Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1931

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/02392 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.З ХХК--д холбогдох,

 

Түрээсийн гэрээний төлбөр 23 835 169 төгрөг, алданги 11 917 585 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Б, С.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Х.З ХХК--тай 2018 оны 6 сарын 21-ний өдөр 18/04 тоот машин, механизм түрээслэх гэрээ байгуулан, гэрээний дагуу 5 ширхэг техникийг түрээслэгчид шилжүүлсэн. 18-10 УН улсын дугаартай индүү 1 сарын 7 500 000 төгрөг, 63 81 УБ улсын дугаартай автогрейдер 1 сарын 14 000 000 төгрөг, 64 32 УБК улсын дугаартай усны машин 1 сарын 6 000 000 төгрөг, 68 05 УНВ улсын дугаартай усны машин 1 сарын 6 000 000 төгрөг, 31 88 УБ улсын дугаартай авто ачигч 1 сарын 8 500 000 төгрөгөөр нийт 5 техникийг 1 сарын нийт 42 000 000 төгрөгөөр, 2018 оны 8 сарын 31-ний өдөр 18/08/31 тоот машин механизм түрээслэх гэрээний дагуу 25-26 УН улсын дугаартай индүү, 07-34 УБ улсын дугаартай бульдозер зэрэг 2 ширхэг техникийг түрээслэгч талд шилжүүлсэн. 25-26 УН улсын дугаартай индүү 1 сарын 7 500 000 төгрөг, 07-34 УБ бульдозер 1 сарын 17 000 000 төгрөгөөр тохиролцон нийт 2 ширхэг техникийг 1 сарын 24 500 000 төгрөгөөр түрээслэгч талд түрээсэлсэн. 2018 оны 8 сарын 04-ний өдөр 18/08/04 тоот нэмэлт гэрээгээр 30-82 УН улсын дугаартай индүүг 1 сарын 7 500 000 төгрөгөөр нэмж түрээслэхээр тохиролцож гэрээний дагуу техникээ шилжүүлсэн. Ингээд нийт 8 техникийг 2 талын тохиролцоонд үндэслэн гэрээнд зааснаар Х.З ХХК--ийн ажилласан хугацааны дагуу гэрээ тус бурийн хугацаанаас хамаарч, 2018 оны 6 сарын 21-ний өдрөөс 2018 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаад 2 талын тооцоо нийлсэн актаар түрээсийн төлбөрт нийт 99 553 384 төгрөг төлөхөөр тооцоо болсон. Үүнээс 2018 оны 11 сарын 30-ны өдөр 45 000 000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 4 сарын 11-ний өдөр 10 718 215 төгрөгийг маш их хугацаа алдаж шилжүүлснээр нийт 75 718 215 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн байна. Бид машин механизм түрээслэх гэрээнд зааснаар түрээсийн тооцоог сар бүр тооцож бодогдон, тухайн ажилласан сар дуусмагц 3 хоногийн дотор түрээсийн тооцоогоо төлж байхаар тохиролцсон боловч Х.З ХХК- нь гэрээний үүргээ зөрчиж, үүргийн гүйцэтгэл хангагдахгүй маш их хугацаа өнгөрсөн тул төлбөр төлөөгүй хугацаанаас нь эхлээд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт заасны дагуу алданги тооцсон болно. Анхны төлбөр төлснөөс хойш өнөөг хүртэл төлбөр төлөөгүй алдангид нийт 28 688 566 төгрөг болсон ба энэхүү алданги нь үлдэгдэл нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуульд зааснаар нэхэмжилсэн үнийн дүнийг 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтын дагуу үндсэн нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувь болох 11 917 585 төгрөгөөр тооцож, үндсэн төлөөгүй төлбөрийн хамт нэхэмжилж байна. Дээрх төлбөрийг өнөөдрийг болтол төлж барагдуулахгүй байгаагаас үүдэн манай байгууллага үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл үүсээд байна. Иймд Х.З ХХК--иас 23 835 169 төгрөг, алдангид 11 917 585 төгрөг, нийт 35 752 754 төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь нефть боловсруулах үйлдвэрийн 6,2 км төмөр замын суурь, хиймэл байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр ерөнхий гүйцэтгэгч Улаанбаатар төмөр зам ХНН-тэй гэрээ байгуулсан. Уг ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхээр М ХХК-тай машин, механизм түрээслэх гэрээ байгуулж нэмэлтээр ажиллуулсан. Түрээсийн гэрээ ёсоор хийсэн ажилд нь төлбөл зохих нийт дүн 256 683 333.33 төгрөг болсноос 2018 оны 6 сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 232 849.165 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 23 834 168 төгрөг байгаа нь үнэн бөгөөд үндсэн нэхэмжлэлийн дүнтэй маргах зүйл байхгүй. Харин манайх ерөнхий гүйцэтгэгч Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хийсэн ерөнхий гэрээний үлдэгдэл 449 560 032 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэгч хийсэн ажлын мөнгийг шилжүүлэлгүй хугацаа алдаж байгаагаас шалтгаалж манай компани алданги төлөх нь үндэслэлгүй юм. Улаанбаатар төмөр зам ХНН-ээс хийсэн ажлын мөнгө орж ирмэгц үлдэгдэл санхүүжилтийг төлөх бөгөөд манайхаас шалтгаалаагүй нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэргийн 232.8 дах хэсэгт зааснаар шүүх алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Х.З ХХК--иас 35 752 754 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 336 713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Х.З ХХК- нь 2001 оноос хойш хатуу болон хайрган хучилттай зам барих, гүүр барих зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний компани бөгөөд өөр ямар нэгэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй. 2018 онд ерөнхий гүйцэтгэгч Улаанбаатар төмөр зам ХНН-тэй Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын далангийн доод суурь бүтэц барих ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 6 сарын 15-ны өдөр АҮГ/18/043 дугаартай гэрээ байгуулсан. Уг ажлыг хугацаанд нь яаралтай дуусгах талаар шаардсаны дагуу М ХХК-тай нэр бүхий машин механизмыг нэмэлтээр түрээслэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Түрээсийн гэрээгээр ажиллуулах машин механизмуудыг Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хийсэн гэрээний дагуу Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын далангийн доод суурь бүтэц барих ажлын объектод л зөвхөн ажиллуулахаар гэрээнд зааж өгсөн. Тухайн үед гүйцэтгэл орж ирэх бүрт тодорхой хэмжээнд төлбөрөө төлж байсан. Ерөнхий гүйцэтгэгч Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хийсэн ажлыг хугацаанд нь дуусгаж хүлээлгэн өгсөн боловч гэрээт ажлын үлдэгдэл 449 560 032 төгрөгийг өнөөдрийг хүртэл манайд шилжүүлээгүй байна. М ХХК-д төлөх ёстой нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 23 835 169 төгрөгийн үнийн дүн дээр маргаагүй, харин ерөнхий гүйцэтгэгчээс санхүүжилт орж ирэхгүй байгаагаас манай компани 11 917 585 төгрөгийн алданги төлөх шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хянан үзэж, алдангийг хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х.З ХХК--д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 23 835 169 төгрөг, алданги 11 917 585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 6 сарын 21-ний өдөр машин механизм түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 1 индүүг сарын 7 500 000 төгрөгөөр, 1 автогрейдерийг сарын 14 000 000 төгрөгөөр, 2 усны машиныг сарын нийт 12 000 000 төгрөгөөр, 1 авто ачигчийг сарын 8 500 000 төгрөгөөр, 2018 оны 8 сарын 07-ны өдрийн гэрээгээр 1 индүүг сарын 7 500 000 төгрөгөөр, 2018 оны 8 сарын 31-ний өдрийн гэрээгээр 1 индүүг сарын 7 500 000 төгрөгөөр, 1 бульдозерийг сарын 17 000 000 төгрөгөөр тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон байна.

 

            Улмаар талууд 2018 оны 9 сарын 30-ны өдөр дээрх гурван гэрээний хугацааг сунгасан байх бөгөөд хариуцагч нь түрээсийн гэрээний нийт үүрэг 99 553 384 төгрөгөөс 75 718 215 төгрөгийг төлсөн, одоо 23 835 169 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь зохигчдын тайлбар, машин механизм түрээслэх гэрээ, нэмэлт гэрээ, түрээсийн тооцооны баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-10, 12, 23-р тал/

           

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд түрээсийн гэрээний төлбөр 23 835 169 төгрөгийг, хууль буюу гэрээний 5.2-т зааснаар алданги 11 917 585 төгрөгийн хамт нийт 35 752 754 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ. 

 

            Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо алдангийн хэмжээ илт их, мөн ерөнхий гүйцэтгэгч Улаанбаатар төмөр замаас санхүүжилт орж ирэхгүй байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийн хэмжээ илт их гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн хариуцагч Х.З ХХК- нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бусдаас төлбөрөө аваагүй байгаа нь нэхэмжлэгч М ХХК-ний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/02392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

  Г.ДАВААДОРЖ