Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/02392

 

 

 

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/02392

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х з ХХК-д холбогдох,

 

35,752,754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М ХХК нь Х з ХХК-тай 2018 оны 06-р сарын 21-ны өдөр 18/04 тоот Машин, механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээний дагуу өөрийн 5 ширхэг техникээ түрээслэгчид шилжүүлсэн. Түрээсийн төлбөрт

-******* улсын дугаартай Индүү нэг сарын 7,500,000 төгрөг,

-******* улсын дугаартай Автогрейдер 1 сарын 14,000,000 төгрөг,

-******* улсын дугаартай Усны машин 1 сарын 6,000,000 төгрөг,

-******* улсын дугаартай Усны машин 1 сарын 6,000,000 төгрөг,

-******* улсын дугаартай Авто ачигч 1 сарын 8,500,000 төгрөгөөр нийт 5 техникийг нэг сарын 42,000,000 төгрөг,

2018 оны 08-р сарын 31-ны өдөр 18/08/31 тоот Машин механизм түрээслэх гэрээний дагуу ******* улсын дугаартай Индүү, ******* Бульдозер зэрэг 2 ширхэг техникээ түрээслэгч талд шилжүүлсэн.

-******* улсын дугаартай Индүү 1 сарын 7,500,000 төгрөг,

-******* Бульдозер 1 сарын 17,000,000 төгрөгөөр тохиролцон нийт 2 ширхэг техникийг 1 сарын 24,500,000 төгрөгөөр түрээслэгч талд түрээслэсэн.

-2018 оны 08-р сарын 04-ны өдөр 18/08/04 тоот нэмэлт гэрээгээр ******* улсын дугаартай Индүүг 1 сарын 7,500,000 төгрөгөөр нэмж түрээслэхээр тохиролцож гэрээний дагуу техникээ шилжүүлсэн.

Ингээд нийт 8 техникийг 2 талын тохиролцоонд үндэслэн гэрээнд зааснаар Х з ХХК-ийн ажилласан хугацааны дагуу /гэрээ тус бурийн хугацаанаас хамаарна/ 2018 оны 06-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 11-р сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаад 2 талын тооцоо нийлсэн актаар түрээсийн төлбөрт нийт 99,553,384 төгрөг төлөхөөр тооцоо болсон.

Үүнээс 2018 оны 11-р сарын 30-ны өдөр 45,000,000 төгрөг, 2018 оны 12-р сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 04-р сарын 11-ний өдөр 10,718,215 төгрөгийг маш их хугацаа алдаж шилжүүлснээр нийт 75,718,215 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн байна.

Бид Машин механизм түрээслэх гэрээнд зааснаар түрээсийн тооцоог сар бүр тооцож бодогдон, тухайн ажиласан сар дуусмагц 3 хоногийн дотор түрээсийн тооцоогоо төлж байхаар тохиролцсон боловч Х з ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, үүргийн гүйцэтгэл хангагдахгүй маш их хугацаа өнгөрсөн тул төлбөр төлөөгүй хугацаанаас нь эхлээд гэрээний 5-р зүйлийн 5.2-т заасны дагуу алданги тооцсон болно.

Анхны төлбөр төлсөнөөс хойш өнөөг хүртэл төлбөр төлөөгүйн алдангид нийт 28,688,566 төгрөг болсон ба энэхүү алданги нь үлдэгдэл нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуульд зааснаар нэмэмжлсэн үнийн дүнийг 50%-иас хэтрэхгүй байна гэсэн заалтын дагуу үндсэн нэхэмжилсэн үнийн дүнгийн 50% болох 11,917585 төгрөгөөр тооцож, үндсэн төлөөгүй төлбөрийн хамт нэхэмжилж байна.

Дээрх төлбөрийг өнөөдрийг болтол төлж барагдуулахгүй байгаагаас үүдэн манай байгууллага үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл үүсээд байна.

Иймд Х з ХХК-иас 23,835,169 төгрөг, алдангид - 11,917585 төгрөг, нийт 35,752,754 төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага 8 ширхэг зам засварт ашигладаг техникүүдийг түрээсийн гэрээний дагуу хариуцагч талд түрээсэлсэн. Үндсэн түрээсийн төлбөр 23,835,169 төгрөг сая төгрөг, алданги 11,917,584.33 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч талын тайлбарлаж байгаа захиалагч талын санхүүжилт зогсох нь манай талд огт хамааралгүй. Манайх бол техник түрээсэлсэн. Туслан гүйцэтгэгчээр огт ажиллаагүй. Иймд үндсэн төлбөр 23,835,169 төгрөг, алданги 11,917,584.33 нийт 35,752,753 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь Дорноговь аймгийн Алтан-Ширээ сумын нутаг дахь Нефть боловсруулах үйлдвэрийн 6,2км төмөр замын суурь, хиймэл байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр ерөнхий гүйцэтгэгч "" ХНН-тэй гэрээ байгуулсан.

Уг ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхээр "М" ХХК-тай машин, механизм түрээслэх гэрээ байгуулж нэмэлтээр ажиллуулсан. Түрээсийн гэрээ ёсоор хийсэн ажилд нь төлбөл зохих нийт дүн 256,683,333.33 төгрөг болсоноос 2018.06.23-2019.04.08-ны өдөр хүртэлх хугацаанд 232,849.165 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 23,834,168 төгрөг байгаа нь үнэн бөгөөд үндсэн нэхэмжлэлийн дүнтэй маргах зүйл байхгүй. Харин манайх ерөнхий гүйцэтгэгч ХНН-тэй хийсэн Ерөнхий гэрээний үлдэгдэл 449,560,032 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэгч хийсэн ажлын мөнгийг шилжүүлэлгүй хугацаа алдаж байгаагаас шалтгаалж манай компани алданги төлөх нь үндэслэлгүй юм. ХНН-ээс хийсэн ажлын мөнгө орж ирмэгц үлдэгдэл санхүүжилтийг төлөх бөгөөд манайхаас шалтгаалаагүй нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэргийн 232.8-д зааснаар шүүх алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК-ийн техник хэрэгслийг түрээсийн гэрээгээр авч Дорноговь аймгийн Алтан-Ширээ сумын нутаг дахь Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын далангийн суурь барьсан. Үндсэн үнийн дүн дээр маргахгүй. Манайх улсын төсвөөр ажил гүйцэтгэж байгаа учраас санхүүжилт орж ирсэн тохиолдолд л төлбөрийг хийдэг. Замын компани бол гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг. М ХХК адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас манай талын байр суурийг сайн ойлгох ёстой. ХНН өнөөдрийг хүртэл манайд гүйцэд төлбөрөө өгөөгүй байна. Захиалагчаас санхүүжилт орж ирээгүй цаг хугацааны алдангийг манайх төлөх үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х з ХХК-д холбогдуулан түээсийн төлбөр 23,835,169 төгрөг, алданги 11,917,585 төгрөг, нийт 35,752,754 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Х з ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй, маргах зүйлгүй харин ерөнхий гүйцэтгэгч ХНН-тэй хийсэн ерөнхий гэрээний үлдэгдэл 449,560,032 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй хугацаа алдаж байгаагаас шалтгаалж манай компани алданги төлөх үндэслэлгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангиас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

М ХХК, Х з ХХК-ийн хооронд машин, механизм түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч М ХХК нь түрээслэгч Х з ХХК-д нийт 8 техникийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд түрээслүүлж, 2 талын тооцоо нийлсэн актаар түрээсийн төлбөрт нийт 99,553,384 төгрөг төлөхөөр тооцоо гарснаас хариуцагч 75,718,215 төгрөгийг төлж, 23,835,169 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Машин, механизм түрээслэх гэрээ, Нэмэлт гэрээ-нүүд, Түрээсийн тооцоо зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-5-10, 12 тал/

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т заасан Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн төлбөрийн тооцооны талаар маргаангүй, түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байна.

Хариуцагч Х з ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байгуулсан Ажил, үйлчилгээний гэрээнд заасан Сайншанд өртөөнөөс Газрын тосны боловсруулах үйлдвэр хоорондын дагнасан хэрэглээний төмөр замын ул шорооны далан тавих, шинээр хоолой барих ажил-ыг хийж гүйцэтгэх зорилгоор машин, механизм түрээслэх гэрээ байгуулсан гэж тайлбарлан, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №АҮГ/18/043 Ажил, үйлчилгээний гэрээ, уг гэрээний тооцоо нийлсэн акт, Х з ХХК-ийн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ Х з ХХК-иас ХНН-т хүргүүлж байсан албан бичиг, хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хариуцагчийг алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

М ХХК, Х з ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 21-ний 18/04, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18/08/31 тоот Машин, механизм түрээслэх гэрээний нэгдүгээр зүйлийн 1.2.-т Түрээслэгч нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын төмөр замын далангийн ажил /Сайншанд сумаас Алтан ширээ сумын хооронд/ гүйцэтгүүлэхээр техникийг түрээслэж байгаа талаар заасан боловч төлбөр тооцоо болон гэрээний үүрэг биелүүлэхийг хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах ямар нэг тохиолдлыг талууд гэрээгээр тохироогүй, тодруулбал, Х з ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хооронд байгуулсан Ажил, үйлчилгээний гэрээ-ний төлбөр хийгдээгүй нь Машин, механизм түрээслэх гэрээний төлбөрийг хожимдуулах, төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Мөн дээр дурьдсан түрээсийн гэрээний /№18/04, №18/08/31/ тав дугаар зүйлийн 5.2-т Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн гэрээний нийт үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулиар тогтоосон 0,5 хувиас хэтрээгүй мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан анзын хэмжээ илт их байдал хэргийн нөхцөл байдлаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, алдангийн тооцоо гэх баримтаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар хариуцагч 99,553,384 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 45,000,000 төгрөг төлж, үлдэх 54,553,384 төгрөгөөс алданги тооцогдож, үүнээс явцын дунд түрээсийн төлбөрөөс 30,718,215 төгрөг төлөгдөж, 23,835,169 төгрөг үлдсэн ба алдангийн нийт хэмжээ 28,688,566 төгрөг болсноос нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгэгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэсэнтэй нийцүүлж алданги 11,917,585 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв. /хх-11 тал/

Иймд хариуцагч Х з ХХК-иас түрээсийн төлбөр 23,835,169 төгрөг, алданги 11,917,585 төгрөг, нийт 35,752,754 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын нэрийг нэхэмжлэл болон талуудын хооронд байгуудсан гэрээнд Х з, Х з гэж 2 өөрөөр бичсэн боловч хэрэгт авагдсан баримтанд дарагдсан компанийн тамганы дардас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн нэр Х з гэж байгаа ба шүүх Х з ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х з ХХК-иас түрээсийн төлбөр 23,835,169 төгрөг, алданги 11,917,585 төгрөг, нийт 35,752,754 /гучин таван сая долоон зуун тавин хоёр мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 336,713 /гурван зуун гучин зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ