Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1158

 

 

Д.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00802 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Ө, Б.Г, Н.Д, Б.Б, Н.Б нарт холбогдох

 

Гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, хариуцагч нарын Өдрийн сонингоор уг мэдээг тараасан арга хэлбэрээр няцааж,  залруулах, гэм хорын хохиролд хариуцагч нараас 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал нэртэйгээр өдөр тутмын хэвлэл болох Өдрийн сонингоор дамжуулан олон нийтэд хүргэсэн. Тус захидалд "...Өнгөрсөн дөрвөн жил Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Д.П гэгч этгээд эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан нь намынх нь гишүүд болон жирийн иргэдийн дургүйцлийг хүргэж түүний явуулж буй бодлого, үйл ажиллагаа, хууль зөрчсөн увайгүй үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцсээр олон сарыг үзэж байна. Д.П нь удирдсан дөрвөн жилийн хугацаанд дүүргийн хөгжил хоцрогдож, хогондоо дарагдсан, хороодын үйл ажиллагаа зогсонги байдалд орж иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх бүрэн хязгаарлагдсан. Нийслэлийн хамгийн том дүүргээр тоглож, ард иргэдээ доромжилсон Д.П гэгч эрхмийн ганц хийдэг ажил нь албан тушаалын наймааг найз нөхдөөрөө хуйвалдан цэцэглүүлэх бөгөөд энэ нь ил болж хэвлэлийн баатар болсоор удлаа. Гэтэл дээрх увайгүй нөхөр дүүргийн Засаг дарга албан тушаалаас зугтан алга болж Монгол Улсын Ерөнхийлөгч Таны зөвлөхөөр ажиллахаар болж нуувчинд орсныг саяхан сонсоод туйлаас их харамсч байна. Бүхэл бүтэн дүүргийн улс төрийн ашиг хонжооны үүр уурхай болгосон хүнээр Монгол Улсын төрийн тэргүүн зөвлөхөөрөө авах нь хэр зохистой үйлдэл вэ? Баянзүрх дүүрэгт үүссэн засаглалын хямралыг дээд цэгт нь тулгасан таны зөвлөх Д.П-д хэн хариуцлага тооцох вэ? Дүүргийн одоогийн хууль бус удирдлагууд Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудынхаа үйл ажиллагааг хаан боогдуулж тамгын газраасаа хөөж гаргасан байдал юуг харуулж байна вэ?.... гэх мэтээр бичсэн байдаг.

Монгол Улсын Иргэн нэр төр, алдар хүндтэйгээр нийгэмд эрхэмсэг орших (human dignaty) эрхтэй болохыг Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 17.1.2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг байхаар тунхаглан хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.П-ийн хуулиар хамгаалагдсан нэр төрд хариуцагч нар үндэслэлгүйгээр халдсан байх тул хариуцагч тал хуулиар зохицуулсан хариуцлагыг хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч... хамгаалуулах баталгааг эдэлнэ гэж тусгайлан зохицуулж өгсөн байдаг. Иргэн Д.П нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, мөн МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх буюу төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсны хувьд хариуцагч нарын үндэслэлгүй гүтгэлгээс хамгаалуулах эрхтэй юм. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах мөн үүргийг хүлээхээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчийн илт үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тарааж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож зохих няцаалт, залруулгыг гаргах, хариуцлага хүлээлгэж эдийн бус гэм хорын хохирлыг арилгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь Үндсэн хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлэх, хөндөгдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өдөр тутмын хэвлэл болох Өдрийн сониноор дамжуулан нээлттэй захидлыг илгээсэн болно. Нийслэлийн хамгийн том дүүрэгт тооцогддог Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.П-ийн ажил үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл, ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж байсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр нийтлэгдэж нэгэнт ил тод болсон. Бидний зүгээс иргэн Д.П-ийн нэр хүндэд халдах, гутаан доромжлох зорилготойгоор дээрх нээлттэй захидлыг Өдрийн сонинд нийтлээгүй бөгөөд Д.П нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үед үүссэн, нэгэнт ил тод болсон бодит нөхцөл байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан болно. Баянзүрх дүүргийг Д.П нь 2012 оноос удирдаж эхлэх үед Сансарын дэнжийн усан оргилуур, тунелийн дагуух усан оргилууд бүрэн ажиллагаатай байсан. Агаар цэвэршүүлэх, чийгшүүлэх, шүүх үүргээ бүрэн ханган ажиллаж байсан бол Д.П-ийн засаглаж даргалж эхлэсэн 2012, 2013 оноос доройтсоор 2015, 2016, 2017 онуудад бүрэн ажиллагаагүй болж тус дүүргийн 3 дугаар хорооны иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлөөр хомсдсон. Мөн 3 дугаар хорооны 6 дугаар байрны хойд талд байсан хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тоноглох нэрээр Баянзүрх дүүргийн төсвөөс ойролцоогоор 114 000 000 төгрөгийн тохижилтын ажил хийхдээ 53 дугаар байрны хойд талд байсан хүүхдэд зориулсан хуучирсан эвдэрхий, цоорхой гулгуур тавьсаныг Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж Тоглоомын аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ тоглоомын талбайг дүүргийн төсвөөс мөнгө зарцуулж хийсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл засагдаагүй аваарын байдалтай хэвээрээ байгаа. Д.П нь эрх мэдлээ ашиглан дураарааа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан нь дээр өгүүлсэн ажиллагаатай эд зүйлийг ажиллагаагүй болгож, тохижуулалт нэрийн доор хууль зөрчдөг үйлдлүүдийг хийж байсан. Баянзүрх дүүргийн иргэн Б.Б 3 дугаар хорооны засаг дарга Ц.И-д 2013 онд гаргасан өргөдлийн хариу одоо болтол ирүүлээгүй. "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар холбогдох албан тушаалтан заавал хариу өгөх, мөн тус хуулиар зохицуулагдсан хугацаанд хариу өгөөгүй гэх зэрэг асуудал нь Засаг дарга асан Д.П-ийн шууд удирдлагад ажилладаг албан хаагчийн буруутай үйл ажиллагаагаар илэрч байна. Энэ мэт өөрийн шууд удирдлагад ажилладаг албан хаагчийн буруутай үйл ажиллагааг анхаарч ажилладаггүй, шаардлага тавьж ажилладаггүй асуудлаас болж тус дүүргийн иргэдийн эрх ашиг хөндөгдсөн.

Баянзүрх дүүргийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн хашаан дотор орон сууцны олон давхар байшингууд, 3 дугаар хорооны дэргэд өндөр саарал байшин барьсаныг авлигатай холбоотой, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Бидний зүгээс тавьсан Бүхэл бүтэн дүүргийн улс төрийн ашиг хонжооны үүр уурхай болгосон хүнээр Монгол Улсын төрийн тэргүүн зөвлөхөөрөө авах нь хэр зохистой үйлдэл вэ? гэх асуулга нь Д.П-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс орноо удирдан чиглүүлэх эрхэм үүрэгт нь зөвлөх хүний хувьд хувь хүний ёс зүй, мэдлэг ур чадвар, нийгмийн зүгээс үнэлэгдэх үнэлэмж, бие хүний үнэт зүйл байгаа эсэхийг л эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч үзэхийг хүссэн хүсэлт байсан. Баянзүрх дүүрэгт үүссэн засаглалын хямралыг дээд цэгт нь тулгасан таны зөвлөх Д.П-д хэн хариуцлага тооцох вэ? Өмнө нь өгүүлсэн бүх тайлбар нь тус дүүрэгт үүссэн засаглалын хямрал дээд цэгтээ тулж, иргэдэд үзүүлэх өдөр тутмын үйлчилгээ болон дүүргээс зохион байгуулж байгаа ажил эмх цэгцээ алдаж, хямарсныг гэрчилдэг. Үүнээс хэн хожих вэ? Гагцхүү өндөр албан тушаалтан нар тогтмол өндөр цалинтай учраас хожиж, жирийн ард иргэд хохирол амссаар байна. Дүүргийн одоогийн хууль бус удирдлагууд Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудынхаа үйл ажиллагааг хаан боогдуулж Тамгын газраасаа хөөж гаргасан байдал юуг харуулж байна вэ?... гэх мэтээр бичсэн байдаг.

Баянзүрх дүүргийн барилга байшин иргэддээ зориулсан үйл ажиллагаа явуулахад том бөгөөд тохилог. Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудыг тараан байршуулснаас иргэд нэг дороос үйлчилгээ авахад хүндрэлтэй болж, тэдгээрийг олоход ч бэрхшээлтэй болсон. Өмнө нь иргэд нэг дороос үйлчилгээгээ авах бүрэн боломжоор хангагдсан байсан. Тухайлбал: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Засаг даргын болон Тамгын газрын албан хаагчдын ажлын байрны багтаамж муу гэх шалтгаанаар дүүргийн Боловсролын хэлтсийг хөөн гаргасан байдаг. Гэтэл Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагыг аймаг нийслэлд боловсролын газар, нийслэл дүүрэгт боловсролын хэлтэс байхаар тус тус зааж, тэдгээрийн чиг үүргийг хуулчилсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын хэлтэс ажиллуулахаар тогтоосон байдаг. Мөн тус дүүргийн Засаг дарга асан П.П нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг татан буулгаж, татан буулгах ажлын хэсэг томилох тухай А/08 тоот Засаг даргын захирамж гарган, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг татан буулгахад гар бие оролцсон. Хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсанчлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.П-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон нэг ч үг, үйлдэл хийгээгүй бөгөөд зөвхөн үнэн бодит байдалд нийцсэн үйл явдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нарын хувьд Дүүргийн Засаг дарга асан Д.П-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон эсвэл түүнтэй холбогдсон хууль бус үйлдэл хийгээгүй буюу Иргэний хуульд заасан гэм хор учруулаагүй гэж үзэж байх тул 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан, хариуцагч Б.Г, Н.Д, Н.Б, Ж.Ө, Б.Б нарт холбогдох, гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, хариуцагч нарын Өдрийн сонин өдөр тутмын сонингоор уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгсэл, бусад хэлбэрээр няцаалт хийх, залруулга хийлгэх, уучлалт гуйлгах, гэм хор учруулсны хохиролд хариуцагч тус бүрээс 2 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нарын Д.П-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд санаатайгаар халдах зорилготойгоор хариуцагч нар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн "Өдрийн сонин"-гийн 198(5765) дугаарын тэргүүн нүүрэнд "Эрхэм хүндэт Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал" нэртэй мэдээг нийтлүүлж, ил захидалдаа "эрх мэдлээ ашиглан дураараа авирласан", "хувийн ашиг сонирхлоор ажилласан", "намын гишүүд болон жирийн иргэдийн дургүйцлийг хүргэж", "хууль зөрчсөн", "дүүргийн хөгжил цэцэглэлтийг 4 жилийн хугацаатайгаар хойшлуулсан", "албан тушаалын наймаа хийсэн” гэх мэтээр бичсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсныг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ, 17.2 хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхыг хүндэтгэж байхаар тунхагласан. Гэтэл шүүхээс ийнхүү бичиж, олон нийтэд тараасан үйлдэл нь байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн үйлдэл бөгөөд бусдын нэр төрийг гутаасан үйлдэл гэж үзэхгүй гэжээ. Хэрвээ шүүхийн энэхүү логикоор авч үзвэл хэн дуртай нь нотлогдохгүй үйл баримт, материалд үндэслэн хүссэн хэн нэгнийг хууль зөрчигч, албан тушаалын наймаачин, гэмт хэрэгтэн гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлэх, байр сууриа олон нийтэд тараах эрхтэй гэж ойлгож байна. Шүүхийн шийдвэрийн энэхүү үндэслэлийг иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорилт тавьсан бидний хувьд байж боломгүй зүйл гэж үзэж байна. Учир үзэл бодол, байр сууриа иргэн хүн бүр илэрхийлэх эрхтэй боловч хэн нэгнийг баталгаа нотолгоогүйгээр гүтгэх, доромжлох, нэр хүндэд халдах эрхгүй. Мөн шүүхээс үндэслэлдээ үзлэг хийхэд нэр бүхий вэб сайтуудад хариуцагч нарын ил захидалд нийтэлсэнтэй адил агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн байна. Энэхүү олон нийтийн мэдээнд тулгуурлан иргэн хүний үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжлэлийн чанартай ил захидал гэжээ. Хэрвээ тийм бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гүтгэх, хүний нэр төрд халдах хоёрын зааг ялгааг шүүхээс нарийн гаргаж үзэх ёстой. Хувь хүн рүү чиглэсэн, хууль ёсны ямар нэгэн баримтаар нотлогдохгүй үйл баримтаар олон нийтийн мэдээллийн, хэрэгслээр нийтлэх нь үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэтрүүлэн, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан үйлдэл юм.

Ил захидалд бичсэн үйл баримт бодиттой бус, худал мэдээлэл гэдэг нь батлагдахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан. Хариуцагч нарын бичсэн зүйл нь үнэн гэдэг нь мөн нотлогдохгүй байгаа. Иргэний хуулийн зохицуулалт, үзэл баримтлалын хувьд нэр төр нь гутаагдаж байгаа талыг өөрийн талаарх мэдээллийг худал гэдгийг нотлохыг шаардаагүй, харин халдаж буй талаас үнэн зөв зүйл олон нийтэд тараасан, мэдээлсэн гэдгээ нотлохыг шаарддаг. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болоод хэргийн үйл баримтыг буруу үнэлж, дүгнэн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс дүгнэх үндэслэл болж байна. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргасан байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Пүрэвдав нь хариуцагч Ж.Өсөхбаяр, Б.Галбадрах, Н.Дулмаа, Б.Бат-Очир, Н.Болормаа нарт холбогдуулан гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, хариуцагч нарын Өдрийн сонингоор уг мэдээг тараасан арга хэлбэрээр няцааж,  залруулах, гэм хорын хохиролд хариуцагч нараас 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

           

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өдрийн сонин”-ы 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №198 /5765/ дугаарт Баянзүрх дүүргийн 2, 3, 6, 9 дүгээр хорооны иргэд болох Б.Галбадрах, Б.Бат-Очир, Ж.Өсөхбаяр, Н.Дулмаа, Н.Болормаа нар нь “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал” гэх мэдээг нийтлүүлсэн нь түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж тодорхойлсон бол хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Пүрэвдаваагийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон нэг ч үг, үйлдэл хийгээгүй бөгөөд бодит байдалд нийцсэн үйл явдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан” гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2, 3, 6, 9 дүгээр хорооны иргэд болох Б.Галбадрах, Б.Бат-Очир, Ж.Өсөхбаяр, Н.Дулмаа, Н.Болормаа нар нь “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал”-ыг Өдрийн сонины 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №198 /5765/ дугаарт нийтлүүлжээ. Харин дээрх захидалд бичигдсэн мэдээлэл нь бодит байдалд нийцсэн эсэх, хариуцагч нарын Өдрийн сонинд нийтлүүлсэн мэдээ, мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх талаар талууд маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад уг нээлттэй захидал бүхэлдээ Д.Пүрэвдаваагийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж тайлбарлаж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл, Арвандолдугаар зүйлд зааснаар хүн амьд явах, нэр, нэр төр нь халдашгүй байх эрхтэйн зэрэгцээ хэн боловч хүний нэр төрийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэх учиртай.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөв болохыг нотлох үүрэгтэй ба мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт “эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж заажээ.

 

“Өдрийн сонин”-ы 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №198 /5765/ дугаарт “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал”-ын “...Өнгөрсөн дөрвөн жил Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Д.Пүрэвдаваа гэгч этгээд эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан..., Д.Пүрэвдаваа гэгч эрхмийн ганц хийдэг ажил нь албан тушаалын наймааг найз нөхдөөрөө хуйвалдан цэцэглүүлэх...” гэсэн мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан дээрх мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хариуцагч нар нотлох үүрэгтэй байна.

 

Гэтэл хариуцагч нар нь дээрх нээлттэй захидалд “...Өнгөрсөн дөрвөн жил Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Д.Пүрэвдаваа гэгч этгээд эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан..., Д.Пүрэвдаваа гэгч эрхмийн ганц хийдэг ажил нь албан тушаалын наймааг найз нөхдөөрөө хуйвалдан цэцэглүүлэх...” гэх мэдээнийхээ үнэн, зөв, бодит байдалд нийцсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ мэдээгээрээ нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзнэ.

 

Харин уг нээлттэй захидал доторх бусад мэдээллийг Д.Пүрэвдаваагийн нэр төрд халдсан гэж үзэхгүй бөгөөд ажил хэргийн шүүмж гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

Нэхэмжлэгч нь эдийн бус гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан боловч дээрх мэдээ тараагдсанаар нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/00802 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Өдрийн сонин”-ы 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №198 /5765/ дугаарт нийтлэгдсэн “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал” дахь “...Өнгөрсөн дөрвөн жил Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Д.Пүрэвдаваа гэгч этгээд эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан..., Д.Пүрэвдаваа гэгч эрхмийн ганц хийдэг ажил нь албан тушаалын наймааг найз нөхдөөрөө хуйвалдан цэцэглүүлэх...” гэх мэдээгээр нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагдсаныг сэргээж, тараасан арга хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг хариуцагч Ж.Өсөхбаяр, Б.Галбадрах, Н.Дулмаа, Б.Бат-Очир, Н.Болормаа нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал” дахь дээр дурдсанаас бусад мэдээ нь нэхэмжлэгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг сэргээлгэх хэсэг болон гэм хорын хохиролд хариуцагч нараас 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ж.Өсөхбаяр, Б.Галбадрах, Н.Дулмаа, Б.Бат-Очир, Н.Болормаа нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрэвдаваад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвдаваагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ