очсон эмч гэрч М- “Хүнд зодуулсан тухай” огт хэлээгүй болох нь тогтоогдсон. Гэтэл гэрч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “М эмчид хүнд зодуулсан гэж хэлсэн” гэж худал мэдүүлсэн. Дээрх нотлох баримтаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө хохирогч Ч-ыг нас барсны дараа эмнэлэгт дуудлага өгсөн болох нь эргэлзээгүй тогтоогдсон. Хохирогч Ч-ыг Э-н хашаанаас авч явснаас хойш буюу дүү Нансалмаагийнд очсоноос хойш 10 цагийн дараа нас барсан. Энэ хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол нас барахгүй амь насыг аврах боломжтой эсэх талаар шинжээч нар “Өвдөлтийг намдааж, цээжний хөндийн бага хэмжээний цусыг соруулж авбал амь насыг аврах боломжтой байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх хохирогчид амь насыг аврах боломжийг хэн алдагдуулсан, хэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй вэ, биелүүлэх боломж байсан эсэх зэрэг эрх зүйн дүгнэлт хийх асуудлыг орхигдуулан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Магадлалын үндэслэлтэй байх нэг шаардлага нь талуудын хүсэлт, мэтгэлцэж буй асуудлыг үгүйсгэн няцааж буй үндэслэлээ шийдвэртээ заах байтал шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “Хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг орхигдуулсан” бол хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал нь дээрх шаардлагыг хангаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож С.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. Мөн шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 5 дахь хэсэгт заасан хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаарх журмыг зөрчсөн. Тухайлбал Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг харьяалал тогтоож шилжүүлэхдээ ерөнхий шүүгчийн захирамжаар биш албан тоотоор шилжүүлсэн болно” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Э-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Гэмт хэрэг гарах өдөр 17 цаг 30 минутын үед талийгаач шүүгдэгчтэй хамт түүний гэрт очсон болох нь камерийн бичлэг болон С.Э-гийн мэдүүлгээр тогтоогддог. Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн таягны хугархай гэр болон хашааны гаднаас илэрсэн, мөн хамт уусан архины шил, талийгаачийн хэрэглэж байсан чихэвч хашааны гадна талаас олдсон. Талийгаач нь С.Э-гийн амьдардаг байшингийн үүдэнд гэмтэл авсан хэвтэж байсныг дүү Нансалмаа охинтойгоо ирж чаргаар гэртээ авч очсон нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь бүрэн нотлогдсон. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан  гомдлыг үндэслэн С.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Э-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг алах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ цугласан нотлох баримтаар тогтоогдож буй шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Тухайлбал, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 11 дүгээр дүгнэлтээр  талийгаач Ш.Ч-т цээж, хэвлийн битүү гэмтэл, дотор эрхтний хавсарсан олон гэмтэл, баруун 1-11 дүгээр хавирга, баруун 1-6 дугаар хавирга, зүүн 2, 4, 5, 6, 7, 9 дүгээр хавирга, зүүн 7, 8 дугаар хавиргын дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалт, өвдөгт цус хуралт, нүүр, мөчдөд зулгаралт зэрэг олон тооны гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогдсон байхад мөрдөн байцаалтын шатанд уг гэмтлийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэсэн байж болох, хохирогчид ямар зовиур шаналал үүссэн байж болоход анхаарал хандуулж ач холбогдол өгөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Мөн талийгаач Ш.Ч- нь зүүн хөлөө тайруулсан хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бөгөөд эрүүл мэндийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадах эсэхийг тогтоох, шүүгдэгч С.Э энэ нөхцөл байдлыг хэрхэн ухамсарласан тухай заавал тодруулах шаардлагатай болно.

Иймд шүүгдэгч С.Э-гийн хүнийг алсан үйлдэлд дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, С.Э-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч С.Э-д урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН