Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2019/00066

 

Х.Г-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2019/00626 дугаар шийдвэртэй, Х.Г-н нэхэмжлэлтэй, Е.А-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Е.А нар оролцов.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А.П-ыг эхийн асрамжид үлдээх, эцгээр нь тэжээн тэтгүүлэх” тухай.

 

Нэхэмжлэлд: “Х.Г би 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Е.А-тай гэр бүл болж, гэрлэлтээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлж 8301000208 дугаартай гэрлэсний гэрчилгээ авсан. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин П төрсөн. Гэрлэснээс хойш нөхөр бид хоёр хоорондоо таарч тохирохгүй болсон. Хадам ээж нь маш үглээ, байнга үглэж дарамталдаг, бидний хоорондын асуудалд оролцдог. Үүнээс болж маргаан үүсдэг. Нөхөр маань хадам ээжийн талд ордог. Чи миний аав, ээжийн талаар надад юу ч ярьж дуугарах ёсгүй гэсэн шаардлага тавьдаг. Ань өөрөө маш түргэн уурладаг зантай, уурлах үед өөрийгөө хянаж чадахгүй, юу хэлж юу ярьснаа мэдэхгүй.

Охин П-ыг төрсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хадам аав Н.Е, хадам ээж Р.Г нар үрчилж авсан. Охиныг тухайн үед хадмынханд үрчлүүлсэн шалтгаан нь хадам ээж Р.Г нь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад тус төвийн захирлаар урьд ажиллаж байсан хүн нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож, Р.Г нь ажлаас чөлөөлөгдөж ажилгүй болох нөхцөл байдал үүссэн. Яг энэ үед охин П төрсөн бөгөөд хадам аав, ээж хоёр бидэнд хандаж "Намайг тус төвийн захирлын ажлаас халах гэж байна. Хэрвээ та нар П-ыг хууль ёсоор бидэнд үрчлүүлсэн тохиолдолд намайг ажлаас гаргаж чадахгүй. 0-3 насны хүүхэдтэй хүнийг ажлаас халах хууль байхгүй" гэж хүсэлт тавьсан. Тухайн үед би шинээр буусан бэр учраас хадам аав, ээжийн хүсэлтийг эсэргүүцэж чадаагүй зөвшөөрсөн. Охин П маань төрснөөсөө хойш миний асрамжид бойжиж байгаа бөгөөд одоо 3 нас хүрэх гэж байна. Тэгээд би охин П-ыг А бид хоёрын нэр дээр буулгаж авахаар шүүхэд өргөдөл гаргаж шүүхээс үрчлэлтийг хүчингүй болгосон. Бодит байдал дээр хүүхэд төрсөн цагаасаа хойш эхийн асрамжид байгаа ба одоо хүртэл эхийн асрамжид байгаа хөхүүл хүүхэд байна. Е.А нь намайг зодож хоёр гарын шуу, толгой хөхөрч цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шинжээчийн дүгнэлт гаргуулж байсан. Е.А-ний дээрх үйлдэлд эрүү үүсгэсэн боловч тэрээр Казакстан гарч зугтсан. Тэгээд Казакстан улсаас над руу холбогдож уучлалт гуйж намайг хүүхдээ аваад Казакстанд хүрээд ир, энд их цалин авч байна гэсэн тул би очсон. Тэгэхэд Е.А-ний хэлсэн бүгд худлаа байсан. Авсан цалин хөлс нь бидний амьдралд хүрэлцэхгүй, бид дахин муудалцаж, Е.А амиа хорлоно гэж намайг айлгасан учраас би түүнд дахин юм хэлэхээ больсон. Е.Ань  интернэтээс Турк улсад надад тохирох ажил олсон. Чи охиноо аваад Өлгийд очоод охиноо үлдээчхээд миний араас хүрээд ир гэсэн. Тэгээд би охинтойгоо дахин Өлгийд ирсэн. А Туркт очоод энд амьдрах хэцүү юм байна, мөнгө юунд ч хүрэлцэхгүй юм байна гэхээр нь би “чи хэдэн сар наанаа ажиллаад мөнгөө хурааж бай, тэгээд хоёулаа америк руу гарч амьдаръя” гэсэн тэр зөвшөөрсөн. Тэгсэн А гэнэт бодлоо өөрчилж надтай зөвшилцөхгүйгээр Өлгийд ирж, одоо би хаашаа ч явахгүй. Өлгийд аав ээжтэй хамт амьдрахаар болж шийдсэн. Чи манайд очно гэвэл өөрөө мэд, очихгүй гэвэл өөрөө мэд гэсэн. Би танайд очиж чамтай, танай ээжтэй хамт амьдарч чадахгүй, тийм учраас хоёулаа салъя гэсэн. Тэгээд бид хоёр салахаар болсон. Тэднийх маш их хэмжээний зээлтэй учраас А байнгын стресстэй, маш түргэн уурладаг, уурлахаараа юу хийж юу ярьснаа мэдэхгүй. 2017 оны 9 дүгээр сарын үед бас урлаад өөрийнхөө гарыг хана руу цохиод гараа хүртэл хугалж байсан удаатай. Дээрээс нь үхнэ, амиа хорлоно гэж дарамталдаг. Нэг өдөр амиа хорлочихвол хүн амины хэрэгт холбогдож магадгүй, эсвэл нэг өдөр уурлахаараа намайг ганц цохиод алж магадгүй гэдгээ зориуд дурдаж байна. Тийм учраас би цаашид энэ хүнтэй хамт амьдарч болохгүй юм байна гэдгийг ойлгож шийдвэрээ гаргасан. Дээрээс нь дандаа худлаа ярьдаг, хүн хуурдаг. Ярьсан хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй, өрхийн тэргүүний хариуцлага гэж байхгүй. Хадам ээж бид хоёр бол хэзээ ч таарч байгаагүй. А бол миний зөв ч бай буруу бай ээжийнхээ талд ордог. Тийм учраас би энэ хүнтэй цаашид амьдраад амьдралаа үрэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд А бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин П-ыг миний асрамжид өгөхөөр шийдэж өгнө үү. Мөн А бид хоёр салсан ч гэсэн эцэг нь байх хариуцлагаасаа мултарч чадахгүй учир охин П-д төлөх ёстой хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Бид 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин маань төрсөн. Би айлын ганц хүүхэд. Би анхны хүүхдээ эцэг эхдээ үрчлүүлсэн ба эхнэр тухайн үед эсэргүүцээгүй. Ер нь хүүхэд үрчлүүлснээс болж асуудал үүссэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлд худал зүйл их бичсэн байна. Би эхнэрийн хэлж байгаа шиг аймшигтай хүн байсан бол нэг ч хамаатан садан байхгүй Казахстан улсад ганцаараа миний араас ирж надтай хамт амьдарч, цаашид хамт Америк, Турк улс явъя гэж хэлэхгүй. Би Турк улс руу явахдаа эхнэрийнхээ ачааг аваад явсан. Эхнэр надад Турк гэж битгий хэл, Америк явъя гэж хэлсэн. Би Турк улсад 3 сар ажилласан ба ядарсан тул Баян-Өлгий аймагт ирэхээр шийдсэн. Тэрээр Цагдаагийн газарт өргөдөл гаргасан гэж байна. Цагдаагийн газарт би тайлбар өгсөн. Шинжээчийн дүгнэлтэд уруул сэтэрсэн, хоолой боомилсон гэсэн байна. Гэтэл нэхэмжлэлд өөр зүйл бичсэн. Г дураараа амьдардаг байсан. Тэрээр хүссэн үедээ ирээд хүссэн үедээ явдаг байсан. Тэрээр айлын ганц бэр байсан тул эрх байсан. 7 хоногийн 4 өдөр төрхөмдөө байдаг байсан. Хадам ээж Г-г дууддаг байсан ба хэн ч юу ч хэлдэггүй байсан. Г амралтын 2 өдөр төрхөмдөө байдаг байсан. Би тухайн үед наймаа хийдэг байсан тул Г-д илүү дутуу зүйл хэлдэггүй байсан. Бид 8 сар хамт амьдрахад Г-ээр ажил хийлгээгүй. Мөнгө хүрэхгүй үед миний эцэг над руу мөнгө шилжүүлдэг байсан. Чи хоол хүнсэнд мөнгө хүрдэггүй байсан гэж худал хэлж чадахгүй байх. Хүн зээл авахгүй байна гэж байхгүй. Би зээл аваад төлж дуусгаж байсан. Энэ бол салах шалтгаан биш. Нэхэмжлэгч Астанад 8 сар надаас айхгүй яаж амьдарсан юм бэ. Би Г-г жижиг асуудлыг дэвэргэж байна гэж бодож байна. Нэхэмжлэлд бичсэн ихэнх зүйл нь худал. Нэхэмжлэлд намайг Турк улсаас надтай зөвшилцөхгүй аймагт ирсэн гэж бичсэн байна. Би өөрийнхөө гэрт ирэхийн тул нэхэмжлэгчтэй ярилцах шаардлага байхгүй. Миний эцгийн гэр бол миний охин болон эхнэрийн ч гэсэн гэр. Надад 3 давхар байшин байгаа. Миний 3 давхар байшинд багтаж амьдарч чадахгүй байгаа хүнийг мэдэхгүй юм байна. Бид хэрэлдэж маргалдаагүй. Гэхдээ гэр бүл тул хааяа муудалцах асуудал гардаг. Миний ээж хэрүүл маргаан гарах үед чи боль гэж надад уурладаг байсан. Бидний муудалцах маргаан гарах болсон гол шалтгаан хүүхдээ эцэг эхийнхээ нэр дээр буулгаснаас болсон. Хадам эцэг эх Г-г дагуулаад манайд ирсэн ба охин П-ыг миний болон Г-н нэр дээр буулгаж өг, өгөхгүй бол цагдаад өгнө, хэрэв охиныг бидний нэр дээр буулгаж өгвөл л би энэ гэрт ирэх болно гэж хэлсэн. Би тэр үед өгвөл өгөөрэй, ямар нэгэн хурцадмал асуудал байхгүй гэж хэлсэн. Тухайн үед хадам эцэг Г-н эд зүйлийг цуглуулаад аваад явсан. Би тухайн үед Г-д чи манай гэрээс явах юм бол би Казахстан улс руу явна, надад ингэж амьдрах сонирхол байхгүй гэж хэлсэн. Би Казахстан улсад очоод сураг, чимээгүй алга болоогүй. Би Казахстан улсад очоод 1 долоо хоногийн дараа Г-рүү залгаад би чамайг авхуулна, тусдаа гарч амьдаръя гэж хэлсэн. Олон асуудал болсон ч би тэр бүгдийг яримааргүй байна. Учир нь энэ бол инээдтэй асуудал. Би нэхэмжлэлд бичсэн зүйлтэй санал нийлэхгүй байна. Нотлох баримттай зүйл бичих хэрэгтэй. Хэн ч гэсэн нотлох баримтгүй хүнийг гүтгэж бичиж чадна. Би гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Хүүхэд эцэг эхийнхээ хажууд амьдрах ёстой. Нэхэмжлэлд бичсэн зүйл нь гэр бүл цуцлуулах шалтгаан биш.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2019/00626 дугаар шийдвэрээр “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х.Г, Е.А нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Е.П-ыг эх Х.Г-н асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Е.П-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Е.А-ээр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрд хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зориулахыг эх Х.Г-д даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.5, 26.6-д зааснаар эцэг Е.А нь охин Е.П-ыг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй уулзуулж байхыг нэхэмжлэгч Х.Г-д үүрэг болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Хариуцагч Е.А би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие анхнаасаа нэхэмжлэгч Х.Г-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, би гэрлэлтээ цуцлуулахгүй, эвлэрэх хүсэлтэй байгааг мэдүүлж байсан бөгөөд хүүхдээ өнчрүүлэх, эцэггүй өсгөхийг хүсэхгүй, мөн бидний гэрлэлтийг цуцлах ямар нэгэн шалтгаан байхгүй гэдгийг хэлж байсан болно. Гэр бүлийн тухай хуульд гэрлэлт цуцлах шалтгаан нөхцөл, үндэслэлийн талаар зохицуулсан байх бөгөөд эдгээр хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад бидний гэрлэлтийг цуцалсан нь хуульд нийцээгүй тул давж заалдах гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл, миний бие хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүдээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлж хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, эхнэр хүүхдэдээ хүчирхийлэл үйлдээгүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчдийн тус тусдаа амьдарч байгаа байдал, мөн нөхөр Е.А нь эхнэр Х.Г-г зодож биед нь гэмтэл учруулж байсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан...” гэж дурдаж үүнийг гэрлэлт цуцлах үндэслэл болгосон боловч миний бие эхнэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өнчрүүлэх, эцэггүй өсгөхийг хүсэхгүй, цаашид эвлэрэх эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдрахыг хүсэж байгаа тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2019/00626 тоот шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрэх арга хэмжээ авахыг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.” гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй учир дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Е.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А.П-ыг өөрийн асрамжид авах, эцгээр нь тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргасны хариуцагч эс зөвшөөрчээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан 8301000746 бүртгэлийн дугаартай, БЮ16300602 регистрийн дугаартай А.П-ын төрсний гэрчилгээний хуулбарыг[1] хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2018/0021 дугаартай шүүгчийн захирамжтай[2] харьцуулан дүгнэвэл, охин А.П нь бусдад үрчлэгдсэн эсэх, уг үрчлэлтийг шүүхийн журмаар хүчингүй болгосон эсэх, хэрвээ үрчлэлтийг хүчингүй болгосон бол Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэгч төрсний бүртгэлийг сэргээсэн эсэх зэргийг анхан шатны шүүх анхаарахгүйгээр хүүхдийн асрамжийг шийдвэрлэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

 

            Төрсний гэрчилгээнд тусгаснаар А.П нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрснийг мөн сарын 16-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлд зааснаар А.П-ыг өвөг эцэг Н.Е, эмэг эх Р.Г нарт үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 219 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийг тус аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгож байжээ. Харин Р.Г, Н.Е нарын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Өлгий сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн дээрх захирамжаар “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

            Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлд хүүхэд үрчлүүлэгч Х.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “А.П-ыг өвөг эцэг Н.Е, эмэг эх Р.Г нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаснаар иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэсэн нь тогтоогдсон талаар тэмдэглэжээ.

 

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэвэл, охин А.П-ыг бусдад үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 219 дүгээр захирамж хүчинтэй эсэх, Х.Г-н “А.П-ыг бусдад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, зохигчийн тайлбарлаж байгаачлан иргэний хэргийн анхан шатны шүүх үрчлэлтийг хүчингүй болгосон бол Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, А.П-ын төрсний бүртгэлийг сэргээсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц уг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд нэгэнт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөний улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2019/00626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Е.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.211.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 9 дүгээр тал.

[2] Хэргийн 28 дугаар тал.