Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01082

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Г ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, тоот хаягт оршин байрлах М /регистрийн дугаар: /-д холбогдох, 

 

Гэм хорын хохирол 25,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайтын чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг юм.

М ХХК-ийн ажилтан Д.Ж нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замд М ХХК-ийн өмчлөлийн 1234 улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан манай компанийн өмчлөлийн Хово маркийн 1111 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ч.Э ын амь насыг хохироон зам тээврийн осол гаргасан юм.

Д.Ж-т холбогдох эрүүгийн хэрэгт манай компани Иргэний нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд Энэхүү эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 15 дугаартай шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК нь 1111 улсын дугаартай Хово маркийн чирэгчийг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Тус компани нь М ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө даатгуулах гэрээгээр 1111 улсын дугаартай Хово маркийн автомашиныг даатгуулсан бөгөөд даатгалын гэрээний дагуу автомашинд учирсан хохирол болох 25,000,000 төгрөгөөс 22,500,000 төгрөгийн нөхөн төлбөрийг манай компанид олгосон болно.

Мөн энэ гэмт хэргийн улмаас манай компани талийгаачийн ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн олговрыг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 5,850,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 15-ны өдөр 8,775,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 28-ны өдөр 8,775,000 төгрөгийг тус тус нийт 23,400,000 төгрөгийг төлсөн.

М ХХК нь Д.Ж-ыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байсан тул Иргэний хуулийн дагуу хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Дээрхи автомашинд учирсан хохирол, төлсөн нөхөн олговор нь манай компанийн гэм буруугаас шалтгаалаагүй, М ХХК-ийн жолоочийн гаргасан эрүүгийн гэмт хэргийн улмаас жолооч осолдсоноос Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу төлөх үүрэг үүссэн тул тус компанид учруулсан гэм хор, хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498,5 дахь хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд хариуцагч М ХХК-иас 25,900,000 төгрөгийг гаргуулж компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Мил прот ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компанийн ажилтан Д.Ж нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замд манай өмчлөлийн 1234 улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан Г ХХК-ийн өмчлөлийн Хово маркийн 1111 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ч.Э ын амь насыг хохироосон зам тээврийн осол гаргасан юм.

Д.Ж-т холбогдох эрүүгийн хэрэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хуралдаанаар хэлэлцэж, Г ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү зам тээврийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь нэг талаас манай компанийн жолоочийн үйлдэл, нөгөө талаас зам эзэмшигч буюу Г ХХК, Үйлсийн зам ХХК-ийн хайхрамжгүй үйл ажиллагаа гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дангаар манай компани бүрэн хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Замын цагдаагийн ахлах дэслэгч С.Б-ийн ...Д.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан, жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэснийг зөрчсөн бөгөөд тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэсэн акт дүгнэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шинжээч, Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ц.М, Монгол Улсын зөвлөх инженер М.Д, Замын хөдөлгөөний хууль дүрмийн багш Ч.О нарын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчид тус тус үндэслэлтэй гэж үзсэн байх тул манай компаниас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, гэм хорын хохиролд 25,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч М ХХК-ийн жолооч Д.Ж нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замын 86,5 дахь км-т тус компанийн эзэмшлийн 1234 улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан Г ХХК-ийн эзэмшлийн, Ч.Э ын жолоодож явсан 1111 улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас Ч.Э нас барсан, Г ХХК-ийн өмчлөлийн 1111 улсын дугаартай Хово маркийн автомашинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь М ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө даатгуулах гэрээгээр 1111 улсын дугаартай Хово маркийн автомашиныг даатгуулсан бөгөөд даатгалын гэрээний дагуу автомашинд учирсан хохирол болох 25,000,000 төгрөгөөс 22,500,000 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниас авсан тул зөрүү 2,500,000 төгрөг болон талийгаачийн ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн олговорт олгосон нийт 23,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Г ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дээр дурдсан зам тээврийн ослын улмаас нас барсан Ч.Э од зохих журмын дагуу өгч ажилласан, энэхүү осол нь үйлдвэрлэлийн осол мөн болохыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16/06/123 дугаар дүгнэлтээр тогтоожээ.

2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, Хово маркийн чирэгч автомашины зах зээлийн дундаж үнэ 25,000,000 төгрөг болохыг дүгнэсэн Х ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 0512 дугаартай дүгнэлт мөн хэрэгт авагдсан.

Үйлдвэрлэлийн ослыг тогтоогдсон акт гарснаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.-д заасны дагуу, үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Г ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нас барсан ажилтан Ч.Э ын ар гэрт нөхөн төлбөр 23,400,000 төгрөгийг олгосон болох нь хэрэгт авагдсан Г ХХК болон талийгаач Ч.Э ын хууль ёсны төлөөлөгч нарын хооронд байгуулагдсан нөхөн төлбөр олгох тухай гэрээ, Г ХХК-иас нөхөн төлбөр 23,400,000 төгрөгийг талийгаачийн эх Д.С-ын 5906010123 дугаар дансанд шилжүүлсэн орлогын мэдүүлэг, талийгаачийн төрөл садангийн тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч Г ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т тухайлан заасан, ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх ажил олгогчийн үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагч М ХХК-ийн ажилтны буруугаас үүдэн дээр дурдсан нөхөн төлбөр 23,400,000 төгрөгийн хохирол хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэдийгээр, М ХХК-ийн ажилтны буруугаас зам тээврийн осол гарч, амь хохирсон өөрийн ажилтны ар гэрт нөхөн төлбөр төлж хохирсон шалтгаант холбоотой гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч ажил олгогч болон ажилтны хооронд Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдсан харилцаа үүссэн тул ажил олгогч нь хуульд заасан үүргээ гүйцэтгэнэ.

Харин хариуцагч М ХХК-ийн ажилтны буруугаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч Г ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Гэвч 2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, Хово маркийн чирэгч автомашины зах зээлийн дундаж үнэ 25,000,000 төгрөг болохыг дүгнэсэн Х ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 0512 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Г ХХК нь 22,500,000 төгрөгийг даатгалын компаниас авсан гэх баримт хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэгч Г ХХК 2,500,000 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол арилгуулахаар М ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирол, амь хохирсон ажилтны ар гэрт нөхөн олговор олгосонд гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч М ХХК-д холбогдох, гэм хорын хохирол 25,900,000 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 274,950 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 26090061123 дугаар дансанд нөхөн төлүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Б.МАНДАЛБАЯР