Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/03026

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2018/03026 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Бын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Бт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,310,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч А.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8,500,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдол хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээний хүүд 600,000 төгрөгийг нэг удаа төлсөн бөгөөд үүнээс өөрөөр зээлийн хүү, төлбөрийг барагдуулсан зүйл байхгүй. Удахгүй өгнө хүлээж байгаач гэрээгээ сунгачих гэсээр байгаад 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл зээлийн гэрээгээ сунгасан боловч төлөхгүй сүүлдээ харилцаа холбоогоо тасалж намайг хохироосон. Энэхүү гэрээ нь өмнөх 2 зээлийн гэрээг нэгтгэж байгуулсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг дансаар А.Бт шилжүүлсэн болно.

Иймд зээлийн үндсэн төлбөр 8,500,000 төгрөг, зээлийн хүү 7,560,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги хоног тугамд 0.5 хувиар тооцож 4,250,000 төгрөг, нийт 20,310,000 төгрөгийг хариуцагч А.Бээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Б нь 2010 оноос хойш Сандэй плаза худалдааны төвд 4 давхар 426 дугаар лангуунд эмэгтэй бэлэн хувцас худалдаж ажиллаж байсан болно. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн тэмдэглэснээр Сандэй плаза төвд цуг лангуу түрээслэгч Т.Солонгоогоор зуучлуулан түүний багын найз гэгч Д.Баас бэлнээр 4,500,000 төгрөгийг сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээл авсан. Би өөрийн зээлж авсан мөнгөнөөс зуучилсан Т.Солонгод 1,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ баталгаажуулсан ба одоогоор уг зээлдүүлсэн мөнгөө аваагүй болно. Миний үндсэн зээл болон хүүний мөнгийг төлж байгаад 2015 оны 6 дугаар сард Д.Бтай уулзсаны улмаас 4,000,000 төгрөг зээлж авсан болно. Мөнгө зээлсэн хугацаанаас үндсэн зээл болон хүүнд дансаар 2,290,000 төгрөгийг Хаанбанк Д.Б 5084136493 дансанд шилжүүлсэн. Өөрийн лангуун дээр зарж борлуулдаг бэлэн хувцасыг үнэ тохиролцон 2,818,000 төгрөгийн барааг Д.Бд өгч байсан болно. Миний бие мөнгө зээлсэн хугацаанд дансаар бэлнээр бараанд нийт 5,338,000 төгрөг төлсөн болно. Мөн Д.Бын ажил дээр авч зарна гэсэн барааг дурьдаагүй болно. Мөнгө зээлсэнээс хойшхи хугацаанд миний нөхөр Б.А эрүүл мэндийн байдал муудаж, байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай байсан тул түрээсийн лангуу ажиллуулах боломжгүй болж, байнгын хэвтэрт байгаа нөхрөө асрах шаардлагатай болсон бөгөөд улмаар миний бие нь харааны торлог бүрхэвч хуурч, 50 хувийн хөдөлмөрийн чадвараа алдаж группт орсон болно. Миний бие Д.Баас оргон зугтсан зүйлгүй, холбоотой байж, хаяг дээр байгаа оршин сууж байсан болно. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг дансаар Д.Баас зээлсэн нь үнэн. Харин сүүлд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бол 8,500,000 төгрөгийг бэлнээр аваагүй, өмнөх 2 зээлээ нэгтгэн байгуулсан. Зээл авсан нь үнэн боловч миний бие зээлийн хүү, алдангийг төлөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Баас зээлсэн үндсэн зээлийн үлдэгдэл болох 3,162,000 төгрөгийг төлөхөд бэлэн, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг, хүү 7,560,000 төгрөг, алданги 4,250,000 төгрөг, нийт 20,310,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь үндсэн зээл 8,500,000 төгрөгөөс Д.Бд төлсөн 5,338,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3,162,000 төгрөгийг төлөх зөвшөөрч, хүү болон алдангийг төлөх боломжгүй гэж маргаж байна.

 

Зохигчид нь 2013 он болон 2014 онд байгуулсан гэрээнүүдээ нэгтгэн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 8,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн агуулгатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу зохигчид мөнгө хүлээлцээгүй тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул энэ гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй байна.

 

Харин зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 5,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, Д.Б нь 5,500,000 төгрөгийг А.Бт хүлээлгэн өгсөн,

улмаар А.Бийн хүсэлтээр 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.Б нь 3,000,000 төгрөгийг А.Бийн данс руу шилжүүлсэн, тухайн өдрөө бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь зохигчдын тайлбар, Зээлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн болон 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зааснаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээндээ зохигчид хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд харин мөн хуулийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй тул энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь хүү авах эрхгүй байна.

 

2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт А.Б нь үндсэн зээл 5,500,000 төгрөг, 6 сарын хүүд 3,300,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг төлөх ба энэхүү гэрээний хугацаанд төлөлт хийгдээгүй тул гэрээний үндсэн хугацаа дуусах үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 8,800,000 төгрөг ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги нь 4,400,000 төгрөг байна.

 

Өөрөөр хэлбэл эхний гэрээний хувьд үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүү 3,300,000 төгрөг, алданги 4,400,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөгийг А.Б нь Д.Бд төлөхөөр байх ба нэхэмжлэгч нь алдангид 4,250,000 төгрөгийг нэхэмжилсэн тул энэ хэмжээнд алдангийг тооцох нь зүйтэй байна.

 

2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй тул үндсэн зээл 3,000,000 төгрөгийг А.Б нь Д.Бд төлөх үүрэгтэй байна.

 

А.Б нь дээрх зээлийн гэрээнүүд байгуулагдсанаас хойш 2016 онд бэлэн мөнгөөр болон бараа материалыг зээлдээ тооцон Д.Бд өгч байсан байх бөгөөд үүний нийлбэр нь 5,338,000 төгрөг гэж А.Б нь тооцоо гаргаж ирснийг Д.Б зөвшөөрч, маргаагүй тул дээрх зээлийн гэрээний үүргээс хасч тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд 2013 болон 2014 оны гэрээнүүдийн хувьд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх боловч А.Б нь зээлийн төлөлтийг 2016 онд хийж байсан зэргээс үзвэл мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч А.Б нь үндсэн зээл 8,500,000 төгрөгөөс Д.Бд төлсөн 5,338,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3,162,000 төгрөгийг төлөх зөвшөөрсөн ба хүү болон алдангийг төлөх боломжгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, хэрвээ төлөх үндэслэлгүй гэж байгаа тохиолдолд энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй юм.

 

Мөн хариуцагч А.Б нь Д.Баас авсан зээлээс бусдад зээлүүлсэн асуудлаа жичдээ шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр 2 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,500,000 + 3,000,000=8,500,000 төгрөг, хүү 3,300,000 төгрөг, алданги 4,250,000 төгрөг, нийт 16,050,000 төгрөг байх ба хариуцагч А.Бийн зээлд төлсөн 5,338,000 төгрөгийг хасч 10,712,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Бээс зээлийн гэрээний үүрэгт 10,712,000 /арван сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 9,598,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 186,342 /нэг зуун наян зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ