Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/47

 

*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                 

                                                                                       Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Нансалмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               *******

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               *******

                                      Хохирогч                                         *******

                                      Хохирогч                                         *******

                                      Хохирогчийн өмгөөлөгч              *******

                                      Хохирогчийн өмгөөлөгч              *******                 

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Батсүхийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 2031000730056 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, Ногоон довын 2-13 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт Батсүхийн Жаргалсайхан /РД:МУ78112676/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны оройн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн байранд хамтран амьдарч байсан иргэн *******гийн цээжин тус газар нэг удаа хутгалж, улмаар тус эрүүл мэндийн төвийн хашаан дотор их эмч У.Энхбямбыг хамтран амьдрагч *******тай хардаж хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, 2 хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх *******д холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/121  дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8-р зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Батсүхийн Жаргалсайханыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” 2 хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.241.600 төгрөг гаргуулан хохирогч *******д олгож, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-р зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д зааснаар шүүгдэгч ******* овогт Батсүхийн Жаргалсайханд 10 /арван/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ы энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хохирогч *******, ******* нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Ялтан *******д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвэр хэрэглэсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нь Прокурорын 2020 оны 06 сарын 09-ний өдрийн №01 дугаартай шүүхийн шийдвэрт залруулга хийлгэх тухай саналын дагуу 2020 оны 06 сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрт залруулга хийх тухай шүүхийн 2020/ШТ/10 дугаартай тогтоолоор:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №2020/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ы эдлэх 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж нэмж оруулан шийтгэх тогтоолын дугаарыг 4-ийг 5, 5-ыг 6, 6-ыг 7, 7-ыг 8, 8-ыг 9, 9-ийг 10, 10-ыг 11, 11-ийг 12, 12-ыг 13 гэж дугаарласугай.

2. Шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурьдсугай” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020.05.22-ны 2020/ШЦТ/121 тоот шийтгэх тогтоолыг дараах байдлаар эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна.

...******* нь уг гэмт хэргийг үйлдэх тухайн үедээ их хэмжээний согтолттой байсны улмаас ямар шалтгаанаар яаж хутгалснаа ч мэдэхгүй байсан нь тодорхой харагддаг. Бусдыг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд үйлдэл үхэл хоёрын хооронд заавал шалтгаант холбоо агуулсан байхыг шаардах талаар Улсын дээд шүүхийн 2020.02.17-ны 105 тоот тогтоолд ч дурьдаж заасан байгаа. Гэтэл 2 хүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан боловч хохирогчдын биеийн эрүүл мэнд сайжирсан, мөн хохирогч нарт учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн байгаа нь ******* нь үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж гэм буруугаа хүлээж байгааг илтгэнэ.

*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас бараагүй бөгөөд хохирогч нарыг алах санаа зорилго байгаагүй байхад “алахыг завдсан” гэж үзэн ял оногдуулсан нь хэргийн тухайн үеийн нөхцөл, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. ******* нь  дээрх хүмүүсийг санаатайгаар алах зорилго байгаагүй гэдэг нь

1-рт архиа гарсны дараа ******* руу утасдаж, ар гэрээсээ бие нь яаж байгааг асууж сураглаж байснаар

2-рт У.Энхбямбыг яаж хэдийд хаана хутгалснаа мэдэхгүй байгаагаас үзэхэд тодорхой сэдэлт агуулсан, өөрөөр хэлбэл ална гэсэн зорилго байсан нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн шүүхээс *******ыг эр эмийн хардалтаас болсон гэсэн дүгнэлтэд хүрч  байгаа ч тухайн үед 2 өөр оорчинд тус тусд нь хутгалж гэмтээж байгаа нь хардалт болсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Харин архи их хэмжээгээр хэрэглэн ууж согтуурсан үедээ танхайн сэдэлт агуулж бусдын биед /2 хүнд/ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тохирох хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нар уг гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаагүй мөн гэм хорын хохирлоо төлсөн байгаа нь хөнгөрүүлж үзэх боломж гэж ойлгож байнна. Иймд зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч ******* болон түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...шүүгдэгч Жаргалсайханы өмгөөлөгч Цуурайгийн гаргасан гомдолыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Өмгөөлөгч ******* гаргасан гомдолдоо *******д холбогдох хэргийн бүрдэл хангагдаагүй хуулийн зүйлчлэл тохироогүй. Түүнд оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн хохирогчид учируулсан хохиролоо (бодит) арилгасан хохирогчийн биеийн байдал сайжирсан” гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.

1.Энэ хэргийн шүүгдэгч Жаргалсайхан нь 2020оны 2-р сарын 12-ны шөнө 22 цагийн үед олон шил архи ууж согтуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын мэндийн төвийн байранд коронвирусын өвчний үед улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан онцгой нөхцөлд бүх нийтээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхад нь өөрийн хамтран амьдрагч *******г цээжин тус газарт нь хутгалж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учируулж улмаар 26 настай их эмч У.Энхбямбыг хамтран амьдрагч *******тай хардаж гэдсэн тус газарт нь хутгалж түүний гэдсийг цувуулж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нь бичгийн нотлох баримтууд болон шүүх хурлын шинэчилсэн байцаалтад гэрч хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон юм. *******д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан хуулийн зүйлчлэл тохирсон. Шүүх *******д холбогдох хэргийн гэм бурууг үнэн зөв бодитойгоор тогтоосон. *******д оноогдсон ял хүнд биш  гэж үзэж байна.

2. ******* хохирогч нарт учирсан эмийн үйлчилгээний зардлыг төлсөн байгаа нь гавьяа биш хохирогч нарт учирсан эрүүл мэнд сэтгэл санааны хохирол бүрэн арилж нөхөгдөөгүй. Тэд насаараа эрэмдэг зэрэмдэг болж өөрийн биеийн эд эрхтэнээрээ хохирсон. Эрүүл мэндээрээ, нэр төрөөрөө эд хөрөнгөөрөө, албан тушаалаараа хохирсон байхад хохирогч нарт учирсан бодит хохирол арилсан гэж үзэх ямарч үндэслэлгүй болно. Эмийн төлбөрт төлсөн хэдхэн төгрөгийг бодит хохирол арилсан гэж үзэх нь дэндүү өрөөсгөл хэтэрхий эндүүрсэн хэрэг болно.

3. Миний үйлчлүүлэгч У.Энхбямбын хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө залуу халуун насны эрч хүч бадрангуй сэтгэлээр өдөр шөнөгүй хичээн зүтгэж ажлынхаа байранд ажил үүргээ гүйцэтгэж байхад нь ******* гэгч зэрлэг догшин этгээд араатны дүрээр У.Энхбямбыг алах зорилгоор гэдсэн тус газарт нь хутгалж чацархайг нь 2-3 тасалж хуваасаныг алтан гарт эмч нарын хүчээр амь нас нь аврагдсан байхад ******* цөөхөн хэдхэн халтар төгрөг өгсөнөөр эдгэрсэн юм шиг дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бодит үнэнд нийцэхгүй гэж үзэж байна.

4. Жаргалсайхан хүн алах зорилгоосоо өөрөө сайн дураараа татгалзаагүй У.Энхбямбыг хутгалчихаад араас нь хөөхөд Энхбямба өөрөө зугтаж түүний хорт савраас амь насаа аварсан юм.

5. ******* нь урьд өмнө хамтран амьдрагч *******гаа удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон энэ хүн урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хэргээс хархад угаасаа зан төрхийн хувьд эвдэрсэн эрүүгийн гэмт хэрэгтэн болох нь тодорхой харагдаж байна. Тийм болохоор ******* нь ял шийтгэлийг хөнгөлөн үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

6. Анхан шатны шүүх У.Энхбямбын төлсөн өмгөөлөгчийн хөлс нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн хууль эрх зүйн туслалцааны гэрээ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийн хохиролыг иргэний хэргийн зохигчдын дунд байгуулагдсан гэрээ мэтээр үзэж байгаа нь ч бодитой биш  нэг талд үйлчилсэн дэндүү өрөөсгөл дүгнэлт  болсон байна. Монгол улсын үндсэн хууль Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан хүний өмгөөлүүлэх эрхээ эдэлж өмгөөлөгч авч шүүхээр эрх ашигаа хамгаалуулсаныг сайн дурын хувийн харилцаа мэтээр буруу дүгнэлт хийж гэмт этгээдээс өмгөөлөгчийн зардалыг гаргуулахгүй байгаа нь гэмт этгээдийг ямарч үндэслэлгүйгээр материалын хариуцлагаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  Иргэний хохиролын хувьд Эрүүгийн хуулийг иргэний хуультай адилтгаж хуулийг төсөөтэй хэрэглэж шүүх  хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. ******* нь эрүүл мэндээрээ хохирсон амь насаа алдахын даваа дээр сайн эмч нарын буянаар аврагдсан сэтгэл санааны ноцтой хохирол амссан нэр төрөөрөө өөрийнхөө эх шиг эмэгтэйтэй үндэслэлгүй гүтгэгдэж хардагдаж нэр төрөөрөө хохирсон зэрэг олон гамшиг зовлон учруулсан гэмт этгээдийг хаацайлж түүнд хариуцагдах материаллаг хохиролыг хасаж тооцож байгаа нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд *******д өмгөөлөгчийн хөлсөөр хохирсон 3 сая төгрөгийн зардалыг нь шүүгдэгч *******аар гаргуулж шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Хэрэг болоод өнгөрсөн үйл баримт тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, хохирогч нарыг хөнөөе гэсэн санаа зорилго агуулж байсан бол тухайн үйлдлээ гүйцэлдүүлэх боломж нөхцөл байсан. Эрүүгийн хуульд заасан хууль зүйн агуулгын харах юм бол өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тухайн үйлдлээ төгсгөж чадаагүй бол  гэдгийг ойлгоно. Гэтэл шүүгдэгчид тухайн үйлдлээ төгсгөх боломж байсан уу гэвэл хангалттай байсан. Шүүгдэгч үйлдлээ төгсгөхөөс татгалзаад, явсан үйлдэл байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэгт цугларсан нотлох баримт Эрүүгийн хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай тайлбарлана гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл шүүгдэгч ямар нэгэн байдлаар төгсгөх боломжтой байсан уу, үгүй юу гэдэг хоёр дахь нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нотлох баримтаар тогтоогдоогүй байхад таамагласан байдлаар хүний амь насыг егүүтгэх гэсэн байна гэх таамаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт заасантай огт нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай 2011 оноос хойш хамт амьдарсан. Түүнээс хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр ирсэн. 2020 оны 02 дугаар сард эцэстээ ийм байдал хүрлээ. *******ыг засарч хүмүүжээд гарч ирнэ гэдэгт итгэл муутай байна. Цаашид энэ хүн үр хүүхдээрээ түрүү барьж, намайг дарамтлахгүй гэсэн баталгаа алга байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс гэм буруутай этгээдэд ял оногдуулж зүйлчилсэн зүйлчлэлийг оновчтой гэж үзэж байна. Үйл баримтыг Прокурорын байгууллагаас зөв тогтоож ирүүлсэн. Үйлдлийн дарааллыг анхан шатны шүүх тодорхой ярьсан. Эхлээд У.Энхбямбыг хутгалсан, дараа нь *******г хутгалсан. Зорилго нь хий хардалтын улмаас амь насыг нь хохирооё гэсэн зорилготой. Эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй авснаар эдгээр хүмүүс амьд үлдсэн. Түүнээс биш энэ хүмүүс үхэх байсан. Тэгэхээр шүүгдэгч өөрөө сайн дураараа татгалзсан буюу гэмт хэрэг үйлдэхээ зогсоосон асуудал огт байхгүй. Мөн эргэлзээ байхгүй. Нөгөөтэйгүүр ял шийтгэл тохирсон. Хохирол төлбөр төлөөгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Хэргийг зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэнд дараах тайлбарыг хэлье. Хэргийн сэдэлт санаа зорилго бол хангалттай тогтоосон. Сэдэлт санаа зорилгыг тогтооход зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоохгүй. Хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнээд сэдэлт санаа зорилгыг тогтоосон байгаа. ... Шүүгдэгч өөрийн үйлдлээ ухамсарлан таслан зогсоогоогүй бусдын үйлдлээр таслан зогсоогдсон байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хэргийн зүйчлэл өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Эмнэлгийн байгууллага дотор гэмт хэрэг үйлдэгдсэн тул түргэн тусламжийн яаралтай үзүүлснээр хохирогч нар амьд мэнд байна. Энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэгдэх явцад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хасаж, хязгаарласан зүйл тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 10 жилийн  хорих ял оногдуулж,  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу *******д   холбогдох эрүүгийн 2031000730056 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* /1-р хх-ийн 39-48, 2-р хх-ийн 56-90-р ху/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* /1-р хх-ийн 60-66, 2-р хх-ийн 56-90-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэгүүд, гэрч Б.Алтантуяа /1-р хх-ийн 130-132-р ху/, Д.Ариунчимэг /1-р хх-ийн 133-134-р ху/, Э.Нинжбадам /1-р хх-ийн 135-137-р ху/, А.Даваажаргал /1-р хх-ийн 144-145-р ху/, А.Эрдэнэтуяа /1-р хх-ийн 146-147-р ху/, П.Баярмагнай /1-р хх-ийн 170-171-р ху/, Л.Дунгаамаа /1-р хх-ийн 182-185-р ху/, Б.Дэлгэрбат /1-р хх-ийн 186-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2757 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 193-195-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2756 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 201-203-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №1015 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 208-210-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №1016 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 220-222-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №1161 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 233-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1160 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 238-239-р ху/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Сэтгэцийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №17/20 дугаартай Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа /1-р хх-ийн 247-р ху/,Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 03-12-р ху/, Хэрэг бүртгэлтийн 203100073 дугаартай хэрэгт эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан материал /2-р хх-ийн 96-98-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

            Амь биед аюултай гэмтэл гэдэгт гэмтэх үедээ амь насанд аюултай байдалд хүргэсэн болон ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтлүүд хамаарах бөгөөд эмнэлгийн тусламжийн үр дүнд амь нас аврагдсан нь амь биед аюултай гэсэн шалгуур шинжийг өөрчлөхгүй юм.

            Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 22 цагийн үед өөрийн хамтран амьдарч байсан *******г ажил үүргээ гүйцэтгэж байхад нь Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн байранд цээжин тус газар хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл, тус эрүүл мэндийн төвийн хашаан дотор ирэн  эмч У.Энхбямбыг хамтран амьдрагч *******тай хардаж хэвлийн тус газар хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл тус тус учруулсан байх ба  шүүгдэгч *******ы хохирогч нарын амь насанд халдсан нь санаатай үйлдэл бөгөөд түүний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй өөрөөр хэлбэл хохирогч *******, ******* нар эмнэлгийн тусламжийн үр дүнд амь нас аврагдсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2757 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 193-195-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №2756 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 201-203-р ху/ болон дээр дурьдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь ...шүүгдэгч гэмт хэргийг төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд  хүргэхээс сайн дураараа татгалзсан... гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар  шүүгдэгч нь хохирогч *******г ажлын байранд нь буюу сумын эмнэлэг дотор хутгалсны дараа эмнэлгийн хашаанд ...эмч мөн үү... гэж лавлан асууж хохирогч  У.Энхбямбыг хутгалаад  араас нь хөөхөд хохирогч зугтснаар гэмт хэрэг төгссөн байдал тогтоогдож байх тул түүнийг сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй.  

            Анхан шатны шүүх  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8-р зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Батсүхийн Жаргалсайханыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” 2 хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Хохирогч У.Энхбямбын эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар  2020 оны 03 дугаар 23-ны өдөр “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”  хийсэн нь хэдийгээр талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл мэт  боловч   хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар уг гэрээг байгуулах шаардлага үүссэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох үндэслэлтэй байна.

            Иймд хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,  ******* нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр дүгнэлт хийсэн боловч “Тогтоох” хэсэгт энэ заалтыг орхигдуулсан тул Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаартай саналыг үндэслэн  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №10 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэрт залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн

“1. Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдааг шүүх даруй хянан хэлэлцэж, шийдвэрийг залруулна...” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхаарах шаардлагатай байна.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд

            2 дугаар заалтыг

            “2. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 4.241.600 төгрөг гаргуулан хохирогч *******д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

                          ДАРГАЛАГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

                              ШҮҮГЧИД                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ