Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энэрэл (томилолтоор),

шүүгдэгч Ц.Цэрэнбалтаа, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хорхой овогт Цэрэнбатын Цэрэнбалтааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010146 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хорхой нүдэн овогт Цэрэнбатын Цэрэнбалтаа, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хийн ба цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 45 дугаар байрны 97 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧГ79071411.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Ц.Цэрэнбалтаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын 1 дүгээр байрны 6 дугаар орцны 1 давхарт орцны шатан дээр иргэн Ч.Амарсайханг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, шалтгаангүйгээр Ч.Амарсайханы толгойн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Цэрэнбалтаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ч.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр байрны 83 тоотод оршин суух гэрээсээ дэлгүүр орохоор гартал манай орцны үүдэнд танихгүй согтуу залуу даарсан байдалтай чичрээд сууж байхаар нь би очоод танайх хаана байдаг юм бэ, чи хөлдлөө шүү дээ, гэртээ ор гэж хэлтэл 4 давхарт байдаг гэж хэлэхээр нь би хөтлөөд орцонд оруулж өгтөл дахиад 1 давхарын шатан дээр суухаар нь би гэр рүүгээ ор гэж хэлээд татаад босгож өргөөд би эргээд гарахаар явах үед толгой руу хүчтэй цохисон тул би ухаан алдаж унасан. Тэгээд нэг мэдсэн чинь би орцны шалан дээр хэвтэж байсан тул гэртээ ороод эхнэртэй болсон явдлын талаар хэлтэл эхнэр гарч яваад миний хэвтэж байсан газраас оллоо гээд нэг утас олоод ирсэн. Тэгээд эхнэр 103 дуудаж, эмч ирээд миний духан дээр 3 оёдол тавьж өгсөн. (хавтаст хэргийн 14 дэх тал),

...Ямар нэгэн шалтгаан байгаагүй...би гомдолтой байна. Нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 51 дэх тал),

2. Гэрч С.Хишгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...гэртээ хоол хийж байхад манай нөхөр Ч.Амарсайхан гэрээсээ дэлгүүр рүү гараад хэсэг хугацааны дараа гэртээ орж ирэхдээ хүнд зодуулсан байдалтай, толгойн зүүн дээд хэсгээс цус гарчихсан, гадуур куртик нь нилээн цус болчихсон орж ирсэн. Би хэн тэгчихвээ гээд гүйгээд гартал орцонд хэн ч байхгүй байсан. Тэгтэл орцны үүд хавьцаа нилээд цус болчихсон, цус болсон газрын урд талд нэг улбар шар өнгийн гар утас хэвтэж байхаар нь би тэр утсыг аваад гэртээ орсон. ...Би маргааш нь тэр утсыг асааж үзэх гэтэл цэнэг нь дуусчихсан байхаар нь орцны жижүүрээс цэнэглэгч гуйхаар утсаа бариад жижүүрт харуултал жижүүр наадах чинь 4 давхарын залуугийн утас байна, өчигдөр согтуу явж байсан гэж хэлсэн тул 4 давхарын 91 тоотод шууд ороод энэ утасны эзэн байна уу, би уулзах гэсэн юмаа, энэ утасны эзэн манай нөхрийг зодсон байна гэж хэлтэл ээж нь гэх эмэгтэй наад утсаа хаанаас олсон юм бэ, манай хүү өчигдөр утсаа алга болгочихоод утсаа хайхаар гарсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 871 дүгээр шинжээчийн дүгнэлт:

...хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 2.5Ч0.2 см мэс заслын оёдол бүхий шархтай. Хамрын нуруу, баруун нүдний доод зовхиор хавдаж хөхөлбөр ягаан цус хурсан. Хамрын нуруу хэсэгт 1.5Ч0.3 см, баруун хажуу хэсэгт 1Ч0.4 см улаан хүрэн зулгаралттай. ДҮГНЭЛТ:

1. Ч.Амарсайханы биед тархи доргилт, духны няцарсан шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20 дахь тал),

4. Шүүгдэгч Ц.Цэрэнбалтаагийн мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 шард байдаг ахынхаа гэрээс гараад явж байтал Моносын орчим үл таних нэг залуу над дээр ирээд миний машин эвдэрчихээд байна, чи янзлаад өгөөч гэхээр нь би очоод тэр залуугийн машиныг засаж өгсөн. Тэгтэл тэр залуу намайг хоолонд оруулж нэг шил Соёрхол гэдэг 0.75 л архи авч өгсөнийг би машин дотор нь уусан. Тэгээд 17 цагийн орчим тэр залуугаас салаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр байрны үүдэнд таксигаар ирээд орцны үүдэнд ганцаараа сууж байтал үл таних залуу орцноос гарч ирээд танай гэр чинь хаана байдаг юм бэ гэхээр нь би ахынхаа гэрт ирсэн юмаа, 4 давхарт байдаг гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу одоо ор гээд намайг орц руу оруулж өгсөн. Би 1 давхарын шатан дээр гартал нөгөө залуу миний энгэрийн халаасанд байсан утас болон хэтэвчин дээрээс бариад авах шиг санагдсан тул би эргэж хараад баруун гараараа шууд цохитол тэр залуу шууд унахдаа орцны хаалга цохиж унасан тул би айсандаа ахынхаа гэр рүү орж ээждээ хэлсэн. ...Тэгтэл ээж намайг чи хүнд дээрэмдүүлчихсэн юм биш үү, чиний утас, хэтэвч чинь хаана байна гэхээр нь гадуур куртикны халаасанд байсан хэтэвч болон утсаа үзтэл байхгүй байхаар нь би буцаад гартал 2 давхарын шатан дээр миний хэтэвч хэвтэж байсан. Гар утсаа олоогүй тул тэндээсээ гараад дүүгийнхээ гэрт очсон. Маргааш нь манай эхнэр над руу залгаад охин чинь эрүүгээ хугалчихлаа гэхээр нь би шууд Хэнтий аймаг руу яваад өгсөн. Би тэр залууг огт танихгүй, би урьд нь согтуу явж байгаад ахынхаа яг тэр орцонд дээрэмдүүлж байсан юмаа. ...Би нэг удаа гараараа цохисон, өөр цохиж зодоогүй. ...Тэгтэл тэр хүн шат руу унахдаа орцны хаалга мөргөж духаа гэмтээсэн...

...Тэгэхээр нь араас нь харахад унаж босч ирээд өндийж суугаад чи намайг цохичихлоо гээд толгойноос нь цус гарч байсан. Тэгэхээр нь би сандраад дээшээ гүйгээд 4 давхарт 91 тоотод хүргэн ах Төмөрбаатарын гэрт ороод хувцасаа сольж өмсөөд эргэж гараад орцны үүдэнд сууж байтал тэр надтай орцонд маргалдсан хүн толгойгоо барьчихсан эхнэртэйгээ, бас 3 залуутай намайг хайгаад гар утсаа хаясан уу гэж асуухаар нь би утсаа хаясан байсан мөртлөө тэр олуулаа явж байсан болохоор айгаад би утсаа хаяагүй гэж хэлээд гадаа сууж байгаад 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ороод унтсан. ...Би дээрх гэмтлийг учруулсан. Маргалдах зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29, 58 дахь тал),

- Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6, 47-48), эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 39), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 40), мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл  (хавтаст хэргийн 46), хохирлын баримт (хавтаст хэргийн 42-45),

- Шүүгдэгч Ц.Цэрэнбалтаагийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30-31), хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 59-63) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Цэрэнбалтаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 5 шарын 1 дүгээр байрны 6 дугаар орцны 1 давхарт орцны шатан дээр иргэн Ч.Амарсайханыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, шалтгаангүйгээр Ч.Амарсайханы толгойн тус газарт гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Цэрэнбалтааг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31)-р тогтоогдож байна.

Хохирогч Ч.Амарсайхан нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 1.000.000 төгрөг (хавтаст хэргийн 51) нэхэмжилсэнээс 150.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч Ц.Цэрэнбалтаа нь хохирогч Ч.Амарсайханд 750.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ч.Амарсайхан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Цэрэнбалтаад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн 201726010146 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хорхой нүдэн овогт Цэрэнбатын Цэрэнбалтааг бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнбалтааг 3 (гурав) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнбалтаад оногдуулсан 3 (гурав) жил, 01 (нэг) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Цэрэнбалтаа нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.Амарсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Цэрэнбалтаад оногдуулсан 3 (гурав) жил, 01 (нэг) сарын хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Цэрэнбалтаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

    

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ