Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2019/00626

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Х овогт Хы Гн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, И овогт Еын Ад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Е.А, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулах, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А.Пыг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх тухай.

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Г би 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Е овогтой Атэй гэр бүл болж, гэрлэлтээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлж 0000 дугаартай гэрлэсний гэрчилгээ авсан юм. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин П төрсөн. Гэрлэснээс хойш нөхөр бид хоёр хоорондоо таарч тохирохгүй болсон. Хадам ээж нь маш үглээ, байнга үглэж дарамталдаг, бидний хоорондын асуудалд оролцдог. Үүнээс болж маргаан үүсдэг. Нөхөр маань хадам ээжийн талдаа ордог. Чи миний аав, ээжийн талаар надад юу ч ярьж дуугарах ёсгүй гэсэн шаардлага тавьдаг. А нь өөрөө маш түргэн уурладаг зантай, уурлах үед өөрийгөө хянаж чадахгүй, юу хэлж юу ярьснаа мэдэхгүй.

Охин П маань төрсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хадам аав Н.Е, хадам ээж Р.Г нар үрчилж авсан юм. Охиныг тухайн үед хадмынханд үрчлүүлсэн шалтгаан нь хадам ээж Р.Г нь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад тус төвийн захирлаар урьд ажиллаж байсан хүн нь шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдож, Р.Г нь ажлаас чөлөөлөгдөж ажилгүй болох нөхцөл байдал үүссэн юм. Яг энэ үед охин П төрсөн бөгөөд хадам аав, ээж хоёр бидэнд хандаж "Намайг тус төвийн захирлын ажлаас халах гэж байна. Хэрвээ та нар Пыг хууль ёсоор бидэнд үрчлүүлсэн тохиолдолд намайг ажлаас гаргаж чадахгүй. 0-3 насны хүүхэдтэй хүнийг ажлаас халах хууль байхгүй" гэж хүсэлт тавьсан юм. Тухайн үед би шинээр буусан бэр учраас хадам аав, ээжийн хүсэлтийг эсэргүүцэж чадаагүй зөвшөөрсөн юм. Охин П маань төрснөөсөө хойш миний асрамжид бойжиж байгаа бөгөөд одоо 3 нас хүрэх гэж байна.

Тэгээд би охин Пыг А бид хоёрын нэр дээр буулгаж авахаар шүүхэд өргөдөл гаргасан. Бодит байдал дээр хүүхэд төрсөн цагаасаа хойш эхийн асрамжид байгаа ба одоо хүртэл эхийн асрамжид байгаа хөхүүл хүүхэд байна. Мөн үрчилж авсан эцэг эх нь үүргээ гүйцэтгээгүй гэж үзээд хүүхдийг А бид хоёрын нэр дээр шилжүүлж, үрчлэлтийг хүчингүй болгосон.

Тэгээд надад ирж одоо би хаашаа ч явахгүй. Өд аав ээжтэй хамт амьдрахаар болж шийдсэн. Чи манайд очно гэвэл өөрөө мэд, очихгүй гэвэл өөрөө мэд гэсэн. Би танайд очиж чамтай, танай ээжтэй хамт амьдарч чадахгүй, тийм учраас хоёулаа салъя гэсэн. Тэгээд бид хоёр салахаар болсон.

Тэднийх маш их хэмжээний зээлтэй учраас А байнгын стресстэй, маш түргэн уурладаг, уурлахаараа юу хийж юу ярьснаа мэдэхгүй. 2017 оны 9 дүгээр сарын үед бас урлаад өөрийнхөө гарыг хана руу цохиод гараа хүртэл хугалж байсан удаатай. Дээрээс нь үхнэ, амиа хорлоно гэж дарамталдаг. Нэг өдөр амиа хорлочихвол хүн амины хэрэгт холбогдож магадгүй, эсвэл нэг өдөр уурлахаараа намайг ганц цохиод алж магадгүй гэдгээ зориуд дурдаж байна. Тийм учраас би цаашид энэ хүнтэй хамт амьдарч болохгүй юм байна гэдгээ ойлгож шийдвэрээ гаргасан. Дээрээс нь дандаа худлаа ярьдаг, хүн хуурдаг. Ярьсан хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй, өрхийн тэргүүний хариуцлага гэж байхгүй. Хадам ээж бид хоёр бол хэзээ ч таарч байгаагүй. А бол миний зөв ч бай буруу бай ээжийн талдаа ордог. Тийм учраас би энэ хүнтэй цаашид амьдраад амьдралаа үрэх шаардлага байхгүй гэж үзэж байна.

Иймд А бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Пыг миний асрамжид өгөхөөр шийдэж өгнө үү. Мөн А бид хоёр салсан ч гэсэн эцэг нь байх хариуцлагаасаа мултарч чадахгүй учир охин Пад төлөх ёстой хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Е.Атэй гэр бүл болсон ба 2016 оны 10 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин минь төрсөн. Гэрлэснээс хойш бидний дунд дандаа муудалцаж, хэрүүл маргаан гарч, бие биеэ ойлгож чадаагүй. Бид хадам эцэг эхийн хамт амьдардаг байсан ба тэд бидний хувийн асуудалд их ордог байсан. Ялангуяа хадам ээж түлхүү бидний асуудалд их ордог байсан. Хадам ээж дандаа хүүгээ өмөөрч намайг буруутгадаг. Би юм хэлэхээр нөхөр ээжийгээ өмөөрч надад миний аав ээжийн талаар битгий хэлээрэй гэж хэлдэг. Ер нь хэрүүл маргаан их гардаг байсан учир би төрхөмдөө яваад өгсөн. Энэ үед А эцэг эхийгээ дагуулж ирээд дахиж ийм асуудал гаргахгүй гэхээр би түүнийг уучилж, хамт амьдарч эхэлсэн. 2017 оны 11 дүгээр сард бид хоёр маргалдахад нөхөр архи ууж агсам тавьсан. Тэрээр агсам тавьсны маргааш нь архи ууна гэхээр би төрхөмдөө очсон. Уг үйл явдал болсноос хойш 7 хоногийн дараа нөхөр ирээд намайг хүчээр авч явах гэсэн ч би яваагүй. Тэр үед А миний хоёр гарыг мушгиж, нүүр, толгой руу цохисон. Би эцэг эх ажлаасаа ирэхээр нь Аий зодсон талаар хэлсэн ба тэд намайг дагуулж хадам эцэг эхийн гэрт очиход тэрээр гэмшсэн шинжгүй байсан. Хадам эцэг эх ийм асуудал байдаг л зүйл гэж хэлсэн. Бид нар Аийг цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхэд өөрсдөө л мэд гэж хэлсэн. Миний эцэг Аийг цагдаад өгсөн. Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул Аийг шалгасан. Тэр үед нөхөр А Казахстан улс руу явсан. 2018 оны 03 дугаар сард над руу утсаар ярьж, эвлэрье, би өөрчлөгдсөн, би түрэмгий муухай аашаа хаясан, би өөр хүн болсон, Казахстан улсад тусдаа сайхан амьдарна, би өөрчлөгдсөн гэж хэлсэн. Би тэр үгэнд нь итгээд охиныхоо төлөө боломж олгоё гэж бодсон. Би Казахстан улсад нөхрийнхөө араас очсон ч бүх зүйл байдаг хэвээрээ байсан. Аий ааш зан өөрчлөгдөөгүй, дандаа худал хэлж намайг хуурдаг хэвээр байсан. Нөхөр би өндөр цалинтай ажилд орсон, та 2 ирэх хүртэл мөнгө хураана гэж хэлсэн ч худал байсан. Тэрээр ямар ч ажил хийгээгүй, мөнгөө хураагаагүй байсан. А ахынхаа мебелийн цэхэд туслахаар ажиллаж байсан ба олигтой цалин авдаггүй байсан. Аий цалин байрны түрээс, хүнсэнд хүрдэггүй байсан. Бид тухайн үед хүмүүсээс мөнгө зээлж амьдарч байсан ба сүүлдээ байрны түрээс төлж чадахгүй болсон тул би гэртээ буцъя гэж бодож байхад Ад Турк улсад ажиллах санал ирсэн. А надад би Турк улсад очоод ажиллаж байя, чи хүүхдээ өвөө эмээд нь өгөөд, миний араас ирээрэй, би чамайг авахуулна гэж хэлсэн үгэнд нь итгэсэн. Би Аийг 3 сар хүлээсэн. Нэг өдөр А над руу залгаад би Ө рүү буцлаа, очоод учир шалтгааныг нь хэлнэ гэж хэлсэн. А ирээд би эцэг эхтэйгээ амьдарна, өөр хаашаа ч явахгүй, чи манай гэрт ирвэл ир, ирэхгүй бол өөрөө мэд гэж хэлэх үед би тэгвэл сална гэж шийдвэрээ гаргасан. Би урьд нь хадам эцэг эхтэйгээ хамт амьдарч байхдаа маргаан гарч байсан тул уг асуудлыг дахиж давтахыг хүсээгүй тул шүүхэд өргөдөл гаргасан. Миний Аээс гэрлэлтээ цуцлуулах болсон гол шалтгаан нь тэрээр түрэмгий зантай, ууртай, ааш муутай, уурлахаараа өөрийгөө хянаж чаддаггүй тул би заримдаа Аийг өөрийгөө болон миний эрүүл мэндийг хохироож магадгүй гэж санаа зовдог. Учир нь, А урьд нь хэрэлдэх үед 2 удаа амиа хорлоно гэж сүрдүүлж байсан. А надтай хэрүүл маргаан гаргаж нэг өдөр өөрийнхөө амийг хорлож намайг хүн амины хэрэгт холбогдуулах бий гэж айдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Би охиноо төрснөөс хойш нэг ч удаа түүнээс холдож үзээгүй. Охин минь 3 жил миний хажууд өсөж байна. Би хүүхдийнхээ сэтгэл санааг тайван байлгаж, санхүүгийн хувьд тэжээн тэтгэж чадна гэж итгэж байна. Би эрхэлсэн тодорхой ажилтай, төрийн албан хаагч. Би Б аймгийн Орон нутгийн өмчийн газарт нягтлан бодогч ажилтай. Би үндсэн ажлын байранд ажилладаг. Би цаашдаа энэ ажлаа хийсээр байх болно. Надад өр зээл байхгүй. Мөн миний эцэг эх олон жил төрийн албан хааж байгаа төрийн албан хаагчид. Тэд ч гэсэн санхүүгийн ямар нэгэн асуудал, өр зээл байхгүй. А охиноо тэжээн тэтгэх үүрэгтэй тулд түүнээс хүүхдийг тэтгэлэг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Е.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин маань төрсөн. Би айлын ганц хүүхэд. Би анхны хүүхдээ эцэг эхдээ үрчлүүлсэн ба эхнэр тухайн үед эсэргүүцээгүй. Ер нь хүүхэд үрчлүүлснээс болж асуудал үүссэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлд худал зүйл их бичсэн байна. Би эхнэрийн хэлж байгаа шиг аймшигтай хүн байсан бол нэг ч хамаатан садан байхгүй Казахстан улсад ганцаараа миний араас ирж надтай хамт амьдарч, цаашид хамт Америк, Турк улс явъя гэж хэлсэн юм бэ. Би Турк улс руу явахдаа эхнэрийнхээ ачааг аваад явсан. Эхнэр надад надад Турк гэж битгий хэл, Америк явъя гэж хэлсэн. Би Турк улсад 3 сар ажилласан ба ядарсан тул Б аймагт ирэхээр шийдсэн. Тэрээр Цагдаагийн газарт өргөдөл гаргасан гэж байна. Цагдаагийн газарт би тайлбар өгсөн. Шинжээчийн дүгнэлтэд чиний уруул сэтэрсэн, хоолой боомилсон гэсэн байна. Гэтэл нэхэмжлэлд өөр зүйл бичсэн. Г дураараа амьдардаг байсан. Тэрээр хүссэн үедээ ирээд хүссэн үедээ явдаг байсан. Тэрээр айлын ганц бэр байсан тул эрх байсан. 7 хоногийн 4 өдөр төрхөмдөө байдаг байсан. Хадам ээж Гг дууддаг байсан ба хэн ч юу ч хэлдэггүй байсан. Г амралтын 2 өдөр төрхөмдөө байдаг байсан. Би тухайн үед наймаа хийдэг байсан тул Гд илүү дутуу зүйл хэлдэггүй байсан. Бид 8 сар хамт амьдрахад Ггээр ажил хийлгээгүй. Мөнгө хүрэхгүй үед миний эцэг над руу мөнгө шилжүүлдэг байсан. Чи хоол хүнсэнд мөнгө хүрдэггүй байсан гэж худал хэлж чадахгүй байх. Хүн зээл авахгүй байна гэж байхгүй. Би зээл аваад төлж дуусгаж байсан. Энэ бол салах шалтгаан биш. Чи Астанад 8 сар надаас айхгүй яаж амьдарсан юм бэ. Би Гг жижиг асуудлыг дэвэргэж байна гэж бодож байна. Нэхэмжлэлд бичсэн ихэнх зүйл нь худал. Нэхэмжлэлд намайг Турк улсаас надтай зөвшилцөхгүй аймагт ирсэн гэж бичсэн байна. Би өөрийнхөө гэрт ирэхийн тул чамтай ярилцах шаардлага байхгүй. Миний эцгийн гэр бол миний охин болон эхнэрийн ч гэсэн гэр. Надад 3 давхар байшин байгаа. Миний 3 давхар байшинд багтаж амьдарч чадахгүй байгаа хүнийг мэдэхгүй юм байна. Бид хэрэлдэж маргалдаагүй. Гэхдээ гэр бүл тул хааяа муудалцах асуудал гардаг. Миний ээж хэрүүл маргаан гарах үед чи боль гэж надад уурладаг байсан. Бидний муудалцах маргаан гарах болсон гол шалтгаан хүүхдээ эцэг эхийнхээ нэр дээр буулгаснаас болсон. Хадам эцэг эх Гг дагуулаад манайд ирсэн ба охин Пыг миний болон Гн нэр дээр буулгаж өг, өгөхгүй бол цагдаад өгнө, хэрэв охиныг бидний нэр дээр буулгаж өгвөл л би энэ гэрт ирэх болно гэж хэлсэн. Би тэр үед өгвөл өгөөрэй, ямар нэгэн хурцадмал асуудал байхгүй гэж хэлсэн. Тухайн үед хадам эцэг Гн эд зүйлийг цуглуулаад аваад явсан. Би худал яриагүй байна. Би тухайн үед Гд чи манай гэрээс явах юм бол би Казахстан улс руу явна, надад ингэж амьдрах сонирхол байхгүй, гэж хэлсэн. Би Казахстан улсад очоод сураг, чимээгүй алга болоогүй. Би Казахстан улсад очоод 1 долоо хоногийн дараа Г рүү залгаад би чамайг авахуулна, тусдаа гарч амьдаръя гэж хэлсэн. Олон асуудал болсон ч би тэр бүгдийг яримааргүй байна. Учир нь, энэ бол инээдтэй асуудал. Би нэхэмжлэлд бичсэн зүйлдээ санал нийлэхгүй байна. Нотлох баримттай зүйл бичих хэрэгтэй. Хэн ч гэсэн нотлох баримтгүй хүнийг гүтгэж бичиж чадна. Би гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Хүүхэд эцэг эхийнхээ хажууд амьдрах ёстой. Нэхэмжлэлд бичсэн зүйл нь гэр бүл цуцлуулах шалтгаан биш гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Е.Аээс гэрлэлтээ цуцлуулж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А.Пыг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүсжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Монгол улсын иргэн, РД: 00000, И овогт Еын А, Монгол улсын иргэн, РД: 00000, Х овогт Хы Г нар нь 2015 оны 08-р сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 10-р сарын 11-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 00000-т бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь 00000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчид Х.Г, Е.А нар гэр бүл болж хамт амьдрах хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Аий П төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байх тул И овогт Еын А, Х овогт Хы Г нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хууль ёсны эхнэр, нөхөр мөн болох нь тогтоогдож байна.

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчид Х.Г, Е.А нарт холбогдох гэр бүлийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахад ... Х.Г, Е.А нар нь эвлэрэхээс татгалзаж байгаа ба цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй болсон байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр дуусгавар болгосон байна.

Хариуцагч Е.Ад 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийг нь танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Е.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлахдаа ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би гэрлэлтээ цуцлуулахгүй, эвлэрэхийг хүсэж байна, хүүхдээ өнчирүүлэх, эцэггүй өсгөхийг хүсэхгүй байна гэх боловч зохигч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчдийн тус тусдаа амьдарч байгаа байдал, мөн нөхөр Е.А нь эхнэр Х.Гг зодож биед нь гэмтэл учруулж байсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д тус тус заасныг баримтлан Х.Г, Е.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Е.П нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 3 нас, 7 хоногтой бага насны, одоо эхийн асрамжид өсөн торниж байгаа, эхийн хайр халамж, хүүхдийн эрх, ашиг сонирхол, ахуйн нөхцөл байдлыг харгалзан охин Е.Пыг эх нь Х.Гн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т ... эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эцэг Е.А нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Е.Пад хуулинд зааснаар тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Е.Аээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд ч хүүхдүүдээ хүмүүжүүлэх тэдгээрийн үүрэг хэвээрээ байна, мөн хуулийн 26.5, 26.6-д зааснаар эцэг Е.А нь охин Е.Пыг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Х.Гд үүрэг болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэгчид Х.Г, Е.А нарын гэрлэлтийг цуцалж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Е.Пыг эх нь Х.Гн асрамжид үлдээж, охин Е.Пыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Е.Аээр тэжээн тэтгүүлэхээр тогтоож, нэхэмжлэгч Х.Гн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.Аээс 102211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гд олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Е.Аий шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШЗ2018/0021 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Б аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 05-ны өдрийн захирамж хүчингүй болгох тухай А/02 дугаартай захирамж /хуулбар хувь/ зэрэг нотлох баримтууд нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Хы Г, И овогт Еын А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Е.Пыгыг эх нь Х.Гн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Е.Пад 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Е.Аээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зориулахыг эх Х.Гд даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.5, 26.6-д зааснаар эцэг Е.А нь охин Е.Пыг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй уулзуулж байхыг нэхэмжлэгч Х.Гд үүрэг болгосугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Гн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.Аээс 102211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гд олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН