Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 202/МА2021/00014

 

 

У.Ш, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 136/ШШ2021/00086 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар баг, Дампил гудамж, 16-А-** тоотод оршин суух, Б овогт У.Ш

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6 дугаар баг, Дампил гудамж, 16-А-** тоотод оршин суух, У овогт Б.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6 дугаар баг, Дампил гудамж, 19-0-16 тоотод оршин суух, Д овогт Н.Б холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт зардал 3.948.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Н, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал нар оролцов.

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Ш, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Залуучуудын 303 дугаар гудамжны 01 тоот газарт үйлчилгээний төв барьж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. Иргэн Н.Б уг барилгын дээврийн ажлыг 4.000.000 төгрөгөөр хийхээр тохиролцож 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр барилгын ажлыг эхэлж 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тухайн ажлыг хийж дуусгаад бид хоорондох тооцоог бүрэн төлж, дээврийн тухайн үед хүйтний улирал байсан учир шалгах боломжгүй байсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 12-ны орсон бороо байшингийн дээврээс баруун хойно, зүүн урд, зүүн хойно, баруун урд хэсгүүдээр ус гоожиж, өрөөний гэрлүүд шатаж, эд материалаараа хохироод байна. Тэр өдөр Н.Б холбогдож гэрт очиж уулзаад өөрт нь байгаа байдлыг газар дээр харуулсан болно. Н.Б-ыг дахин дээврийг янзалж өг гэсэн болов татгалзсан юм. Иймд дээврийг дахин янзлахын тулд өмнө нь хийсэн бетоныг хуулж ховхолж хаясан. Бетоныг хуулахад зүүн хойд талдаа үнс нимгэн, зарим газраа шороо, элстэй байсан. Н.Б-аас ажлын хөлс 1.000.000 төгрөг, зуурмагийн үнэ 2.948.000 төгрөг, нийт 3.948.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бусад материалын үнийг нэхэмжлээгүй” гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд Б.Б-ийн гаргасан нэхэмжлэл, түүний шаардлага, үндэслэлтэй танилцаад хариуцагч миний зүгээс шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б миний тухайд Б.Б-тэй амаар харилцан тохиролцож барилгын дээврийн ажлыг гүйцэтгэхээр болж 2019 оны 09 дүгээр сард дээврийн ажлыг эхэлж, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Б нь нөхрийн хамт үзэж хүлээж авсан. Барилгын дээврийн хучилтын хавтан дээр цавуудаж нааж, дээрээс оройн хэсэг 30 сантиметр, ус зайлуулах цоргоны хэсэгтээ 3-4 сантиметр зузаан үнсээр хучиж, түүний дээр 5 сантиметр зузаантай цементэн зуурмагаар цутгалт хийсэн. Харин үүний дээр дахин уснаас хамгаалах хулдаас шиг материал нааж, дээрээс нь дахин цементэн зуурмагаар цутгалт хийх байсныг нэхэмжлэгч тал хөрөнгө зардлаас шалтгаалсан юм уу өөрсдөө хийлгэхгүй гэсэн учраас хийгдээгүй болно. Анхнаасаа дээврийн стандартыг зөрчиж дутуу хийлгэчхээд, мөн гэрээ хэлцэл байгуулаагүй амаар тохиролцчихоод, албан ёсоор акт баримт үйлдэлгүй өөрсдөө нүдээр үзэж болно гэж тухайн үед зөвшөөрч хүлээн авсан атлаа жилийн дараа доголдол гарсан гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр борооны ус гоожлоо гэж хэлэхээр нь ирж хамгийн дээд давхраар ус гоожсон гэх өрөөнүүдээр явж үзэхэд баруун хойд булангийн ариун цэврийн өрөөний гэрлийн утасны нүхээр ус гоожсон, бусад газарт нь огт ус гоожоогүй байсан. Гэтэл нэхэмжлэгч ус гоожсон гэдгээр шалтаглан далимдуулж дээвэртээ надаар хөөсөнцөр дэвсүүлж дахин засуулах саналтай байсан. Тухайн үед би 13А маягттай яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай байсан учир зөвшөөрөөгүй. Б.Б тэгвэл би таныг шүүхэд өгч хоёулаа учраа олъё гэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 136/ШЗ2021/00066 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэг, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-аас 3.948.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ш, Б.Б нарт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.918 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-аас 78.918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ш, Б.Б нарт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.0 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын цуглуулж гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсэгт өмгөөлөгч миний гаргасан хуулийн үндэслэл бүхий тайлбарыг “Энэ тайлбараар хариуцагч, нэхэмжлэгчийн нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний доголдлоос үүссэн учирсан хохирлыг үгүйсгэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагаас татгалзах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалт хангагдаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчаас 3.948.000 төгрөг төлж барагдуулах гэсэн шаардлага гаргасан

У.Ш нь “Айсуй хөгжил" компанитай 2019 оны 06 сарын 04-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" -г 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс 2020 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Энэхүү гэрээний 5.1-д “Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгнө”, 5.3-т “Туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, түүний үүргийг захиалагчийн өмнө бүрэн хариуцна” гэж заасан.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.13 дахь заалт болон “Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр У.Шуурга нь эрх, үүрэг хүлээсэн захиалагч болно. Харин Б.Б-т Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар хуулийн дагуу болон итгэмжлэлээр төлөөлөгчийн эрх үүсээгүй, захиалагчийг хэлцэлд төлөөлөх, гэрээ хэлцэл хийх эрхгүй. Гэтэл Б.Б Иргэний болон Барилгын тухай хууль, гэрээг зөрчиж. хариуцагчаар дээврийн хучилтын ажил гүйцэтгүүлсэн нь нэхэмжлэлийн үндэслэл, Б.Б, Н.Б нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон нөхцөл байдлыг анхан шатны шүүх бодитой үнэлж дүгнээгүй.

Нэхэмжлэлийн үндэслэлд “Бид хоёр хувиараа барилгын засварын ажил эрхэлдэг иргэн Н.Б-тай уг үйлчилгээний төвийн барилгын дээврийн ажлыг 4.000.000 төгрөгөөр хийхээр тохиролцож...“ гэснээс үзэхэд талуудын хооронд хэлцэл байгуулагдсан, гэрээний төрлийн тухайд хариуцагч нь захиалагчийн материалаар дээврийн хучилтын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгч, нэхэмжлэгч хөлсийг төлсөн” ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэслэлтэй мэт боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 1 дэх хэсгийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийн шинжийг агуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Үндэслэл нь: Зөвхөн Б.Б, Н.Б нар дээврийн ажил хийхээр ярилцаж тохиролцсон. Харин У.Ш огт оролцоогүй нь хэрэгт цуглуулсан. гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

"Барилгын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12 дахь заалтад “Барилгын ажил гүйцэтгэгч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг’ гэж тодорхойлсон, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг”-ийн 40 дэх хэсгийн 40.1.9-д "Барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх", 40.1.18-д “Барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах", 40..22-т “Захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.13-т зааснаар захиалагч “Барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр гарах эрсдэл, хохирлыг хариуцах”-аар хуульчилжээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.13-т зааснаар У.Ш захиалагчаар оролцож “Айсуй хөгжил' ХХК-тай "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байхад Б.Б нь захиалагчийг төлөөлөх, гэрээ хэлцэл хийх эрхгүй атлаа Иргэний хуулийн 62 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.9, 40.1.18, 40.1.22 заалтуудыг зөрчин, барилгын ажил гүйцэтгэгчийн хуулиар хүлээсэн дээврийн ажлыг бие даан гүйцэтгэх үүргийг хувь хүнээр гүйцэтгүүлэхээр ярьж тохиролцсон үйлдэл хууль зөрчсөн хангалттай үндэслэл болно.

Б.Б-ийн уур ус тусгаарлагч дэвсүүлэх, үнсэн дулаалга, бетон хучилт хийлгэе гэсэн зааварчилгаар, түүний сонгож захиалж авсан материалаар Н Б барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн, харин Н.Б-д Сант Номун ХХК-ийн боловсруулсан СН-19/2019 шифртэй барилгын зураг төслийг үзүүлж ямар материалаар, хэдий хэмжээний төсөвт өртгөөр дээврийн ажил хийгдэхээр төсөвлөгдсөнийг танилцуулаагүй хариуцагчийн тухайд дээврийн хучилтын ажил зураг төсөлд заагдсан шат дараалал, материалаар хийгдэж байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан.

Захиалагчийн өмнөөс нэхэмжлэгч Б Б дээврийн ажлыг зураг төслөөс өөрчлөн гүйцэтгүүлсэн нь эрсдэл, эвдрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн буруутай байна.

Б Б-ийн зааварчилгаар барилгын зураг төсөлд заагдсан ус тусгаарлагч хар цаас дэвсэх ажил хийгдээгүй нь дээврийн ажлыг зураг төслөөс өөрчилсөн үндэслэл, нотолгоо болно.

Өмгөөлөгч миний хүсэлтийн дагуу нэхэмжлэгч тал мэргэшлийн төсөвчингөөр /БНбД 81-94-12, БНбД 81-95-12/ төсвийн норм, нормативын баримт бичиг дүрэм заавар аргачлалын дагуу зохиолгосон барилгын төсвийн тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй, харин өөрсдийн зарцуулсан зардлын жагсаалтыг гаргаж өгсөн.

Барилгын дээврийн ажлын зардалд зураг төслийн төсөвт өртгөөс бага үнээр материал авсан, ажлын хөлс зарцуулсан нь нотлогдох тул барилгын зураг төслийн төсвийн тооцоог өгөөгүй гэсэн эргэлзээ төрж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 12-р сарын 23-ны өдрийн УКД- 97/2019 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”-ийн 3.1 дэх заалтад “Энэхүү барилга байгууламжийн ажил нь зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв”, мөн “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” №01-д “Дээврийн үнсэн дулаалга хийх дээврийн ус хаялгын налууг үнсээр гаргах, уур тусгаарлагч дэвсэх ажлыг Н Б бригад хийж гүйцэтгэв. 2019.09.15 гэсэн байх тул дээврийн хучилтын ажлыг нэхэмжлэгчийн зааварчилгын дагуу гүйцэтгэсэн, хэвийн байдлаар хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Б Б 2020 оны 8-р сард буюу борооны ус гоожсон даруйд мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж газар дээр нь үзүүлж шалгуулахгүйгээр дээврийн ажлыг дахин хийж гүйцэтгэчихээд 5 сар гаруйн дараа 2021.02.26-ны өдөр аймгийн МХГ-т хүсэлт гаргаж, барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлтийг нөхөж гаргуулсан нь "Барилгын тухай" хуулийн 46 дугаар зүйлд заасан “Барилга барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэг"- ийн 46.1 дэх хэсгийн 46 1.11-д “Барилгын хийц бүтээцэд ан цав цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан холбогдох арга хэмжээг авах" гэснийг биелүүлээгүй зөрчсөн хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэлт гаргуулаад дараа нь засвар хийх гэсэн логик ойлгогдож байна.

Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь МХЕГ-ын даргын 2019 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага"-ын

- "Шалгалт гэж хүн, хуулийн этгээд үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг биелүүлж байгаа байдлыг хууль, эрх зүйн үндэслэл, журам, арга хэлбэрээр биечлэн үзлэг хийх, баримт бичигтэй танилцах, бодит нөхцөл байдлыг үнэлэн тогтооход чиглэсэн арга хэмжээний цогцыг хэлнэ” /4.1/,

- Шалгалт хийх аргад “Хяналт шалгалтын обьектод үзлэг хийх...” /7.1/  гэснийг зөрчсөн

- Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн өгсөн дүгнэлт 2021.03.01, харин аймгийн МХГ-аас хариуцагчийн өмгөөлөгчид өгсөн дүгнэлт 2021.03.04 гэж өдөр зөрөөтэй

- Мөн дүгнэлтийн “Дүгнэх” хэсэгт “Барилга байгууламж инженерийн шугам сүлжээний засвар ашиглалтын хугацааны жишиг норм” /БНбД 13-04-03/-ын хүрээнд засвар хийх гэж заасан ба уг баримт бичиг нь Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 231 дүгээр тушаалаар 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон      

Иймд дээрх үндэслэлүүдээр нотлох чадвараа алдсан “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт”-ийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэж байна.

Дээрх хууль, эрх зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Б.Б нь Барилгын тухай хуульд заасан барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг нэгтгэж, мөн өөрөө дээврийн хучилтын ажлыг зураг төслөөс өөрчлөн, материалыг сонгож захиалан авч, хувь хүнтэй тохиролцон дээврийн хучилтын ажлыг гүйцэтгүүлж Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.9 дэх заалтыг зөрчсөн, У.Ш Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар Б.Б-т итгэмжлэл олгоогүй, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээх үндэслэлтэй нь нотлох баримтуудаар тогтоогдож, Б.Б, Н.Б нарын хооронд амаар хийсэн тохиролцоог ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч У.Ш, Б.Б нарын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн хүсэлт гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх би айлын дээвэр хийж дуусаж байхад Б.Б машинтай ирээд Н.Б ахаар дээвэр хийлгэнэ гээд нэг үеэр хийлгэе гэж тохирсон. Би хүмүүстэй энэ хүн нэг үе хучилттай дээвэр хийлгэнэ гэнэ гэхэд тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд 1 дүгээр үеийг хийж өгөөд за ажил дууслаа гэхэд за үзье гээд өөрөө дээвэр дээр гарж үзээд зураг авчаад за боллоо гэсэн. Би маргааш нь ирээд жоохон ан цав гарсан байсан тэрийг нь хийж янзалж өгөөд явсан. Намайг ажил эхлэхэд гурван тал нь шон зоосон ямар ч ачаа өргөх боломж надад байгаагүй. Би хувиараа кран хөлслөөд үнсэн тэгшилгээ эхлээд хийгдээд хайрга цементээ дээвэр дээр гаргахын тулд кран хөлслөөд эхлээд машин гаруй хайрга кранаар авсан өөрөөр хайрга авах боломжгүй байсан. Тэгээд хайргаа аваад зуурмагаа хийх болохоор үнс нь зуурмагт орчих гээд үнс зуурмаг 2 холилдохоороо бетон хагардаг. Тийм учраас үнсэн дээгүүрээ хайргаа авхуулсан. Тэртээ тэргүй үнсэн тэгшилгээгээ хийгээд хайргаа авч байгаа. Өөрөөр үнсэн дээр авах ямар ч арга байгаагүй” гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Б болон У.Ш нарын тухайд тухайн барилгыг барихдаа “Айсуй хөгжил” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад зөвхөн хувиараа барилгын дээврийн ажил гүйцэтгэдэг Н.Б гэх иргэнтэй барилгын ажил гүйцэтгэх дулаалга, бетон тэгшилгээ, ус тусгаарлагчийн ажил гээд энэнээс бусдыг нь “Айсуй хөгжил” ХХК-иар гүйцэтгүүлсэн байдаг. Б.Б хувиараа олон жилийн хугацаанд барилгын чиглэлээр 20 гаруй жил ажилсан ийм хүн байгаа. Өмнө нь нэхэмжлэгч нар өөрийн гэрийн хувийн байшингийн сууцны дээврээ янзлуулж байсан юм байна. Энэ итгэлцлийнхээ үндсэн дээр “Цахим төв” буюу барьж байгаа барилгын дээврийн ажлыг Н.Б-тай Б.Б уулзаад аль аль нь амаар шууд тохиролцож тухайн ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг хүлээлгэн өгөөд өөрсдийнхөө зардлаар бараа материалыг өгч тэр материалаар хариуцагч Н.Б хийж гүйцэтгэсэн байдаг. Эхний тайлбар тухайн дээврийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай дахин дулаалга явах дараагийн үе шатны зүйлийг хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад хийлгээгүй учир энэ доголдол үүссэн гэж нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг өгдөг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэтгэлцээний явцад асуухад шаардлагатай нэмж орох бараа материалыг нэхэж байгаагүй. Нэхэмжлэгч нараас хүлээлгэж  өгсөн бараа материалаар гүйцэтгэсэн. Өөрийнхөн гүйцэтгэж байгаа ажлын чанар байдалд нөлөөлөх байдлаар хэрвээ тийм зүйл байвал ажил гүйцэтгэгч, захиалагчид даруй мэдэгдэнэ гэсэн ийм хуультай байтал энэ заалтыг биелүүлж ажиллаагүй юмаа. Өгсөн бараа материалаар тааруулаад хийж өгсөн. Өөр ямар материал шаардлагатай талаар хэлж байгаагүй гэдэг. Энэ хэргийг нэг удаа шүүхээс буцаасан. Нэхэмжлэлийг буцаахад захирамжид би бол У.Ш, Б.Б нартай гэрээ байгуулсан. У.Ш-тай амаар тохиролцож гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн Б.Б-тэй гэрээ байгуулсан гээд байдаг. Н.Б-ны өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбарт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Б, У.Ш нар хамтдаа тухайн барилгын ажлыг хүлээж авсан гээд. Үүнээс харахад нэхэмжлэгч У.Ш, Б.Б нартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь нотлогдон тогтоогдож байгаа юм. Б.Б-т эрх байна уу гэдэг дээр хавтаст хэрэгт 4 давхар барилгыг давхар давхраар нь өмчлөлтэй гэрчилгээ гарсан. Жишээлбэл барилгын 3 дугаар давхар У.Ш, 2 дугаар давхар Б.Б гэдэг юм уу тийм байдлаар давхар давхраар эхнэр, нөхөр 2 буюу нэхэмжлэгч нар өмчлөөд авсан ийм нөхцөл байдал тогтоогддог учир Б.Б-т Иргэний хуульд зааснаар гэрээ байгуулах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлтийн  зөрүүтэй гаргасан хугацааны талаар тайлбарлахад шинжээч тухайн үед засаад дууссан байхад барилга дээр очиж зураг төсөл болоод холбогдох материалуудыг ямар хог хаягдал гарсан гэх нөхцөл байдлуудыг харж байгаад дүгнэлт хийсэн. Энэ талаар шинжээчийнхээ дүгнэлтэд тодорхой тайлбарлаад бичсэн харагддаг. Тэр өдрийн зөрүүтэй асуудал бол Б.Б-т өгөхдөө 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гээд өгсөн. Э.Э өмгөөлөгчид 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гээд өгсөн байдаг. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал үзсэн он сар зөрүүтэй байна гээд. Шинжээчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж эсвэл албан бичиг өгч залруулга өгөөч гэсэн чинь энэ бол нарийн бичгийн техник алдаа байна 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нь зөв юмаа гээд сүүлд бид нарт хуулбар үнэн гээд ахиад 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэсэн шинжээчийн дүгнэлтийг өгсөн. Үүнд техникийн алдаа байхаас хамгийн гол нь дугаар, дотор агуулга бол огт зөрөөгүй тийм баримт учир нотлох баримтаар үнэлсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй байсан. Барилгын ажлыг гүйцэтгэсэнтэй холбогдуулаад түүний ажил үүргийн доголдол үүссэн учир энэ доголдолтой холбогдуулаад Барилгын тухай хуулийн хариуцагчийн яриад байгаа зүйл заалтыг олон жил ажилласан туршлагатай Н.Б өөрөө зөрчсөн мөн нэхэмжлэгч тал аль аль нь зөрчсөн. Барилгын тухай хуулийг зөрчсөн нь ажил гүйцэтгэх гэрээний доголдлоос үүрэг хариуцлага чөлөөлөгдөх, татгалзах ийм үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

              

               Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 136/ШШ2021/0086 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

               Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч У.Ш, Б.Б нар нь иргэн Н.Б-д холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 09-нд “Цахим” үйлчилгээний зориулалттай байшингийн дээврийн ажлыг  Н.Б-тай амаар тохиролцож хийлгүүлсэн ба хөлс 4.000.000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 12-нд орсон борооноор дээврээс борооны ус дотогшоо нэвтэрсэн гологдол гарсан ба Н.Б-д бодит байдлыг үзүүлж материалыг нь гаргаж өгөн дахин засварлуулахыг хүссэн боловч тэрээр зөвшөөрөөгүй тул бусдаар ажлыг гүйцэтгүүлж ажлын хөлсөнд 1.000.000 төгрөг, материалын зардалд 2.948.000 төгрөг, бүгд 3.948.000 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг төлүүлэхийг хүссэн.

 

               Хариуцагч Н.Б Б.Б-ээс гаргаж өгсөн материалаар нь уг ажлыг гүйцэтгэсэн, ус нэвтрүүлэхгүй зориулалтын материал нааж дээрээс нь дахин цементлэх байсан боловч өөрсдөө хөрөнгө мөнгөний дутагдлаас болж хийлгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

               Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцож байгуулагдсан, гэрээнд зааснаар ажлыг хийж гүйцэтгэн хүлээн авч, хүлээлгэн өгсөн байна. Гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаанд гомдол гаргасан. Гүйцэтгэгч нь захиалагчаас өгсөн материал нь чанарын шаардлага хангахгүй бол тохирох материалыг захиалагчаас шаардах үүрэгтэй байсан. Доголдлыг арилгуулахаар захиалагч түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Б-ны өмгөөлөгч Б.Э анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасанд үндэслэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

 

              Учир нь: Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 09-нд иргэн У.Ш, Б.Б нарын өмч болох үйлчилгээний зориулалттай байшингийн дээврийн ажлыг Б.Б, Н.Б нар амаар тохиролцон гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь тэдний нэхэмжлэлийн шаардлага болон хариу тайлбаруудаар тогтоогдсон ба анхан шатны шүүх тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

                    

                Ажил гүйцэтгэх гэрээ буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т  гэрээний хэлбэрийн талаар тодорхойлоогүй ба талууд нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгч, ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээлгэн өгсөн байх тул тэдний хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх буюу энэ нөхцөл нь мөн хуулийн ерөнхий ангийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д заасан “Гэрээ байгуулсанд тооцох” хуулийн шаардлагад нийцжээ.

 

             Хэрэгт хариуцагч Н.Б “ ...барилгын дээврийн хучилтын хавтан дээр цангаас хамгаалах зориулалтын нимгэн березэнттэй зүйрлэхээр тусгай материалыг цавуудаж нааж, дээрээс нь оройн хэсэгт 30 см, ус зайлуулах цоргоны хэсэгт 3-4 см зузаан үнсээр хучиж, түүний дээр 5 см зузаантай цементэн зуурмагаар цутгалт хийсэн. Харин үүний дээр дахин уснаас хамгаалах зориулалтын материал нааж, дээрээс нь дахин цементэн зуурмагаар цутгалт хийх байсныг нэхэмжлэгч тал хөрөнгө зардлаас шалтгаалсан юм уу хийгдээгүй болно” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан хариу тайлбартаа,  анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад “ ... Б.Б дээврийн ажлыг 1 үе хийлгэхээр тохирч материалаа гаргаж өгсөн, тэрний дагуу би хийсэн” тус тус мэдүүлдэг ба үүнийг нэхэмжлэгч Б.Б-ийн зүгээс “ ... би шаардлагатай бүх материалыг хангаж өгсөн” гэж мэдүүлдэг ч хариуцагчийн хариу тайлбарыг шууд үгүйсгээгүй байна.

 

            Иймээс давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн иргэн У.Ш, Б.Б нарын “Цахим” үйлчилгээний зориулалттай барилгын дээврийн ажлын гүйцэтгэл анхнаасаа дутуу хийгдсэн, ус нэвтрүүлэхгүй зориулалтын материал наах, дахин цементлэх үе дутуу байсан буюу 2020 оны 08 дугаар сард дээвэрт зарцуулсан 2.948.000 төгрөгийн бетон зуурмагийн зардал нь уг ажилд зарцуулагдах ёстой зардал байсан ба хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэмэлтээр гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлээс материалын зардал 2.948.000 төгрөгийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

            Харин ажил гүйцэтгэгч Н.Б-ны хувьд 2 дахь үе хийгдээгүй тохиолдолд доголдол бий болох талаар захиалагч Б.Б-т хэлээгүй байх тул түүнийг ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс  захиалагч 1.000.000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж дээврийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн байна гэж үзсэн ба хариуцагчийг  Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-а/-д зааснаар захиалагчид “ нэн даруй мэдэгдэх”  үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

 

             Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ ёсоор гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т тус тус зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй байх тул бусдад нэмэлт хөлс төлж засварлуулсан 1.000.000 төгрөгийн зардлыг хариуцагч Н.Б-аар төлүүлэх нь үндэслэлтэй юм.

 

              Харин нэхэмжлэгч Б.Б-ийн хүсэлтээр хийгдсэн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11-07-039/27 дугаар дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй буюу үндэслэлгүй гарсан гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

             Учир нь: Дээврийн ажлын гологдол 2020 оны 08 дугаар сарын 12-нд орсон борооноор илэрсэн, У.Ш, Б.Б нар Б-тай дахин засварлах тал дээр тохиролцож чадаагүй учраас бусдаар 2020 оны 08 дугаар сард дээврийн ажлыг гүйцэтгүүлсний дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 26-нд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад доголдлын талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан үед улсын байцаагч Г.Б-д  2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм /БНБД 13-04-03/-ын хүрээнд засвар хийх” гэж гаргасан дүгнэлт /хх-ийн 72-73/  нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шаардлагад нийцээгүй нотлох баримт байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

             Өөрөөр хэлбэл: Улсын байцаагч дээврийн доголдолтой холбоотой засварын ажил хийгдсэний дараа дүгнэлт гаргасан атлаа “ ... засварын ажлыг хийх шаардлагатай” гэж үзсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 52  дугаар зүйлийн 52.1-д заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл журамд нийцээгүй тул уг дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх үндэслэлгүй байна.

 

             Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-аас гаргасан “ ...зохигчдын хооронд амаар хэлцэл хийгдсэн тул гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ,  ...иргэн У.Ш “Цахим” үйлчилгээний зориулалттай барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Айсуй хөгжил” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үед гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш Б.Б иргэн Н.Б-тай дээврийн ажлыг гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон зэрэг нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нөхцөл болсон,   ...ажил гүйцэтгүүлэхдээ барилгын зураг, төсвийг гаргаж өгөөгүй, засварын ажлыг дахин хийж гүйцэтгэчихээд 5 сарын Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсныг анхан шатны шүүх үнэлсэн нь үндэслэлгүй”  гэх  зэрэг агуулгаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн  давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж нэхэмжлэлийн шаардлагаас  материалын зардал 2948.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

                     Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-ын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78118 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

                    

               Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 136/ШШ2021/00086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг 

 

“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-аас 1.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Ш, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.948.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дугаар заалтын “...56 дугаар зүйлийн 56.1 ...” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж,  “...хариуцагч Б.Б-аас 78.918 төгрөг ...” гэснийг  “хариуцагч Б.Б-аас 28.550 төгрөг” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э-ын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн өмгөөлөгч Э.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78118 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                   ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                           А.САЙНТӨГС