Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2019/00611

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сум  дугаар багт оршин суух, У овогт Гын А /рд:, утас: /-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын  дугаар багт оршин суух, С овогт А-ы А/рд:, утас: /-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А.Аээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Б, М, А нарыг өөрийн асрамжинд авах, эцэг А.Аээр тэжээн тэтгүүлэх тухай.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхөр болох А.Атэй 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, улмаар 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Б, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү М, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү А нарыг төрүүлсэн бөгөөд нөхөр бид хоёр 3 хүүхэдтэй. Нөхөр бид хоёр гэр бүл болсон цагаас эхлэн нөхрийн аав ээжийн гарт амьдарч байсан бөгөөд хадам аав ээж маань намайг байнга ард үзэж, дандаа миний эсрэг юм хэлж байдаг. Заримдаа хадам аав маань архи ууж ирээд надад муу муухай үг хэлж харааж байсан бөгөөд эхэндээ үүнийг би тэсэн өнгөрүүлсэн боловч сүүлдээ хадам аав маань намайг зоддог болсон. Сүүлд нэг удаа гэртээ сууж байхад хадам аав маань намайг гүйж ирээд алгадаж авсан юм. Тэгэхээр нь би өөрийн төрхөм талын хүмүүсийг дуудаж, болсон асуудлыг хэлсэн боловч хадам аав маань хэлсэн үгийг ойлгохгүй улам архи уугаад намайг хүндлээгүй. Би заримдаа хадам ааваас айгаад унтлагын өрөөнд ороод гарч чадахгүй сууж байсан тохиолдол ч байсан юм. Нэг удаа хадам аав маань архи ууж ирээд агсам тавиад байхаар нь төрхөмдөө явах гэхэд хадам ээж надад "Маргааш манай гэрт хамаатнууд ирнэ. Чи өнөөдөртөө төрхөмдөө явахгүй гэртээ байж байгаарай. Маргааш хамаатнууд ирэхээр нь хадам аавын чинь архи уух асуудлыг хэлж, ойлгуулах юм бол цаашид архи уухаа болих байх" гэж хэлээд намайг зогсоосон. Гэвч маргааш нь манай гэрт хадам талын хамаатнууд ирсэн боловч миний хадам аавын архи уух асуудал огтхон ч хөндөгдөөгүй. Хамгийн сүүлд хадам аав маань архи ууж ирээд намайг түлхэж авахад хүүхдээ тэвэрсэн байдалтай өлгүүр мөргөж унасан бөгөөд тэр үед хадам ээж маань "чи яагаад бэрээ зодоод байна вэ?" гэж хэлэхэд хадам аав маань хүч өгөхгүйгээр хадам ээжийг бас зодсон. Тэгэхэд нөхөр маань гадуур явж байсан бөгөөд энэ тухай нөхөртэй утсаар ярихад "Цагдаа дууд" гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирээд "хөгшин хүн гэртээ амрах хэрэгтэй. Та байнга архи ууж болохгүй" гэж тайвшруулж сануулга өгөөд явсан, Гэвч нөхөр маань ч гэсэн байнга өөрийн аав ээжийн үгийг дагаж миний эсрэг гардаг. Ийм асуудлаас болж нөхөр бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа үүссэн. Нөхөр маань заримдаа архи ууж, гэртээ согтуу ирээд надад гар хүрдэг. Энэ бүхнийг би тэсэн өнгөрүүлж байсан. Үүнээс гадна наад зах нь ганц хоёр жишээ хэлэхэд нөхөр маань өнгөрсөн жил миний хоолой руу хутга тулгаж ална хэмээн заналхийлж байсан надад буу тулгаж ална хэмээн айлган сүрдүүлж байсан. Сүүлдээ энэ нь энгийн үзэгдэл болсон. Би нөхрийнхөө дарамтаас болоод байнгын айдас түгшүүртэй явдаг боллоо. Өөрөөр хэлбэл нөхөр маань надад ямар нэгэн муу зүйл хийчих вий хэмээн байнгын айдас түгшүүртэй явдгаас болж миний сэтгэл санаанд өөрчлөлт орж гутрах болсон. Энэ байдлын аймгийн Цагдаагийн газарт хэлэх гэхэд нөхөр маань гар утсыг маань булааж аваад хэрэв энэ тухай хэн нэгэнт хэлбэл ална барина гэж айлгаж чамайг хэн ч тоохгүй, чи төрийн албан хаагч хүн шүү дээ нэр төрөө бодоорой, ер нь хуулийн байгууллагад хандаад олж долоосон хүн байхгүй шүү дээ. Б аймаг маш жижигхэн учраас хүмүүс бие биеэ сайн таньдаг. Цагдаагийн хүмүүс бүгд миний талын танил хүмүүс тэд намайг л хамгаалах болно. Тэгэхээр больсон нь дээр шүүдээ гэж хэлдэг байсан. Үүнээс болж удаан хугацаагаас гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн дотроо хадгалаад шаналаад явж ирсэн. Ганц хоёр удаа нууцаар хүчирхийллийн төвийн үндэсний төвийн лавлагаа мэдээлэл өгөх 108 дугаар утас руу залгаж зөвлөгөө авч байсан. Энэ олон хүчирхийллээс буу болон хутга тулгаж ална гэсэн байдлыг цагдаагийн газарт мэдэгдэж байсан. Бусад асуудлаар цагдаагийн газарт хандаж байгаагүй.

Иймд хариуцагч А.Аээс гэрлэлт цуцалж, хүү Б, М, А нарыг миний асрамжинд үлдээж, хүү Б, М, А нарыг эцэг А.Аээр тэжээн тэтгүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ашүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Ань эхнэр Г.Аы шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд янз бүрийн үг бичсэн байна. Би 3 хүүхдүүдээ бодож эхнэрээсээ салж гэрлэлтээ цуцлуулахгүй. 3 хүүхдүүд маань одоо надтай хамт амьдарч байгаа.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх нэхэмжлэлдээ: Г.А миний бие 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд хандаж А.Аээс гэрлэлтээ цуцлуулах, хүү Б, М, А нарыг өөрийн асрамжинд авах, эцэг А.Аээр тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт Гэрлэлт цуцлах үед ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, ...талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэж заасны дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох тус аймгийн Ө сумын 3-р баг, Бөхөн уул 307 тоот хаягт байрлалтай өвлийн сууц болон Hyundai Porter маркын, 000 улсын дугаартай, 00000 арлын дугаартай тээврийн хэрэгслийн өөрт болон хүү Б, М, А нарт оногдох хувийг авах хүсэлттэй байна.

Иймд хариуцагчаас гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, М, А нарт ноогдох хэсгээс 26,400,000 /330000005х4/ төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү.

Жич: Хэрэв хариуцагч миний арилжааны банкнаас өвлийн сууц барихад зориулж авсан цалингийн зээлийг төлж өгсөн тохиолдолд нэхэмжлэлийн гэр бүлийн дундын өмчлөлийн өвлийн сууцын өөрт болон хүү Б, М, А нарт ноогдох хэсэг гаргуулах хэсгээс татгалзах болно гэв.

Хариуцагч Ө.Тилеубек шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие А.Ань эхнэр болох Г.Аы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хүсэлттэй танилцлаа. А.Аий нэр дээр 0000 *** Hyundai Porter маркын тэврийн хэрэгсэл байгаа нь үнэн. Харин хувийн орон сууц төрсөн аав, дүү нарын нэрт бүртгэлтэй. Надад өөр хөрөнгө байхгүй. Эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргаж өгөхийг шаардсан байна. Надад өөрийн эд хөрөнгө, мөнгөгүй болно. Г.А бид хоёр өвлийн сууцгүй учир хүүхдүүдэд ногдох хэгсгийг гаргуулах тухай хүсэлтээс татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлахдаа: Нөхөр А.Абид хоёр 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон. Тэр үед хадам аав, ээж, дүүгийн хамт амьдарч байсан. Гэр бүл болоод эхний 2-3 жилийн хугацаанд таарамж муутай асуудал байгаагүй. Харин сүүлийн 5-6 жил намайг хадам аав буруугаар ойлгоод архи ууж ирээд намайг дарамталж хэл амаар доромжилдог болсон. Хадам ээж бас хадам аавын үгийг нь өмөөрч намайг дарамталдаг болсон. Би үүнийг нөхөртөө хэлж ойлгуулах гэсэн боловч өөрийнхөө аав ээжийгээ өмөөрөөд намайг дарамталж ирсэн. Миний нөхөр намайг байнга хардаж сэрддэг. Ажилдаа явахад хүртэл хардаж сэрддэг. Миний нүүрэндээ түрхсэн тос, будгийг хүртэл шүүмжилдэг. Намайг өөрийнхөө мэдэлд оруулах зүйл хийж ирсэн. Бид хоёр дандаа таарамж муутай байсан. Хадам аав бид хоёр таарамж муутай байснаас болж хадам аав надад гар хүрсэн. Тэгээд би өөрийнхөө төрхөм рүү явж А.Аээс гэрлэлтээ цуцлуулъя гэж бодсон. Тэрнээс хойш миний нөхөр болон хадам аав ээж нар надаас уучлалт гуйгаагүй. Манай нөхөр миний талд гарахгүй, 3 хүүхдээ бодохгүй байгаа юм чинь гэрлэлтээ цуцлуулъя гэж бодсон.

Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид ирэхэд Р.А бид нарт зөвлөмж өгөхөд А.А надад одоо цаашид хэрэлдэхгүй маргалдахгүй, архи уухгүй, дарамт үзүүлэхгүй, эцэг эх маань бас дарамт үзүүлэхгүй гээд амласан. Тэгээд би гэртээ очсон өдөр гэрээс гарч яваад гадуур мөрийтэй тоглоом тоглож архи уугаад явсан. Надад байнга дарамт үзүүлдэг. Надад чи миний аав ээжийг Казахстан улс руу хөөгөөд явуулчихлаа, би аав ээжээс хол амьдарч байгаа нь чамаас боллоо гээд байнга дарамталдаг болсон. Гэр орондоо хонохгүй гадуур явчихдаг. А.А байнга гар хүргэж, миний толгой тархи руу цохиж байнга эмчилгээ хийлгэж байгаа. Байнга зодуулснаас болж судасны нарийсалттай болсон. Тийм учраас цаашид хамт амьдраад нэмэргүй, миний төлөө, хүүхдүүдийнхээ төлөө амьдрахгүй байгаа хүнтэй хамт амьдраад нэмэргүй гэж үзэж гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 6 дугаар сараас эхлээд зөрчлийн хэргээр шалгуулсан. 2018 оны 10 дугаар сарын үеэр надад хутга тулгаж чамайг алчихвал чамайг хайх хүн байхгүй гээд дандаа гар хүргэж байсан. Харин 12 дугаар сард буу тулгасан. Энэ нь нотлогдож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд шийтгэгдсэн. Би гэр орондоо очихгүй байгаа биш очиж байгаа. Хүүхдүүдтэйгээ уулзаж, хагас бүтэн сайн өдөр авч яваад харж халамжилж байгаа. Тэгсэн мөөртлөө би гэртээ очихоос айдаг. Яагаад гэвэл манай нөхөр надад чи л хохирно, гудамжинд гарна, би яах ч үгүй гэж айлгадаг. Өнгөрсөн удаа очиход намайг цохиод толгой маш их өвдсөн. 3-4 хоног гайгүй явж байгаад толгой өвдөөд болохгүй болохоор нь бариачаар очиж бариулахад тархи хөдөлсөн байсан. Иймд А.Аээс гэрлэлтээ цуцлуулж, Б, М, А нарыг өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байна.

Бид нар өмнө нь амьдарч байсан хуучин байшингаа засаад шинээр байшин барьсан. Тэгэхэд би цалингийн зээл авч өгсөн. Тэрнээс өмнө манай нөхөр жижиг машинтай байсан. Тэр машиныг том машин болгомоор байна гэхээр нь дэмжээд цалингийн зээл авч өгсөн.Тэр үед 4 сая хэдэн зуун мянган төгрөг авч өгсөн. Хэрвээ тэр 7 сая төгрөгийг төлөх юм бол дундын хөрөнгө болох байшингаас татгалзана гэв.

Хариуцагч А.Ашүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би гэр бүл болсноос хойш хэрүүл маргаан гаргаж байгаагүй, 3-4 жил аав ээжтэйгээ хамт амьдарсан. Би Г.Ад гэрлэхээс өмнө аав ээжтэй хамт амьдарна гэж хэлж ойлгуулж зөвшөөрсний үндсэн дээр гэр бүл болсон. Анх намайг байхгүй үед миний эхнэр маань миний аавтай муудалцаад надаас сална гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би тухайн үед уучлалт гуйсан. Тэгээд миний аав ээж бид нараас болж байгаа бол та нар хүүхдүүдээ бодоод сайхан амьдраарай гээд Казахстан улс руу яваад өгсөн. Миний аав ээжийн байшинд одоо бид нар 5-лаа амьдарч байна. Намайг гэртээ хэдэн сар хоноогүй гэж худлаа хэлж байна. Эхнэр Г.А дандаа худлаа өөрийнхөө хэлсэн зүйлийг зөв болгож хэлдэг. Би тэрийг тоохгүй, уучлалт гуйгаад болгоод явж байсан. 2017 онд би стресстэй байна, Казахстан улс руу яваад ирье гэхээр нь за гээд явуулсан. Тэгээд бага хүүхдээ дагуулаад Казахстан улс руу явсан. Явж ирснээс хойш Казахстан улсаас нэг хүн байнга мессеж бичдэг болсон. Тэгээд би асуухад чамд ямар хамаатай юм бэ, чи миний эрхэнд халдлаа гээд тэрнээс болж хэрүүл маргаан гараад эхэлсэн. Мөн 2017 онд хүргэн ахтайгаа ярьсан яриаг би зөрчлийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэгэхэд эхнэр нь нас барсан хүргэн ахдаа хүн амьтан байна уу, намайг зуучлаад өг гэхэд нь хүргэн ах нь эхлээд чамайг би өөрөө эзэмдье, дараа нь өөр хүн зуучилж өгнө гэсэн яриа нь байсан. Мөн эртээд Казахстан улс руу явахад олж өгсөн найз чинь дажгүй залуу, тэрэнтэй харьцаж байна уу гэх байдлаар ярьсан яриа нь байгаа. Тэрний дараагаар Онцгой байдлын газарт ажилладаг Бердибек гэх залуу миний хаяг энэ байна гээд мессеж бичсэн байсан. Тэгээд би энэ болгоныг асуухад чи байнга миний мессежийг уншдаг, миний эрхэнд халддаг гээд орилж хашхирдаг. Гэрт ямар нэгэн хэрүүл маргаан гарахад шууд Цагдаа дуудаад асуудал болдог. Би түүний нүүр аманд нь түрхсэн зүйлд хязгаарлалт тогтоогоогүй. Дандаа намайг гүтгэдэг. Намайг буу тулгасан гэж байна. Гэхдээ би буу тулгаагүй. Тухайн үед намайг гэм буруутайд тооцсон. Тэгэхэд би за яах вэ гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тэр үед гэртээ буу байсан нь үнэн. Дараагаар нь тэр бууг зарчихсан.. Тухайн үед би уучлалт гуйснаас болж буруутан болж байна. Хэрвээ бид хоёр цаашид хамт амьдрах юм бол намайг юу ч үгүй болгох юм байна. Тийм учраас би хүүхдүүдээ өөрөө асарна гэж бодож байна. Г.А эх хүний хувьд хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй гэж бодож байна. Хүүхдүүддээ санаа тавьж хүүхдүүд маань яаж байгаа бол гэж ирж байгаагүй. Сүүлд хүүхдүүд өвдөөд байхаар нь хүүхдүүд ээжийгээ дуудаж байна ядаж ирээд нүдэнд үзэгдээч гэж залгаж байсан. Хааяа гадуур явж байгаад хүүхдүүдтэйгээ тааралдахад дэлгүүрээс ундаа чихэр авч өгөөд аргадаад явуулдаг. Бын санал асуухад нэг өдрийн өмнө түүнд чамайг найранд дагуулж очно гээд дагуулж явсан. Гэтэл ямар нэгэн найранд очоогүй. Одоо Б ээж тэгж хэл гэж хэлсэн учраас би тэгж хэлсэн гэж хэлж байна. Өнгөрсөн удаа очоод миний хувцас хунарыг урж, тоосго шийдэж, хашаа тойруулаад хөөсөн. Тэр үед би бичлэг хийсэн, бичлэг нь надад байгаа. Миний хувцсыг урахаар нь цаашаа түлхсэн, би зодоогүй. Тэгээд би түүнд хүүхдүүдээ бодоод ирсэн бол хүүхдүүд хойно тоглож байна, нэг нь гэртээ байна тэдэнд оч, хэрвээ дагуулж аваад явна гэвэл аваад яв гэж хэлсэн. Тэгэхэд намайг чи зодлоо гээд орилсон. Тэр үед Мыг дагуулж явна гэхэд та намайг байнга загнадаг гээд очоогүй. Цэцэрлэгт явдаг 4 настай Аийг дагуулж аваад явна гэхээр нь А бас уйлаад дагаж яваагүй. Би тэгээд аргадаад ээж чинь шүү дээ гээд аргадаад явуулсан. Тэгэхэд уйлаад буцаж орж ирсэн. Тэгээд намайг чи хүүхдүүдийн тархи толгойг эргүүлсэн байна гэж баахан зүйл хэлсэн. Би 4 настай хүүхэдтэй юу ярих билээ. Тийм учраас би 3 хүүхдээ тэжээн тэтгэж чадна. Би одоо хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. 3 хүүхдээ надад үлдээж өгөхийг хүсэж байна. Г.А бусад хөрөнгө авна гэвэл би өгөхөд бэлэн. Тэр байшин миний аавын нэр дээр бүртгэлтэй. Тухайн үед Г.А 7 сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн нь үнэн. Тэрийг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч А.Аээс гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдийг өөрийн асрамжид авч, эцэг нь болох А.Аээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Гэрлэгчид болох А.А, Г.А нар нь 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон бөгөөд гэр бүлийн хувиар хамтран амьдрах хугацаанд гурван хүүхэдтэй болсон болох нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А.А, Г.А нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2015 оны 01 дүгээр сарын 23-нд төрсөн хүү Аийн Аийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Аийн Бын төрсний гэрчилгээ, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Аийн Мын төрсний гэрчилгээ болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нөхөр болох Ө.Тилеубек нь гэр бүл дотор байнга хэрүүл маргаан гаргаж, дарамталдаг ба удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас шүүх хуралдаан дээр гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн ба гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах болно гэж тайлбарлажээ.

Гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгч Г.А нь нөхөр болох А.Атэй эвлэрэхээс татгалзаж байгаа ба хариуцагч А.Ань шүүх хуралдаан дээр гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч тайлбарласан тул А.А, Г.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А овогтой М, 2011 оны 05 дугаар сарын 18-нд төрсөн хүү А овогтой Б нарын санал, хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж зэргийг харгалзан 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А овогтой Мыг эцэг нь болох А.Аийн асрамжинд, 2011 оны 05 дугаар сарын 18-нд төрсөн А овогтой Б, 2015 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү А овогтой А нарыг эх нь болох Г.Аы асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн боловч 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А овогтой Мыг эцэг нь болох А.Аийн асрамжинд, 2011 оны 05 дугаар сарын 18-нд төрсөн А овогтой Б, 2015 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү А овогтой А нарыг эх нь болох Г.Аы асрамжинд үлдээсэн тул 2015 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү А овогтой Аэд эцэг нь болох А.Аээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү А овогтой Аийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох А.Аээр тэжээн тэтгүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.А нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Ө сумын 3-р баг, Бөхөн уул 307 тоот хаягт байрлалтай өвлийн сууц болон Hyundai Porter маркийн, 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч А.Ань Ө сумын 3-р баг, Бөхөн уул 307 тоот хаягт байрлалтай өвлийн сууцыг шинээр барихад зориулж авсан нэхэмжлэгч Г.Аы цалингийн зээл 7,000,000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага болох дундын өмчлөлийн хөрөнгө болох өвлийн сууцын үнээс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцсон хэмжээ болох 7,000,000 төгрөгийг А.Аээс гаргуулан Г.Ад олгох нь зүйтэй байна.

Харин Hyundai Porter маркийн, 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцож түүнээс гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг адил тэгш хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар Hyundai Porter маркийн, 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд орж ирсэн, 0000 *** улсын дугаартай автомашиныг 8,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба гэр бүлийн гишүүдэд адил тэгш хэмжээгээр хуваахад нэг гишүүнд 1,600,000 /8,000,000 / 5 = 1,600,000/ төгрөг байгаа тул Hyundai Porter маркийн, 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.А, А.М нарт үлдээж, А.Аээс гэр бүлийн гишүүд болох Г.А, А.Б, А.А нар оногдох хэсэг 4,800,000 төгрөгийг гаргуулан Г.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С овгийн Аы А, У овгийн Гын А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А овогтой Мыг эцэг нь болох А.Аийн асрамжинд, 2011 оны 05 дугаар сарын 18-нд төрсөн А овогтой Б, 2015 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү А овогтой А нарыг эх нь болох Г.Аы асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү А овогтой Аийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох А.Аээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Hyundai Porter маркийн, 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.А, А.М нарт үлдээж, А.Аээс гэр бүлийн гишүүд болох Г.А, А.Б, А.А нар оногдох хэсэг 4,800,000 төгрөгийг, Г.Аы өвлийн сууц барихад зориулж авсан зээл 7,000,000 төгрөгийг тус тус гаргуулан Г.Ад олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430072 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч А.Аээс 430072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгосугай

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК