Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 136/ШШ2021/00086

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 13 өдөр 136/ШШ2021/0086 С сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 6 дугаар баг, Д гудамж, **6 тоотод оршин суух, Б овогт У Ш /РД: 0666666666/,

 

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 6 дугаар баг, Д гудамж, **** тоотод оршин суух, У овогт Бгийн Б /РД:Е6666666/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймаг, С сум, 6 дугаар баг, Д гудамж, .****9 тоотод оршин суух, Д овогт Нийн Б /РД:Е5555555/-д

 

3 948 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Ш, Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д аймгийн С сумын 3 дугаар баг Зны 3** дугаар гудамжны **8 тоот газарт үйлчилгээний төв барьж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. Иргэн Н.Бтай уг барилгын дээврийн ажлыг 4 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцож 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр барилгын ажлыг эхэлж 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тухайн ажлыг хийж дуусгаад бид хоорондох тооцоог бүрэн төлж, дээврийн тухайн үед хүйтний улирал байсан учир шалгах боломжгүй байсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 12-ны орсон бороо байшингийн дээврээс баруун хойно, зүүн урьд, зүүн хойно, баруун урьд хэсгүүдээр ус гоожиж, өрөөний гэрлүүд шатаж эд материалаараа хохироод байна. Тэр өдөр Н.Бтай холбогдож гэрт очиж уулзаад өөрт нь байгаа байдлыг газар дээр харуулсан болно. Н.Быг дахин дээврийг янзалж өг гэсэн боловч татгалзсан юм. Иймд дээврийг

 

 

дахин янзлахын тулд өмнө нь хийсэн бетоныг хуулж ховхолж хаясан. Бетоныг хуулахад зүүн хойд талдаа үнс нимгэн, зарим газраа шороо, элстэй байсан. Н.Баас дээврийн хөлс болон бетон зуурмагийн үнийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.Бийн гаргасан нэхэмжлэл, түүний шаардлага, үндэслэлтэй танилцаад хариуцагч миний зүгээс шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б миний тухайд Б.Бтэй амаар харилцан тохиролцож барилгын дээврийн ажлыг гүйцэтгэхээр болж 2019 оны 09 дүгээр сард дээврийн ажлыг эхэлж, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Б нь нөхрийн хамт үзэж хүлээж авсан. Барилгын дээврийн хучилтын хавтан дээр цангаас хамгаалах зориулалтын нимгэн брезенттэй зүйрлэхээр тусгай материалыг цавуудаж нааж, дээрээс оройн хэсэг 30 сантиметр, ус зайлуулах цоргоны хэсэгтээ 3-4 сантиметр зузаан үнсээр хучиж, түүний дээр 5 сантиметр зузаантай цементэн зуурмагаар цутгалт хийсэн. Харин үүний дээр дахин уснаас хамгаалах хулдаас шиг материал нааж, дээрээс нь дахин цементэн зуурмагаар цутгалт хийх байсныг нэхэмжлэгч тал хөрөнгө зардлаас шалтгаалсан юм уу өөрсдөө хийлгэхгүй гэсэн учраас хийгдээгүй болно. Анхнаасаа дээврийн стандартыг зөрчиж дутуу хийлгэчхээд, мөн гэрээ хэлцэл байгуулаагүй амаар тохиролцчихоод, албан ёсоор акт баримт үйлдэлгүй өөрсдөө нүдээр үзэж болно гэж тухайн үед зөвшөөрч хүлээж авсан атлаа жилийн дараа доголдол гарсан гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр борооны ус гоожлоо гэж хэлэхээр нь ирж хамгийн дээд давхраар ус гоожсон гэх өрөөнүүдээр явж үзэхэд баруун хойд булангийн ариун цэврийн өрөөний гэрлийн утасны нүхээр ус гоожсон, бусад газарт нь огт ус гоожоогүй байсан. Гэтэл нэхэмжлэгч ус гоожсон гэдгээр шалтаглан далимдуулж дээвэртээ надаар хөөсөнцөр дэвсүүлж дахин засуулах гэсэн тул би хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Ш, Б.Б нар нь хариуцагч Н.Бд холбогдуулан Д аймаг, С сумын 3 дугаар багт Цахим хөгжлийн төв-ийн барилгын дээврийн ажлыг чанаргүй гүйцэтгэснээс учирсан хохирол 3 948 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

Д аймаг, С сумын 3-р багт Цахим хөгжлийн төв-ийн барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр талууд амаар гэрээ хийж, ажлыг 2019 оны 09 дүгээр сард дээврийн ажлыг эхлэн, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэн хүлээн авсан, хүлээлгэн өгсөн,

Нэхэмжлэгч тал: 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дээврийн ажил гүйцэтгүүлсэн төлбөр тооцоог бүрэн өгч дуусгасан. Тухайн үед дээврийн ажлыг шалгаж хүлээн авах боломжгүй байсан тул нүдээр харан хүлээж авсан,

Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 12-ний өдөр бороо их хэмжээгээр орж барилгын дээврээс ус гоожсон. Ус гоожсоныг мэдэн ...Н.Быг дагуулан барилгын дээврийг харуулсан. Маргааш өдөр Н.Бтай уулзаж засварлаад өг, засварлах материалыг би гаргая гэхэд надад за гэж хэлсэн. 5 хоногийн дараа гар утсаар холбогдох гэсэн боловч гар утсаа аваагүй. Гэрт нь очиход Би янзалж чадахгүй, манай хүргэнд хөлс мөнгө өгөөд янзлуул...гэсэн. Бид ажлын хөлс 1 000 000 төгрөг, зуурмагийн үнэ 2 948 000 төгрөг төлж дээврийн ажлыг дахин хийлгэсэн гэжээ.

 

 

 

Хариуцагч Н.Б нь 2019 оны 09 дүгээр сард дээврийн ажлыг эхлэн, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Б, У.Шны хамт хүлээн авсан. Барилгын дээврийн хучилтын хавтанд уснаас хамгаалах зориулалтаар энгийн брезинтэн хучилтыг цавуудан нааж, дээрээс нь оройн гэрэл, ус зайлуулах хоолойд 3-4 см зузаантай хучилт хийж, түүний дээр 5 см зузаантай цементэн зуурмагаар цутгалт хийсэн. Үүний дээр уснаас хамгаалах ус тусгаарлагч нааж, 2-3 см бетон цутгах ёстой. Гэтэл Б.Б сүүлийн бетоныг цутгуулаагүй. ...Дээврийн ажлын гүйцэтгэлийг дутуу хийлгэсэн, мөн гэрээ, хэлцэл байгуулаагүй, амаар тохиролцож, албан ёсны акт үйлдэлгүй өөрсдийн нүдээр харж хүлээн авч болно гэж үзсэн. Иймд 1 жилийн дараа барилгын дээврийн ажилд доголдол гарсан гэх шалтгааныг хүлээж авах боломжгүй гэжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу...материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар дээврийн ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулан, захиалагчийн материалаар, гэрээнд зааснаар ажлыг хугацаандаа гүйцэтгэн хүлээн авч, хүлээлгэн өгсөн, хөлсийг бүрэн төлсөн байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ талаар маргаагүй байна.

 

Хариуцагч тал: ...1 жилийн дараа барилгын дээврийн ажилд доголдол гарсан... гэх шалтгааныг хүлээж авах боломжгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэгч...ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш ...хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан заалт нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа биш харин гэрээний талуудын хооронд гомдлын шаардлага гаргах хугацааг заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч талыг хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж ойлговол зохино.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт дараах тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх:

а/. Ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ...ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал

б/. ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон гэжээ.

 

Хариуцагч тал: Би Бийн өгсөн юмаар л /материалаар/ ажлыг нь хийсэн гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн ...Ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ...ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал захиалагчид нэн даруй мэдэгдэх гэсэн заасан байна.

 

 

 

Хариуцагч нь ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөхөөр бол захиалагчаас материал шаардах, зураг төсөвтэй танилцах, өөрөө төсөв зохиох гэх мэт үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 325.2.2 дахь хэсэгт Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэжээ.

 

Нэхэмжлэгчийн ...Н.Быг дагуулан барилгын дээврийг харуулсан. Маргааш өдөр Н.Бтай уулзаж засварлаад өг, засварлах материалыг би гаргая гэхэд надад за гэж хэлсэн. 5 хоногийн дараа гар утсаар холбогдох гэсэн боловч гар утсаа аваагүй. Гэрт нь очиход Би янзалж чадахгүй, манай хүргэнд хөлс мөнгө өгөөд янзлуул...гэсэн. Бид ажлын хөлс 1 000 000 төгрөг, зуурмагийн үнэ 2 948 000 төгрөг төлж дээврийн ажлыг дахин хийлгэсэн гэжээ.

 

Захиалагч нь доголдлыг арилуулахаар шаардлага тавьсан, ...өөрөө уг доголдлыг арилгаж, гарсан зардлаа нэхэмжилсэн нь хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Б нь С сумын 3-р багт Цахим хөгжлийн төв-ийн барилгын дээврийн ажлыг гүйцэтгэхдээ чанаргүй буюу доголдолтой гүйцэтгэснээс нэхэмжлэгч нар нь дахин өөр бусдаар ажил гүйцэтгүүлж, бараа материалд 2 948 000 төгрөг, ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг нийт 3 948 000 төгрөг зарцуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар гэрчүүдийн мэдүүлэг, фото зураг /хх-7-13 дугаар тал/, Барилгын чанарын тухай Улсын байцаагчийн дүгнэлт /хх-72-73 дугаар тал/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-20-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Б.Баас 3 948 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Ш Б.Б нарт олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Барилгын тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1.12 дах хэсэгт Барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг тодорхойлсон. Мөн 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх хэсэгт Барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх, 40 дүгээр зүйлийн 40.1.18 дах хэсэгт Барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцна. 40 дүгээр зүйлийн 40.1.22 дах хэсэгт захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах тухай заасан байна. Хуулийн шаардлагын дагуу Айсуй хөгжил ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч У.Ш, Б.Б нар дээр дурдсан Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9, 40.1.18, 40.1.22 дах заалтуудыг зөрчин барилгын ажил хүлээлгэгчид хүлээлгэн өгсөн барилгын дээврийн ажлыг бие даан гүйцэтгэх үүргийг түүний өмнөөс дур мэдэн дээврийн хучилтын ажлыг хийлгэсэн нь хууль зөрчсөн хангалттай үндэслэл болно. Захиалагч Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дах хэсэгт зааснаар барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэх өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцахаар хуульчилсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Энэ тайлбараар хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний доголдлоос үүссэн учирсан хохирлыг үгүйсгэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 78 918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ш, Б.Б нарт олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэг, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас 3 948 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ш Б.Б нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 918 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 78 918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ш, Б.Б нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ