Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/00862

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ж.М /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах Б СӨХ-нд холбогдох,

 

Б СӨХ-ны 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, хурлаас гарсан 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, Б СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай Б СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Б.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Б СӨХ нь 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр сууц өмчлөгчдийн хурлаа хийж нийт 330 өрх хамаардгаас 70 орчим хүн хуралд оролцож, өөрийн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг сонгох сонгуулиа явуулсан юм. Ингээд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, ирц хүрээгүй хурлаас удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг чөлөөлж, сонгон мөн сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг хууль бусаар сонгож, М.Б гэх хүнийг томилж хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гомдол гаргасан бөгөөд дээд зөвлөлийн зүгээс Б СӨХ нь хууль зөрчсөн байна гэсэн хариу өгсөн юм.

Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Б СӨХ-ны 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, хурлаас гарсан 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, Б СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай Б СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болж чадаагүй. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу хурлын ирц 50 хувьд хүрээгүй. Хариуцагч талаас 330 гишүүнтэй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар 341 гишүүнтэй байгаа. 330 гишүүнээр бодсон ч ирц нь 50 хувьдаа хүрээгүй. Ирцийн бүртгэл нь шаардлага хангахгүй. Хурлын зар дээр дурдсан асуудлаас өөр асуудлыг шийдвэрлэсэн. Хурлын тэмдэглэлийг харахад зар дээр дурдсан зүйлээс өөр асуудлыг хэлэлцэхээр санал авсан зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Б СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б сууц өмчлөгчдийн холбоо нь Монгол Улсын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2001 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8,9,10 дугаар заалтыг үндэслэн нөхөн сонгуулийг албан ёсоор хоёр удаа зохион байгуулан явуулсан байна.

Тус сууц өмчлөгчдийн холбооны захирал асан Т.Д нь 2016 оны 12 дугаар сард хүнд өвчний улмаас нас барсан.

Иймээс Б сууц өмчлөгчдийн холбоо болон удирдах зөвлөл нь хуулийн дагуу удаа дараа нөхөн сонгуулийг зарласан боловч ирц хүрэхгүй хойшилж, улмаар 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион явуулахаар болж, оршин суугчдын ирц 75 хүн ирсэн боловч ирц хүрээгүйд тооцож Б сууц өмчлөгчдийн холбооны захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Э түүний удирдлагын баг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Б сууц өмчлөгчдийн холбооны захирлыг нөхөн сонгох 2 дахь удаагийн хурлыг 2009 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс зарлаж, хоёр нэр дэвшигч болох М.Б, Ж.М нарыг тодруулж хуульд заасан ёсоор оршин суугчдын дунд 14 хоногийн хугацаанд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажлыг эхэлсэн.

Б сууц өмчлөгчдийн холбооны захирлыг нөхөн сонгох хурлыг хуульд заасан ёсоор 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар их сургуулийн хурлын танхимд мөн өдрийн 14:00 цагт Б сууц өмчлөгчдийн холбооны захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Э түүний баг удирдан албан ёсоор нээж явуулахад нийт 300 гишүүнээс биеэр оролцсон 93 хүн, өмнөх 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралд биеэр ирж бэлнээр саналаа өгсөн 30 хүн, 4 дүгээр сарын 01-ний хуралд биеэр оролцох боломжгүй бичгээр саналаа ирүүлсэн 30 хүн бүгд 153 хүн хуралд оролцож, хуульд заасны дагуу 50+1 хувьд хүрч байгаа тул хурлыг хүчинтэйд тооцож хурал эхэлсэн.

Б сууц өмчлөгчдийн холбооны захирлын сонгон шалгаруулалтын хурлын явцад нэр дэвшигч М.Б, Ж.М нар 14 хоногийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан гэж үзээд санал асуулт явуулж, сонгон шалгаруулалтыг нууцаар явуулж 2 нэр дэвшигч болон оршин суугчдад саналын хуудсыг дэлгэн харуулж тоолоход нэр дэвшигч М.Б 53 хүний санал, нэр дэвшигч Ж.М 32 хүний санал авч, нэр дэвшигч М.Б ялалт байгуулсан.

Монгол Улсын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хууль дүрмийн дагуу Б сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгон шалгаруулалт явуулахад байр бүрээс нэг хүн дэвшүүлэхэд М.Г /15-р байр/, Л.Э/ 202-р байр/, А.Ц /203-р байр/, С.З /203-р байр/, Д.И / 205-р байр/ нарыг оршин суугчид санал нэгтэй баталж амжилт хүссэн байна.

"Б сууц өмчлөгчдийн холбооны шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд дотроос удирдах зөвлөлийн даргыг сонгоход Л.Э-ыг 100%- ийн саналаар баталж, шинэ багийн хамт олон ажилдаа орсон юм.

Б сууц өмчлөгчдийн холбооны шинэ удирдах зөвлөлийн гишүүд сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дүрэмд заасан ёсоор анхны хурлаа 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр СӨХ-ны даргын өрөөнд зохион байгуулж, хурлыг дэгийн дагуу удирдах зөвлөлийн дарга Л.Э удирдан тус сууц өмчлөгчдийн холбооны захиралд нэр дэвшин ялалт байгуулсан М.Б-тай гэрээ байгуулж, 2009 онд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг гишүүд хэлэлцээд баталж, удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, ажил хийх нөхцөл бололцоог хангаж өгсөн.

Энэ хурлын үеэр яг эгзэгтэй мөчид шинээр томилогдсон гишүүдийг ажлаа мэдэхгүйг овжин ашиглан нягтлан бодогч Н.Ч би энэ хурлын протоколыг сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд даруй очиж танилцуулна гэж хэлээд гишүүд гарын үсгээ бүгд зураагүй байхад авч яваад Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн удирдлагын гишүүд, дарга Г-д буруу ташаа мэдээлэл өгч Б сууц өмчлөгчдийн холбооны захирлын нөхөн сонгон шалгаруулалтын хурал ирц хүрээгүй хүчин төгөлдөр бус болсон гэж ойлгуулан албан бичиг гаргуулан танай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн хууль бус ашиг сонирхлын улмаас Ж.М-ын талд үйлчилсэн нь тодорхой болсныг гишүүд бид тогтоосныг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Б сууц өмчлөгчдийн холбооны шинэ удирдах зөвлөлийн дарга бид дээрх шүүхийн мэдэгдлийн дагуу Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн удирдлагад нөхцөл байдлын талаар танилцуулж, зөв ойлгуулж ажил төрлийн холбоотой ажиллаж байна.

Хурлын явц дунд сууц өмчлөгчдийн холбоонд нэр дэвшигч Ж.М түүний эхнэр Б.Х нар болон дэмжигч хэсэг нөхөд талийгаачийн эхнэр, хүүхэд, нягтлан бодогч Н.Ч 205-р байрны хэсэг оршин суугч нар уг хурлыг будлиантуулж хүчингүй мэт орилж шаардлага тавьсан боловч хуралд оролцсон олонх оршин суугчид шинээр бүрдсэн СӨХ-ны захирал, удирдах зөвлөлийг дэмжиж алга ташиж амжилт хүсэж хурал өндөрлөсөн юм.

Удирдах зөвлөл эрх үүргийнхээ хүрээнд Б сууц өмчлөгчдийн холбооны шинэ захирлын ажлыг хүлээлцүүлэх тогтоол гаргаж, нягтлан бодогч Н.Ч-ыг төрийн банкинд шинээр томилогдсон СӨХ-ны захирлын банкны баталгаа гаргуулах үүрэг өгсөн боловч 14 хоног шалтаг зааж хойшлуулж байгаад гарын үсэг зурах эрх нээгдсэн.

Тэрээр УЗ-ийн даргын тогтоолын дагуу нягтлан бодогч Н.Чаас эд хөрөнгийн жагсаалт, өр авлагын талаар шаардсан боловч 2 cap хойшлуулж, ажил хүлээлцэх явцад СӨХ-ны дарга агсан, нягтлан бодогч нартай холбоотой асар их зөрчил гарсан. Тухайлбал: 50-60 айлаас СӨХ-ийн мөнгөө аваагүй 2-3 жил болгож авлага нэмэгдсэн, 203-р байрны нийтийн өмчлөлийн подвалийг иргэн Хишигтогтохт 4 сая төгрөгөөр зарсан, мөн подвалийг түрээслэхдээ аман гэрээгээр 1 сарын төлбөрийг 150.000 төгрөгөөр хийж СӨХ-ны дансанд зөвхөн 50.000 төгрөгийг авч 100.000 төгрөгийг захирал нь хувьдаа ашиглаж байсан тухай нягтлан бодогч Н.Ч ярьж буруугаа хүлээсэн зэрэг санхүүгийн дутагдал ноцтой баримтыг бид илрүүлсэн билээ.

СӨХ-ны захирал агсныг 12 сард нас барсаны дараахан нь Ж.М айл өрх оршин суугчидтай уулзаж, СӨХ-ны даргад намайг дэмжээрэй гэж гарын үсэг зуруулж байсан тухай Б сууц өмчлөгчдийн холбооны захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Э бидэнд энэ тухай хэлсэн юм.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл нэхэмжлэл гаргагч Боржигон овогт Батмөнхийн Хишигжав нь Баянзүрх дүүргийн 5-р хороо тоотод оршин суух бүртгэлгүй бөгөөд СӨХ-ны даргад нэр дэвшин өрсөлдсөн иргэн Ж.М-ын эхнэр байна.

Иймд Б сууц өмчлөгчдийн холбооны захирал миний бие М.Б удирдах зөвлөл хэлэлцээд Ж.М-ыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, ашиг сонирхлын зөрчилтэй нягтлан бодогч Н.Ч нартай холбоотой гэж үзэж байна.

Шинээр томилогдсон СӨХ-ны захирал түүний баг, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд бид хамтарч 2 сарын дотор оршин суугчдын 4 байрыг бүрэн камержуулан нэгдсэн төвөөс хянадаг болгосон.

Оршин суугчдын ая тухтай амьдрах аюулгүй байдлыг хангах үүднээс 4 байрны 13 орцны 13 хаалгыг цахилгаан соронзон цоож, нууц кодтой цоожтой болгож, 2 орцны төмөр хаалга шинээр хийлгэж, 203-р байрны орцны үүдний 2 хаалганы борооны ус тогтдог хэсгийг цементлэн засварлах, 15-р байрны урд хүүхдийн тоглоомын талбайг шинээр засаж сэргээн 30 ширхэг гэрэлтүүлэг хийх, 50 ширхэг хайлаас мод, 5 нэр төрлийн цэцэг тарьж ургуулж.цэцэрлэгт хүрээлэн мэт болгосон ба сагсан бөмбөгийн талбайг ажилд оруулж, нийтийн эзэмшлийн зам талбайг засах, хайш хашлагыг сэргээн сайжруулах, бороо гоожиж байгаа 2 байрны дээврийг сэргээн засварлах, нягтлан бодох, хяналтын зөвлөл, удирдах зөвлөлийн бичиг баримтыг стандартын дагуу хийж хэвшүүлж байна. Мөн УИХ-ын гишүүн, СӨХ-ны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.С тэй ярилцаж тохиролцсоны үр дүнд 205-р байрны хойд талд хүүхдийн тоглоомын талбай, дүүрэгт байхгүй сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар газрыг нь чөлөөлж өгөөд ажиллаж байна.

Мөн орцны жижүүрүүдийн ажлын хариуцлага, сахилга бат, цэвэрлэгээ эд хөрөнгийн ашиглалт зэрэгт дээд зэргээр анхаарч шаардлагыг өндөр тавьж оршин суугчидаас өндөр үнэлэлт авч ажиллаж байх энэ уед манай Б " сууц өмчлөгчдийн холбооны харьяат биш иргэн Б.Х нь нөхөр болох Ж.М-ын төлөө гомдол гаргаж байгаа нь Монгол улсын төрийн хуульд нийцэхгүй ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл хэмээн Б сууц өмчлөгчдийн холбооны захирал болон удирдах зөвлөлийн гишүүд бид үзэж байна. Б.Х гэгч нь УИХ., Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн 2 удаагийн сонгууль болоход манай 205-р байрны 67 тоотод бүртгэлгүй сонгууль өгөх нэрсийн жагсаалтанд нэр нь байхгүй хүн манай үйл ажиллагаанд оролцож, ямар санаагаар үймүүлээд байгааг ойлгохгүй байна. Ялагдсан Б.М гомдолтой байсан юм бол өөрөө гомдлоо гаргахгүй хөндлөнгийн хүнээр гомдол гаргуулж байгаа нь Б.М гэгч нь ямар сонин нөхөр гэдэг нь харагдаад байгаа юм. Талийгаач Т.Дийн хоног хураах болоогүй байхад, сонгууль зарлаагүй байхад би СӨХ-ны дарга болно гээд гарын үсэг цуглуулж явж байсан хүн ямар ёс зүйтэй хүн гэдэг нь харагдаад байгаа юм. Манай оршин суугчид шинээр сонгогдсон Удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралдаа сэтгэл ханамжтай, зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байгааг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.Энд дурьдахад ялагдсан Б.М нь ялагдснаа хүлээн зөвшөөрч шинээр сонгогдсон гүйцэтгэх захирал М.Б надтай гар бариад явсан хүн. Олонх болсныгоо цөөнх нь дагаж биелүүлдэг зарчмаар явах ёстой. Энд ямар нэгэн хууль зөрчсөн сонгууль болоогүй. СӨХ-ны дээд зөвлөлийн шинэ удирдлага хуулийн хүрээнд явагдсан байна богино хугацаанд их зүйл хийж бүтээж амжуулсанд баяр хүргэж хамтран ажиллаж байгааг дурдсан билээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эрхэм шүүгч та бүгд Б сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын олонхийн саналыг хүндэтгэн үзэж хуулийн хүрээнд шударга үнэн зөв шийдвэр гаргана гэж итгэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, хурлаас гарсан 01, 02 тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ирц хүрээгүйн хувьд тайлбар хэлэхэд, Б СӨХ-ны гишүүдийн саналыг нэхэмжлэгч хэлэхдээ 202 дугаар байранд 72 айл, 205 дугаар байранд 74 айл, 15 дугаар байранд 78 айл байдаг гэх тайлбарыг хэлсэн. Нийт 334 гишүүнтэй гэж хэлдэг. Гэтэл өмгөөлөгч нийт 341 гэж хэлээд байгаа, нэхэмжлэгчийн хэлсэн тоог үзвэл нийт 296 айл болж байна. Нэхэмжлэгч талаас оролцож байгаа хоёр хүний тоо нь зөрүүтэй байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримт дээр 202 дугаар байранд 108 айл, 203 дугаар байранд 72 айл, 205 дугаар байранд 72 айл, 15 дугаар байранд 48 айл байдаг. Нийт 300 айл өрх бүртгэлтэй байдаг. Маргаж байгаа 15 дугаар байрыг нэхэмжлэгч тал 78 болон 81 айл байдаг гэсэн зүйлийг ярьдаг. Шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримт дээр 48 айл гэж байгаа. Төрийн банкнаас ирсэн лавлагаа дээр 88 айл гэсэн боловч тэр айлууд нь шууд СӨХ-той түрээсийн гэрээ байгуулж ажилладаг. Эдгээр байгууллагатай холбоотой төлбөр тооцооны асуудал нь Төрийн банкны данс руу ордог. 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр анхны зарыг гаргасан. Зар дээр 14 хоногийн дараа буюу 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар Их сургуулийн зааланд хийнэ. Гүйцэтгэх захирал нэр дэвшинэ, тайлангийн хурал болно гэсэн агуулга байсан. 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралд нийт 77 хүн ирсэн. Үүнээс 31 хүн дахин ирэх боломжгүй гэсэн саналаа илэрхийлсэн. 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралд нийт 93 хүн ирсэн. Үүнээс 32 хүн олонхын саналыг дэмжин гэсэн саналаа бичгээр ирүүлсэн. Сүүлийн хуралд 93 хүн ирсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууц, байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-т заасны дагуу бичгээр санал ирсэн. Хэлэлцэх асуудал бол өөрчлөгдөөгүй тул санал нь хүчинтэй. Нийт бичгээр ирсэн саналыг хуульд заасны дагуу 60 хүнээр тасалж, ирсэн 93 хүнийг нэмэхээр 51 хувь болсон. Нэхэмжлэлд бүх гишүүдийн хурлаас гарсан хоёр тогтоолыг хүчингүй болгох тухай байдаг. Хэрэгт цугларсан баримтыг харахад бүх гишүүдийн тогтоол байдаггүй. Хэрэгт авагдсан тогтоол нь Б СӨХ-ны удирдах зөвлөлийн 01, 02 тогтоол байгаа. Энэ нэхэмжлэл бол үндэслэлгүй байна. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч гэдэг бол ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзээд шүүхэд ханддаг. Нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдөөд байгааг ойлгохгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхээр Б СӨХ-ны гишүүн бол Б.Х гэсэн нэг ч нотлох баримт байхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууц, байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг гэж заасан байдаг. Үүнийг нотолж байгаа зүйл нь тухайн эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ. Хэрэгт Улсын бүртгэлийн гэрчилгээ нь авагдаагүй учир тухайн СӨХ-ны гишүүн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б СӨХ-нд холбогдуулан, тус сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, хурлаас гарсан 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, Б СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай Б СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Б СӨХ нь 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүх гишүүдийн хурлыг хийж, СӨХ-ны захирлыг сонгох нөхөн сонгууль явуулах тухай, СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Б СӨХ-ны удирдах зөвлөлийн 2009 оны 4 дүгээр сарын 01 өдрийн 02 дугаар тогтоолоор тус СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг, мөн өдрийн 01 дугаартай тогтоолоор тус СӨХ-ны захирлыг тус тус томилжээ.

Б СӨХ нь 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зар гаргаж, Б СӨХ-ны 2016 оны тайлангийн хурал, СӨХ-ны гүйцэтгэх захирал томилох хурлыг 2009 оны 02 дугаар сарын 19-ны 12 цагт товлож, СӨХ-ны гүйцэтгэх захиралд нэр дэвших саналтай оршин суугчдыг хөтөлбөрөө ирүүлэхийг мэдэгдсэн, ирц хүрээгүй шалтгаанаар Бүх гишүүдийн хурлыг 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагт товлож, СӨХ-ны 2016 оны тайлангийн хурал, СӨХ-ны гүйцэтгэх захирал томилох зарыг 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргажээ.

Хэрэгт авагдсан, бүх гишүүдийн хурлын ирцтэй холбоотой баримтууд болох 2009 оны 02 дугаар сарын 19-ны өдөр болон 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хуралдах бүх гишүүдийн хуралд оролцох боломжгүй тул хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн саналыг хүндэтгэн үзэж, дэмжих болно. Хэлэлцэж байгаа асуудлаар тухайлан гаргах саналгүй байгаагаа илэрхийлж байна гэх гарчигтай баримтууд нь СӨХ-ны гишүүд хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, гишүүдийн нэрсийг бүртгэлд нэг гараар бичиж бүртгэсэн, гишүүд өөрсдөө гарын үсэг зурсан гэж үзхээргүй байна.

Б СӨХ-ны Бүх гишүүдийн хуралд 202, 203, 205, 15 дугаар байрнуудын оршин суугч буюу СӨХ-ны гишүүд оролцсон ирцийн бүртгэлээс үзэхэд, тухайн хуралд гишүүн хэн хүрэлцэн ирсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, хуралд ирсэн гэх бүртгэл нь нэг хүний гараар хөтлөгдсөн нь хурлын ирц бүрдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн түүнчлэн, Бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулах тухай зарлалд тусгагдсанаас өөр асуудлыг хэлэлцсэн үндэслэл тодорхойгүй байна.

Дээр дурдсан үйл баримтууд нь хариуцагч Б СӨХ-ны 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Бүх гишүүдийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дор дурдсан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

8.5. Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ.,

8.6. Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэнэ.,

8.8 Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна.

Иймд Б СӨХ-ны 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоож, дээрх хурлаас гарсан 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, Б СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай Б СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан, Б СӨХ-ны 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоож, дээрх хурлаас гарсан 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, Б СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай Б СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА