Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01418

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х М” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 405 000 626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, Б.Эрдэнэцогтбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, Л.Дашравдан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ц” ХХК нь “Х М” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БАГ-2014/01 тоот, Үйлчилгээ болон 166 айлын орон сууцны Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч “Ц” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х М” ХХК-ийн эзэмшлийн газарт “Зууны гүүр” ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төслийн дагуу 166 айлын орон сууцны зориулалттай 16 давхар бүхий бүрэн цутгамал бетонон, цогцолборын ажлыг иж бүрнээр гүйцэтгэж ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх, захиалагч “Х М” ХХК нь ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд ажлын хөлсийг төсөвт өртгөөр тооцохоор тохиролцож “Х М” ХХК, “Зууны гүүр” ХХК-иар манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын төсвийг гаргуулсан. Манайх гэрээний үүрэг болох 166 айлын орон сууцны 16 давхар цогцолборыг барьж нийт 18 441 503 202 төгрөгийн ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Гэтэл “Х М” ХХК нь нийт 16 036 502 576 төгрөг төлж, 2 405 000 626 төгрөгийг төлөөгүй. 

“Х М” ХХК-иас 720 540 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцож авсан нь үнэн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Х М” ХХК-ийн хөрөнгө оруулалт, захиалгаар “Ц” ХХК нь Улаанхуарангийн гудамж Баяжих цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Ажил анх эхэлж байхад “Цахимг ал” ХХК нь 13 816 025 627 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоо гаргасан боловч гүйцэтгэлийн явцад төсөв хэтэрч байна, үнэ өсч байна гэх шалтгаанаар мөнгө хөрөнгө гаргуулж байсан. Барилгыг 2016 оны 1 дүгээр сард улсын комисс хүлээн авсан ба үүнээс хойш ажлын чанар, үр дүнгийн талаар гологдол гарч байсныг гүйцэтгэгч талд шаардлага тавихад үл тоож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиалагчийн зүгээс 17,8 тэрбум төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн ч тохирсон үр дүн хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Х М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ганцог нь анх 13 000 000 000 төгрөгийн төсөв танилцуулж тохирсон. Ажлын явцад үнэ өссөн гэж шаардаж 15 000 000 0000 болгож тохиролцсон зүйл байдаг. Өнөөдөр “Ц” ХХК нь 18 тэрбум төгрөгийн ажил хийж хүлээлгэн өгсөн гэдэг ч уг төсвийг манайх зөвшөөрөхгүй. Ийм хэмжээний ажлыг гүйцэтгэсэн бол төсөвтэй уялдуулан санхүүгийн баримтаа хавтаст хэрэгт өгөх ёстой. 16 000 000 000 төгрөг, 2 000 000 000 төгрөг гэх үнийг бодсон аргачлалаа төслийн дагуу тайлбарлах ёстой, илүү нэхсэн мөнгийг төлөх үндэслэлгүй. Г.Ганцог нь нэхэмжлэгч “Ц” ХХК-тай ашиг сонирхол нэгтэй хүмүүс.

Ажил гүйцэтгэх гэрээгээр яг энэ төсвийн дагуу бүх санхүүжилт олгогдоод бүх татвар мөнгө төлөгдөөд явна гэсэн тодорхой заалт байхгүй. Тухайн гүйцэтгэсэн компанийн ашиг эсхүл гүйцэтгэсэн ажлын хөлс ч юм уу тодорхой заасан заалтгүй. Хавсралтад байгаа ажил гүйцэтгэх гэрээ англи, монгол хоёр хэлээр үйлдэгдсэн, английг нь орчуулаад ойлгохоор ажил гүйцэтгэх гэрээний нийт гүйцэтгэсэн ажлын 15 хувиар ажлын хөлсийг авах ёстой гэж харагдаж байна. Монгол хэл дээрхээс ажлын хөлсөө нийт төсвөөр авах уу, гэрээний дагуу нийт хөлсний 15 хувиар уу гэдэг нь тодорхойгүй. Хуулийн дагуу ажлын хөлсийг нэхэмжлэх эрх нээлттэй. Нэхэмжлэгч төсвөөр нэхэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бид төсвийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төсөв анхнаасаа “Х М” ХХК-д танилцуулсан төсөв биш. Төсөв дээр 3 төрлийн төсөв нийлээд 18 тэрбум хөрөнгийн төсөв болсон. Нэг төсөв нь 2 удаагийн нэмэлт өөрчлөлттэй. Хуульд зааснаар нийт барилга угсралтын ажил эхлэхэд төсөв гардаг. “Х М” ХХК нь “Зууны гүүр” ХХК-тай төсөв гаргуулахаар тохиролцоод гэрээ байгуулаад хавтаст хэрэгт авагдсан. Бүх юм нь төсөв дотроо орсон байдаг, өөрсдөө үзсэн бол ашиг 15 хувь гээд заасан байгаа. Мөн нормчлолын хувь гээд 1,8 хувь, НӨАТ-ын баримт гээд бусад зардлууд, ашиг гэдэг нь гүйцэтгэгч байгууллагын ажлын хөлс гэж ойлгож байгаа. Төсөв гарсан байлаа гээд төсвөөр мөнгөн дүнг тооцох хуулийн үндэслэлгүй. Төсөв батлагдаад зураг төсөл хийсэн компани тендрийн шалгаруулалтаар гүйцэтгэгч гэрээ байгуулаад оролцох ёстой гэж ойлгож байна. Гэтэл захиалагч “Х М” ХХК, гүйцэтгэгч нь “Зууны гүүр” ХХК гээд бичсэн бичмэл хуудас, үүнд ямар нэгэн тамга, гарын үсэг зураад баталгаажуулсан зүйл байхгүй. Барилга 2014 онд баригдаж эхлээд 2016 оны 1 сард ашиглалтад орж улсын комисс хүлээж авсан. Тэгэхээр Барилгын шинэчилсэн хууль 2016 оны 1 сараас үйлчилж эхэлсэн болохоор хуучин хуулийг үйлчилсэн гэж үзэж байгаа.

Төсөв баталгаажиж нүүр хуудсанд гарын үсэг зурах байтал захиалагч компани, “Зууны гүүр” ХХК-ийн тамга дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй, он сар байхгүй байдлаас үүдээд бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай “Х М” ХХК-ийн өмнөх захирлаас үүдэлтэй бичиг баримт архивт байхгүй тул амаар тайлбарлахаас өөр аргагүй. Эрүүгийн хэрэг үүсээд шинжээч томилогдоод явж байгаа. Тогтоогдсоны дараа бүх зүйл тодорхой болно. Нэг овогтой ах дүү нарын байгуулсан компаниуд юм. Төсөв шаардлага хангаагүй учраас нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заасныг баримтлан хариуцагч “Х М” ХХК-иас 1 684 460 626 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 720 540 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 182 954 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 580 253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 580 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, хэргийг шийдвэрлүүлэхгүй байх зорилготой байсан бөгөөд хойшилсон хурал болгон дээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй нотлох баримт, хүсэлт гарган шүүх хурлуудыг хойшлуулж байсан. Шүүхийн зүгээс хариуцагчид дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдлээ зогсоохыг хэд хэдэн удаа сануулж байсан боловч хариуцагч тал шүүхийг үл хүндэтгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөөр байсан. Дээрх үйлдэл нь шүүх хуралдааныг хойшлуулж байсан, өмнө гаргаж өгөх боломжтой байсан нотлох баримтуудыг шүүх хурал дээр гаргаж өгөх зэргээр илэрч байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйл 105.2-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл шүүх түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.” гэж заасан бөгөөд шүүх хурал дээр талуудаас гаргасан нотлох баримтыг хүлээж авч хэрэгт хавсаргах эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх асуудлыг тухайн шүүгч шийдвэрлэх ёстой бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шүүгчийн эрх хэмжээний асуудал юм.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг харгалзан үзэхгүй, заавал тухайн баримтыг хүлээн авах ёстой мэтээр тайлбарласан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйл 105.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүх хариуцагчийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримтыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг удирдлага болгосон бөгөөд дээрх захирамжид тус хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргах эрхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүх хурлыг хойшлуулах хүсэлт нь үндэслэлгүй ба шүүх хурлыг үргэлжлүүлэх явуулсан нь зүйтэй байсан. Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс хэргийг шийдвэрлүүлэхгүй, хойшлуулах хүсэлтэй байсан бөгөөд хзрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан, ажиллагааг түдгэлзүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаан хугацаагаар хойшлуулах боломжтой болох юм.

“Ц” XXK нь “Х М” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №БАГ-201/01 тоот гэрээний дагуу Үйлчилгээтэй 166 айлын орон сууцны “Баяжих” цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд талуудын тохиролцооны дагуу төсөвт өртгийн үлдэгдэл хөрөнгө оруулалтаа хийхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгэнт хариуцагч компанийн гаргуулсан төсвийн дагуу ажлыг гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгсөн бөгөөд төсөвт өртгийн дагуу хөрөнгө оруулалтаа шаардаж байгаа тохиолдолд манай компанийн, санхүүгийн анхан шатны баримтад шалгалт хийх, санхүүгийн шинжээч томилох шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж хэргийн шийдвэрлэсэн нь зөв юм.

Дээр дурдсанчлан талуудын хооронд үүссэн маргаан нь батлагдсан төсвийн дагуу хөрөнгө оруулалтаа гүйцэд оруулж, нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгох талаарх маргаан бөгөөд тухайн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан тусгай мэдлэг шаардсан, тодруулах асуудал байхгүй юм. Гэвч давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвзрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргаж буй гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болсон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “Х М” ХХК-иас гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийн үлдэгдэлд 2 405 000 626 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч “Х М” ХХК шаардлагыг эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын төсвийг үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Үйлчилгээтэй 166 айлын орон сууцны “Баяжих” цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх” гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч, хариуцагч “Х М” ХХК нь захиалагч болжээ. Уг гэрээгээр “Ц” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Х М” ХХК-ийн эзэмшлийн газар дээр 166 айлын орон сууцны “Баяжих” цогцолборын барилгын ажлыг иж бүрнээр нь “Зууны гүүр” ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төслийн дагуу гүйцэтгэж, ашиглалтад оруулах, захиалагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг ерөнхий гүйцэтгэгчид төлөхөөр тус тус тохиролцжээ.

“Зууны гүүр” ХХК нь “Х М” ХХК-ийн захиалгаар үйлчилгээтэй 164 айлын орон сууцны барилгын төсвийг 18 028 984 715 төгрөг гэж боловсруулсан байна. Захиалагч “Х М” ХХК-ийн хүсэлтээр үйлчилгээний зориулалттай хоёр талбайг айл болгон өөрчилснөөс үүдэн 166 айлын орон сууц болгон төсөвт өөрчлөлт оржээ. Хэрэгт дээрх төсөв баримтаар хавсаргагдсан байна.

“Зууны гүүр” ХХК-ийн гаргасан төсвийн үнэн зөв байдал нэхэмжлэгч “Ц” ХХК-д хамааралгүй, хариуцагч “Х М” ХХК-тай байгуулсан тусдаа гэрээний зүйл бөгөөд тухайн гэрээ хэрэгжиж дуусгавар болсон, “Зууны гүүр” ХХК хийсэн ажлынхаа хөлсийг авсан, “Х М” ХХК ажлын үр дүнгийн талаар гомдлын шаардлага гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 16 давхар бүрэн цутгамал бетонон “Баяжих” цогцолборын барилгыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн байна.

Хариуцагч тал дээрх төсвийг анх танилцуулагдсанаас өөр байна гэж маргасан боловч өөрийн татгалзлын уг үндэслэлээ баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзнэ.  

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг тооцож, нэхэмжлэлээс 1 684 460 626 төгрөгийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар шүүх хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхтэй ба мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн тохиолдолд л шүүх түүнийг хүлээн авч болдог. Энэ байдал тогтоогдоогүй бол шүүх нотлох баримтыг хүлээн авахгүй байх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-д зааснаар гомдол гаргаж болох тогтоол, захирамжийн жагсаалтад хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т заасан ажиллагааны эрх зүйн акт хамаарахгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан, хэргийн оролцогчид нотлох баримт цуглуулах, гаргах хангалттай хугацаа олгогдсон ба шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 6 сарын дараа хэргийг хянан шийдвэрлэжээ.  Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн, хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй нотлох баримтыг шүүх хүлээн авахгүй байх эрхтэй болно.   

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилдог. Хуулийн уг зохицуулалтыг шинжээч томилуулах тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг заавал хангах ёстой гэж ойлгох үндэслэлгүй. Шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн шүүх хүсэлтийг хангахаас татгалзах эрхтэй. Шүүх хариуцагч “Х М” ХХК-ийн хүсэлтээр санхүүгийн шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 8 580 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН