Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1920

 

 

Д.М-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02610 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.М-ийн  хариуцагч Б.О-т холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.М , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Б.О 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт зуслангийн задгайд барьсан миний байшинг нураасан. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдан Б.Ою өөрийн худалдан авсан газрын хэмжээг буруу тооцож, Д.М-ийн  эзэмшил газрыг өөрийн эзэмшил газар мэтээр ойлгож, байшинг нураасан болох нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Б.Х-ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ асуудал нь иргэд хоорондын эд хөрөнгийн шинжтэй иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих маргаан, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 800 дугаар тогтоолоор хэргийг хаасан. Б.О нь зохих байгууллагын зөвшөөрөл, байшинг албадан буулгах, газар чөлөөлөх холбогдох байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр байшинг нураасны улмаас байшинг дахин бариулсны хөлсөнд төлсөн хохирол болох 1 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэлд Д.М-ийн  эзэмшлийн газрыг өөрийн эзэмшлийн газар мэтээр ойлгож нураасан гэж бичсэн байна. Д.М-ийн  барьсан гээд байгаа байшин нь хүн дотор нь амьдрах боломжгүй модоор байшингийн 4 ханыг барьж шал болон дээвэр байхгүй буцааж буулгах буюу зөөвөрлөх зориулалтаар түр зуур барьсан торх байсан. Уг торхыг анх барьж эхлэхэд нь би өөрт нь сануулж манай газар дээр торх өрөөд байгааг хэлэхэд миний үгийг тоолгүй барьсан. Үүнээс хойш би 2 жил торхоо буулгаж газар чөлөөлж өгөхийг шаардсан боловч торхоо буулгаж аваагүй. Анх манай газар дээр торх барихдаа манай хашаанд байсан модыг таслан, модон хашааг буулган бидэнд хохирол учруулсан. Мөн 2 жилийн хугацаанд Д.М ийг торхоо буулгаж авахыг хүлээж газар дээрээ байшин барьж чадалгүй удаж багагүй хохирол учирсан. Д.М  нь дандаа хулгайгаар шөнөөр торх өрж орхисон байдаг бөгөөд манай хашааг торхтой нь хамт зарна гэсэн зар тавьсан байсан. Д.М-ийн  өөрийн газар гэж яриад байгаа газар нь бичиг баримт кадастрын зураг эзэмших эрхийн гэрчилгээ нь бүгд манай нэр дээр байдаг, манайх хуулийн дагуу эзэмшдэг газар юм. Үүнийг Д.М  мэдсээр байж манай газрыг авах зорилготой миний эзэмших эрхэд халдан торх барьсан тул өөрийн газраа чөлөөлж авахын тулд өөрийн зардлаар торхыг буулгасан учир Д.М-ийн  нэхэмжлээд байгаа 1 300 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Одоо Д.М  нь манай газар дээр ахиад торхоо барьсан байгаа. Иймээс дур мэдэн бусдын эзэмшлийн газар дээр торх өрж түүнийгээ буулгаж аваагүй, мөн андуурсан зүйл байхгүй байхад санаатайгаар миний эрхэд халдаад байгаа учир би өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Оюундэлгэрээс 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.М-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 250 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х давж заалдах гомдолдоо:

… Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах байдлаар гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжлэгч хариуцагчийн хэн алиныг нь нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгайд байршилтай газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй гэж дүгнээд хариуцагчийн үйлдлийн улмаас хохирсон гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Шүүх нэхэмжлэгч газрын эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийг хууль бусаар саад болсон мэтээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг андуурч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн газрын шийдвэр гаргаагүй, гэрчилгээ олгогдоогүй хэмээн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч өөрийгөө газрын эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон, эсвэл газрын эрхтэй учраас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж нэхэмжлэлд дурдаагүй, газрын эрхийн талаар маргаагүй болно. Гагцхүү газар чөлөөлөх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох газар дээрх торхийг хариуцагч буулгасан нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл хариуцагчийн газар чөлөөлсөн үйлдэл нь хууль бус байсан тул хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан болно. Харин хариуцагч өөрөө газрын эзэмшигч биш атлаа өөрийгөө газар эзэмшигч хэмээн андуурч бусдын эд хөрөнгө болох газар дээрх эд хөрөнгө болох торхыг хууль бусаар буулгаж, газрыг чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус талаар маргаж, энэхүү хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох торход хохирол учирсан талаар маргасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар хуульчилсан. Гэтэл хариуцагч торхыг нураахдаа бусдын эд хөрөнгө гэж мэдэж байсан, нэхэмжлэгчийн торх биш байсан талаар маргаагүй, хариуцагч хууль бусаар газар чөлөөлсөн болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэгчийг газрын эрхгүй байсан нь шаардах эрх үүсээгүй хэмээн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн газар эзэмших эрх рүү дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч уг торхыг дахин бариулахад ажилчдад нэмэлт хөлс төлсөн, буулгаж орхисон торхноос 6 торх гээгдэж, дахин шинээр 6 торх худалдаж авсан, торхоо өрөхөд хөөс дахин худалдан авсан, унаа, бензин гэх мэт нэхэмжлэгчид учирсан хохирлыг шаардсан болно. Шүүх торхыг эд хөрөнгө биш хэмээн дүгнэлт гаргасанд гомдолтой, хариуцагчийн хууль бус үйлдлийг дэмжсэн, мөн хариуцагч үйлдлээ зөв хэмээн бодож, дахин торхыг нураах, нураасны улмаас гээгдэх, хулгайд алдах эрсдэл үүссэн, нэхэмжлэгч газрын талаар маргаагүй байдлыг харгалзан үзнэ үү. Нэхэмжлэгч торхны шударга эзэмшигч, өмчлөгч тул өөрийнхөө эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй байдалд шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч Б.О холбогдуулан гэм хорын хохиролд 1 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зуслангийн газарт барьсан байшинг дур мэдэн буулгасныг дахин бариулахтай холбоотойгоор ажлын хөлсөнд 1 300 000 төгрөгийг бусдад төлж хохирсон гэж тайлбарласан бол хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрийн эзэмшлийн газраа чөлөөлж, зөвшөөрөлгүйгээр барьсан байшинг буулгасан гэжээ.

 

            Хариуцагч нь байшинг нэхэмжлэгчийн эд хөрөнгө болохыг мэдэж, түүнийг нураалгаснаа зөвшөөрсөн ба өөрийнх нь газар дээр дур мэдэн барьсан тул бусдаар буулгуулсан гэж тайлбарласан байна.

 

            Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, улмаар мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах зохицуулалтын дагуу газрыг чөлөөлөхөөр  Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан.

 

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл бусдын хууль бус эзэмшлээс газрыг өөрөө чөлөөлж, эд хөрөнгийг нь буулгах эрх иргэнд олгогдоогүй бөгөөд хуулийн дурдсан заалтыг зөрчсөн хариуцагчийн үйлдлийг зөвтгөх, эзэмшил газраа чөлөөлсөн гэх татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буулгасан байшинг  дахин бариулахаар Э.Эрдэнэмөнхтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын хөлсийг 1 300 000 төгрөгөөр тохиролцсон, урьдчилгаанд 400 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, ажлын үр дүнг хүлээн авсны дараа 900 000 төгрөгийг Э.Эрдэнэмөнхөд бэлнээр өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж, 1 300 000 төгрөгийн зардал гаргаснаа баримтаар нотолсон бөгөөд  барилгыг хэвийн байдалд нь сэргээхэд гарсан зардлыг гэм хорын хохиролд тооцож нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

            Зохигчид тайлбар татгалзлын үндэслэлээ эзэмшил газартай холбон тайлбарлаж, нэхэмжлэгч нь Д.Э-ийн нэр дээрх газрын байршлын кадастрын зураг, эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсыг, хариуцагч нь Ц.П,  Ц.Пү нарын нэр дээрх газрын байршлын кадастрын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг баримтаар тус тус гаргасныг шүүх үнэлж, хэн аль нь  эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр газар эзэмшдэг хууль ёсны газар эзэмшигч биш гэж, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчиж, гэрээ гэрчилгээгүйгээр газар эзэмшсэн талаар зөв дүгнэжээ.

 

Харин зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар байшин барьсныг буулгасан нь хууль бус, уг хууль бус үйлдлийн улмаас байшинг дахин хэвийн байдалд нь оруулахад зардал гарсан, энэ нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой талаар шийдвэрт дүгнэсэн атлаа “нэхэмжлэгч нь эрх олгогдоогүй газарт байшин барьж болохгүйг мэдсээр байж зардал гарган барьсан тул түүнийг хариуцагчийн үйлдлийн улмаас хохирсон гэж үзэх үндэслэлгүй” гэж зөрчилтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон,  хариуцагчийн хууль бус үйлдлийн үр дагаврыг шийдвэрлээгүй орхисон нь үндэслэл муутай болсон байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд гэрээ, гэрчилгээгүй атлаа зардал гаргаж, байшин барьсан нэхэмжлэгчийн үйлдэл нь уг байшинг дур мэдэн буулгах, эд хөрөнгөд хууль бусаар халдаж гэм хор учруулсан хариуцагчийн үйлдлийг үл хэрэгсэх үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02610 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.О-ээс 1 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М т олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Б.О-ээс 35 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М т олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                     ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ