Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02274

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02274

 

 

 

 

Д.Баасанжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03026 дугаар шийдвэртэй Д.Баасанжаргалын нэхэмжлэлтэй, А.Буяндэлгэрт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 20 310 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах, хариуцагч А.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Баасанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: А.Буяндэлгэр нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдол хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээний хүүд 600 000 төгрөгийг нэг удаа төлсөн бөгөөд үүнээс өөрөөр зээлийн хүү, төлбөрийг барагдуулаагүй. Тэрээр ... удахгүй өгнө хүлээж байгаач гэрээгээ сунгачих гэсэн тул 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан боловч төлөхгүй сүүлдээ харилцаа холбоогоо тасалж, намайг хохироосон. Тухайн гэрээ нь өмнөх 2 зээлийн гэрээг нэгтгэж байгуулсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг дансаар А.Буяндэлгэрт шилжүүлсэн. Иймд зээлийн үндсэн төлбөр 8 500 000 төгрөг, зээлийн хүү 7 560 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги хоног тутамд 0.5 хувиар тооцож 4 250 000 төгрөг, нийт 20 310 000 төгрөгийг хариуцагч А.Буяндэлгэрээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Буяндэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сандэй плаза төвд цуг лангуу түрээслэгч Т.Солонгоор зуучлуулан түүний найз Д.Баасанжаргалаас бэлнээр 4 500 000 төгрөгийг сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээл авсан. Би өөрийн зээлж авсан мөнгөнөөс зуучилсан Т.Солонгод 1 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ баталгаажуулсан ба одоогоор уг зээлдүүлсэн мөнгөө аваагүй. Үндсэн зээл болон хүүний мөнгийг төлж байгаад 2015 оны 6 дугаар сард Д.Баасанжаргалтай уулзсаны улмаас 4 000 000 төгрөг зээлж авсан болно. Мөнгө зээлсэн хугацаанаас үндсэн зээл болон хүүнд дансаар 2 290 000 төгрөгийг Д.Баасанжаргалын 5084136493 дансанд шилжүүлсэн. Өөрийн лангуун дээр зарж борлуулдаг бэлэн хувцсыг үнэ тохиролцон 2 818 000 төгрөгийн барааг Д.Баасанжаргалд өгсөн. Мөнгө зээлсэн хугацаанд дансаар бэлнээр бараанд нийт 5 338 000 төгрөг төлсөн. Мөнгө зээлснээс хойших хугацаанд миний нөхөр Б.Алтанхуяг эрүүл мэндийн байдал муудаж, байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай байсан тул түрээсийн лангуу ажиллуулах боломжгүй болж, байнгын хэвтэрт байгаа нөхрөө асрах шаардлагатай болсон бөгөөд улмаар миний харааны торлог бүрхэвч хуурч, 50 хувийн хөдөлмөрийн чадвараа алдаж группд орсон. Д.Баасанжаргалаас оргон зугтсан зүйлгүй, холбоотой байж, хаяг дээр байгаа оршин сууж байсан. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг дансаар зээлсэн нь үнэн. Харин сүүлд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 8 500 000 төгрөгийг бэлнээр аваагүй, өмнөх 2 зээлээ нэгтгэн байгуулсан. Зээл авсан нь үнэн боловч зээлийн хүү, алдангийг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэгч Д.Баасанжаргалаас зээлсэн үндсэн зээлийн үлдэгдэл болох 3 162 000 төгрөгийг төлөхөд бэлэн, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.Буяндэлгэрээс зээлийн гэрээний үүрэгт 10 712 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баасанжаргалд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 9 598 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Буяндэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид 186 342 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баасанжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Буяндэлгэр давж заалдах гомдолдоо: 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сандэй плаза төвд цуг лангуу түрээслэгч Т.Солонгоор зуучлуулан түүний найз Д.Баасанжаргалаас бэлнээр 5 500 000 төгрөгийг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Би өөрийн зээлж авсан мөнгөнөөс зуучилсан Т.Солонгод 1 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээгээр баталгаажуулсан. Мөн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.Баасанжаргалаас 3 000 000 төгрөгийг дансаар авсан. Мөнгө зээлдүүлсэн хугацаанаас хойш үндсэн зээл болон түүнд бэлнээр 2 290 000 төгрөгийг, Д.Баасанжаргалын дансанд шилжүүлсэн. Өөрийн лангуун дээр зарагддаг бараанаас 2 318 000 төгрөгийн барааг Д.Баасанжаргалд өгсөн. Нийт 5 338 000 төгрөг төлсөн. Үүнийг Д.Баасанжаргал хүлээн зөвшөөрсөн. Тиймээс 8 500 000 төгрөгийн зээлээс 5 338 000 төгрөгийг төлж, нийт 3 162 000 төгрөг төлөх боломжтой. Би өөрийн иргэний үүргийг ухамсарлан шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа боловч шүүхээс 10 712 000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гарсан тул алданги болох 4 250 000 төгрөг төлөх боломжгүй. Мөн тус зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Баасанжаргал нь хариуцагч А.Буяндэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 310 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь үндсэн зээл 8 500 000 төгрөгөөс Д.Баасанжаргалд төлсөн 5 338 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3 162 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү болон алдангийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр 5 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцон байна. /хх-ийн 28 дугаар тал/

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан тоо, хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч Д.Баасанжаргал нь 5 500 000 төгрөгийг хариуцагч А.Буяндэлгэрт хүлээлгэн өгч, улмаар зээлдэгчийн хүсэлтээр 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг А.Буяндэлгэрийн данс руу шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон. Энэ талаар зохигчид маргаагүй.

Зохигчид 2013 он болон 2014 онд байгуулсан гэрээнүүдээ нэгтгэн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 8 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн агуулгатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу зохигчид мөнгө хүлээлцээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцохгүй тул зээлийн гэрээний үүрэг хариуцагчид үүсэхгүй юм. Харин энэ талаар анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зааснаар талууд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр хүү төлөхөөр тохиролцсон учир зээлдэгч буюу А.Буяндэлгэр нь 5 500 000 төгрөгийг хүүгийн хамт зээлдүүлэгч Д.Баасанжаргалд төлөх үүрэгтэй.

Зээлдүүлэгч нь дахин 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байх боловч талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй тул үндсэн зээл 3 000 000 төгрөгийг төлөх учиртай.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хүү авах эрхгүй.

2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт А.Буяндэлгэр нь үндсэн зээл 5 500 000 төгрөг, 6 сарын хүүд 3 300 000 төгрөг, нийт 8 800 000 төгрөгийг төлөх ба алданги 4 400 000 төгрөг, нийт 13 200 000 төгрөгийг А.Буяндэлгэр нь Д.Баасанжаргалд төлөхөөр байх бөгөөд нэхэмжлэгч нь алдангид 4 250 000 төгрөгийг нэхэмжилсэн тул энэ хэмжээнд алдангийг тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцсэн.

Хариуцагч А.Буяндэлгэр нь зээлийн төлөлтийг 2016 онд хийснээс үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Хариуцагч А.Буяндэлгэр нь үндсэн зээл 8 500 000 төгрөгөөс Д.Баасанжаргалд төлсөн 5 338 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3 162 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба хүү болон алдангийг төлөх боломжгүй, төлөх үндэслэлгүй гэх өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй тул хариуцагчийн хүү, алданги төлөхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/03026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Б.НАРМАНДАХ