Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/00818

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багт оршин байрлах, Т ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хаягт оршин байрлах Б ХХК-д холбогдох, 

Улаан буудай тушаасны урамшууллаас суутгагдсан 24,225,440 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан нь 0000 оны 4 дүгээр сард манай Т ХХК-иас 165,237,000 төгрөгийг нэхэмжилж Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан юм. Энэ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани тодорхой хэмжээний төлбөрийг төлж 2 байгууллага дахин тооцоо нийлснээр үндсэн төлбөр 97,119,120 төгрөг, алданги 48,559,560 төгрөг нийт 145,678,680 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснээр 0000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан юм. Үүний дагуу хэргийн зохигчид эвлэрснийг баталж 0000 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 365 тоот Шүүгчийн Захирамж гарсан. Үүний дагуу манай компани 145,678,680 төгрөгийн төлбөрийг барагдуулж дууссан. Энэ нь тус байгууллагаас 0000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд Т ХХК нь төлбөл зохих төлбөрийг бурэн барагдуулж дууссан тул манай талаас ямар нэгэн гомдол саналгүй байгаа тул гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэж гаргасан хүсэлт албан тоотоор нотлогдож байгаа болно.

Гэвч манай компани 0000 оны ургацаасаа Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан"-д нийт 423,99 тн улаан буудайг тушаасан бөгөөд тухай үед 1 тн улаан буудайн урамшууллыг 70,000 төгрөгөөр тооцож олгож байсан бөгөөд нийт 29,679,300 төгрөг манай компанид олгогдох байснаас 0000 оны 02 дугаар 04-ний өдөр 5,453,860 төгрөгийн урамшуулал олгож үлдсэн 24,225,440 төгрөгийн урамшууллыг олголгүй дээрхи төлбөрт хууль бусаар суутган манай компанийг хохироосон болно.

Дээрхи төлбөрийг хууль бусаар суутгаснаас болж 0000 онд Хас банк ХХК-иас тариалан эрхлэх зориулалтаар авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болж зээл төлөх хугацааг хойшлуулсан. Зээлийн хүү алданги төлж байж зээлээ төлж дуусгасан.

Иймд Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан-аас манай компанийн тушаасан улаан буудайн урамшуулалд олгогдох хууль бусаар суутгагдсан 24,225,440 төгрөгийг гаргуулж манай компанид олгуулж өгнө уү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 0000 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжид дурдагдсан 145,671,680 төгрөг төлөгдсөн байгаа. 0000 онд урамшуулалд олгогдсон 29,267,000 төгрөгийг өгөлгүй яагаад өрөнд суутгаад авсан бэ гэсэн маргаан үүссэн. Урамшуулал олгогдсон гэдэг нь цагдаагийн газрын байгууллага болон хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хариуцагч талаас урамшууллын мөнгийг яагаад суутгасан талаар нотлох баримтыг шүүхэд өгөөгүй учир маргаж байна. Хэрэв нотлох баримт байх юм бол маргаан үүсэхгүй. Хариуцагч ямар эрхийн үндсэн дээр урамшууллын мөнгийг төлбөр тооцоонд суутгаж аваад гайхаж байна. Гэрээнд заасан заалт нь төлбөр тооцоог өгөхгүй бол барьцаа газрыг авна, Иргэний шүүхэд хандах болно гээд заасан байсан. Гэтэл гэрээнд урамшууллын мөнгөнөөс төлбөр тооцоог авна гэсэн зүйл заалт огт бичигдээгүй байсан. Хариуцагч талаас хоёр тооцоо нийлсэн баримтыг өгсөн. Баримт дээр Өлзийсүрэнгээс өөр хүний гарын үсэг зурсан байсан. Нэг нь гэрээ хийгдсэнээс хойш 3 сарын дараа хийгдсэн байсан. Эхний тооцоо нийлсэн баримт дээр үлдэгдэл тооцоо нь 56,729,000 төгрөг байсан. 3 сарын дараах тооцоо нийлсэн баримт дээр 23,813,000 төгрөг байсан. Иймэрхүү 20, 30 сая төгрөгийн зөрүү гарсан. Энэ байдлыг ойлгохгүй байна гэв.

Хариуцагч Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь тус сантай 1989 оноос өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 365 тоот захирамжаар үндсэн өр болох 97,119,120 төгрөг дээр алданги 48,559,560 төгрөг нийт 145,678,680 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн.

Т ХХК нь 0000 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санхүүгийн тооцоо нийлэхдээ өглөг авлагаа баталгаажуулсан болно. Энэхүү тооцоо нийлсэн актаар тус компани нь манай санд 56,729,134 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулсан байдаг. Дээрх үлдэгдэл төлбөрийг тус компани нь 0000 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улаан буудайн урамшууллаар 32,916,000 төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 23,813,134 төгрөгийг 0000 оны улаан буудайн урамшууллаар төлж барагдуулсан.

Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Т ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулсан тус байгууллагын 0000 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтэнд дурьдагдсан ШШГА-аар ажиллагаа хийлгэж бүрэн дууссан манай талаас санал гомдолгүй байгаа тул гүйцэтгэх хуудсыг хааж өгнө үү гэснийг нэхэмжлэгч компанийн захирал Н.Өлзийсайхан нь төлбөр төлж дууссан мэтээр ойлгож байгаа нь буруу юм.

0000 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хугацаа хэтэрсэн өрийг урамшууллаар төлөхөөр тохиролцсон учраас тус байгууллага ШШГА-нд тоот явуулсан байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Тариалан Эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан, улаан буудай тушаасны урамшууллаас суутгагдсан 24,225,440 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч нь улаан буудай тушаасны урамшууллаас суутгагдсан 24,225,440 төгрөг болон урамшуулал хугацаандаа орж ирээгүйгээс учирсан хохирол 10,000,000 төгрөг, нийт 34,225,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хохирол гэх 10,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Т ХХК-иас 0000 онд Өгөөч чанар ХХК-д нийлүүлсэн улаан буудайн хэмжээ, түүнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгогдох урамшуулал 29,267,000 төгрөг болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 0000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05/45 дугаар албан бичиг, хавсралт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Тариалан Эрхлэлтийг дэмжих сан нь дээрх урамшууллаас 5,453,866 төгрөгийг Т ХХК-д шилжүүлж, 23,813,134 төгрөгийг хугацаа хэтэрсэн өр төлбөрт тооцон суутган авсан болох нь хэрэгт авагдсан Хас банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын 0000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаартай тодорхойлолт, Т ХХК-ийн Хас банкны 1234567989 дансны хуулга болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 0000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн Т ХХК нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 0000 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаар захирамжийн дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн барагдуулж дууссан, манай талаас гомдол саналгүй байгаа тул гүйцэтгэх хуудас, материалыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн мөн хугацаанаас өмнөх хугацаанд хамаарах өр төлбөргүй атал 0000 онд тушаасан улаан буудайн урамшууллаас 24,225,440 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь 0000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 456 дугаартай Тооцоо нийлсэн акт-ыг үндэслэн Т ХК-ийн 0000 онд тушаасан улаан буудайн урамшуулал 29,267,000 төгрөгөөс 23,813,134 төгрөгийн суутгалыг хийж, үлдэх 5,453,866 төгрөгийг Т ХХК-д шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөр маргасан.

Талууд 0000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 226 дугаартай Тооцоо нийлсэн акт-ыг үйлдэж, хугацаа хэтэрсэн 23,813,134 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулж, хугацаа хэтэрсэн өрийг урамшууллаас суутган тооцохоор тохиролцож, талуудын төлөөлөл гарын үсгээ зурж, хуулийн этгээд тус бүрийн тамгыг дарж баталгаажуулсан байх бөгөөд уг актыг хууль бус эсхүл буруу тооцсон, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдохгүй байна.

Хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь дээрх тооцоо нийлсэн актыг үндэслэн, нэхэмжлэгч Т ХХК-д 0000 онд олгох улаан буудайн урамшуулал 29,267,000 төгрөгөөс 23,813,134 төгрөгийг суутган авсныг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Тариалан Эрхлэлтийг Дэмжих сангаас 24,225,440 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,077 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАА