Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 0038

 

С.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М Шүүгдэгч С.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г,  Д.О Хохирогч Ш.Н Хохирогчийн өмгөөлөгч П.Г Шинжээч эмч Ц.Э /онлайнаар/ Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолтой С-н Э-д холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Э-Н өмгөөлөгч Э.Г-н давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогтой, С-н Э.

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ч-г санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овгийн С-н Э-г хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч С.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-н цагдан хоригдсон 610 /зургаан зуун арав/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох, Шүүгдэгч С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-с 5,217,450 /таван сая хоёр зуун арван долоон мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч О.Н -д, 177,000 төгрөг гаргуулж Булган аймгийн Цагдаагийн газарт олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуучин 2 үзүүр нь сэмэрч урагдсан бүс, саарал өнгийн урд энгэртээ эрэгтэй хүний зурагтай подволк, ягаан өнгийн босоо захтай 2 ханцуй цагаан өнгийн канттай энгэртээ цахилгаантай хоёр мөрөнд хөх өнгийн оруулгатай цамц, саарал өнгийн босоо захтай урд энгэртэй товчтой цамц, ногоон өнгийн нялонон зах нь ханцуйтай цамц, хөх саарал өнгө хосолсон хуучин түрсик, хөх өнгийн нялонон хоёр хажуу талдаа халаастай зүүн талд “Аdidas” бичиглэлтэй өмд, хар өнгийн хоёр талдаа халаастай нарийн кантан судалтай өмд, халаасанд хуучин хиртэж бохирлогдсон 2 хос оймс, 2 хос ягаан хуучирч элэгдсэн оймс, хос саарал өнгийн хуучирч элэгдсэн оймс, саарал өнгийн хүрэн өнгийн ноосон оймс. хос гутал, нэг хөлөнд хиймэл хөлтөй, бор өнгийн хуучин элэгдэж урагдсан дээл, хар өнгийн нялонан материалтай үстэй дотортой цамц, таягны бариул, таягны хугархай, хар өнгийн чихэвч, 2 ширхэг гутал, цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 10 ширхэг хумс, камерын бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээж Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г давж заалдах гомдолдоо: Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэлт, гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэн нь баттай нотлогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд буюу шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц чухал нотлох баримтыг шүүх зөв үнэлээгүй. Тухайлбал: Хохирогч Н, гэрч М.Н, М нарын мэдүүлгээр “гэртээ хохирогч Ч-г оруулахад ам хамраас нь цус гарсан байсан” гэдэг боловч Э-н байшин, хашаанд цус огт илрээгүй, тийм ул мөр ч байгаагүй болох нь хэргийн газрын үзлэгээр нотлогдсон. Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт, 11 дугаартай дүгнэлт /хх-124-126 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12 хуудас/ зэргээр ам, хамраас чихний сувгаас ямар ч цус гарсан бохирдолт, ул мөр байгаагүй болох нь нотлогдсон. Энэ нь дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг худал болохыг нотолж байхад шүүх зөв үнэлж дүгнээгүй. Хохирогч Ч нь олон хавирганы хугарал /нийт 18 хавирга/, өвчүүний хөндлөн хугарал, дотуур цус алдалт, бөөрний няцрал, бүдүүн гэдэс, ходоодны хананы няцрал цус хуралт, элэгний холбоосны цус хуралт зэрэг гэмтлүүд авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дээрх гэмтлийг авсны дараа ямар шинж илрэх, ямар зовиур илрэх, ухаан санаа ямар өөрчлөлтөнд орох, юм ярьж хэлэх чадвар ямар байх талаар шинжээч эмч Н шүүх хуралдаанд оролцож тайлбарлахдаа “Дээрхи гэмтлүүдийг авсны дараа ямар нэг зовиур хэлэхгүй, зовуурлахгүй байх боломжгүй” гэж мэдүүлж байсан ба

Булган аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтанд хэргийг хохирогч Ч-т учирсан гэмтлийг авсан даруйд, авсны дараа ямар зовиур илрэх? Хаана гэмтэл авсан байх боломжтой эсэхийг тогтоолгохоор буцааж мөрдөн байцаалтын шатанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргахдаа /ШШХҮ-ШД №674, 3-р хавтас-82-85 хуудас/:.. дээрхи гэмтлүүдийг авсан даруйдаа цээжээр хүчтэй өвдөж эхлэх ба өвдөлт нь амьсгал авах, хөдөлгөөн хийх, ханиах үед улам ихэснэ. Зовиур илрэхгүй байх боломжгүй... гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг бусад нотлох баримт болох гэрч Э, Н, Н нарын мэдүүлэгтэй харьцуулж үзэхэд хохирогч Ч нь Э-н хашаанд дээрхи гэмтлүүдийг авсан гэж үзэх үндэслэлгүй байгааг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл хохирогч Ч-г Э-н хашаанаас чаргаар авч явах гэж өргөх, гэртээ очоод өргөж оруулах үед ямар ч зовуургүй байсан байх ба эсрэгээр “Юм ярьж байсан. Д цээж рүү дэвсэлж зодсон. Түргэн дуудах уу? гэхэд Яах юм бэ? гэж хэлээд цагдаа дуудаагүй” гэж хохирогч Н мэдүүлснийг үндэслэлгүй гэж үзэх бүрэн үндэстэй. Мөн хохирогч Н, гэрч М нарын мэдүүлгээр хохирогчийг асарч сувилсан, шөнөжин унтаагүй гэх боловч хэргийн газрын үзлэгээр хохирогч Ч нь тэдний гэрт шалан дээр хувцастайгаа хэвтсэн чигээрээ нас барсан нь нотлогдсон. Эрдэнэдалайгийн байшинд хэргийн газрын үзлэгийг 2016 оны 02 дугаар сарын 05- нд 2016 оны 02 дугаар сарын 06-нд 2 удаа хийхэд нь ямар нэг ул мөр илрээгүй, хэрэгт ач холбогдолтой эд зүйл илрээгүй байсан атлаа 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр прокурор оролцуулаагүй хийсэн гэх тэмдэглэлд хохирогч Ч-н таягны иш шкафны хөл хэсэгт байлаа гэж хураан авсан нь илтэд үндэслэлгүй юм. Учир нь таягны иш олдсон гэх газар нь урьд хийсэн 2 удаагийн үзлэгээр илрэх бүрэн боломжтой байх бөгөөд Э-н байшинг анхны үзлэг хийгээд цоожилж түлхүүрийг нь цагдаа хураан авсан нь тогтоогдсон. Энэ талаар гэрч Л, Э нар шүүх хуралдаанд мэдүүлж нотолсон.

Хохирогч Н, гэрч М нар нь Э-д зодуулж ийм хүнд зовиур үүсгэх гэмтэл учирсныг баттай мэдсэн юм бол яагаад хохирогчийг нас барсны дараа эмнэлэг дуудах болов гэдэг нь тодорхой шалгагдаагүй ба тэдний мэдүүлгээр “Ах /хохирогч Ч/ өөрөө эмнэлэг цагдаад хэлж яах юм бэ? гэсэн гэх боловч ийм олон гэмтэл авч зовуур шаналсан хүнд “Эмнэлгийн тусламж” шаардлагагүй байх мэдрэмж төрөхгүй нь хэнд ч ойлгомжтой болно.

Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н мэдүүлэхдээ “Цагдаа, эмнэлэг дуудах боломж байсан” гэдэг. Сумын эмнэлэг дуудлага өгсөн Яаралтай түргэн тусламжийн хуудсанд /хх-70 хуудас/: хөрөлт хөшилт үүссэн байна. Дуудлага өгсөн тухайн тэмдэглэл хэсэгт: “Унтаад сэрэхгүй байна” гэж хохирогч Н дуудлага өгсөн нь тогтоогдсон бөгөөд дуудлагаар очсон эмч-гэрч М-д “Хүнд зодуулсан тухай” огт хэлээгүй болох нь тогтоогдсон. Гэтэл гэрч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “М эмчид хүнд зодуулсан гэж хэлсэн” гэж худал мэдүүлсэн. Дээрхи нотлох баримтаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн өглөө хохирогч Ч-г нас барсны дараа эмнэлэгт дуудлага өгсөн болох нь эргэлзээгүй тогтоогдсон. Хохирогч Ч-г Э-н хашаанаас авч явснаас хойш буюу дүү Н-д очсоноос хойш 10 цагийн дараа нас барсан. Энэ хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол нас барахгүй амь насыг аврах боломжтой эсэх талаар шинжээч нар “Өвдөлтийг намдааж, цээжний хөндий бага хэмжээний цусыг соруулж авбал амь насыг аврах боломжтой байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх хохирогчид амь насыг аврах боломжийг хэн алдагдуулсан, хэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй вэ? Биелүүлэх боломж байсан эсэх? зэрэг эрх зүйн дүгнэлт хийх асуудлыг орхигдуулан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн тогтоолын үндэслэлтэй байх нэг шаардлага нь талуудын хүсэлт, мэтгэлцэж буй асуудлыг үгүйсгэж буй, няцааж буй үндэслэлээ шийдвэртээ заах ёстой. Гэтэл шүүх ямар ч няцаалт бүхий үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “Хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох байдлыг орхигдуулсан” бол хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд 304 дүгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дээрхи шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож С.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: . Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г Давж заалдах гомдлоо дэмжиж байна.., Гомдлыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг буцааж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх саналтай байна... гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч О.Н болон түүний өмгөөлөгч П.Г нар ..Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С-н Э-г 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ч-г санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 10 /арван/ жил хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргээс үзвэл шүүгдэгч С.Э нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минутаас 19 цагийн хооронд Булган аймгийн Тэшиг сумын төвд өөрийн гэртээ хамт архи ууж Ш.Ч-г зодож дотор эрхтний хавсарсан олон тооны гэмтэл, баруун 1-11 дүгээр хавирга, баруун 1-6 дугаар хавирга, зүүн 2,4,5,6,7,9 дүгээр хавирга, зүүн 7,8 дугаар хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалт, нүүр мөчидөд нь зулгаралт бүхий гэмтэл учруулснаас болж хохирогч нь амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох : Хохирогч Ш.Н-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн ...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд С.Э-н дүү С.Э над руу утсаар залгаад танай ах Ч чинь манай хашаанд согтуу тасраад уначихсан хувцас хунараа тайлсан байдалтай байна ирж аваач..., гэж утсаар ярихаар нь охин Н-Г дагуулаад Э-н гэрт нь очсон. Э-н хашааны гадаа намайг очиход Э нэг хүнтэй хашаан дотроо хэрэлдээд байсан, хашаа руу нь яваад ороход ах Э-гаа хэрэлдэж байсан... Намайг очиход Э нь өөрийнхөө байшин руу яваад орчихсон..., Э-н байшингийн урд талд манай ах Ш.Ч толгойгоо байшингийн үүд рүү харуулчихсан, зүүн гараа доороо хийгээд хажуулдсан байдалтай хэвтэж байсан..., Хиймэл хөл нь хажууд нь салсан, ухаангүй байсан.., Би Ч ахыг босооч гэж дуудсан боловч босоогүй..., Э манай ахын хэвтэж байсан газрын хажуугаар алхаад шууд шовгор байшин руугаа орчихсон..., Намайг охин, Э хоёрын хамтаар ахыг чарган дээр өргөж тавихад Э ах огт гарч ирээгүй..., Э нь ирээд “танай ах чинь осголоо, ахыгаа бушуухан аваад яв” гээд чарга авчирч өгөхөөр нь дээлэнд нь ороогоод чарган дээр тавиад охиныхоо хамт чирээд гэртээ харьсан..., Гэртээ хариад нөхөр М, охиныхоо хамтаар өргөж оруулаад гэрэлд харахад ахын нүүр ам нь шалбарсан, амнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай харагдсан..., Юу болсон талаар талийгаач ахаас асуухад тэр “...Э-г цээж рүү нь өшиглөсөн, өвдөөд байна...” гэж хэлсэн, тэгээд босгож суулгах гэхэд цээжээ даахгүй, хажуу тийшээ өнхөрч унаад байсан..., Шөнөжингөө ёолоод унтаагүй.., . Өвчин намдаах эм өгсөн боловч унтахгүй байсан.., Өглөө 06 цагийн үеэс чимээгүй болчихсон..., тэгээд өглөөгүүр түргэн тусламж дуудахад нас барсан байсан..., гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч М.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Ээж аав бид гурвыг хоолоо хийж идчихээд гэртээ байж байхад 21 цагийн үед Э гэж хүн ээж рүү залгаад “Ч ах чинь манайд тасраад уначихсан хөлдөж үхэх гэж байна ирж ав “ гэхээр нь Э эгчийн гэрт ээж бид хоёр 10 орчим минут алхаж очсон..., Шовгор байшингийнх нь үүдний довжооны урд талд Ч ах зүүн гараа атгаад толгойн доороо дэрлээд, дээлээрээ өөрийгөө ороосон, өмдөө өвдгөө хүртэл тайлсан, хиймэл хөл нь салаад нурууных нь ард тавьсан байдалтай байсан..., би ахыгаа хараад босоочээ нүдний булай болоод байх юм гэж хэлээд бөгсөн хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь чимээгүй, юу ч дуугархгүй хэвтээд байсан..., Ээж Э эгч хоёр татаж дээш нь босгоод түшээд сууж байхад нь хар өнгийн нимгэн жилетикийг нь би өмсгөсөн..., Талийгаач ах “ах нь энд хэсэг унтъя” гээд байсан..., Би тэгэхээр нь хурдан хувцсаа өмсөөд манайд очиж унт гэж хэлсэн..., Талийгаач ах ямар нэгэн юм дуугарахгүй хэвтээд байсан..., Э эгч наад хүнээ чарган дээр чирээд аваад яв гээд чарга авчирхаар нь бид гурав нийлж байгаад чарган дээр хэвтүүлээд дээлээр нь ороогоод гэр лүүгээ авч явсан.., .Гэрт очоод аавыг дуудаж байгаад гэрт оруулаад шалан дээр хэвтүүлсэн..,.Манай гэр дулаахан байсан болохоор талийгаач ах хэсэг байж байгаад сэрээд ах нь хөлдлөө дулаацуулаад өгөөч гэхэд нь ээж хөл дээр нь хөнжил тавьсан..., Унтаж өгөхгүй цээж өвдөөд байна гээд ёолоод байсан...., Бөөлжмөөр байна гэхээр нь би гаднаас нохойн сав оруулж өгөхөд цусаар бөөлжсөн, би нуруун дээр нь дарж өгсөн..., Тэр үед амнаас нь цус гараад байсан..., 23 цагийн үед талийгаач ах “...ах нь хүнд зодуулсан, Д-д зодуулсан..” гэж хэлсэн..., Тэгээд шөнөжин унтаж чадахгүй цээж өвдөөд байна гээд ёолоод байсан..., Өвчин намдаах эм өгсөн боловч зүгээр болоогүй..., Шөнө аав сүүтэй цай чанаад сууж байхаар нь яасан бэ аав гэхэд талийгаачийг ёолоод байх юм гэсэн..., Тэгээд өглөө болмогц сумын эмнэлэг рүү ээж мэдэгдэж эмч дуудсан бөгөөд эмч ирээд түүнийг нас барчсан байна гэж хэлсэн.., гэсэн мэдүүлэг, Гэрч С.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...21 цагийн үед шиг санаж байна манай эхнэр Н руу хүн утсаар залгахаар нь утсаа спектр дээр нь тавиад харсан чинь Э-н дугаараас залгасан ба Э нь ахыгаа ирж аваач, манай энд хувцас хунараа тайлсан, согтуу байна гэсэн. .., Тэгээд охин Н, эхнэр Н хоёр ахыгаа авахаар явсан..., Тэгээд бараг 40 гаран минутын дараа байх эхнэр, охин хоёр орж ирээд...ах босч чадахгүй байна, чарган дээр чирээд ирлээ, гэрт оруулаадахья гэсэн.., . Гэрээс гараад харахад ахыг чарган дээр дээлээр нь ороогоод авчирсан байсныг өргөж гэрт оруулаад шалан дээр хэвтүүлсэн..., Намайг харахад хиймэл хөл нь гуталгүй, амнаас нь цус гарсан, нүүр нь шалбарчихсан байсан. .., Эхнэр, охин хоёр л асраад, өргөж өндийлгөөд байсан..., Талийгаач ах толгой эргээд байна, цээж өвдөөд байна гээд ёолоод сууж чадахгүй байсан..., Амандаа ёолоод байхаар нь юу болсон юм бэ гэхэд дуугарахгүй чимээгүй байгаад байснаа нэлээд хугацааны дараа “...Д-нд архи уусан. Д намайг арай дэндүү зодчихож, муухай юм даа...” гэж хэлсэн..., Шөнийн турш унтаж чадахгүй шалан дээр тийчлээд ёолоод байсан..., Би шөнө унтаж амарсан байсан өглөө 06 цагийн үед босч ахад цай өгөхөд тал аяга цай уусан..., Би аманд нь барьж уулгасан..., Өглөө эхнэр эмнэлэгт дуудлага өгсөн ба М эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн..., гэсэн мэдүүлэг Гэрч Ж.М-н /дуудлагаар ирж үзсэн эмч /мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 8 цаг 15 минутын үед сувилагч Б нь утсаар Ч гэдэг хүн хүргэн дүү М-доо байна..., уруул ам нь хөхрөөд унтаад сэрэхгүй байна гэсэн дуудлага өгсөн..., гэж хэлэхээр нь М гэдэг айл ойрхон байдаг болохоор 3 орчим минутын дараа гэрт нь ороход Ч нь М-н байшинд толгой нь хаалга руу харсан байдалтай шалан дээр хэвтэж байсан..., Гарыг нь барьж судасны цохилтыг нь үзэхэд лугшилт байхгүй, хувцсыг нь сөхөж харахад амьсгалгүй, бүх бие нь хөрсөн, хөшиж эхэлсэн, нас барсан байдалтай байсан.., Ар гэрийн хүмүүст нь энэ байдлыг нь хэлээд сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн... ,гэсэн мэдүүлэг Гэрч Ш.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагаас 14 цагийн орчимд шиг санагдаж байна С.Э гэх хүн ганцаараа орж ирээд “Монгол стандарт” нэртэй 0,5 литрийн архи 5500 төгрөгөөр худалдаж аваад гарсан..., Түүнээс хойш манай дэлгүүрт орж ирээгүй... гэсэн мэдүүлэг

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 18 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад гарч явахад төв замын эсрэг талд дэлгүүрийн гадаа Э гуай дүү Ч-хээ дэлгүүрээс гэрийнхээ чигт ганцаараа явж байхаар нь би “Ч эгч дэлгүүр дээрээ байна уу” гэж асуухад байгаа гэж хэлэхээр нь би “та хаачих гэж явна” гэхэд Э гэрлүүгээ явж байна гээд гэрээ чиглээд яваад өгсөн..., Ч-н дэлгүүр лүү бараа үзэх гээд ороод цаг гаран бараа үзэж зогссон..., Энэ үед дэлгүүрт Э гуай ганцаараа орж ирээд Ч-д “ ...Н-г дууд нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ..., ирж ав гэж хэл тэгэхгүй бол хөлдчихнө гэж хэлсэн чинь Ч нь хэн таныг архи уу гэсэн юм бэ..., хүн амьтан гэр орондоо авчирч архи уугаад... гэж загнасан чинь утастаач дээ, дуудаач дээ гэж дахиж хэлсэн чинь Ч дахиад загнасан чинь гараад явсан..., Ч ээжийгээ явья оройтчихлоо гээд би дэлгүүрээс нь гараад шууд гэрлүүгээ явсан..., Намайг дэлгүүрээс гарах үед Ч ээжтэйгээ дэлгүүртээ үлдсэн.., .Би Ч-н дэлгүүрээс гараад гэртээ ирэхэд 19 цаг 55 минут болж байсан..., Цаг харах болсон шалтгаан нь хажуу айлдаа хүүхдээ орхиж гарсан байсан..., Тэр яриа 19 цаг 30 минутын орчим болсон байх... гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Эр-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Эхнэр бид хоёр Н-нд очиход охинтойгоо хажуу айлынхаа хүнтэй хамт байсан..., Тэр үед Н-н нөхөр бас О нөхөртэйгээ ирээд хоорондоо ярилцахдаа Ч-н ах Д-нд цагдаа нар очсон чинь байхгүй байна гэж ярьж байсан..., Ч-с Д-г асуухад гэртээ байгаа ш дээ гэж хэлж байсан.., .Үдээс хойш Н-н охин Н 16 цагийн үед орж ирэхэд нь мах чанаж байсан шөлнөөсөө хийж өгөөд ууж байхад нь юу болсон талаар асуухад Чимгээ эгчийн ах нь талийгаачийг зодсон гэсэн.. .., М эмчид үзүүлэхэд зодуулсан байна гэж хэлсэн. Бас цусаар бөөлжсөн гэж ярьсан..., гэсэн мэдүүлэг

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би Тэшиг сумын Жаргалант дэлгүүрт ажилладаг..., 2016 оны 2 дугаар сарын 04- нд Чу манай дэлгүүрээс 15 цаг 20 минутын орчимд орж ирээд 5000 нэгж, нэг шил 6000 төгрөгийн үнэтэй “Монгол стандарт” архи худалдаж авсан..., гэсэн мэдүүлэг, Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Хагас сайн өдөр буюу 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын үед худаг дээр ус аваад найз Б-н хамт зогсож байхад сумын цагдаа Ш дуудаад энд цагдаа нар үзлэг хийж байгаа юм..., Та хоёр хөндлөнгийн гэрчээр оролцоод өг гэсэн..., Ш цагдаа Х-н Ч гэж хүүхний хашааны гаднаас бид хоёрыг дуудсан..., Бид хоёрыг яваад очиход танихгүй цагдаагийн офицер бид хоёрын овог нэр хаягийг асуугаад бид хоёрт хууль тайлбарлан өгч хөндлөнгийн гэрчээр оролцуулж байна гэсэн..., Цагдаагийн хүн Х-н Ч-н хашаан дотор байдаг ахынх нь шовгор байшинд үзлэг хийсэн..., Гурван хүн үзлэг хийгээд бид хоёр хараад зогсож байсан..., Гэтэл Ч-н ээж нь гэх 70 орчим насны хүн Ч-н ахад “..Чи мэдүүлгээ зөв өгөөрэй, буруу мэдүүлэг өгвөл хар толгойгоороо үүрнэ шүү...” гэж орилсон..., Энэ үед тэнд байсан нэг цагдаа “та ингэж болохгүй, цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй” гэж хэлээд цааш нь холдуулж байсан..., Үзлэг дууссаны дараа бид хоёр гарын үсэг зураад явсан..., гэсэн мэдүүлэг

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Ч нэг хөлөө тайруулсан хөл муутай, таягтай хүн байсан.., . Э манай урд дэлгүүрийн Ч-н ах байгаа юм..., Би банкнаас гараад ирэхэд Э, Ч хоёр гадна сандал дээр сууж байсан..., Намайг хажуугаар нь өнгөрөхөд Э Ч луу хандаж чанга чанга яриад байсан. .., Ч нь Давааны арын Ц ахтай мэндлээд хөл гайгүй дажгүй болчихсон гэж ярилцаж байсан..., гэсэн мэдүүлэг

Гэрч С.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдөр дэлгүүртээ зогсож байгаад19 цагийн үед харьсан..,.Намайг хашаандаа орох үед хашаан дотор манай төрсөн ах Э-н амьдардаг шовгор байшингийн урд руу том гар чийдэнгийн гэрэл тусгаад харсан чинь нэг хүн шовгор байшингийн урд талд хэвтэж байсан..., Тэр хүнийг би та одоо босооч ээ хөлдөж үхлээ ш дээ гээд татаж босгоод суулгасан чинь зүс таних нэрийг нь мэдэхгүй Н-н ах байсан..., Н-н ах “би хаана байна” гэхээр нь ямар нэг юм хэлээгүй..., Н-н утасны дугаарыг асуухад амандаа 9934 гэж хэлсэн сүүлийн оронг нь хэлж чадаагүй..., Миний утсан дээрээс Н-н дугаар гарч ирэхээр нь залгаж, чи хурдан ирээч ах чинь манай хашаан дотор унасан байна гэж хэлсэн..., Н-г ирэхээс өмнө ахыг нь татаж босгоод шовгор луу оруулах гэсэн боловч ах нь босч чадахгүй байна гэсэн.., Н охин Н-тайгаа хамт ирээд охин Н нь нүдний булай архичин минь гэж хэлээд талийгаачийг 2 удаа өшиглөсөн...,Хашаанд байсан чарга авчраад чарган дээр хэвтүүлээд аваад яв гээд ахыг нь чарган дээр гаргаад дээлээр нь ороогоод тэр хоёр аваад явсан... ,гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед байх Ш.Н манай гэрт ганцаараа орж ирээд Ч ахын царай сонин болоод байна гэсээр ороод ирсэн..., Манай нөхөр Г надаас түрүүлж орчхоод ирье гээд гарсан..., Удалгүй орж ирээд ах нь нас барсан байна гэж хэлсэн..., Нөхрийнхөө хамт Н-нд ороход талийгаач толгойгоо үүд рүү харуулаад хэвтсэн байдалтай байсан..., Сумын эмч М үзээд нас барсан байна гэж хэлээд цагдаа дуудсан.., Н-н гэрт ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан зодоон болж байгаа талаар ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Нам тайван хоносон... гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 02 дугаар сарын 04-ний орой 18 цаг гээд ХААН банкны хаалгыг барьж цэвэрлэгээгээ хийж ажил дуусахад 18 цаг 30 минутад гэртээ харихаар гэр лүүгээ явган алхсан.., .Э-н байшингийн арын гудамжаар 18 цаг 40 минутын орчимд ганцаараа явган алхаж явахад Э-н хашаан дотор байдаг шовгор жижиг байшингийн харалдаа хойд талаар нь явж байхад дотор нь согтуу гэмээр нэг хүний дуу чангаар нилээд хэдэн удаа хашгираад байгаа нь сонсогдсон..., Тухайн үед юу гэж хашгираад байсныг нь сайн сонсоогүй, хажуугаар нь гараад явсан..., Миний бодлоор бол нэг согтуу хүн нөгөө рүүгээ дайрч давшлан хашгираад байгаа юмуу гэж сонсогдсон..., Намайг тэр байшингаас холдох хүртэл чанга чангаар нөгөө хүний дуу хашгираад байгаа нь сонсогдсон..., Маргааш нь би ажил дээрээ байхад банкаар үйлчлүүлсэн хүмүүс Ш.Ч-г нас барсан байна гэж ярьж байхыг сонссон... , гэсэн мэдүүлэг,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай хохирогч Ш.Ч-н цогцост задлан шинжилгээ хийсэн -Ш.Ч-н цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж, хэвлийн битүү гэмтэл, дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6 дугаар хавирга, зүүн 2, 4, 5, 6, 7, 9 дүгээр хавирга, зүүн 7, 8 дугаар хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтэний доргилт, цус алдалт, өвдгөнд цус хуралт, нүүр, мөчидөд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь босоо, суугаа хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой. Хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ш.Ч нь цээж хэвлийн битүү гэмтэл, дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ..., гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1568 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн С.Э-н цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Ч-н гэх цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байна..., Цусан дахь 1,1 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ...Сэжигтэн С.Э-н байшинд үзлэг хийх явцад хураан авсан хуванцар бариул, хашааны гаднаас үзлэгийн явцад хураан авсан 2 хэсэг цагаан өнгийн металл нь нэг бүхэл зүйл байсан байна ...,гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1569 дугаартай ...

Хохирогч Ш.Ч-н гэх цэнхэр цамц, саарал зузаан цамц, хөх бэлтгэлийн өмд дээл дээр цус илэрсэн..., Энэ нь В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Сэжигтэн С.Э-н гэх гутал дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Хохирогч Ш.Ч-н гэх цус нь В/3/ бүлгийн цус байна. Сэжигтэн С.Э гэх цус нь В/3/ бүлгийн цус байна..” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3734 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн Ш.Ч-н гэх хүрэн өнгийн дээлний энгэр хэсэгт илэрсэн цацарсан цус, Э-н гэх 1 хос хүрэн өнгийн гутлын зүүн хөлний гутлын хоншоор хэсэгт илэрсэн цусны хэмжээ нь ДНХ-ийн харьцуулсан шинжилгээнд хүрэлцэхгүй..., гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай : ... С.Э-н байшинд үзлэг хийх явцад илрүүлж, бэхжүүлсэн “Монгол стандарт” гэсэн бичигтэй архины шилэн дээрээс илрүүлсэн мөр нь шинжилгээнд тэнцэнэ...., Шинжилгээнд тэнцсэн энэ мөр нь Ш-н Ч-н баруун гарын эрхий хуруугаар дарагдсан байна... , гэсэн дүгнэлт,болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч Ш.Ч нь тухайн үед шүүгдэгч С.Э-тай хамт гэрт нь архи уусан.., тэндээс 21 цагийн орчимд С.Э-н дүү С.Э хохирогчийн дүү Ш.Н руу утсаар залгаад ....танай ах Ч чинь манай хашаанд согтуу тасраад уначихсан хувцас хунараа тайлсан байдалтай байна ирж аваач..., гэж хэлсэн..., дүү нар нь хохирогчийг очиж авахад хашаанд нь хэвтэж байсан..., тэд түүнийг чаргаар зөөж гэртээ авч ирсэн..., Дүүгийнхээ гэрт ирсэнээс хойш гадагшаа гараагүй, нэмж архи уугаагүй, хэн нэгэнтэй зодолдож маргалдсан үйл баримт болоогүй бөгөөд өглөө нь нас барсан.., мөн хохирогчийн биед учирсан олон тооны гэмтэл нь түүнийг С.Э-н хашаанаас чаргаар чирч явах, чарган дээр хэвтүүлэх үед мөн чарганаас буулгах үед үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон..,түүнчлэн С.М-д очсны дараа учирсан гэж үзэх үйл баримт болон үндэслэл тогтоогдохгүй байна. С.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хийвэл зохих ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,хэрэгт авагдсан дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогч, шинжээч нараас хуулийн дагуу мэдүүлэг авсан, анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэлэлцэж хэргийг шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г-ын ...анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

С.ЦЭЦЭГМАА