Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/01043

 

 

 

 

2020 03 30

101/ШШ2020/01043

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х, х а а х ү я-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,381,622 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Э миний бие Х, х а а, Х ү яны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд Хүнс хөдөө аж ажуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалаар намайг албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0607 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0620 дугаар магадлалаар тогтоож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн, магадлал хүчин төгелдөр болсноос хойш хариуцагчийн зүгээс намайг урьд эрхэлж байсан албан тушаал болох ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилоогүй, одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар байна. Үүний улмаас миний Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхол зөрчигдөж, дээрх хугацаанд авах ёстой байсан цалин, хөлсөөр хохирч байна. Миний урьд эрхэлж байсан албан тушаалын нэг сарын цалин, хөлсний хэмжээ нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 264 дугаартай Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу ТЗ-8 зэрэглэлээр үндсэн цалин 859.609 төгрөг, нэмэгдэл 128.941 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Монгол Улсын Засгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу ТЗ-8 зэрэглэлээр үндсэн цалин 928.378 төгрөг, нэмэгдэл 139.256 төгрөг байгаа болно. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, намайг ажил үүргээ гүйцэтгэх боломж олгохгүй байсны үр дагаварт миний бие авах ёстой байсан цалин хөлсөөрөө хохирч байгаа болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь миний ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс ажлын 128 хоногийн хугацааны цалинг тооцож, олгохоор шийдвэрлэсэн. Ажлын 128 хоногоор тооцвол 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүщээр сарын 11-ний өдрийг хүртэлх цалин хөлсийг тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалин буюу 2018 оны 09 дүгээр сарын үлдсэн 13 хоногийн цалин буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй хугацааны цалин болон 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалин 3.502.356,50 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас одоог хүртэлх хугацааны цалин 9.608.706 төгрөг нийт 14.178.726 төгрөгийг гаргуулж өгнө үү.

П.Э миний бие ХХААХҮЯны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалаар намайг албан тушаалаас үндэслэлгүйгээр халсантай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны 128/ШШ2018/0607 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0620 дугаартай магадалалаар намайг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 14,178,726 төгрөгийг гаргуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс тус нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар өнөөг хүртэл 3 сарын хугацаа өнгөрсөн. Үүний улмаас миний бие нь ажилгүй, цалин, орлого, цаг хугацааны хувьд алдагдал хүлээсээр байгаа билээ.

Иймд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 11, 12 сар, 2020 оны 1 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3,202,896 /гурван сая хоёр зуун хоёр мянга найман зуун ерэн зургаан/ төгрөгөөр ихэсгэж байх тул хариуцагчаас нийт 17,381,622 /арван долоон сая гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжпэгч П.Э нь ажилгүй байсан хугацааны цалин 14,178,726 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. ХХААХҮЯны төсөв нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайдын багцад багтдаг бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн зориулалтыг баталдаг юм. ХХААХҮЯны 2019 оны төсөвт энэхүү төлбөрийг төлөх зардал тусгагдаагүй байна. Төрийн нарийн бичгийн дарга төсвийн зардлын зориулалтыг өөрчлөх эрх байхгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм.

Нэхэмжпэгч П.Э нь ажилгүй байсан болох 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын цалин 3,202,896 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. ХХААХҮЯны 2020 оны төсөвт энэхүү төлбөрийг төлөх зардал тусгагдаагүй байна. Зардлын зориулалтыг өөрчлөх эрх байхгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм.

Төрийн байгууллага тухайн жилийн төсвөө төсөвт тусгаж батлагдсан төсвийн дагуу захирал зарцуулдаг. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс төсөвт тусгагдаагүй. Төсөвт тусгагдсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулдаг, хэрвээ төсвийн зориулалтыг өөрчилвөл хууль зөрчдөг. Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчийн нэр регистрээр төлөөгүйг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хугацаа мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах заалтад мөн адил хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ, цалин хөлсийг нэхэмжлэхдээ дундаж цалин хөлсөөр тооцож нэхэмжлэхгүй байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч ХХААХҮЯанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,381,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П.Эыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0607 дугаартай шийдвэрээр ХХААХҮЯны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн тушаалд эгүүлэн тогтоож, П.Эын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,487,437 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0620 магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2019/7117 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажлаас үндэслэлгүй халсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгохоор заажээ.

Иймээс нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажилдаа томилогдсон байхад хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул цалин хөлсөө хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байхад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон даруй нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байдлыг харгалзан хүсэлт гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалин хөлс 1,010,570 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 4 сар 7 хоногоор тооцож, 4,356,679 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг олгох бүртээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч ХХААХҮЯнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,356,679 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Эт олгож, нэхэмжлэлээс 13,024,943 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 4,356,679 төгрөгийг олгохдоо хуульд заасан зохих шимтгэлийг суутган, нэхэмжлэгч П.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ХХААХҮЯнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,356,679 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Эт олгож, нэхэмжлэлээс 13,024,943 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,356,679 төгрөгийг олгохдоо хуульд заасан зохих шимтгэлийг суутган, нэхэмжлэгч П.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84,657 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ