Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/00802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Г.Амаржаргалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Д.П /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух Боржигон овогт Жанчивдоржийн Өсөхбаяр /регистрийн дугаар: /,

Хариуцагч:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух Боржигон овогт Г /регистрийн дугаар: /,

Хариуцагч:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, тоот хаягт оршин суух Боржигон овогт Н.Д /регистрийн дугаар: /, 

Хариуцагч:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, тоот хаягт оршин суух Боржигон овогт Б.Н /регистрийн дугаар: /, 

Хариуцагч:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, тоот хаягт оршин суух Боржигон овогт Н.Б /регистрийн дугаар: / нарт холбогдох, 

 

Гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, хариуцагч нарын Өдрийн сонин өдөр тутмын сонингоор уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгсэл, бусад хэлбэрээр няцаалт хийх, залруулга хийлгэх, уучлалт гуйлгах, гэм хор учруулсны хохиролд хариуцагч тус бүрээс 2,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , иргэдийн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нь 0000 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Б танаа өргөх нээлттэй захидал нэртэйгээр өдөр тутмын хэвлэл болох Өдрийн сонин-гоор дамжуулан олон нийтэд хүргэсэн.

Тус захидалд "... Өнгөрсөн дөрвөн жил Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Д.П гэгч этгээд эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан нь намынх нь гишүүд болон жирийн иргэдийн дургүйцлийг хүргэж түүний явуулж буй бодлого, үйл ажиллагаа, хууль зөрчсөн увайгүй үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцсээр олон сарыг үзэж байна.

Д.П нь удирдсан дөрвөн жилийн хугацаанд дүүргийн хөгжил хоцрогдож, хогондоо дарагдсан, хороодын уйл ажиллагаа зогсонги байдалд орж иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх бүрэн хязгаарлагдсан.

Нийслэлийн хамгийн том дүүргээр тоглож, ард иргэдээ доромжилсон Д.П гэгч эрхмийн ганц хийдэг ажил нь албан тушаалын наймааг найз нөхдөөрөө хуйвалдан цэцэглүүлэх бөгөөд энэ нь ил болж хэвлэлийн баатар болсоор удлаа.

Гэтэл дээрх увайгүй нөхөр дүүргийн засаг дарга албан тушаалаас зугтан алга болж Монгол Улсын Ерөнхийлөгч Таны зөвлөхөөр ажиллахаар болж нуувчинд орсныг саяхан сонсоод туйлаас их харамсч байна.

Бүхэл бүтэн дүүргийн улс төрийн ашиг хонжооны үүр уурхай болгосон хүнээр Монгол Улсын төрийн тэргүүн зөвлөхөөрөө авах нь хэр зохистой үйлдэл вэ?

Баянзүрх дүүрэгт үүссэн засаглалын хямралыг дээд цэгт нь тулгасан таны зөвлөх Д.П д хэн хариуцлага тооцох вэ?

Дүүргийн одоогийн хууль бус удирдлагууд Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудынхаа үйл ажиллагааг хаан боогдуулж тамгын газраасаа хөөж гаргасан байдал юуг харуулж байна вэ?.... гэх мэтээр бичсэн байдаг.

Гэтэл Монгол Улсын Иргэн нэр төр, алдар хүндтэйгээр нийгэмд эрхэмсэг орших (human dignaty) эрхтэй болохыг Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 17.1.2-т хүний нэр төр, алдар хунд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг байхаар тунхаглан хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.П гийн хуулиар хамгаалагдсан нэр төрд хариуцагч нар үндэслэлгүйгээр халдсан байх тул хариуцагч тал хуулиар зохицуулсан хариуцлагыг хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, уйл ажиллагаанаас төрийн албан хаагч... хамгаалуулах баталгааг эдэлнэ гэж тусгайлан зохицуулж өгсөн байдаг. Иргэн Д.П нь Баянзүрх дүүргийн засаг дарга, мөн МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх буюу төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсны хувьд хариуцагч нарын үндэслэлгүй гүтгэлгээс хамгаалуулах эрхтэй юм.

Нөгөө талаас Иргэний хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдэд түүнийхээ унэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж зохицуулсаны дагуу хариуцагч нь өөрийн сайтаар бичсэн мэдээлэлтэй холбоотой асуудлыг нотолж чадахгүй тохиолдолд Д.П гийн шаардлагаар уг мэдээг гаргасан хэлбэрээр няцаалт хийх (залруулга гаргах) үүрэгтэй байна.

Харин Иргэний хуулийн тусгай ангид 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын ... нэр төр, алдар хунд, ажил хэргийн нэр хунд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй . 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах мөн үүргийг хүлээхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчийн илт үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тарааж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож зохих няцаалт, залруулгыг гаргах, хариуцлага хүлээлгэж эдийн бус гэм хорын хохирлыг арилгаж өгөхийг хүсч байна гэв

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ил захидлаараа нэхэмжлэгчийн ямар нэгэн нэр хүндэд халдаагүй гэх боловч тухайн ил захидалдаа: эрх мэдлээ ашиглан дураараа авирласан, хувийн ашиг сонирхлоор ажилласан, намын гишүүд болон жирийн иргэдийн дургүйцлийг хүргэж гэж бичсэн. Хэрхэн дураараа авирлаж, бусдыг хохироосон талаар хариуцагч нотлох ёстой. Мөн захидалдаа хууль зөрчсөн, дүүргийн хөгжил цэцэглэлтийг 4 жилийн хугацаатай хойшлуулсан, албан тушаалын наймаа хийсэн гэж бичсэн. Албан тушаалын наймаа гэдэг нь өөрөө гэмт хэргийн шинжтэй бөгөөд тухайн үйлдэл нь тогтоогдсон байх ёстой. Гэтэл энэ хүн хууль зөрчөөгүй бөгөөд албан тушаалын наймаа эрхлээгүй. Дээрх бичиж байгаа нь энэ хүний нэр хүндэд халдаж байгаа явдал бөгөөд хэзээ албан тушаалын наймаа хийсэн, хэзээ хууль зөрчсөн үйлдэл хийсэн болоод ил захидалдаа дурдаад байгаа юм бэ? эдгээр дурдсан асуудлууд нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй зүйлийг ил захидлаар бичиж байгаа нь өөрөө буруу юм. Сонгуулийн дараа улс төрийн идэвхжилттэй үед гаргасан мэдээлэл нь зөвхөн гаргасан замаараа уучлал залруулга хийгээд яг тарсан шигээ хүмүүст хүрч чадахгүй юм гэдэг үндэслэлээр бид эдийн бус хохирол нэхэмжилсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл нь эрхийн зөрчил байдаг. Энэ хүний Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д заасан нэр төр, алдар хүндтэй байх, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлээр хамгаалагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь гурвуулаа орчихлоо гэж үзэж байна. 1. Эрхийн зөрчил байна. 2. Хууль бус үйлдэл байна. Хууль бус гэдэг үйлдэл нь энэ хүн ямар ч үндэслэлгүй мэдээллүүдийг тараасан. 2. Иргэний хуулийн 9-12 дугаар зүйлд заасан байдаг аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал, өөрт нь хэлэх байдал хэргийн явцад нотлогдсонгүй, хариуцагч тал нотлох баримт гарган ирсэнгүй. Тэгэхээр гарцаагүй байдал аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэж байна. Хариуцлага хүлээлгэх үндэслэл нь Үндсэн хууль, Иргэний хуулийн 497, 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дугаар зүйлийн 511.1 гэх заалтуудад тодорхой байна. Ямар хохирол учирсан бэ гэвэл хохирол үйлдэл нь шууд шалтгаант холбоотой байх ёстой. Хариуцагч талын гаргасан мэдээлэл, ил захидалтай холбоотойгоор Д.П д эдийн бус хохирол, сэтгэл санааны хохирол үүссэн. Хариуцагч талын гаргасан мэдээлэлтэй холбоотойгоор энэ хүн өмгөөллийн нөхөрлөлтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Тэгэхээр хохирол учирчхаад байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан урьдчилсан 4 нөхцөл хангагдаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа: Монгол Улсын үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2-т эруул, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, мөн зүйлийн 16-д итгэл үнэмшилтэй байх, узэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. гэж тус тус заасан байдаг. Иргэд бид Үндсэн хуульд заагдсан дээрх эрхээ хэрэгжүүлэх, хөндөгдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Бд өдөр тутмын хэвлэл болох Өдрийн сонин-оор дамжуулан нээлттэй захидлыг илгээсэн болно.

Нийслэлийн хамгийн том дүүрэгт тооцогддог Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Д.П гийн ажил үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл, ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж байсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр нийтлэгдэж нэгэнт ил тод болсон.

Бидний зүгээс иргэн Д.П гийн нэр хүндэд халдах, гутаан доромжлох зорилготойгоор дээрх нээлттэй захидлыг Өдрийн сонин-д нийтлээгүй бөгөөд Д.П нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үед үүссэн, нэгэнт ил тод болсон бодит нөхцөл байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан болно.

Баянзүрх дүүргийг Д.П нь 2012 оноос удирдаж эхлэх үед Сансарын дэнжийн усан оргилуур, тунелийн дагуух усан оргилууд бүрэн ажиллагаатай байсан. Агаар цэвэршүүлэх, чийгшүүлэх, шүүх үүргээ бүрэн ханган ажиллаж байсан бол Д.П гийн засаглаж даргалж эхлэсэн 2012, 2013 оноос доройтсоор 2015, 0000 , 0000 онуудад бүрэн ажиллагаагүй болж тус дүүргийн 3-р хорооны иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлөөр нэн хомсодсон.

Мөн 3 дугаар хорооны 6 дугаар байрны хойд талд байсан хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тоноглох нэрээр БЗД-ийн төсвөөс ойролцоогоор 114,000,000 төгрөгийн тохижилтын ажил хийхдээ 53 дугаар байрны хойд талд байсан хүүхдэд зориулсан хуучирсан эвдэрхий, цоорхой гулгуур тавьсаныг Нийслэлийн БЗД дэх Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж Тоглоомын аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэсэн шийдвэр гарсан. /Шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн дугаар 00004278, 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр/. Энэ тоглоомын талбайг дүүргийн төсвөөс мөнгө зарцуулж хийсэн боловч 0000 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засагдаагүй аварийн байдалтай хэвээрээ байгаа.

Д.П нь эрх мэдлээ ашиглан дураарааа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан нь дээр өгүүлсэн ажиллагаатай эд зүйлийг ажиллагаагүй болгож, тохижуулалт нэрийн доор хууль зөрчдөг үйлдлүүдийг хийж байсан.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Б 3 дугаар хорооны засаг дарга Ц.И-д 2013 онд гаргасан өргөдлийн хариу одоо болтол ирүүлээгүй тод жишээ болж байна. "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуул-ийн 7 дугаар зүйлд зааснаар холбогдох албан тушаалтан заавал хариу өгөх, мөн тус хуулиар зохицуулагдсан хугацаанд хариу өгөөгүй гэх зэрэг асуудал нь Засаг дарга асан Д.П гийн шууд удирдлагад ажилладаг албан хаагчийн буруутай үйл ажиллагаагаар илэрч байна. Энэ мэт өөрийн шууд удирдлагад ажилладаг албан хаагчийн буруутай үйл ажиллагааг анхаарч ажилладаггүй, шаардлага тавьж ажилладаггүй асуудлаас болж тус дүүргийн иргэдийн эрх ашиг хөндөгдсөн.

Дүүргийн төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулж дүүргийн засаг дарга Б.Б-ийн үед нохойн хөшөө босгож, Д.П гийн үед усан оргилуудаа ажиллагаагүй болгож холбогдох хороод нь иргэдийнхээ санал шаардлагыг хүлээн авч шийдвэрлэдэггүй болсныг манай дүүргийн хөгжил урагшилж байна гэж үзэх үү? Ухарч хоцрогдож байна гэж үзэх үү?

Баянзүрх дүүргийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн хашаан дотор орон сууцны олон давхар байшингууд, 3-р хорооны дэргэд өндөр саарал байшин барьсаныг авлигатай холбоотой, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Эдгээрийг бариулахад ямар албан тушаалтайн газар олгож, ямар байгууллагын эзэдтэй хуйвалдан хууль зөрчсөн үйлдэл хийсэн болохыг шалган тогтоолгох нь зүйтэй.

Гэтэл дээрх увайгүй нөхөр дүүргийн засаг дарга албан тушаалаас зугтан алга болж Монгол Улсын Ерөнхийлөгч Таны зөвлөхөөр ажиллахаар болж нуувчинд орсныг саяхан сонсоод туйлаас их харамсч байна.

Баянзүрх дүүрэгт байдал үүссэн байхад тус дүүргийн даргаар ажиллаж байсан Д.П нь хариуцлага үүрэхгүйгээр хууль зөрчсөн үйлдлүүдээсээ зугтан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр дэвшин ажиллана гэдэг бол түүнтэй уулзах төдийгүй хариуцлага тооцоход жирийн иргэний хувьд бэрхшээлтэй, хүндрэлтэй болсныг иргэдээсээ холдон нуугдаж нуувчинд орсон гэж үзэхээс өөр аргагүй байна.

Бүхэл бүтэн дүүргийн улс төрийн ашиг хонжооны үүр уурхай болгосон хүнээр Монгол Улсын төрийн тэргүүн зөвлөхөөрөө авах нь хэр зохистой үйлдэл вэ?

0000 оны сонгуулиас хойших хугацаанд тус дүүргийн үйл ажиллагаа улс төрийн намуудын ашиг сонирхол зөрчилд автаж өнөөдрийг хүртэл дүүргийн захиргаа, ИТХ, хороодын үйл ажиллагаа эмх цэгцтэй болж зохион байгуулагдаж чадаагүй байгааг иргэн бүр мэдэж, мэдэрч байна.

Бидний зүгээс тавьсан Бүхэл бүтэн дүүргийн улс төрийн ашиг хонжооны үүр уурхай болгосон хүнээр Монгол Улсын төрийн тэргүүн зөвлөхөөрөө авах нь хэр зохистой үйлдэл вэ? гэх асуулга нь Д.П г Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс орноо удирдан чиглүүлэх эрхэм үүрэгт нь зөвлөх хүний хувьд хувь хүний ёс зүй, мэдлэг ур чадвар, нийгмийн зүгээс үнэлэгдэх үнэлэмж, бие хүний үнэт зүйл байгаа эсэхийг л эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч үзэхийг хүссэн хүсэлт байсан.

Баянзүрх дүүрэгт үүссэн засаглалын хямралыг дээд цэгт нь тулгасан таны зөвлөх Д.П д хэн хариуцлага тооцох вэ? Өмнө нь өгүүлсэн бүх тайлбар нь тус дүүрэгт үүссэн засаглалын хямрал дээд цэгтээ тулж, иргэдэд үзүүлэх өдөр тутмын үйлчилгээ болон дүүргээс зохион байгуулж байгаа ажил эмх цэгцээ алдаж, хямарсныг гэрчилдэг. Үүнээс хэн хожих вэ? Гагцхүү өндөр албан тушаалтан нар тогтмол өндөр цалинтай учраас хожиж, жирийн ард иргэд хохирол амссаар байна.

Дүүргийн одоогийн хууль бус удирдлагууд Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудынхаа үйл ажиллагааг хаан боогдуулж Тамгын газраасаа хөөж гаргасан байдал юуг харуулж байна вэ?... гэх мэтээр бичсэн байдаг.

БЗД-ийн барилга байшин иргэддээ зориулсан үйл ажиллагаа явуулахад том бөгөөд тохилог. Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудыг тараан байршуулснаас иргэд нэг дороос үйлчилгээ авахад хүндрэлтэй болж, тэдгээрийг олоход ч бэрхшээлтэй болсон. Өмнө нь иргэд нэг дороос үйлчилгээгээ авах бүрэн боломжоор хангагдсан байсан юм.

Тухайлбал: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Засаг даргын болон Тамгын газрын албан хаагчдын ажлын байрны багтаамж муу гэх шалтгаанаар дүүргийн Боловсролын хэлтсийг хөөн гаргасан байдаг.

Гэтэл Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагыг аймаг нийслэлд боловсролын газар, нийслэл дүүрэгт боловсролын хэлтэс байхаар тус тус зааж, тэдгээрийн чиг үүргийг хуулчилсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 0000 оны А/832 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын хэлтэс ажиллуулахаар тогтоосон байдаг.

Мөн тус дүүргийн Засаг дарга асан П.Н нь 0000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг татан буулгаж, татан буулгах ажлын хэсэг томилох тухай Б/15 тоот Засаг даргын захирамж гарган, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв-ийг татан буулгахад гар бие оролцсон.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр төр , алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдэд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан.

Монголын Улсын Иргэний хуулийн тайлбарт: Иргэний нэр төр, алдар хүндэд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй, өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгодог,

Хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсанчлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.П гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон нэг ч үг, үйлдэл хийгээгүй бөгөөд зөвхөн үнэн бодит байдалд нийцсэн үйл явдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ,

511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан байдаг.

Хариуцагч нарын хувьд Дүүргийн засаг дарга асан Д Пүрэвдаваагийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон эсвэл түүнтэй холбогдсон хууль бус үйлдэл хийгээгүй буюу Иргэний хуульд заасан гэм хор учруулаагүй гэж үзэж байх тул 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Г, Н.Д , Н.Б, Ж.Ө, Б.Б нарт холбогдуулан, гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, хариуцагч нарын Өдрийн сонин өдөр тутмын сонингоор уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгсэл, бусад хэлбэрээр няцаалт хийх, залруулга хийлгэх, уучлалт гуйлгах, гэм хор учруулсны хохиролд хариуцагч тус бүрээс 2,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Өдрийн сонин өдөр тутмын сонины 0000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаарт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэд Г, Н.Д , Н.Б, Ж.Ө, Б.Б нарын нийтлүүлсэн Эрхэм хүндэт Монгол Улсын ерөнхийлөгч Б танаа өргөх нээлттэй захидал нэртэй мэдээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож, нэр төрийг нь гутаах зорилгоор мэдээ тараасан гэж үзжээ.

Мэдээ, мэдээллийн үнэн зөвийг нотлох үүргийг хариуцагч хүлээх бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар, дээрх ил захидал нь худал мэдээлэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Харин албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбоотойгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараагдсан мэдээллүүдээс үүдэлтэйгээр иргэн хүний байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн нь бусдын нэр төрийг гутаасан үйлдэл гэж үзхээргүй байна.

Нэхэмжлэгч нь эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ, тухайн нээлттэй ил захидал гэх мэдээллээс шалтгаалан эрх нь хэрхэн зөрчигдсөн болохоо нотлох баримтаар нотлоогүй тул зөрчигдсөн эрх сэргээлгэх тухай шаардлага үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхээр хэмжээнд хүртэл зөрчигдсөн үзэх үзэх үндэслэл нотлогдсонгүй.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 0000 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, нэр бүхий олон нийтийн мэдээллийн цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс үзэхэд, хариуцагч нар нь дээрх нээлттэй ил захидлыг нийтлүүлэхдээ, өөрсдийн оршин суух хорооны нөхцөл байдал хийгээд, олон нийтийн цахим сүлжээнд гарсан мэдээлэлд тулгуурлан, иргэний хүний хувьд үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжлэлийн чанартай ил захидал бичсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, үзлэгээр тодруулсан баримтуудыг хариуцагч нар үндэслэсэн, улмаар үзэл бодлоо илэрхийлснийг бусдын эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй.

Дээр дурдсан үзлэгийн тэмдэглэл болон гэрч М.Ц , В.Э нарын мэдүүлгээс үзэхэд, хариуцагч нарын нийтлүүлсэн ил захидал нь бодитой бус, нэхэмжлэгчийг гутаах зорилго агуулсан гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй. 

Нэхэмжлэгч нь хариуцагч талын гаргасан мэдээлэлтэй холбоотойгоор эрх зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлс төлж хохирсон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байх боловч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, хэдий хэмжээний төлбөр, зардал гаргах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос хамаарах тул үүнд хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах тухай Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж хуульчлан зохицуулсан бөгөөд хариуцагч нарыг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан, хариуцагч Г, Н.Д , Н.Б , Ж.Ө , Б.Б нарт холбогдох, гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, хариуцагч нарын Өдрийн сонин өдөр тутмын сонингоор уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгсэл, бусад хэлбэрээр няцаалт хийх, залруулга хийлгэх, уучлалт гуйлгах, гэм хор учруулсны хохиролд хариуцагч тус бүрээс 2,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.П гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Г.АМАРЖАРГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА