Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/02610

 

 

 

 

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/02610

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О-д холбогдох,

 

Гэм хорын хохирол 1.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.О 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьт зуслангийн задгайд барьсан миний байшинг нураасан. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдан Б.О өөрийн худалдан авсан газрын хэмжээг буруу тооцож, Д.М-ийн эзэмшил газрыг өөрийн эзэмшил газар мэтээр ойлгож, байшинг нураасан болох нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Б.Х гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ асуудал нь иргэд хоорондын эд хөрөнгийн шинжтэй иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих маргаан, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор хэргийг хаасан. Б.О нь зохих байгууллагын зөвшөөрөл, байшинг албадан буулгах, газар чөлөөлөх холбогдох байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр байшинг нураасны улмаас байшинг дахин бариулсны хөлсөнд төлсөн хохирол болох 1.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлд Д.Мийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшлийн газар мэтээр ойлгож нураасан гэж бичсэн байна. Д.Мийн барьсан гээд байгаа байшин нь хүн дотор нь амьдрах боломжгүй модоор байшингийн 4 ханыг барьж шал болон дээвэр байхгүй буцааж буулгах буюу зөөвөрлөх зориулалтаар түр зуур барьсан торх байсан. Уг торхыг анх барьж эхлэхэд нь би өөрт нь сануулж манай газар дээр торх өрөөд байгааг хэлэхэд миний үгийг тоолгүй барьсан. Үүнээс хойш би 2 жил торхоо буулгаж газар чөлөөлж өгөхийг шаардсан боловч торхоо буулгаж аваагүй. Анх манай газар дээр торх барихдаа манай хашаанд байсан модыг таслан, модон хашааг буулган бидэнд хохирол учруулсан. Мөн 2 жилийн хугацаанд Д.Мийг торхоо буулгаж авахыг хүлээж газар дээрээ байшин барьж чадалгүй удаж багагүй хохирол учирсан. Д.М нь дандаа хулгайгаар шөнөөр торх өрж орхисон байдаг бөгөөд манай хашааг торхтой нь хамт зарна гэсэн зар тавьсан байсан. Д.Мийн өөрийн газар гэж яриад байгаа газар нь бичиг баримт кадастрын зураг эзэмших эрхийн гэрчилгээ нь бүгд манай нэр дээр байдаг, манайх хуулийн дагуу эзэмшдэг газар юм. Үүнийг Д.М мэдсээр байж манай газрыг авах зорилготой миний эзэмших эрхэд халдан торх барьсан тул өөрийн газраа чөлөөлж авахын тулд өөрийн зардлаар торхыг буулгасан учир Д.Мийн нэхэмжлээд байгаа 1.300.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Одоо Д.М нь манай газар дээр ахиад торхоо барьсан байгаа. Иймээс дур мэдэн бусдын эзэмшлийн газар дээр торх өрж түүнийгээ буулгаж аваагүй, мөн андуурсан зүйл байхгүй байхад санаатайгаар миний эрхэд халдаад байгаа учир би өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохичгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.О-т холбогдуулан гэм хорын хохирол 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шаргаморьт зуслангийн задгайд барьсан байшин /торх/-г буулгасны улмаас дахин барихтай холбоотой гарсан зардал 1.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан газрыг түүний гэр бүлийн эзэмшлийн газар, мөн барьсан байшин /торх/-г буулган авч газар чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэж арга хэмжээ аваагүй тул өөрөө буулгаж газраа чөлөөлсөн гэж маргаж байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт иргэнд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж тус тус заажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинд хуулийн дээрх зохицуулалтын дагуу холбогдох Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй, гэрчилгээ олгоогүй, мөн газар эзэмшүүлэх гэрээ хийгдээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх газарт кадастрын зураг хийлгэсэн, мэдээллийн нэгдсэн санд орсон байгаа гэх үндэслэлээр иргэн Дарамжавын Энхчимэгийн нэр дээрх газрын байршлын кадастрын зураг, эдлэн газрын тоо бүртгэлийн хуудас, мөн нэхэмжлэгчийн өргөдлийг шалгаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоол, уг ажиллагааны явцад авагдсан гэрч Б.Хадбаатарын мэдүүлэг баримтуудыг /хх-9, 10, 16-18/, хариуцагч нь газар эзэмших эрхтэй этгээд болох Ц.Пүрэвсүрэн, Ц.Пүрэвжав нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа гэх үндэслэлээр иргэн Цэнджавын Пүрэвсүрэн, Цэнджавын Пүрэвжав нарын нэр дээрх газрын байршлын кадастрын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актуудыг /хх-30-35/ тус тус шүүхэд гарган мэтгэлцэж байх боловч талуудын тайлбар, нотлох баримтуудыг газар эзэмшүүлэх талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрчилгээ, гэрээтэй адилтган үнэлэх боломжгүй.

 

Иймээс нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиныг нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шаргаморьт зуслангийн задгайд байршилтай газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан талуудын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар шударга эзэмшигч шаардах эрхтэй боловч хариуцагч нь дээр дурдсанчлан газар эзэмших эрхтэй этгээд биш байх тул түүнд ийнхүү шаардах эрх үүсээгүй байна.

 

Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, улмаар мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан тул нэхэмжлэлд дурдсан газарт баригдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн байшин /торх/-г буулгаж газар чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл дээрх хуульд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэгч Э.Эрдэнэмөнхтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хариуцагчийн буулгасан байшин /торх/-г 1.300.000 төгрөгийн хөлс төлөн дахин бариулсан болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна /хх-7-8, 13, 14, 15/.

 

Гэвч нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх Засаг даргын шийдвэр гараагүй, гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулагдаагүй байхад газар эзэмшиж, байшин /торх/ барьсан, мөн хариуцагч буулгасны дараа дахин барьсан байгаа нь мөн хуулийн 27.4 дэх хэсэгт тогтоосон хориглолтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эзэмших эрх олгогдоогүй газарт байшин /торх/ барих үндэслэлгүй болохыг мэдсээр байж зардал гарган барьсан байх тул түүнийг хариуцагчийн үйлдлийн улмаас хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасан ба хариуцагчийн буулгасан байшин /торх/-г дахин бариулсантай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн зардал нь хуульд тодорхойлсон гэм хорд хамаарахгүй.

 

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж, хариуцагч Б.О-ээс 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.О-ээс 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 250 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Д.ЦЭРЭНДОЛГОР