Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/03654

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр Дугаар 101/ШШ2019/03654 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.А *******/,

Хариуцагч: Э.О нарт холбогдох,

157,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ....... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Эминий бие Ч.Атай 2017.12.30-ны өдөр 105,000,000 төгрөгийн бараа өгч 2018.12.30-нд үүргийн гүйцэтгэлийг хангаж мөнгийг бүрэн төлж барагдуулахаар хэлцэл хийсэн болно. Гэвч Ч.А, Э.О нар төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахгүй байсан тул дахин боломж олгож 2019.03 сард 20%-ийг нь төлөх мөн сарын 3%-ийн хүү төлж байхаар бичгээр хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа.

Дээрх гэрээний зүйлийг гэрээ байгуулагдсан өдөр Ж.Эээс Э.О, Ч.А нарын өмчлөл рүү шилжүүлэн өгсөн. Хэрэв зээлдэгч Э.О, Ч.А нар гэрээнд заасан тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож зээлдүүлэгч Ж.Эт төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Ч.А нь 2019.02.01-ний өдөр зээлдэж авсан тамхины мөнгө болох 105,000,000 төгрөгөө 2019.07.20-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа гаргаж өгсөн боловч тодорхой үр дүн гараагүй, эл хугацаануудад мөнгөө өгөхгүй, хүндрэл, чирэгдэл үүсгэж ирсэн. Иймд үндсэн төлбөр 105,000,000 төгрөг болон гэрээний дагуу төлөх хүүгийн нийлбэр 52,500,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөгийг хариуцагч Ч.А, Э.О нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.А, Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ж.Энь Ч.А, Э.О бид хоёрт холбогдуүлан 157.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасантай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 105.000.000 төгрөгийн тамхи хүлээн авсан нь үнэн боловч тухайн өдрийн гэрээг байгуулахад Ч.А миний бие байгаагүй ямар нэгэн бичгийн гэрээ хэлцэлгүйгээр, амаар харилцан тохиролцож тамхийг хүлээн авсан байдаг.

Бидний анхны тохиролцоогоор "*******" ХХК-ийн зүгээс гаргаж байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туүлахад түсламж үзүүлэн дээрхи нийт 105 сая төгрөгийн тамхийг зээлээр авсан бөгөөд энэхүү тамхины мөнгийг нэг жилийн дараа буцаан өгөхөөр тохиролцсон болно. Бидний зүгээс санхүүгийн асар хүнд байдалд орсоны улмаас дээрхи төлбөрийг төлж чадалгүй удаасан буруутай хэдий ч ах дүү, амраг садны холбоотой нэхэмжлэгчийг залилах, дээрхи мөнгийг өгөхгүй байх, оргон зугтах зэрэг зохисгүй үйлдлийг бид гаргаж байгаагүй. Харин ч байж болох бүхий л нөхцөлөөр өөрсдийнх нь хүссэнээр баримт бичиж өгсөөр өнөөдрийг хүрсэн болно.

Бид анхнаасаа ямар нэгэн хүү алданги тооцох талаар ярьж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч нь явцын дунд янз бүрийн ааш араншин гарган, янз бүрээр бичиг бичүүлэх, гэр оронд ирж сүрдүүлэх, дарамтлах байдлаар ирсэн ч бид өөрсдийн бурууг хүлээн тэвчээртэйгээр явж ирсэн. Өнөөдрийн байдлаар бидний бүхий л үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд бусдын барьцаанд байгаа бөгөөд аль болох ажил хөдөлмөр эрхлэн мөнгө төгрөг олохоор чармайн хичээж байгаа хэдий ч санаснаар төдийлөн болохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн дарамтаас шалтгаалан амиа хорлохыг хүсэх ч үе байх юм.

Манай үйл ажиллагаа явуулж байгаа салоны байр нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаагаас хамааран байнга тог цахилгаан таслах, байраа хаалгах зэрэг хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагагаа тогтмол явуулж чадахгүй байдгаас гадна олж байгаа төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн худалдагч талаас аваад байдгаас мөнгө төлөхөд хүндрэлтэй байдаг. Бид анх 105 сая төгрөгийн тамхи зээлээр авсантай огт маргадаггүй бөгөөд энэхүү төлбөрийг төлөхөөр харилцан эвлэрэхэд татгалзах зүйлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 105 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ах дүү, хамаатан хүмүүс 105 сая төгрөгөөр ажил хийх нөхцөлийг нь хангаж тусалж байсан хэрнээ одоо нэхэх ёстой гээд нэхэмжлээд байна. Тэнгэрт байгаа ээж маань хүртэл хараад байж байгаа. Хүний амьдралд босох үе байгаа байх. Бид хоёр 20 гаруй жил зах дээр зогсохдоо яаж хөдөлмөрлөж байлаа. Нэг ч өдөр амарч байгаагүй. Яаж ажиллаж байсан та мэдэж байгаа. Нарантуулын шороог долоож, энэ амьдралыг босгож байсан талаар мэдэж байгаа. Хүүхдүүдийн минь хувь заяаг та ойлгохгүй байна.

Мөнгө төгрөг байгаа хэрнээ танд би өгөхгүй байгаа бол та уурлах нь аргагүй. Гэхдээ дүүд нь одоо төлөх ямар ч боломж алга. Энэ хүний төлбөрийг төлөх хугацаагаар хангаж өгнө үү гэж хүсэж байна. Миний хань өөрийгөө ч хайхрахгүй ажиллаж байгаа. Мөнгөө авчихвал би дор нь таны өрийг төлнө. Эгч минь та харин хүү, алдангиа болиоч гэж хэлмээр байна. Ядарч байх үед хэрэггүй байх гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Ч.А, Э.О нарт холбогдуулан 157,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлээс 105,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, санхүүгийн боломжгүй үндэслэлээр 52,500,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 105,000,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, тамхины мөнгийг хариуцагч нар 2018 оны 12 дугаар сарын 30-нд нэхэмжлэгчид буцаан өгөхөөр амаар хэлэлцэн тохиролцсон талаар зохигч маргаагүй байна. Талууд 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр тус тамхины мөнгийг ямар хугацаанд төлж барагдуулах талаар хэлцэл хийж, хариуцагч нар 2019 оны 03 дугаар сард төлбөрийн 20 хувийг, 07 дугаар сарын 20-нд үлдэх төлбөрийг төлөхөөр тохиролцон, төлбөрийн хугацааг хариуцагч нар хэтрүүлсэн нөхцөлд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч 105,000,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч нар тодорхой хугацааны дараа тамхины мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нар тохиролцсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар зохигч мөнгөн төлбөрийн үүрэгт алданги тооцохоор бичгээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцнэ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын амаар тохиролцсон хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд 100 хоногийн алдангийг мөнгөн төлбөр 105,000,000 төгрөгөөс тооцож 52,500,000 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн алданги шаардаж тооцсон тооцоолол буруу болжээ.

Талууд бичгээр хийсэн хэлцэлдээ хариуцагч нар төлбөрийг 2019 оны 03 дугаар сард төлж эхлэхээр заасан тул нэхэмжлэгчийн алданги шаардах эрх нь 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн тоологдох учир нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс алдангийг тооцсон нь хэлцлийн агуулгад нийцэхгүй, дурдсан хугацаанаас өмнө төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй явдлыг тохиролцсон хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Ч.А, Э.О нараас 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд хамаарах 32 хоногийн алданги 17,325,000 төгрөгийг үндсэн төлбөр 105,000,000 төгрөг дээр нэмж, нийт 122,325,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгож, илүү нэхэмжилсэн 35,175,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хариуцагч Ч.Агийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг өмнөх шүүх хуралдаанаас мэдэгдэж, өмгөөлөгч товд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, мөн хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан хэлэлцэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.А, Э.О нараас 122,325,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэлээс 35,175,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,103,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.А, Э.О нараас 769,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ