Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2019/00064

 

    Г.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00611 дүгээр шийдвэртэй, Г.А-ийн нэхэмжлэлтэй, А.А-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: А.А-аас гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Б, А.М, А.Ай нарыг өөрийн асрамжид авах, эцэг А.А-аар тэжээн тэтгүүлэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Би А.А-тай 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Б, 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.М, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.Ай нарыг төрүүлсэн. Нөхөр бид хоёр гэр бүл болсноос эхлэн нөхрийн аав ээжийн гэрт амьдарч байсан бөгөөд хадам аав ээж маань намайг байнга ад үзэж, дандаа миний эсрэг юм хэлдэг. Хадам аав архи ууж ирээд надад муу муухай үг хэлж харааж байсан бөгөөд эхэндээ үүнийг би тэсэн өнгөрүүлсэн боловч сүүлдээ хадам аав маань намайг зоддог болсон. Би өөрийн төрхөм талын хүмүүсийг дуудаж, болсон асуудлыг хэлсэн боловч хадам аав хэлсэн үгийг ойлгохгүй улам архи уугаад намайг хүндлээгүй. Хамгийн сүүлд хадам аав архи ууж ирээд намайг түлхэхэд хүүхдээ тэвэрсэн байдалтай өлгүүр мөргөж унасан бөгөөд хадам ээж "чи яагаад бэрээ зодоод байна вэ?" гэж хэлэхэд хадам ээжийг бас зодсон. Тэгэхэд нөхөр гадуур явж байсан бөгөөд энэ тухай нөхөртөө утсаар хэлэхэд цагдаа дууд гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирээд "хөгшин хүн гэртээ амрах хэрэгтэй. Та байнга архи ууж болохгүй" гэж тайвшруулж сануулга өгөөд явсан. Гэвч нөхөр ч гэсэн байнга өөрийн аав ээжийн үгийг дагаж миний эсрэг гардаг. Ийм асуудлаас болж нөхөр бид хоёрын хооронд таарамжгүй болж заримдаа архи ууж, гэртээ согтуу ирээд надад гар хүрдэг. Жишээ хэлэхэд нөхөр маань өнгөрсөн жил миний хоолой руу хутга, буу тулгаж ална хэмээн заналхийлэн айлган сүрдүүлж байсан. Сүүлдээ энэ нь энгийн үзэгдэл болсон. Би нөхрийнхөө дарамтаас болоод байнгын айдас түгшүүртэй явдаг болсноос болж сэтгэл санаанд өөрчлөлт орж гутрах болсон. Энэ байдлын талаар Цагдаагийн газарт хэлэх гэхэд нөхөр гар утас булаан авч, хэрэв энэ тухай хэн нэгэнд хэлбэл ална гэж айлгаж, чамайг хэн ч тоохгүй, чи төрийн албан хаагч хүн нэр төрөө бодоорой, ер нь хуулийн байгууллагад хандаад олж долоосон хүн байхгүй шүү дээ. Баян-Өлгий аймаг маш жижигхэн учраас хүмүүс бие биеэ сайн таньдаг. Цагдаагийн хүмүүс бүгд миний талын танил хүмүүс тэд намайг л хамгаалах болно. Тэгэхээр больсон нь дээр шүү дээ гэж хэлдэг байсан. Үүнээс болж удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн дотроо хадгалж шаналж ирсэн. Ганц хоёр удаа нууцаар хүчирхийллийн төвийн үндэсний төвийн лавлагаа мэдээлэл өгөх 108 дугаар утас руу залгаж зөвлөгөө авч байсан. Энэ олон хүчирхийллээс буу болон хутга тулгаж ална гэсэн байдлыг цагдаагийн газарт мэдэгдэж байсан. Бусад асуудлаар цагдаагийн газарт хандаж байгаагүй. Иймд хариуцагч А.А-аас гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Б, А.М, А.Ай нарыг өөрийн асрамжид үлдээж, хүү А.Б, А.М, А.Ай нарыг эцэг А.А-аар тэжээн тэтгүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт “Гэрлэлт цуцлах үед ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, ...талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно” гэж заасны дагуу гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох өвлийн сууц болон Hyundai Porter маркийн, 13-25 БӨҮ улсын дугаартай, КМРХК57ВР211569492 арлын дугаартай тээврийн хэрэгслийн өөрт болон хүү А.Б, А.М, А.Ай нарт оногдох 26,400,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч миний арилжааны банкнаас өвлийн сууц барихад зориулж авсан цалингийн зээлийг төлж өгсөн тохиолдолд нэхэмжлэлийн гэр бүлийн дундын өмчлөлийн өвлийн сууцын өөрт болон хүү А.Б, А.М, А.Ай нарт ногдох хэсэг гаргуулах хэсгээс татгалзах болно.” гэв.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэлд янз бүрийн үг бичсэн байна. Би 3 хүүхдээ бодож эхнэрээсээ салж гэрлэлтээ цуцлуулахгүй. 3 хүүхдүүд маань одоо надтай хамт амьдарч байгаа. А.А миний нэр дээр 13-25 БӨҮ Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл байгаа нь үнэн. Харин хувийн орон сууц төрсөн аав, дүү нарын нэр дээр бүртгэлтэй. Надад өөр хөрөнгө байхгүй. Эд хөрөнгийг мөнгөн хэлбэрээр гаргаж өгөхийг шаардсан байна. Надад өөрийн эд хөрөнгө байхгүй, мөнгөгүй болно. Г.А бид хоёр өвлийн сууцгүй учир хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай хүсэлтийг зөвшөөрөхгүй байна.”  гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00611 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А.А, Г.А нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А овогтой М-ыг эцэг нь болох А.А-ийн асрамжид, 2011 оны 05 дугаар сарын 18-нд төрсөн А овогтой Б, 2015 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү А овогтой Ай нарыг эх нь болох Г.А-ын асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү А овогтой Ай-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох А.А-аар тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Hyundai Porter маркийн, 1325 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.А, А.М нарт үлдээж, А.А-аас гэр бүлийн гишүүд болох Г.А, А.Б, А.Ай нар оногдох хэсэг 4,800,000 төгрөгийг, Г.А-ын өвлийн сууц барихад зориулж авсан зээл 7,000,000 төгрөгийг тус тус гаргуулан Г.А-д олгож шийдвэрлэжээ. 

           

            Нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхээс зохигчдыг 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон бөгөөд гэр бүлийн хувиар хамтран амьдрах хугацаанд 3 хүүхэдтэй болсон гэж зөв дүгнэсэн атлаа 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн А овогтой Б-ын эцэг нь болох А.А-аар тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхисон явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЭЗ/236 дугаар захирамжаар холбогдогч А.А-ийн өөрийн гэртээ байхдаа эхнэр А.А-д буу тулгаж хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зөрчил үйлдсэн болохыг тогтоосон. Ингэхдээ шүүхээс хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үед өөрийнхөө утаснаас цагдаагийн 7042102 гэсэн дугаар руу утасдаж дуудлага өгсөн. Дуудлагаар С.Абдилгажы, Ж.Айболат гэдэг хоёр цагдаа манайд ирсэн” гэсэн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны 12 дугаар сард байсан он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би тоглож байгаад ус уух гээд гэрт орж ирэхэд аав ээж рүу манай гэрт байсан өөрийнхөө бууг тулгаж зогсож байсан. Тухайн үед ээж цагдаа руу утасдаж дуудлага өгсөн. Тэгээд би гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа манай гэрт 2 цагдаа ирсэн" гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 11 дэх хэсэгт хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар хуульчилсан. Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах учиртай. Хариуцагч А.А нь хүүхдийнхээ дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохыг шүүх тогтоосон байхад бага насны хүүхэд болох 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А овогтой М-ын эцэг нь болох А.А-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс А.А, А.А нарын гэрлэлт цуцлуулах тухай маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралгүй Ө.Т гэгчийн тухайд дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч А.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү А.Б, А.М, А.Ай нарыг өөрийн асрамжид үлдээж, эцэг А.А-аар тэжээн тэтгүүлэх, дундын өмчөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар Г.А, А.А нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар хүү А.М-ыг эцэг А.А-ийн асрамжид, хүү А.Б, А.Ай нарыг эх Г.А-ын асрамжид тус тус үлдээж, эцэг А.А-аар тэжээн тэтгүүлэн, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваарилж шийдвэрлэхдээ хүү А.Б-ыг эцэг А.А-аар тэжээн тэтгүүлэх тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй нь  үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч Г.А нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “А.А-аас гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Б, А.М, А.Ай нарыг өөрийн асрамжид авах, эцэг А.А-аар тэжээн тэтгүүлэх” гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх “нэхэмжлэгч Г.А-ын хүү А.Б-ыг эцэг А.А-аар тэжээн тэтгүүлэх тухай” хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авч, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар А.Б-ыг эцэг болох А.А-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү А.М-ын саналыг харгалзан эцэг болох А.А-ийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол нь нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй байна.

 

Хариуцагч А.А нь шүүх хуралдаан дээр хүүхдүүдээ өөрийн асрамжид авах талаар тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдаж байна.

 

            Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн А.А-ийн нэрийг Ө.Т гэж буруу бичсэн болохыг тэмдэглэж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.А-д буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дүгээр зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00611 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар” гэсний дараа “2011 оны 5 дугаар сарын 18-нд төрсөн хүү А овогтой Б,” гэж нэмж, “А овогтой Ай-ийг” гэснийг “А овогтой Ай нарыг”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.А-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн", “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ