Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/00821

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, тоот хаягт оршин байрлах Ц ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Улаанхуаран гудамж, тоот хаягт байрлах М ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,405,000,626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ч, Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц ХХК нь М ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 45 тоот Үйлчилгээний 456 айлын орон сууцны Б барилгын ажлыг гүйцэтгэх тухай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний гүйцэтгэгч болох манай Ц ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М ХХК-ийн эзэмшлийн газарт З ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төслийн дагуу 456 айлын орон сууцны зориулалттай 16 давхар бүхий бүрэн цутгамал бетонон Б ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэж ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх, захиалагч М ХХК нь хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Талууд ажлын хөлсийг төсөвт өртгөөр тооцохоор тохиролцож М ХХК, З ХХК-иар манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг төсвийг гаргуулсан.

Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 456 айлын орон сууцны зориулалттай 16 давхар бүхий бүрэн цутгамал бетонон Б цогцолборыг барьж нийт 18,441,503,202 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Гэтэл М ХХК нь манай компанид нийт 16,036,502,576 төгрөг төлж, 2,405,000,626 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд манай компанийн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 2,405,000,626 төгрөгийг М ХХК-иас гаргуулж, Ц ХХК-д өгнө үү.

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч М ХХК-иас 720,540,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцож авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаныг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсийг төсөвт хөрөнгийн үлдэгдэл хөлсийг шаардаж байгаа асуудлыг ярьж байна. Яагаад шаардах эрхтэй юм бэ гэхээр бид нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр дээр хэн аль нь маргаагүй тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтийг шаардах үндэслэлтэй гэж үзээд гэрээний 1.1-т талууд ажлын хөлсийг төлнө гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч компанийхаа хувьд ерөнхийдөө төсөвт өртгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж яригдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд удаа дараа ярьдаг боловч энэнээс өөр төсөв гаргаж ирээгүй. Энэ нь талуудын хооронд болсонд гол тохиролцооны ийм төсөв байдаг юм. Тэгэхээр энэ төсөв дээр маргах үндэслэл байхгүй. Татгалзлаа нотолж чадахгүй хэрвээ хариуцагчийн татгалзал өөрөө үндэслэлтэй бол хууль зүйн үндэс яриад мэтгэлцэх байсан. Гэтэл хууль зүйн үндэслэлээ ярьсангүй. Хууль зүйн үндэслэлээ яриагүй учир нэмж хууль зүйн үндэслэл ярих шаардлагагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М ХХК-ийн хөрөнгө оруулалт, захиалгаар Ц ХХК нь Улаанбаатар хот, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамжид байрлах Б барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү ажил анх эхэлж байхад Ц ХХК нь 13,816,025,627 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тооцоо гаргаж байсан. Гэвч барилгын ажлын гүйцэтгэлийн явцад төсөв хэтэрч ирсэн төдийгүй, удаа дараа захиалагчаас үнэ өсч байна гэх шалтгаанаар мөнгө хөрөнгө гаргуулж ирсэн.

Уг барилгыг 2016 оны 01 дүгээр сард улсын комисс хүлээн авсан ба үүнээс хойш барилгын ажлын чанар, үр дүнгийн талаар олон тооны гологдол гарч ирсэн төдийгүй барилгын хуулийн дагуу баталгаат хугацааны дотор гүйцэтгэгч Ц ХХК нь хариуцан арилгах ёстой атал энэ талаар шаардлага тавихад тоогоогүйгээр үл барам шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Захиалагчийн зүгээс 17,8 тэрбум төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн бөгөөд энэ төлсөн мөнгө хөрөнгөдөө тохирсон үр дүн хүлээн аваагүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

М ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирлаар Г.Г ажиллаж байсан. Г.Г бол өөрөө анх 13.000.000.000 төгрөгийн төсөв танилцуулсан байдаг. Тухайн үедээ 13 тэрбумаар барилгын ажил хийнэ гэж тохирсон. Барилгын ажлын явцад бол захиалагчаас үнэ нь өсөөд байна гэж шаардаад, төсөвт өртгийг 15 тэрбум болгож тохиролцсон зүйл байдаг. Өнөөдөр Ц ХХК нь 18 тэрбум төгрөгийн ажил хийж хүлээлгэн өгсөн гэдэг. Энэ төсвийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. 18 тэрбумаар барилгын ажлыг гүйцэтгэсэн бол төсөвтэй уяалдуулан санхүүгийн баримтаа хавтаст хэрэгт өгөх ёстой байсан юм биш үү. Танайх 16 тэрбум төгрөгөөр ажлаа хийж гүйцэтгэсэн, 2 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа бол төсөв дээр бодсон аргачлалаа төслийнхөө дагуу тайлбарлаад өгөөчээ гэж хүсч байна. Манайх Ц ХХК-ийн нэхсэн илүү мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй манай хөрөнгө оруулагчаас худлаа яриад 2 тэрбум төгрөг авсан үйлдэл ажиглагдаж байгаа. Г.Г ыг судлаад үзэхээр хавтаст хэрэгт нэхэмжлэгч талын өгсөн баримт дээрээс харахаар иргэний үнэмлэхний хаяг, хамгийн сүүлд нэхэмжлэл хүлээж авсан хаяг нь анх Ц компаний анх үүсгэн байгуулагдсан гэрчилгээ дээрх хаяг байж байна. Тэгэхээр энэ угаасаа ашиг сонирхол нэгтэй хүмүүс энэ ажлыг хийсэн нь тодорхой л харагдаж байна. Ах нь дүүгээсээ мөнгөө нэхээд байгаа юм болчихоод байна. Үгүй бол өнөөдөр Г.Г надтай хамт энэ шүүх хуралд сууж байх байсан. Тэгэхээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр бол яг энэ төсвийн дагуу бүх санхүүжилт олгогдоод үүнийхээ дагуу бүх татвар мөнгө төлөгдөөд явна гэсэн тодорхой заалт байхгүй. Тухайн гүйцэтгэсэн компаний ашиг эсхүл гүйцэтгэсэн ажлын хөлс ч юм уу тодорхой заасан заалт байхгүй. Хавсралтад байгаа ажил гүйцэтгэх гэрээ бол англи, монгол хоёр хэлээр үйлдэгдсэн. Хавсралтанд байгаа англи хэл дээрхийг орчуулаад ойлгохоор ажил гүйцэтгэх гэрээний нийт гүйцэтгэсэн ажлын 15 хувиар ажлынхаа хөлсийг авах ёстой гэж харагдаж байна. Гэвч монгол хэл дээрх гэрээнээс ажлынхаа хөлсөө нийт төсвөөрөө авах уу, гэрээнийхээ дагуу нийт ажлын хөлсний 15 хувиар уу гэдэг нь тодорхой заасан заалт байхгүй. Хуулийн дагуу ажлынхаа хөлсийг нэхэмжлэх эрх нь нээлттэй. Нэхэмжлэгч нь төсвөөр нэхэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бид төсвийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төсөв нь анхнаасаа М-д ХХК-д танилцуулсан төсөв биш. Төсөв дээр 3 төрлийн төсөв нийлээд 18 тэрбум хөрөнгийг төсөв болсон. Нэг төсөв нь 2 удаагийн нэмэлт өөрчлөлттэй байгаа. Төсөв бол хуульд зааснаар нийт барилга угсралтын ажил эхлэхэд төсөв гардаг. М ХХК нь З ХХК-тай төсөв гаргуулахаар тохиролцоод гэрээ байгуулаад хавтаст хэрэгт авагдсан. Зийн хийсэн төсөв нь гэдэгт эргэлзэж байна. Энэ төсвөөр мөнгө нэхэмжлэх эрхтэй байгаад энэ төсөв нийт ажлын хөлс нь багтсан төсөвт орсон бол шаардах нь хэр үндэслэлтэй энэ төсөвд нийт орсон ажлыг багтсан гээд мөнгө шаардаж байгаа бол энэ дээр бүх юм нь төсөв дотроо орсон байдаг. Ер нь бол өөрсдөө ч гэсэн өөрсдөө үзсэн бол ашиг 15 хувь гээд заасан байгаа. Мөн нормчлолын хувь гээд 1,8 хувь мөн НӨАТ-ын баримт гээд бусад зардлууд ашиг гэдэг нь гүйцэтгэгч байгууллагын ажлын хөлс гэж ойлгож байгаа. Төсөв гарсан байлаа гээд төсвөөр бүх мөнгөн дүнг тооцох хуулийн үндэслэл байхгүй. Энэ төсөв батлагдаад зураг төсөл хийсэн компани төсвөө гаргаад үүнийхээ дагуу ер нь тендрдийнхээ үйл ажиллагаа явагдаад гүйцэтгэгч компаниа сонгоод хамгийн боломжит байдлаар дүн санал болгосон хөрөнгө оруулагчийг төсөвт өртгийн гарсан дүнгээс багасгах эсхүл чанар сайжруулсан байдлаар тендр шалгаруулалт явагдаад тэр гүйцэтгэгч компани бол гэрээ байгуулаад оролцох ёстой гэж ойлгож байна. Гэтэл Захиалагч М ,гүйцэтгэгч нь З гээд бичсэн бичмэл хуудас, үүнд ямар нэгэн тамга, гарын үсэг зураад баталгаажуулсан зүйл байхгүй. Бид нар юу гэж үзэж байгаа вэ гэхээр энэ барилга нь 2015онд баригдаж эхлээд 2016 оны 1 сард ашиглалтад орж улсын комисс хүлээж авсан барилга байгаа. Тэгэхээр бид нар 2014-20160 онд баригдаад дууссан барилгын төсвийн тухайд барилгын шинэчилсэн хууль 2016 оны 1 сараас үйлчилж эхэлсэн болохоор хуучин хуулийг үйлчилсэн гэж үзэж байгаа. 2008 оны барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зураг төсөл гэж юу юм бэ гэдэг дотор барилга байгууламжийн ажлын нийт зураг төслийн өртөг орно гэж заасан. Нийт ийм зүйлс зураг төсөлд орно гэж заасан. Энэ зураг төслийг хийсэн компани нь З компани төсвөө хэрэглээд гүйцэтгэсэн байдаг. 2009 оны МУ-ын Засгийн газрыг 456тоот тогтоолын хавсралт барилга байгууламжийн зураг зөвшилцөх магадлалд зураг төслийг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж буюу гүйцэтгэгч компани боловсруулсан зураг төслийн нүүр хуудсанд гарын үсэг зурж бааталгаажуулна гэсэн байгаа. Тэгэхээр зураг төсөл гэж юуг хэлж байгаа гэхээр нийт барилга байгууламжийн нийт өртөг ч төсөв мөнгөндөө орсон байгаа. Мөн төсөв батгаалжихаар нүүр хуудсанд гарын үсэг зурах ёстой гэж үзсэн байгаа. Төсөв баталгаажихаар нүүр хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулахаар Захиалагч компани З компани тамга дарагдаагүй гарын үсэг зурагдаагүй энэ төсөв дээр он сар нь байхгүй. Мөн энэ төсөв дээр он сар нь баталгаатай бичигдээгүй, байхгүй. Ийм байдлаас үүдээд бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манайх М компаний өмнөх захирлаас үүдэлтэй бичиг баримт архивт байхгүй. Бид нарыг үүнийг амаар тайлбарлахаас өөр арга байхгүй байна. Өнөөдөр бол Эрүүгийн хэрэг үүсээд шинжээч томилогдоод явж байгаа. Тогтоогдсоны дараа бүх зүйл тодорхой болно. Нэг овогтой ах дүү нарын байгуулсан компаниуд хоорондоо Ц, М компаний офисс нь нэг дор, ажилчид нь хүртэл хамт итгэмжлэгдсэн төлөөлөгч ялгах салгахгүй байдал үүссэн. Иймэрхүү дотоод асуудлаас үүсээд өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн боловч Баримт гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Төсөв маань шаардлага хангаагүй учраас нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Төсвийн дагуу мөнгө авна гэсэн юм байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс авна гэж тооцно. Ажил гүйцэтгэх гэрээнд хавсралтад тодорхой заагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,405,000,626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 45-ний өдөр Үйлчилгээтэй 456 айлын орон сууцны Б барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, ерөнхий гүйцэтгэгч буюу Ц ХХК нь захиалагч тал М ХХК-ийн эзэмшлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсэрт орших, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/123 тоот шийдвэр бүхий газарт, үйлчилгээтэй 456 айлын орон сууцны Б барилгын ажлыг иж бүрнээр нь З ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төслийн дагуу гүйцэтгэж ашиглалтад оруулах, захиалагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг ерөнхий гүйцэтгэгчид төлөхөөр тус тус үүрэг хүлээжээ.

 

Гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д Захиалагч санхүүжилтийг гэрээний хавсралт болон орсон графикийн дагуу хийнэ гэж заасан боловч, зохигчид гэрээний хавсралт, графикийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй буюу хавсралт, график бичгээр боловсруулагдаагүй талаар талууд маргаагүй.

 

Гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу, ерөнхий гүйцэтгэгч Ц ХХК нь З ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төслийн дагуу тухайн барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн бөгөөд З ХХК нь М ХХК-ийн захиалгын дагуу, нийт 18,028,984,715 төгрөгийн төсөвт өртөг бүхий Үйлчилгээтэй 164 айлын орон сууц-ны барилгын ажлын төсвийг боловсруулсан байна.

 

Барилгын төсөв зохиох дүрэм БНбД 81-95-12-ын Гуравдугаар зүйлийн 3.2-т Барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэж тооцсон, барилга барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг барилгын төсөвт өртөг гэнэ., 3.3-т Барилгын төсөвт өртөг нь хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох, барилгын бүтээгдэхүүний /бэлэн болсон барилга/ гэрээний үнийг тогтоох, гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын тооцоог хийх, тоног төхөөрөмж авах, түүнийг барилгад хүргэх зардлыг төлөх, түүнчлэн барилгын нэгдсэн төвст тусгагдсан бусад зардлуудыг санхүүжүүлэх үндсэн баримт бичиг болно гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь хэрэгт авагдсан, З ХХК-ийн боловсруулсан Үйлчилгээтэй 164 айлын орон сууц-ны барилгын ажлын төсвийг эс зөвшөөрч, анх гэрээ байгуулагдахад танилцуулагдсан төсвөөс өөр төсвийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан гэж маргасан боловч нотлох баримтаар нотлоогүй, тухайн төсвийг хуурамч, бодит бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Харин З ХХК-ийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай албан бичиг, гэрч Д-гийн мэдүүлгээс үзэхэд, захиалагч М ХХК-ийн хүсэлтээр, үйлчилгээний зориулалттай 2 талбайг айл болгон өөрчилснөөс үүдэн, төслөөр 164 айлын орон сууц төлөвлөгдсөн байсан нь 456 айлын орон сууц болон өөрчлөгдсөн үйл баримт тогтоогдов.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх тайлбараа нотлох баримтаар нотлоогүйн дээр шүүхэд тодорхой шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, М ХХК-ийн захиалгатай, 37 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 456 айлын орон сууцны барилга, байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаартай комиссын акт, Ц ХХК-иас М ХХК-д үйлчилгээтэй 456 айлын орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлцсэн акт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу шаардах эрхтэй.

 

Хариуцагч М ХХК нь орон сууцны цогцолборын барилгын ажилд нь 17,889,708,043 төгрөгийн санхүүжилтийг Ц ХХК-д өгсөн гэх боловч нотлох баримтаар нотлоогүй. Харин хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, М ХХК-ийн Голомт банк дахь 2010008123, Хас банк дахь 5001604123, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Рави Кришнадас Жагасиа-ын эзэмшдэг Голомт банк дахь 2010005123, 2010005123 дугаартай дансуудаас Ц ХХКд 7,009,418,543.8 төгрөгийг шилжүүлж, санхүүжилт олгосон гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 16,036,502,576 төгрөгийг М ХХК-иас авсан гэх нэхэмжлэгч Ц ХХК-ийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч М ХХК-иас 720,540,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг дээрх гэрээний төлбөрт тооцож авснаа зөвшөөрч байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа нь үндэслэлгүй тул хариуцагчаас шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийн үнэ 720,540,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М ХХК-иас 1,684,460,626 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 720,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 1,684,460,626 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 720,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,182,954 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8,580,253.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАА