Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02013

 

 “И” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00818 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хны Тд холбогдох,

 

Улаан буудай тушаасны урамшууллаас үндэслэлгүйгээр суутгагдсан 24 225 440 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч “И” ХХК, түүний өмгөөлөгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тд “И” ХХК-иас 145 678 680 төгрөгийг төлөхөөр эвлэрч, 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 365 тоот шүүгчийн захирамж гарсан. Үүний дагуу 145 678 680 төгрөгийн төлбөрийг барагдуулж дууссан. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд “И” ХХК нь төлбөл зохих төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул ямар нэгэн гомдол саналгүй, гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэж хариуцагч хүсэлт гаргаж байсан. 2014 оны ургацаасаа “Т"-д нийт 423,99 тн улаан буудайг тушааж, 1 тн улаан буудайн урамшууллыг 70 000 төгрөгөөр тооцож нийт 29 679 300 төгрөг манай компанид олгогдох байснаас 2015 оны 02 дугаар 04-ний өдөр 5 453 860 төгрөг олгож үлдэх 24 225 440 төгрөгийн урамшууллыг олголгүй дээрхи төлбөрт хууль бусаар суутгасан. Үүнээс болж 2014 онд “Х” ХХК-аас тариалан эрхлэх зориулалтаар авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болж зээл төлөх хугацааг хойшлуулсан. Зээлийн хүү алданги төлөхөд хүрсэн. Иймд “Т”-гаас тус компанийн улаан буудайн урамшууллаас хууль бусаар суутгасан 24 225 440 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 365 тоот захирамжаар үндсэн өр  97 119 120 төгрөг, анз  48 559 560 төгрөг нийт 145 678 680 төгрөг төлөхөөр шийдвэр гарсан.  “И” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санхүүгийн тооцоо нийлэхдээ өглөг авлагаа баталгаажуулсан. Энэхүү тооцоо нийлсэн актаар тус компани нь манай санд 56 729 134 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулсан. Дээрх үлдэгдэл төлбөрийг тус компани нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улаан буудайн урамшууллаар 32 916 000 төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 23 813 134 төгрөгийг 2015 оны улаан буудайн урамшууллаар төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хугацаа хэтэрсэн өрийг урамшууллаар төлөхөөр тохиролцсон учраас тус байгууллага ШШГА-д тоот явуулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Тгаас 24 225 440 төгрөг гаргуулах тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 077 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн оролцогч нар өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх ёстой байтал 3 сар гаруй хугацааг хариуцагч талд олгон, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх, санхүүгийн баримтуудыг өөрийн тамга тэмдгээ ашиглан хэрэгт хавсаргуулах боломж олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр ажиллагаа дууссан байхад дахин дээрх шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө суутгах ажиллагаа хийх боломжгүй юм. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актад “И” ХХК-н захирал Н.Өы гарын үсэг зурагдаагүй, ойлгомжгүй, хэдий хугацааны үлдэгдэл гэдэг нь тодорхойгүй, өөр хүний гарын үсэгтэй эргэлзээтэй нотлох баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн.

 

2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаартай шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгсөн нь өмнө нь шийдвэрлэгдэж дууссан хэргийг дахин шийдвэрлэж байгаа мэт байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжид дурсан 11 000 000 төгрөгөөс шатахуун авсан 3 000 000 төгрөгөө хасаад 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулж авмаар байна. Хариуцагч тал 11 000 000 төгрөгийг аваагүй гэж хэлж байгаа ч 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжид 11 000 000 төгрөг бэлэн мөнгөөр төлсөн тул гэсэн өгүүлбэр байгаа. Хариуцагч тал  энэ мөнгийг өгөөгүй гэж үзэн 24 225 440 төгрөгийг суутгахдаа авсан. Анхан шатны шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрсөн байхад шийдвэр эх хувиараа гараагүй байсан. Одоо хүртэл шийдвэр ирээгүй байгаа нь шүүх өөрийн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Хны Тд холбогдуулан улаан буудай тушаасны урамшууллаас үндэслэлгүй суутган авсан 24 225 440 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн актаар өртэй байсан. Урамшууллын мөнгийг харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл төлбөрт суутгасан” гэж маргажээ. /хх-ийн1-2,16/

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Тд өртэй байсан эсэх, улаан буудайн урамшууллаас хариуцагч 24 225 440 төгрөгийг суутган авсан нь үндэслэлтэй эсэх асуудлаар талууд маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Тд шүүхийн шийдвэрээр 145 678 680 төгрөгийн өртэй байсан боловч төлж дуусгавар болгосон гэж тайлбарлаад нотлох баримтаар  тус сангийн “.., төлбөр бүрэн дууссан,гүйцэтгэх хуудас, материалыг хааж өгнө үү” гэсэн агуулга бүхий албан тоотыг иш татсан бол хариуцагч нь тооцоо нийлсэн акт хэмээх баримтыг иш татжээ./хх-ийн 6,57,58/

 

Тооцоо нийлсэн акт гэх адил тоон үзүүлэлт бүхий хоёр баримтын нэг дэх баримтад “..,өргүй”, хоёр дахь баримтад “..,23 813 134 төгрөгийн өртэй” гэж бичжээ. Хариуцагч уг баримтыг тайлбарлахдаа “ .., 23 813 134 төгрөгийг улаан буудайн урамшууллаас суутган тооцохоор тохиролцсоны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас, материалыг хаалгах тухай бичиг хийж өгсөн” гэжээ.

 

Хэргийн 6-р хуудсанд авагдсан албан бичгийн огноог хэргийн 57, 58 дугаар хуудасны бичгийн баримтуудын огноотой харьцуулан дүгнэх шаардлагатай байгаа хэдий ч уг бичмэл баримтын огноо харагдахгүй, хуулбарлах үед хараар будагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэснийг анхаараагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгсөн, хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой тухайн бичгийн нотлох баримт гаргацгүй байгаа тохиолдолд жинхэнэ эх хувийг шаардаж авах ажиллагааг шүүх хэрэгжүүлэх эрхтэй.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид ямар бараа үйлчилгээнээс өр үүссэнийг тодруулах, талууд тооцоо нийлэхдээ улаан буудайн урамшууллаар өр төлбөрийг хаахаар тохиролцсон эсэхийг тодруулахаар Эрүүгийн Цагдаагийн газраас нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 48-51/ Хэргийн 84 дүгээр талд Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хурандаа Ц.Ням-Очирын албан бичиг, уг албан бичигт тайлбарлан мэдээлсэн зүйлийг  анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтаар үнэлжээ.

 

Дээрх албан тоот, түүнийг дагалдуулж ирүүлсэн Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн түүвэр тэмдэглэл, тооцоолол нь хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт биш байна. Учир нь мөрдөн байцаагч эрүүгийн хавтаст хэргээс өөрөө бичсэн тэмдэглэлийг шүүхэд ирүүлснийг маргааны үйл баримтад хамааруулан эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Түүнчлэн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн үйлдсэн гэх баримт нь гарын үсэггүй байна. Уг шаардлага хангахгүй хуулбар баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй./хх-ийн 84-88/

 

Мөн Эрүүгийн Цагдаагийн газраас ирсэн албан тоотод “шүүгчийн захирамжийн дагуу шаардсан баримтууд Прокурорын газарт байгаа тул тэндээс авна уу” гэсэн агуулгатай хариу өгсөн байхад уг баримтуудыг шаардан гаргуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ. /хх-ийн 6/

 

Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, тухайлбал нэхэмжлэгч хариуцагчаас үндэслэлгүйгээр суутган авсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийг шаардаж байгаа, эсхүл бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардаж байгаагийн аль нь болохыг анхаарвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Өы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

                 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД